Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2021/00418

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Ялалтын 6-6 тоотод оршин суух, ЖЭ79062168 регистрийн дугаартай, Түмчүүд овогт Бямбын Нарантуяагийн,

Хариуцагч Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Жалангийн 1-103 тоотод оршин суух, ЖИ80111711 регистрийн дугаартай, Боржигон овогт Доржгочоогийн Балжиннямд холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч Б.Нарантуяа, хариуцагч Д.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Балжиннямтай 2015 онд танилцаж улмаар ойр дотно харилцаатай болж хамт амьдарсан. Бидний дундаас охин Б.Минжинсор 2016 оны 10 сарын 23-нд төрсөн. Хүүхдээ төрснөөс хойш нэг жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад бид ааш зан таарахгүй байсан тул 2018 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хүсэлтээ гарган охиноо эцгээр нь овоглож гэрчилгээг нь авсан. Д.Балжинням тусдаа амьдарснаас хойш хүүхэдтэйгээ холбоотой байж хааяа ирж авдаг, мөн улирлын хувцас хунар болон шаардлагатай зүйлсийг авч өгдөг. Миний бие нэгэнт цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Балжинням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2015 оны 11 сард танилцсан. 2016 оны 6 сараас эхлэн бид хамт амьдарсан бөгөөд охин Минжинсор 2016.10.23-нд төрсөн. Бид хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч иргэний бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаад охиноо би өөрийнхөө нэрээр овоглож гэрчилгээг нь авч байсан. Би урьд нь гэрлэж байсан бөгөөд 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байсан боловч баталгаагаа салгуулаагүй байсан тул гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Гэвч Нарантуяа бид хоёр ааш зангийн хувьд таарч тохирохгүй байсан тул арга буюу 2018 оноос эхлэн тус тусдаа амьдарч байгаа. Миний хувьд цаашид Нарантуяатай хамт амьдрахгүй тул Нарантуяагийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Эцэг хүний хувьд би охиноо харж хандах үүрэгтэй гэдгээ мэднэ. Тиймдээ ч охиноо хааяа нэг гэрлүүгээ авч явдаг, хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг. Охиндоо хуулийн дагуу тэтгэлэг төлнө гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хариуцагч Д.Балжиннямд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2015 онд танилцан улмаар гэрлэлтээ хууль ёсоор батлуулалгүйгээр хамтран амьдарч байсан байх ба тэдний дундаас 2016 оны 10 сарын 23ы өдөр охин Балжиннямын Минжинсор төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Нэхэмжлэгчийн охиноо өөрийн авах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин Б.Минжинсорыг эх Б.Нарантуяагийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд хүүхэд эхийн асрамжинд үлдэж байгаа тул охин Б.Минжинсорыг насанд хүртэл нь эцэг Д.Балжиннямаар сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Д.Балжиннямаас улсын тэмдэгтийн хураамжинд 105 033 /хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагад 70 200 төгрөг, 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 34 833/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулах нь зүйтай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 10 сарын 23-ны өдөр төрсөн охин Балжиннямын Минжинсорыг эх Б.Нарантуяагийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 05 настай охин Б.Минжинсорыг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Балжиннямаар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Нарантуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Д.Балжиннямаас улсын тэмдэгтийн хураамжинд 105 033 төгрөгийг тгаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН