| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00207/И |
| Дугаар | 138/ШШ2021/00412 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2021/00412
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч П.Гэрэлбаатар, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б., Ш. нар нь 2016.01.*******-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас Орон сууцны ипотекийн зээлээр ******* сумын 10 дугаар баг, *******-36 тоот 45,98 м2 орон сууцыг надаас 60 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Тухайн үед дээрх барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ бүхэлдээ миний нэр дээр байсан. Хариуцагч нар нь орон сууц худалдан авахад шаардагдах урьдчилгаа болох 18 000 000 төгрөг хэрэгтэй байна, чи түр зээлчих, би ипотекийн 30 хувийн урьдчилгаа гээд эргүүлээд чамруу хийгээд банкнаас үлдэх зээлээ авчихъя, харин чамаас зээлсэн 18 000 000 төгрөг дээрээ гэрээ хийе гэсэн хүсэлт тавьсан. Миний бие тэдэнтэй найз нөхдийн харилцаатай байдаг хүний хувьд итгээд хувиасаа байрны урьдчилгаанд нь 18 000 000 төгрөгийг зээлж төлбөр барагдуулах хэлцэл нэртэй зээлийн гэрээний агуулга бүхий хэлцэл хийж мөнгийг шилжүүлсэн. Уг хэлцлээр төлбөр төлөх эцсийн хугацааг 20*******.01.*******-ний өдөр байхаар тохирсон ба мөнгийг нэг жилийн хугацаанд хоёр хувааж төлөхөөр үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөгч нар нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох үүргийг төлбөр төлөгч нар нь хэлцлээр хүлээсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 18 000 000 төгрөгийн үүргийг 1425 хоногийн турш гүйцэтгээгүй байна.
Гүйцэтгээгүй үүрэг болох 18 000 000 төгрөгт ногдох нэг өдрийн алдангийг 0.5 хувиар тооцоход ******* 000 төгрөг болох ба үүнийг 1425 хоногт үржүүлбэл Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн үндсэн зээлийн 50 хувиар тооцон алдангид 9 000 000 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж нэхэмжилнэ. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөгийн хамт нийт 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан шаардлагадаа: Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээс 4 000 000 төгрөгийг цувуулан төлсөн байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх төлбөрийг, алдангиас 4 000 000 төгрөгт ногдох 2 000 000 төгрөгийн алдангийн хамт нийт 6 000 000 төгрөгийг хасаж тооцоход татгалзахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа 6 000 000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 14 000 000 төгрөг, үүний алданги 7 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нарын төлсөн 4 000 000 төгрөгийг уг төлбөрийн алданги 2 000 000 төгрөгийн хамт нийт 6 000 000 төгрөгийг хасч нийт 21 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2016 онд аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн, уг сонгуулийн сурталчилгааны ажилд хариуцагч Б. огт яваагүй бөгөөд бидний хооронд зээлийн үлдэгдэл 14 сая төгрөгийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон оролцоог тооцон буцааж авахгүй талаар амаар болон бичгээр тохиролцсон тохиролцоо болоогүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэгч нарыг гэрээний үүргээс чөлөөлөх талаарх саналыг гаргасан зүйл огт байхгүй. 2016 оны сонгуулийн дүн миний санаж байгаагаар 2016.06.22-ны өдөр гарч байсан шиг санаж байна. Гэтэл хариуцагч нар нь 2016 оны 9 сарыг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан. Сар бүр 500 000 төгрөгийг төлөөд явж байсан. Үүнээс харахад бидний хооронд зээлээс чөлөөлөх тохиролцоо болоогүй гэдэг нь харагдаж байна. Б.ыг би мөнгөө төл гэж олон удаа шаардаж байсан. Нэг удаа усыг нь хүртэл тасалж үзсэн, Жаахан хүлээж бай, эхнэр ажилд ороод төлнөө л гэдэг. 20******* онд шиг санаж байна, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл бичээд өгөх гэж байгаагаа д хэлэхэд ирээд мөн л шүүхэд битгий өгөөч, би удахгүй төлнөө гээд гуйхад нь би бас зөвшөөрөөд шүүхэд өргөдлөө өгөлгүйгээр шүүх дээрээс бид буцаж байсан. Энэ мэтээр миний итгэлийг эвдэж одоо болтол зээлээ төлөөгүй байгаа тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нь гэрээний үүргээ 2016.09.14-ний өдрийг хүртэл сар бүр гүйцэтгээд явж байснаас харвал нэхэмжлэгчээс хариуцагч нарыг гэрээний үүргээс нь чөлөөлсөн асуудал тогтоогдохгүй байна. Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний шинжийг агуулсан төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн *******, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэж байх тул хариуцагч нар гэрээний үүргээ гүйцэтгэх ёстой.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргаж байх шиг байна. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц худалдах худалдан авахтай холбоотой харилцаанд орсон. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирч, улмаар уг орон сууцны урьдчилгааны мөнгийг нэхэмжлэгчээс зээлж авсан байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан бөгөөд үүнд хамаарахгүй, харин мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заасан бөгөөд энэ шаардлагад хамаарах тул нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. нь эхнэр Ш.ы хамт нэхэмжлэгч П.******* ******* сумын 10 дугаар багт барьсан ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдаж авсан нь үнэн. Б. нь П.Гэрэлбаатартай олон жилийн өмнөөс найз нөхдийн холбоотой байсан бөгөөд 2015 оны эхээр уулзахдаа Найз нь ирэх жил Матад сумын аймгийн ИТХ-д нэр дэвших бодолтой байна. Чи найздаа тусал гэж ярьсан. Тухайн үед Б. байр авах гээд хайж явсан бөгөөд энэ талаар П.Гэрэлбаатарт хэлэхэд манай байрнаас авчих, 8 хувьд оруулаад өгье, 30 хувийн урьдчилгаа олдохгүй байвал би өөрөөсөө гаргаад өгье, чи бид хоёр дараа нь болно биз гэж хэлсэн. Нэг ёсондоо найз нөхдийн хувьд П.Гэрэлбаатар нь Б.д орон сууцтай болоход нь туслах, Б. түүний 2016 оны сонгуулийн ажилд туслахаар ярилцсан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны урьдчилгааны 18 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээг Б. эхнэрийн хамт нэхэмжлэгчтэй байгуулсан байдаг. Уг хэлцлээр хариуцагч нар 20*******.01.*******-ний өдөр гэхэд мөнгөө төлж дуусгах ёстой байсан. Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан талаараа
маргадаггүй. Ингээд 2016 оны эхээр ипотекийн зээлд хамрагдаж байраа авсан бөгөөд Б. П.******* сонгуулын бэлтгэл ажилд орж, олон хүнтэй уулзаж түүнийг дэмжихийг уриалж, төрөлх Матад сумаар олон удаа явсан байдаг. Энэ хугацаанд хариуцагч нар өөрсдийн боломжоороо П.Гэрэлбаатарт мөнгөө төлж явсан ба сардаа 500 000 төгрөгөөр, зарим сард нэг сая төгрөгийг төлсөөр 2016 оны 01 сараас эхлэн 9 сар хүртэл хугацаанд нийт 4 000 000 төгрөгийг төлсөн байдаг. П.Гэрэлбаатар нь 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж амжилттайгаар ялалт байгуулж төлөөлөгч болсон. Үүний дараа тэд уулзалдаж Б.д баярлаж талархснаа илэрхийлж Та 2 байрны урьдчилгаанд авсан мөнгөнөөсөө 4 сая төгрөг төлсөн байна. Миний сонгуулийн ажилд маш их тусалж дэмжсэн тул одоо найздаа мөнгө төлөх шаардлагагүй, ингээд дуусгая, үлдэгдэл 14 сая төгрөгийг та хоёроос авахгүй гэж П.Гэрэлбаатар хэлсэн байдаг. Үүнд нь хариуцагч нар маш их баярлаж байсан гэж хэлдэг. П.Гэрэлбаатар өөрөө мөнгөө авахгүй гэсэн тул хариуцагч нар өр төлбөргүй боллоо гэж бодон сар бүр төлөөд явж байсан мөнгөө төлөхөө больсон. Үүнээс хойш нэхэмжлэгч мөнгөө төл гэж шаардаж байгаагүй гэдгийг хариуцагч нар хэлдэг. Хэрвээ нэхэмжлэгч өөрөө мөнгөө авахгүй гэж хэлээгүй бол хариуцагч нар сар бүр 500 000 төгрөгөөр төлөөд дуусгачих байсан гэж хэлдэг. Гэвч өөрөө үлдэгдэл мөнгөө авахгүй гэж хэлчихээд төлөх байсан хугацаа нь аль эрт өнгөрчихөөд байхад нэхэмжлээгүй атлаа одоо ийм нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хариуцагч нар өгдөг.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан талаар маргадаггүй. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хариуцагч нар 2016.09.14-ний өдрөөс хойш мөнгөө төлөөгүй, мөн гэрээний хугацаа 20*******.01.*******-ний өдөр дууссан үеэс эхлэн мөнгөө шаардах эрх үүссэн байхад нэхэмжлэгч нь хариуцагч нараас одоог хүртэл мөнгөө нэхэмжлээгүй атлаа 2021 оны 02 сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Хариуцагч нараас нэхэмжлэгч нь огт мөнгөө нэхэж байгаагүй учраас тэд түүнд төлөх өр төлбөргүй гэж одоог хүртэл бодож явсан байдаг. Нэхэмжлэгч мөнгөө нэхэж байсан гэж байгаа боловч түүнийгээ нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нь хариуцагч Б., Ш. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Б., Ш. нар нь нэхэмжлэгч П.Гэрэлбаатараас 2015 оны 01 сарын *******-ний өдөр 18 000 000 төгрөгийг хүүгүйгээр, хоёр жилийн хугацаатайгаар зээлэх, уг мөнгийг хоёр хувааж 2016.01.*******-ний өдөр 9 000 000 төгрөгийг, 20*******.01.*******-ний өдөр 9 000 000 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож, Төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээг байгуулсан ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээлийг нэхэмжлэгч П.Гэрэлбаатарт төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь гэрээний үүрэгт 2016 оны 01 сараас 9 сар дуустал үндсэн зээлээс нийт 4 000 000 төгрөгийг төлсөн боловч гэрээний хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 14 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул үндсэн төлбөрийг алданги 7 000 000 төгрөгийн хамт нийт 21 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч нарыг гэрээний үүргээс чөлөөлөхөөр тохироогүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахын тулд урьдчилгаа мөнгийг надаас зээлж авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний шаардлага тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж,
