Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2021/00500

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сум 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч *******, хариуцагч Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2012 онд танилцаж, 2013 оноос эхлэн нэг гэрт хамт амьдарч 2014 оны 12 сарын 10-ны өдөр хүү ийг төрүүлсэн. Ингээд хамт амьдарч байх хугацаандаа Д. ажил төрлөө тасалж архи ууна, хаана байгаа нь мэдэгдэхгүй 7 хоногоор архи уугаад алга болчихдог байсан. Тэгээд л амьдрал цаашаа үргэлжлэх тусам Д.Энхтулгын энэ байдал нь байнгын давтамжтай болсон. Хамгийн ихдээ 1 сарын хугацаанд л архи уухгүйгээр эрүүл байж үзсэн. Тэгээд дахиад л 7 хоногоор архиа уугаад алга болно. Уг нь Д. өрхийн эмнэлэгт ажил хийдэг байсан. Гэвч ажлаа тасалж архи уусан гээд халагдсан. Мөн Шинь шинь ХХК-д 4 сар гаран ажиллаад бас л архинаас болж халагдсан. Мөн согтуу байхдаа байгууллагын машин барьж яваад жолоо барих эрхээ нэг жилээр хасуулсан. Ингээд ажил ч хийж чадахгүй байсан болохоор 2019 оны 5 сараас хойш ажилгүй гэртээ байсан. Гэртээ байхдаа ч мөн ялгаагүй архи уусаар л, энд тэндэхийн дэлгүүрээс архи зээлж ууна, өрөнд орно гээд төвөгтэй асуудлууд маш их байсан. Ингээд архи уухдаа бас зүгээр байна гэж байхгүй, хүнийг яг унтаж амарч байх цагаар шөнө согтуу ирээд агсам согтуу тавиад, чанга чангаар орилоод, гэрийнхээ хамаг эд зүйлийг эвддэг, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авахгүй, эсвэл хүүхдээ гэрт нь цоожлоод өөрөө гараад архи уугаад алга болно, ийм амьдралыг тэвчих маш хэцүү байсан. Би ч өөрөө байнгын сэтгэл санааны дарамттай, эдийн засгийн хохиролтой, стресстэй байсан. Сүүлдээ бүр чи архи уухаа больчих гэж гуйгаад 2017 оны 12 дугаар сард Улаан-Үүд рүү явуулж архины эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд эргэж ирээд ямар ч эмчилгээ хийлгэсэн нэмэр байхгүй дахиад л архи уучихсан. Ингэж уухдаа ямар ч шалтгаангүйгээр архи ууна. Мөн би архинаас гаргадаг эм хоолонд нь хийгээд уулгаж байсан. Миний зүгээс ингэж их дэмжээд архинаас гаргая, хамт сайхан амьдаръя гэж уйлж, уурлаж, уцаарлаж зөндөө л хэлсэн. Гэтэл энэ хүнд ямар ч гэр бүлээ бодох сэтгэл, ухамсар алга. Өмнө нь хоёр ч удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, уучилж нэхэмжлээсээ татгалзаж, эвлэрч байсан. Одоо бол үнэхээр эвлэрэх бодол байхгүй. Иймд хүүхдийнхээ хүмүүжил болон өөрийнхөө эрүүл мэндийг бодож гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж, хүүг минь миний асрамжинд үлдээж, хүүд минь насанд хүртэл нь Д.ас тэтгэлэг гаргуулахаар хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр бид хоёр 2012 онд танилцаж 2013 оноос хамт амьдарч гэр бүл болоод 2014 онд хүүтэй болсон. 2015 онд хадмуудынхаа тусламжтайгаар нэг өрөө байр лизингээр авч өрх тусгаарлан амьдарч байсан. Миний бие архи уудаг нь үнэн. Архи уугаад хэд хоногоор алга болдог байсны улмаас ажлаасаа халагдаж, эмчилгээ хийлгэж эргэж ажилдаа орж байсан. Бидний дунд архины маргаанаас өөрөөр гэр бүлийн хэрүүл маргаан болж байгаагүй. Надтай амьдрахад хэцүү тул бид олон удаа салж нийлж байсан. Өөр надад хэлэх зүйл байхгүй. ******* хэлсэн болгон үнэн. Нэгэнт бид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээж дээр нь үлдээнэ. Хүүдээ ажил хийж боломжоороо тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 онд танилцан үерхэж нөхөрлөн явсаар 2013 онд гэр бүл болон хамт амьдарч, 2015 оны 2 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2015 оны 12 сарын 10-ны өдөр хүү Энхтулгын Дөлгөөн төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа нөхөр Д. нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэх, улмаар гэр орон үр хүүхдээ хайхрахгүй орхих зэрэг нөхцөл байдлын улмаас хэрүүл маргаан үүсгэх зэргээр тэдний харьцаа таарамжгүй болсон, шүүхийн шатанд удаа дараа эвлэрч байсан боловч дээрх байдал дахин үргэлжилж байсан, мөн тэд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг шалтгаан нөхцлүүд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.

Иймд тэдэнд эвлэрүүлэх хугацааг дахин олгох нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар батлагдаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн хүүгээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч татгалзаагүй, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Э.дөлгөөнийг эх М.******* асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 07 настай хүү ийг насанд хүртэл нь эцэг Д.ар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөг, 11 хүртэлх насны нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 34 833 төгрөг, нийт 175 233 төгрөгийг төлсөн байх ба түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ас улсын тэмдэгтийн хураамжинд 175 233 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 заасныг баримтлан овогт /РД:/, ******* овогт ******* Хандармаа/РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 зааснаар хүү Энхтулгын Дөлгөөнийг эх М.******* асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 07 настай хүү ийг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Д.ар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175 233 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.ас улсын тэмдэгтийн хураамжид 175 233 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН