| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0110/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/126 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/126
2024 05 14 2024/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0110/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********,
Улсын яллагч ********,
Иргэний нэхэмжлэгч ***********,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********,
Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ********* холбогдох эрүүгийн 2339004910084 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг "Өвдгийн нуур" гэх газарт 00-79 УНС улсын дугаартай "LEXUS LX470" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан *********** эрүүл мэндэд баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004910084 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 11-14-р хуудас),
Хохирогч ******* (хх-ийн 20-22-р хуудас), гэрч ********* (хх-ийн 31-32-р хуудас), гэрч З.Оюунбилэгийн (хх-ийн 35-36-р хуудас), иргэний хариуцагч ******** (хх-ийн 153-154-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч **********, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 549 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 84-85-р хуудас),
Тээврийн хэрэгсэлийн лавлагаа (хх-ийн 134-135-р хуудас),
Хохирогч *********** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 171-р хуудас),
Итгэлт Эстимэйт ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан,
2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № 2023/23 дугаартай авто машин түрээслэх, түрээслүүлэх гэрээ,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, ажилд орсон тушаалын хуулбар, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 118-122, 144, 146-147-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339004910084 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч *********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...*********** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байна...Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг "Өвдгийн нуур" гэх газарт 00-79 УНС улсын дугаартай "LEXUS LX470" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан ********** эрүүл мэндэд баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Лексус LX470 маркийн маркийн 00-79УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байх үедээ зам тээврийн осол гарган *********** биед гэмтэл учруулсан. Би тухайн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2023 оны 9 дүгээр сард Байгаль орчны яамтай машин түрээсээр өгөх гэрээ хийсэн. Тухайн үед 00-79 УНС LX470 маркийн тээврийн хэрэгслээ Байгаль орчны яаманд өгч явуулсан. Харин 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр осолд орсны улмаас миний машинд хохирол учирсан. Анх 55 сая төгрөгөөр авч байсан. 1 хоногийн 250,000 төгрөгөөр түрээсэлсэн...Даатгалаас 17,484,000 төгрөг, тухайн машин ашиглах боломжгүй болсон тул сэлбэгт өгөхөд 8 сая төгрөг болж байгаа. Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс 30 сая төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 11-14-р хуудас),
Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дацан трел" ХХК- аас шинжилгээний дээж авчихаад Хэнтий аймгийн Галшар сум руу хар өнгийн Лексус- 470 маркийн 00-79 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийг ********** жолоодож, жолоочийн хажуу талын суудал дээр ********* эгч, хойд зорчих хэсгийн суудал дээр буюу жолоочийн арын суудал дээр би миний баруун талд ********* ах зорчин явсан. Тэгсэн чинь 12 цаг 30 минутын орчимд явж Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3-р баг "Өвдгийн нуур" гэх газарт явж байхад машин гэнэт шарваад 3 удаа өнхрөөд осолдож буцаад дугуйн дээрээ зогссон. Тэгсэн чинь ************* ах, Мөнхбилэг ах 2 машинаас түрүүлж буугаад ******* эгч бид 2-ыг машинаас гаргаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед миний баруун мөр дал хэсэг өвдөөд хөдөлгөж чадахгүй байсан...Надад гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг ( хх-ийн 20-22-р хуудас),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед шороон замаар явж байсан бөгөөд замаараа Баян-Овоо сумаар орж зам заалгахаар явж байсан. Харин Баян-Овоо сумын 3-р баг "Өвдгийн нуур” гэх газарт явж байх үед шороон замаар явж байхад би GPS төхөөрөмжийг ашиглан замаа харж явж байсан бөгөөд машины хурдыг 70км цагийн хурдтай явж байна гэж зааж байсан. Тэгсэн чинь бид нарын зорчин явсан машин шарваж осолдон 2-3 удаа өнхөрсөн. Тухайн үед ******* жолоо бариад ********* жолоочийн хажуу талын суудал дээр, ******* хойд талын суудал дээр буюу миний зүүн гар талд зорчин явсан. Ослын дараа ******** бид 2 машинаас түрүүлж буугаад ****** болон ******** нарыг машинаас гаргасан. Тухайн үед ********* машинаас буугаад байж байхдаа ухаан алдаад харин ******** мөр, дал хэсэг нь болохгүй байна гэхээр нь эмнэлэгт дуудлага өгсөн....Тухайн үед 70км цагийн хуртай явж байсан....” гэх мэдүүлэг ( хх-ийн 31-32-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед тээврийн хэрэгслийг ******** жолоодож, жолоочийн хажуу талын суудал дээр би суугаад харин хойд зорчих хэсгийн суудал дээр *******, ******** зорчин явсан. Тэгсэн чинь 12 цаг 30 минутын орчимд явж байх үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3-р баг "Өвдгийн нуур" гэх газарт явж байхад машин гэнэт шарваад 3 удаа өнхрөөд осолдож буцаад дугуйн дээрээ зогссон. Ослын дараа *******, ********* нар машинаас түрүүлж буугаад ************ бид 2-ыг машинаас гаргаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),
Иргэний хариуцагч ******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Байгаль орчины судалгаа шинжилгээний төвийн Захиргаа мэдээллийн албаны дарга албан тушаал дээр ажилладаг бөгөөд манай байгууллага нь Байгаль орчны яамны харъяанд үйл ажиллагаа явуулдаг. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын А160 дугаартай тушаалаар шинжилгээ судлаа хийх зорилгоор Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаар явж шинжилгээний дээж авах зорилгоор тээврийн хэрэгсэл хэрэг болсон бөгөөд ********** гэх хүнтэй холбогдож 00-79УНС улсын дугаартай Лексус ЛХ470 маркийн тээврийн хэрэгслийг нь түрээсэлсэн. Тухайн үед бүх аймгуудаар ажлаа дуусгаад хамгийн сүүлд Хэнтий аймагт явж байхдаа манай ажлын бүрэлдэхүүн осолдож Номин нь гэмтсэн...Манай байгууллагын зүгээс хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 153-154-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************* 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 549 дугаартай дүгнэлтэд:
1. *********** биед баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг, хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ өвчний эдгэрэлтаас хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 84-85-р хуудас),
Хохирогч *********** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 171-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь автотээврийн хэрэгсэл жолоодож тогтоогдсон зам тээврийн осол гаргаж хохирогч ********** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч ********** Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч ********** биед “баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт” бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэнд, эд хөрөнгө,...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Номингийн эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Хохирогч ************* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батуулсан хүсэлт (хх-ийн 171-р хуудас)-ийг гаргасан байна.
Иргэний нэхэмжлэгч ************ 00-79УНС улсын дугаартай Лексус LХ470 маркийн тээврийн хэрэгслийн хохиролд машины нийт үнэлгээ 55 сая төгрөгийг нэхэмжилж байгаа хохирлоос даатгалаас авсан 17,484,000 төгрөг, тээврийн хэрэгслийг сэлбэгт зарах 8 сая төгрөгийг хасаж үлдэх хохирол 30 сая төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газраас нэхэмжилж байна.
Итгэлт Эстимэйт ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд 35,018,000 төгрөгийн эвдрэл тухайн тээврийн хэрэгсэлд учирсан талаар тусгасан байна.
2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № 2023/23 дугаартай авто машин түрээслэх, түрээслүүлэх гэрээний 1.2.2-т түрээсийн зүйлийн үнэлгээ нь 50 сая төгрөг гэж үсгээр бичигдсэн ба тоогоор бичигдсэн 5-ын тоог 6-ын тоогоор заассан байх тул уг гэрээнд /тавин сая төгрөг/ гэж үсгээр бичигдсэн хэмжээгээр буюу 50 сая төгрөгийн үнэлгээгээр 00-79УНС улсын дугаартай Лексус LХ470 маркийн тээврийн хэрэгслийн үнийг тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч ************ нь Монгол даатгалаас 17,484,000 төгрөг, тухайн машиныг сэлбэгт өгөхөд 8 сая төгрөг нийт 25,484,000 төгрөгийг түрээсийн гэрээний 1.2.2-т заасан үнэлгээ 50,000,000 төгрөгөөс хасаж 24,516,000 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгч ************ олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан ба 00-79УНС улсын дугаартай Лексус LХ470 маркийн тээврийн хэрэгслийг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар түрээсэлсэн болох нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/23 дугаартай авто машин түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр тогтоогдож байна. Уг гэрээний тавдугаар зүйлд заасан түрээслэгчийн эрх, үүрэг хэсгийн 5.2.13-т “Хүлээн авсан түрээсийн зүйлийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг бүрэн хариуцаж явах” гэж заасан байна.
Шүүгдэгч ************* нь тухайн Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газрын түрээсэлсэн 00-79УНС улсын дугаартай Лексус LХ470 маркийн авто машиныг албан үүргийн дагуу жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч ************* хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 24,516,000 төгрөгийн 20 хувь буюу 4,903,200 төгрөгийг, 80 хувь буюу 19,612,800 төгрөгийг иргэний хариуцагч Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газраас тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сүржавхланд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************* нь урьд Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 144-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 146-147-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, энхэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээн тэжээн тэтгэдэг, Байгаль орчин судалгаа, шинжилгээний төвд жолооч ажилтай зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан үзэж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 1.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн...хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг гарсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан байсан бол Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн хуульчилсан тул шүүгдэгч ************* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2339004910084 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********* *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ******** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *********** 4,903,200 (дөрвөн сая есөн зуун гурван мянга хоёр зуу) төгрөгийг, иргэний хариуцагч Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газраас 19,612,800 (арван есөн сая зургаан зуун арван хоёр мянга найман зуу) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сүржавхланд олгосугай.
6. Эрүүгийн 2339004910084 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР