| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00351/И |
| Дугаар | 138/ШШ2021/00430 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2021/00430
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, Хавхчин овогт ад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 сарын 09-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч П.*******, хариуцагч Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан бөгөөд 2015 оноос эхлэн дотносон нэг гэрт хамт амьдарч тусдаа гарсан. 2017 онд гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 10 сарын 02-ны өдөр охин С.Гоормарал төрсөн. Хамт амьдрах хугацаанд нөхөр маань ажилтай гэсэн нэрийдлээр гэртээ оройтож ирэх, ирэхдээ архи ууж ирэх, эсхүл хонуутаар алга болдог болсон. Мөн миний бие өвчний улмаас ажлаас гарснаар банкны зээлээ төлж чадахгүй байдалд орж өр нэхэгдэж байхад нөхөр маань өр зээлээ дарах тухай бодолгүй архи ууж алга болох болсон. Ингээд бид маргалдаж эхэлсэн бөгөөд яаж ч учирлаж хэлээд ойлгохгүй хэрүүл хийж өдөр бүр гэр бүлд хэрүүл маргаантай байх болсон. цалингийн зээл авч, бид жижиг машинтай болсон бөгөөд орой халтуур хийнэ гэж гараад алга болдог, эсхүл архи ууж ирдэг. Үнэн худал нь мэдэгдэхгүй эмэгтэйчүүдтэй нэр холбогддог, энэ тухай найзууд нь хэлсэн ч би нүдээр хараагүй учраас нөхрийнхөө хэлснийг ойлгоод өнгөрдөг байсан. Гэвч байнга хэрүүл маргаантай байх нь хэцүү байсан учраас би охиноо аваад 2019 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан хугацаанд нөхрөө эвлэрье гэж гуйж ирэх болов уу гэж харсан боловч танай ээжээс айж байна гээд ирээгүй. Охиноо ч эргэж тойрч ирээгүй.
Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо би өөрийн асрамжинд үлдээнэ. Эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2015 оноос нэг гэрт хамт амьдарч 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Охин маань 2016 онд төрсөн. Намайг гэр орондоо ирдэггүй, архи уудаг, өөр хүмүүстэй нэр холбогддог, хүүхдээ анхаардаггүй гэж худлаа бичсэн байна. Би өөрийнхөө хөдөлмөрөөр өдийг хүртэл амьдарч байгаа. Өнөөдрийг хүртэл байнга архи ууж, айл өрхийн тэргүүний үүрэг хариуцлагаа умартаж яваагүй. Цалингийн зээлээ төлдөг байсан, эхнэрийнхээ цалингийн зээлийг ч төлдөг л байсан. Бид хоёр маргалдаад *******ыг гэр лүүгээ явах болгонд би аргадаж хоёулаа энэ амьдралаа эвээр болгоод амьдрая гэж гуйдаг байсан болохоос биш эхнэрээ элдвээр хэлж хөөж тууж байгаагүй. Эхнэрээсээ өөр эмэгтэйчүүдтэй огт нэр холбогдож яваагүй. Эхнэрийн маань найз нөхөд янз бүрийн худал зүйл ярьж бидний харилцааг дордуулахыг оролддог байсан. Хэдийгээр бид хоорондоо муудалцаад байдаггүй боловч мөнгө санхүүгийн асуудлаас болж хэрүүл маргаантай байсан нь үнэн. Хадам ээж маань бидний амьдралд их оролцдог, түүнээс нь болж хэрүүл гардаг байсан. Охинтойгоо уулзах гэхээр уулзуулдаггүй. Миний хувьд эхнэртээ энэ амьдралаа дуусгъя салъя гэж хэлж байгаагүй бөгөөд аль болох нэг гэр бүл шиг сайхан амьдралыг бий болгох гэж хичээсээр ирсэн. Гэвч энэ хичээл зүтгэл минь энд хүрээд дуусч байх шиг байна. Иймд гэрлэлт цуцлуулах өргөдлийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжинд маргаан байхгүй. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ, охиндоо тэтгэлэг төлнө. Харин охинтой минь уулзуулж байгаарай гэж хэлье. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Э.ад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2015 оноос үерхэж нөхөрлөн явсаар гэр бүл болон хамт амьдарч, 2017 оны 7 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2016 оны 10 сарын 02-ны өдөр охин ын Гоомарал төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа зан харьцаа үзэл бодол таарахгүй байх, бие биенээ үл хүндэтгэн үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, нөхөр Э. нь гэр бүл үр хүүхдээ хайрхагүй байх зэрэг нөхцөл байдлын улмаас гэрийн дотор хэрүүл маргаан үүсч, тэдний харьцаа таарамжгүй болсон байх ба тэд 2019 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь зөвшөөрсөн зэрэг шалтгаан нөхцлүүд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.
Иймд тэдэнд эвлэрүүлэх хугацааг олгох нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас харагдаж байх тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч татгалзаагүй, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин ыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан эх П.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эхийнхээ асрамжинд үлдэж байгаа тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 05 настай охин ыг насанд хүртэл нь эцэг Э.аар сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөг, 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 34 833 төгрөг, нийт 175 233 төгрөгийг төлөх байтал 173 233 төгрөгийг төлж, 2 000 төгрөгийг дутуу төлсөн байх тул шүүх хуваарилалтыг хийж, нэхэмжлэгчийн төлсөн 173 233 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжинд 175 233 төгрөгийг гаргуулж 173 233 төгрөгийг нэхэмжлэгч П.*******д олгон, үлдэх 2 000 төгрөгийг төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Хавхчин овогт /РД:/, ******* овогт ******* *******/РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин ыг эх П.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 05 настай охин ыг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 173 233 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 175 233 төгрөгийг гаргуулан 173 233 төгрөгийг нэхэмжлэгч П.*******д олгож, үлдэх 2 000 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох
бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН