| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0118/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/114 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/114
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, **** оны ******** дугаар сарын *********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, “Дөрвөлж” ОНӨААТҮГ-т ээлжийн слесарь ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын *****дүгээр баг *******ын 320 тоотод оршин суух, “Нийтийн ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******,
******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын **** дүгээр баг ******* ********* тоот хашаанаас тус багийн “*******”-ын ****** тоот хашааны засмал зам хүртэл 3.42 хувийн согтолттойгоор Тоёота Приус 20 загварын 03-80 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ .. 2024 оны 03 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед эхнэр ******* ажлаасаа тараад гэртээ ирсэн. Тухайн үед эхнэр найз *******гийн хамт ирэхдээ тэр хоёр 2.5 литрийн "Сэрүүн" нэртэй пиво 1 ширхэг, 0.5 литрийн "Сэрүүн" нэртэй пиво 2 ширхгийг авчирсан. Тэгээд бид гурав тухайн пивонуудыг хувааж ууцгаасан. Тэгээд бид гурав ярьж сууцгааж байгаад шөнийн 03 цагийн үед найз *******г гэр рүү нь болох ******* сумын 4-р баг ******* гудамж руу хүргэж өгөхөө би өөрийн Приус-20 маркийн 03-80 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр *******, найз ******* нартай хамт өөрийн гэрээсээ болох Баруун- Урт сумын 9-р баг *******ын 320 тоотоос гараад гэрийнхээ баруун талын засмал зам дээр явж байгаа цагдаагийн эргүүлийн машинд баригдсан...” гэх,
гэрч Д.*******гийн “ Тухайн орой 00 цагийн үед ******* сумын 9-р баг *******ын 320 тоотод нөхөр , найз ******* нарын хамт гэртээ 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй 1 ширхэг пиво, 0.5 литрийн пиво хамт ууцгаасан. Пивоо ууж дуусаад нөхөр бид хоёр найз *******г гэр рүү нь хүргэж өгөх гээд нөхрийн эзэмшлийн 03-80 СҮҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Манай нөхөр өөрөө жолоодоод хашаанаасаа гараад гэрийнхээ баруун талын замаар явж байгаад цагдаагийн эргүүлийн машинтай таарсан. Цагдаа бид нарыг цагдаагийн газар авчраад манай нөхрийг драйгераар үлээлгэсэн. Манай нөхөр 2023 оны 11 дүгээр сард жолоодох эрхээ хасуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
гэрч Э.*******гийн “...Тухайн орой найз *******гийн гэрт нь түүний нөхөр бид гурав “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво 1 ширхгийг, 0.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг ууцгаасан. Пиво ууж дуусаад хоёр найз маань намайг шөнийн 03 цагийн үед гэр рүү хүргэж өгөхөөр өөрийнхөө 03-80 СҮҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гэрийнх нь хойд талд явж байхад цагдаагийн машин бид нарыг зогсоогоод цагдаагийн газар авчирсан гарцгаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
гэрч “ Би жолооч цагдаа, цагдаагийн ахлагч хамт 2024 оны 03 сарын 05-ны 23:50 цагаас 2024 оны 03 сарын 06-ны өдрийн өглөөний 06 цагийн хооронд эргүүлийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж ажилласан. 2024 оны 03 дугаар сарын 05-аас 03 сарын 06-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байхад ******* сумын *****-р баг *******ын ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд “Toyota Prius20” маркийн 03-80 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцон явж байхад нь чанга яригчаар зарлан 3 удаа дуудахад зогсоож тээврийн хэрэгслийн гэрчилгээ жолооны үнэмлэхийг шалгахад жолоочийн амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү” гээд асуухад тиймээ би найзуудтайгаа архи уусан талаар хэлсэн. Жолооч намайг гэдэг, гэрийнхээ гаднаас энэ ******* сумын 4-р баг ******* 17-15 тоот руу найзыгаа хүргэж өгөх гээд жолоо барьж явсан талаар хэлсэн. Цагдаагийн газарт ирээд жолоочийн согтолтыг драйгер багажаар үзэж шалгахад 3.42%-тай гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” /хавтаст хэргийн 3-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “ *******ын согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахад дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 6-р хуудас/,
Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /хавтаст хэргийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч *******ын нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 3.42 хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан, 0878 гэрчилгээтэй зориулалтын Драйгер багажаар шалган тогтоож, гэрэл зураг болон дүрс бичлэгээр баталгаажуулсан хийгээд тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *******ад холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээллээр нотлогдоно.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг “*******” 320 тоот хашаанаас тус багийн “*******”-ын 723 тоот хашааны засмал зам хүртэл 3.42 хувийн согтолттойгоор Тоёота Приус 20 загварын 03-80 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Прокуророос *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй хийгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-“оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ ” гэсэн бичвэртэй, deli DVD-R 4.7 GB8 120min/16X загварын шаргал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “ ” гэсэн бичвэртэй, deli DVD-R 4.7 GB8 120min/16X загварын шаргал өнгийн СиДиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН