Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 182

 

 

                   

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Х.Ням-Эрдэнэ, шүүгдэгч Д.Тайванжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржпүрэвийн Тайванжаргалд холбогдох эрүүгийн 2017 2501 0629 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодрхой  ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 21-9 тоотод оршин суух, урьд 1998 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 485 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 136 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөн шийдвэрлэж байсан, Боржигон овогт Доржпүрэвийн Тайванжаргал. /РД: ТЛ81121170/

 

Холбогдсон хэргийн талаар:

Д.Тайванжаргал нь 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Сандэй худалдааны төвийн орчимд явж байсан иргэн Д.Цэцэгмаагийн халааснаас нь Samsung galaxy S5 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 280.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тайванжаргал мэдүүлэхдээ: Би хуулийн мэдлэггүйгээсээ хулгай хийсэн. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Би ойлгосон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Тайванжаргалын өгсөн: “…Би 2017 оны 2 дугаар сарын 12-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн баруун талд явж байсан үл таних 27-оос 28 насны орчим эмэгтэй хүний куртикний баруун талын халааснаас баруун гараараа цагаан өнгийн гар утас хулгайлан авсан юм. Тэгээд би зам гараад явж байтал энгийн хувцастай цагдаад баригдаж Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүргэгдэн ирсэн. Миний хулгайлсан гар утас Самсунг галакси С-5 /Samsung galaxy S5/ загварын цагаан өнгийн, шинэвтэр гар утас байсан. Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Би өөр хуулийн байгууллагад шалгагдаагүй. Би хулгайлсан гар утсаа ЦГ-ын 4-р хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Жадамбад хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 Мөрдөн байцаалтад хохирогч Д.Цэцэгдарийн өгсөн: “...2017 оны 2-р сарын 12-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн үүдэнд нөхөртэйгээн утсаар ярьж дуусаад гар утсаа куртикнийхаа баруун талын халаасанд хийгээд Сандэй худалдааны төвийн 6 давхарт гараад гар утсаа үзтэл байхгүй байсан тэгээд би хүний гар утас гуйгаад өөрийн 95278646 дугаар руу залгатал “...цагдаа байна та одоо Сансарт байдаг Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж гар утсаа хүлээж аваарай”  гэж хэлэхээр нь 18 цагт Гэмт хэрэгтэй тэмцэх газар ирсэн. Би хулгайд алдсан гар утсаа куртикнийхаа баруун талын халаасанд хийсэн байсан. Миний хулгайд алдсан гар утас Самсунг галакси С-5 /Samsung galaxy S5/ загварын цагаан өнгийн, шинэвтэр гар утас байсан өөр содон тэмдэггүй. Миний хулгайд алдсан гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Би хулгайд алдсан гар утсаа 2017 оны 2-р сарын 12-ны өдөр хүлээн авсан” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Оюунцогтын өгсөн: “…Би Д.Тайванжаргалыг танина. Манай төрсөн дүү юм. Би 2017 оны 2 дугаар сарын 20-нд манай дүү Д.Тайванжаргал надтай утсаар яриад та завтай юу гээд манай ажил дээр хүрч ирээч “дүү нь хэрэгт холбогдсон” та очоод байцааагчтай уулзаад өгөөч гэхээр нь би Сансарт байдаг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч Б.Жадамбатай уулзаж болсон хэргийн талаар сонсож мэдсэн. Миний мэдэж байгаагаар Д.Тайванжаргал нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Манай Д.Тайванжаргал зан байдлын хувь төлөв томоотой, жоохон алиа зантай, элдэв янзийн зан байхгүй, хүнд тусархуу, хий гэсэн юмыг цаг тухайд нь хийчихдэг дүү маань байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Баянхошууны 21-ийн 9 тоотод эхнэр Ганжаргал, 4-н хүүхдийн хамтаар амьдарч байгаа /хх 12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Эрдэнэцэцэгийн өгсөн: “... Би Д.Тайванжаргалыг танина. Манай нөхрийн төрсөн дүү юм. 2017 оны 2 дугаар сарын 20-нд манай хадам дүү Д.Тайванжаргал над дээр ирээд дүү нь хэрэгт холбогдсон та очоод байцаагчтай уулзаад намайг батлан даалтанд аваад өгөөч гэхээр нь би Сансарт байдаг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч Б.Жадамбатай уулзаж болсон хэргийн талаар сонсож мэдсэн. Миний мэдэж байгаагаар Д.Тайванжаргал нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Би 2009 онд Д.Тайванжаргалын ах Д.Бямбацогттой гэр бүл болоод мэддэг болсон. Манай Д.Тайванжаргал зан байдлын хувьд төлөв томоотой, дуугүй, элдэв янзын зан байхгүй, архи, тамхи хэрэглэдэггүй, хүнд тусархуу, хий гэсэн юмыг цаг тухайд нь хийчихдэг дүү маань байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Баянхошууны 21 дүгээр гудамжны 9 тоотод эхнэр Ганжаргал, 5 хүүхдийн хамт амьдарч байгаа.” /хх 13/ гэсэн мэдүүлэг,

 

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх19, 29/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх31-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх35/, шүүгдэгчийн зан байдлын тодорхойлолт /хх44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тайванжаргалыг 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Сандэй худалдааны төвийн орчимд явж байсан иргэн Д.Цэцэгмаагийн халааснаас нь Самсунг галакси С-5 /Samsung galaxy S5/ загварын гар утсыг хулгайлан авч бусдад 280.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Д.Тайванжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Д.Цэцэгмаа шүүгдэгч Д.Тайванжаргалаас төлбөр нэхэмжлэхгүй, гар утсыг буцааж олгосон гэсэн тул шүүгдэгч Д.Тайванжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Шүүгдэгч Д.Тайванжаргал нь 1998 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 485 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2005 оны 6 дугаар сарын 09- ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 136 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөн шийдвэрлэсэн гэх баримт хэрэг авагдсан хэдий ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар дээрхи ялтай байдал нь хамрагдаж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Тайванжаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Шүүгдэгч Д.Тайванжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Доржпүрэвийн Тайванжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Д.Тайванжаргалд 200 /хоёр зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Д.Тайванжаргалд оногдуулсан 200 /хоёр зуу/ цаг албадан ажил хийлгэх ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхой газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Д.Тайванжаргал албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольж   болохыг дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Тайванжаргал урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Д.Тайванжаргал цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тайванжаргалд авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