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч нь үлдэгдэл 14 000 000 төгрөгийг биднээс авахгүй гэсэн тул бид түүнд төлөх өргүй гэж бодсоны үндсэн дээр дээрх төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн. Биднээс одоог хүртэл мөнгөө нэхэж байгаагүй бөгөөд уг мөнгийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус тайлбарлан маргадаг.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т тус тус зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар тус тус хөөн хэлэлцэх тусгай хугацааг заасан.
Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хэлдэг бөгөөд Иргэний хуульд хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацааг хуульчилж өгсөн нь иргэний эрх зүйн харилцааны тогтвортой байдал, гэрээний сахилга батыг бэхжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тавих талуудын өөрсдийн хяналтыг сайжруулах ач холбогдолтой байдаг.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэг нь гэрээний бүх төрөлд хамаарах бөгөөд тухайн гэрээний төрөл нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол энэ зүйлд заасан гурван жилийн хугацаа үйлчилнэ.
Харин хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь иргэний эрх зүйн харилцааны объект болох үл хөдлөх хөрөнгийн өөрийн онцлог буюу тухайн хөрөнгийн үнэлгээ, бүртгэл зэрэг заавал шалгагдаж тогтоогдох нөхцлүүдээс шалтгаалж гэрээний харилцаанд хэрэглэгддэг хөөн хэлэлцэх хугацаанаас илүү урт хугацааг тогтоож өгсөн байдаг.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* сумын 10 дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 45.98 м2 талбайтай 60 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг түүнээс Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авахын тулд уг байрны 30 хувийн урьдчилгааг төлөх зорилгоор нэхэмжлэгчээс 18 000 000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй.
Иймд талуудын дунд үүссэн 18 000 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний үүргийг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд зааснаар гэрээний хугацаа дууссан буюу 20******* оны 01 сарын *******-ний өдрөөс хойш, мөн 2016 оны 9 сарын 14-ний өдрөөс хойш хариуцагч нар гэрээний үүргээ огт биелүүлээгүй байхад тэднээс гэрээний үүргийг шаардах өөрийн эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн, мөн мэдэх ёстой байсан гэж үзнэ.
Хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч 2016 онд болсон аймгийн ИТХ-ын сонгуулиар сайн ажилласан гэж байрны урьдчилгаанд авсан мөнгөний үлдэгдэл 14 000 000 төгрөгийг биднээс буцааж авахгүй гэж хэлсэн учраас бид түүнд төлөх өргүй гэж бодсоны улмаас уг мөнгийг төлөхөө больсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал дээрх байдлыг нотолсон бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Гэвч нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 20******* оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд буюу 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нараас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх ба улмаар уг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.аас мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан, нэг удаа байрных нь усыг хааж байсан, 20******* онд шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах гэсэн боловч төлнө гэсэн түүний гуйлтаар өргөдөл өгөөгүй гэж тайлбарладаг боловч уг нөхцөл байдлыг бичгийн баримтаар шүүхэд нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн
Баримтаар тогтоогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бичгийн баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг буюу алданги төлөх үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусдаг.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байх тул хариуцагч Б., Ш. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 000 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг буюу 21 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292 950 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 сарын 03-ны өдрийн 138/ШЗ2021/006******* дугаартай захирамжаар хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээг авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дээрх арга хэмжээ нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ..
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б., Ш. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 сарын 03-ны өдрийн 138/ШЗ2021/006******* дугаартай захирамжаар хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр авсан арга хэмжээ нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг зохигч талуудад мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН