| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00370/И |
| Дугаар | 138/ШШ2021/00419 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2021/00419
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Нарлагийн 1-2 тоотод оршин суух, ЖВ97012201 регистрийн дугаартай, Хатгин овогт Нямдаваагийн Гэрэлчимэгийн,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 7-5тоотод оршин суух, ЖИ86100115 регистрийн дугаартай, Иөншөөбү овогт Цэдэвсүрэнгийн Амгаланбаярт холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч Н.Гэрэлчимэг, хариуцагч Ц.Амгаланбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Амгаланбаяртай 2019 онд танилцаж улмаар ойр дотно харилцаатай болсон. 2019 оноос эхлэн бид байр түрээслэн хоёр жилийн хугацаанд хамтран амьдарсан. Удалгүй би жирэмсэн болж бидний дундаас охин Г.Энхжинг 2021 оны 3 сарын 28-нд төрүүлсөн. Бид албан ёсоор батлуулаагүй учраас би өөрийнхөө нэрээр охиноо овоглож гэрчилгээг нь авсан. Ер нь гэрлэлтээ батлуулах талаар огт боддоггүй байсан. Жирэмсэн байх хугацаанд бидний зан харьцаа таарч тохирохгүй, маргалдах нь их байсан бөгөөд Ц.Амгаланбаяр охин бид хоёр дээр ирэхээ больсон.
Иймд Ц.Амгаланбаярыг 2021 оны 3 сарын 21-ний өдөр төрсөн охин Г.Энхжингийг эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Амгаланбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2019 онд танилцахад Н.Гэрэлчимэг 6 сартай жирэмсэн байсан, би түүнийг ажилд нь хүргэж, өгч авдаг байсан. Тухайн үед түүний ааш зан гайгүй л юм шиг байсан ба хоорондоо таарч тохирох байх гэж боддог байсан. Түүнийг анхны охиноо төрүүлсний дараа бид голдуу түүний ахынд нь амьдардаг байсан. Хэсэг хугацаанд бид СМУ-д амьдарсан бөгөөд би газрын тосонд ажилд орсон. Гэтэл ажилд орсноос хойш Гэрэлчимэг бусадтай хардаж хэрүүл хийж эхэлсэн, мөн зан ааш нь ч өөрчлөгдөж ирсэн. Ингээд сүүлдээ түүнтэй хамт амьдрахад хэцүү болж эхэлсэн бөгөөд би голдуу гэртээ амьдрах болсон. Гэрлэлтээ батлуулах талаар бодоогүй. Удалгүй Гэрэлчимэг жирэмсэн болсон гээд охин Энхжинг төрүүлсэн. ...Охин Энхжин нь миний хүүхэд мөн учраас эцэг мөн болохыг тогтооход татгалзахгүй. Охиндоо тэтгэлэг төлнө гэв. Охиныг ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлчимэг нь хариуцагч Ц.Амгаланбаярт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2019 онд танилцан улмаар гэрлэлтээ хууль ёсоор батлуулалгүйгээр хамтран амьдарч байсан байх ба тэдний дундаас 2021 оны 3 сарын 28-ны өдөр охин Гэрэлчимэгийн Энхжин төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч нь охин Г.Энхжинг өөрийн төрсөн охин мөн болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул охин Г.Энхжингийн төрсөн эцэг нь хариуцагч Ц.Амгаланбаяр мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь хүүхдийн асрамжийг тогтоолгох тухай шаардлагыг хэн алин нь гаргаагүй боловч хүүхдэд тэтгэлэг тогтоохын тулд хүүхэд хэний асрамжинд үлдэх тухай асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх ба хариуцагч Ц.Амгаланбаяр нь хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байх тул охин Г.Энхжинг эх Н.Гэрэлчимэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг бөгөөд мөн
хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Г.Энхжинг насанд хүртэл нь эцэг Ц.Амгаланбаяраар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 105 033/хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлагад 70 200 төгрөг, 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 34 833/ төгрөгийг төлснийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Амгаланбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 105 033 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Хатгин овогт Гэрэлчимэгийн Энхжин/РД:ЖВ21232843/-гийн төрсөн эцэг нь Иөншөөбү овогт Цэдэвсүрэнгийн Амгаланбаяр /РД:ЖИ86100115/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Г.Энхжинг эх Н.Гэрэлчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар настай охин Г.Энхжинг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Амгаланбаяраар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105 033 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Амгаланбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 105 033 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гэрэлчимэгт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН