Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0042

 

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын хоёр дахь заалт буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнээр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийн даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , иргэдийн төлөөлөгч Я.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний би Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Б/17 дугаартай захирамжаар Ховд аймгийн Засаг даргын өмчийн хяналт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Би ажиллаж байхдаа ямар нэгэн сахилгын шийтгэл гаргаж байгаагүй. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөсөн. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай уулзсан, тухайн үед би хүүхдээ яаралтай Улаанбаатар хотод хагалгаанд оруулах шаардлагатай байсан учраас чөлөө авах хүсэлтээ өгсөн. Гэтэл энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга надад 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаартай захирамж гаргасныг надад үзүүлсэн. Тэгэхэд би тухайн үед энэ захирамжийг аймгийн Засаг даргаас өөрөө авъя гэж хэлсэн. Улаанбаатар хотод манай хүүхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэдгийг хэлээд явсан. Намайг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд нь орохоос өмнө Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжийг надад мэдэгдээгүй, намайг дуудаж уулзаагүй. Тухайн үед л захирамж гарсныг мэдсэн.  Намайг Улаанбаатар хот явсны дараа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг гаргасан. Дээрх тушаалуудыг гаргахдаа надад мэдэгдэж, сонсгосон асуудал байхгүй.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээний үнэлгээний тасаг нь 4 орон тоотойгоор байхаар баталсан. 2016 онд Засгийн газрын тогтоолоор хяналт шинжилгээ үнэлгээний тасгийг хэлтэс болгож өөрчилсөн. Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг нь хэлтэс бол өргөжсөн байхад миний ажиллаж байсан орон тоог өөр байгууллагад шилжүүлсэн. Намайг ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх талаар ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа хийж байгаагүйгээр асуудлууд шийдэгдсэн.

Намайг Улаанбаатар хотод хүүхдээ хагалгаанд оруулчхаад ирсний дараа Орон нутгийн өмчийн газар руу шилжүүлсэн байсан. Би Орон нутгийн өмчийн газрын даргатай 2 удаа очиж уулзаж, цалин мөнгө авахгүйгээр тохиролцох боломж байна уу гэж асуусан. Дараа нь 1 сарын дараа очиж уулзахад намайг ажилд томилох боломж байхгүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэж хэлсэн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай уулзахад намайг 4 сарын тэтгэмж аваад гаргах юм уу гэсэн. Ингээд би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Орон нутгийн өмчийн газрыг хариуцагчаар тус хэрэгт оролцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь заалтыг хэрэгжүүлж, Б.Б-г Орон нутгийн өмчийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэвч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзээд миний урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь өөр  байгууллагад шилжээгүй, бүтэц орон тоо нь хэвээр хадгалагдаж байгаа болох нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрчилж, хариуцагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд болгон өөрчилсөн.

Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын хоёр дахь заалт буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнээр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийн даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар ЗДТГ-ын ажилтнуудыг томилж чөлөөлөх эрх нь Засаг даргын Тамгын газрын даргад байдаг. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд нь Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон байсан бол Б.Б  нь аймгийн Засаг даргын захирамжаар уг албан тушаалд томилогдсон байсан. Б.Б- томилсон Засаг даргын захирамжаас харахад уг захирамж нь хууль зөрчсөн байсан. Яагаад гэвэл Засаг даргын Тамгын газрын даргын эрх хэмжээний асуудлыг Ховд аймгийн Засаг дарга хэрэгжүүлсэн байдаг. Ингээд Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 тоот захирамжаар урд нь нэхэмжлэгч Б.Б- ажилд томилсон Ховд аймгийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгосон.

 Энэ асуудалтай холбогдуулан нэхэмжлэгч Б.Б  Ховд аймгийн Засаг даргад холбогдуулж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаалтай холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн газар руу шилжүүлсэн зөв гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч Орон нутгийн өмчийн газрын даргыг хариуцагчаар татсан.

Гэтэл дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Бид нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тодорхой дурдаж өгсөн. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Засаг даргын Тамгын газрын бүтцийг 41 орон тоотойгоор баталсан. Төрийн болон орон нутгийн өмчийн газар шинээр бий болсон.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас Ховд аймгийн Засаг даргад 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг ирсэн. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан бичиг ирсэн. Эдгээр баримтуудыг үндсэн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчилсэн тогтоож, үүнтэй холбоотойгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг чөлөөлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар томилсон. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгч Б.Б-г Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн. Яагаад шилжүүлэх болсон бэ гэхээр Орон нутгийн өмчийн газар бий болсонтой холбогдуулан Б.Б-ийн эрхэлж байсан өмчтэй холбоотой ажлын чиг үүрэг нь тус газарт шилжсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх талаар дараах үндэслэлийг гаргаж байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар нэр бүхий ажилтан нарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэхүү албан тушаалаас чөлөөлөх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл аливаа ажилтны хөдөлмөрийн харилцааг үүсэж, дуусгавар болгож байвал захиргааны акт нь хууль зүйн үндэслэсэн гарах ёстой. Ажлаас чөлөөлөх тушаалдаа “аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг” баримталсан нь дээрх нэр бүхий хүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч Б.Б-г шилжүүлэн ажиллуулах нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх бүрэн боломжтой. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 41 орон тоотой байхаар баталсан.

 Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан эрхийнхээ хүрээнд Засаг даргын Тамгын газрын бүтцийг 41 орон тоотой байхаар баталсан ба  бүтэц орон тоо батлахдаа дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын 18-д  Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтний 4 орон тоог баталсан хэдий ч 3 орон тоонд нь одоо өөр хүмүүс ажиллаж байгаа, 4 дэх орон тоо нь сул байгаа нь харагддаг.

 Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цэргийн штабын орон тоог нэмсэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн орон тоог хасах шаардлага бий болсон гэж тайлбарлаж байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар бүтэц орон тоо баталсан байхад Тамгын газрын дарга өөрөө дур мэдэн өөрчлөх боломж байхгүй.

Нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалтан юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн болзол журмыг хангаж төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулаагүй байна.

 Эндээс харахад Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа зөрчигдсөн, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар цалин хөлс авах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх эдлэх боломжгүй болсон гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийг төрийн байгууллага захиргааны акт гаргахдаа хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу хуульд үндэслэх, 4.2.6-д зааснаар бусдын эрх ашиг хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоо нь хангах байтал маргаан бүхий акт гаргахдаа эдгээр зарчмыг хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт ажлын 276 хоног ажилгүй байсан. Нэхэмжлэгч нь урьд нь ТЗ-6 шатлалаар 940.539.000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо нийт ажилгүй байсан хугацааны цалин 11.887.440 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хавтас хэргийн материалтай танилцаж үзэхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаартай тушаал хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч яагаад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилогдох ёстой вэ гэхээр түүний урьд ажиллаж байсан ажлын байр тодорхойлолтонд заасан чиг үүрэг нь Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж үлдсэн.

Тухайн үед Орон нутгийн өмчийн газар нь байгуулагдаагүй, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Засаг даргын захирамжаар Орон нутгийн өмчийн газар байгуулагдсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орон нутгийн өмчийн газар гэдэг байгууллага байгуулагдаагүй байсан. Орон нутгийн өмчийн газар байгуулагдаагүй байхад энэ байгууллага руу Б.Б-ийн ажлын орон тоог шилжүүлсэн нь хууль зөрчиж гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгч Б.Б-г ажлаас халаагүй, өөр байгууллагад шилжүүлсэн гэдэг. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөх заалтыг баримталж шилжүүлсэн нь хууль бус юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх өмгөөллийн үгээ хэлэхдээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаал нь ямар учраас хууль бус болох талаар дэлгэрэнгүй ярьсан тул давхарлуулан тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө мэдэгдээгүй, Орон нутгийн өмчийн газар руу шилжүүлсэн боловч төсөв байхгүй гэх үндэслэлээр ажилд томилоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд “Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 9 сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өмгөөлөгчийн хамт оролцсон болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... Миний урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг өөр байгууллагад шилжээгүй, бүтэц орон тооны хувьд хэвээр хадгалагдан үлдсэн байхад байгууллагад шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж маргаж, хариуцагчаас “... Шинэчлэн баталсан байгууллагын бүтэц, орон тоогоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаж, ажлын чиг үүрэг нь шинээр зохион байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжсэн тул тус газарт ажлын байраар хангуулахаар шилжүүлсэн гэж тайлбарлана.   

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар[1] аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба уг захирамжийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар захирамжаар хүчингүйд тооцсонтой холбоотой маргаан үүсч байжээ. Хариуцагчаас  захирамжийг хуульд заасан эрх бүхий албан тушаалтан гаргаагүй байсныг хуульд нийцүүлж хүчингүй болгосон бөгөөд Б.Б-ийн хуульд заасан хөдөлмөрлөх, түүнтэй холбоотой бусад эрхийг хөндөөгүй гэж тайлбарлаж, уг захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0150 дугаар магадлалаар[2] эцэслэн шийдвэрлэгдэж, хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй байна.

1.1. Нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан албан тушаал, харъяалагдах нэгжийн тухайд:

 Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалын хавсралтаар[3] Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь 4 /дөрвөн/ орон тоотой, түүний дотор өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн ажиллахаар баталжээ.

Нэхэмжлэгч Б.Б  нь 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ажилд томилогдож, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрны тодорхойлолт батлагдсанаас үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасагт харъяалагдаж байсан нь нотлогдож байх ба нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус албан тушаалд ажиллаж байсан болох нь ажлын байрны тодорхойлолт[4], үр дүнгийн гэрээ[5], гэрч Б.Батмөнх, Ц.Оюунцэцэг нарын мэдүүлгээр[6] тогтоогдож байна.

1.2. Нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, ажлын чиг үүрэг өөр байгууллагад шилжсэн тухайд:

   Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалын[7] 2 дахь заалтаар албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн гэх үндэслэлээр  нэхэмжлэгчийг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Орон нутгийн өмчийн газар”-ыг ажиллуулахаар баталж, уг тогтоолыг хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/500 дугаар захирамжаар[8] Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог тогтоосноор Орон нутгийн өмчийн газрын өмчийн алба нь 4 /дөрвөн/ мэргэжилтэнтэй ажиллахаар болсон байна.       

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг уг тогтоолыг хэрэгжүүлэх асуудлаар аймгийн Засаг даргад чиглэл өгсөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний  дүгээр сарын өдрийн ХЭГ/1433 дугаар албан бичгийн[9] 5-д “Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлж, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бие даасан хэлтэс болгосон болно. Энэ хэлтэс нь аймгийн хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангах бөгөөд цаашид Засгийн газрын болон Засаг даргын шийдвэрийн биелэлтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудалд үйл ажиллагааг нь илүүтэй чиглүүлж ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.”, 6-д “... Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны албатай/-ыг шинээр байгуулсан бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчийг ашиглах, зарцуулах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, орон нутагт зохион байгуулагдах худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.” гэжээ.

Эндээс үзвэл дээрх албан бичгээр Засгийн газрын тогтоолын дагуу бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хяналт-шинжилгээ, үнэлгээ асуудал хариуцсан нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж, харин төрийн болон орон нутгийн өмчийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг бие даасан нэгж гүйцэтгэхээр зохицуулсан үндэслэл, агуулгыг анхаарч үзэх шаардлагатайг анхааруулж зөвлөмж чиглэл өгчээ. 

  Уг тогтоолыг үндэслэн гаргасан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар[10]  баталсан бүтцээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон өөрчлөгдөж, орон тооны хувьд өөрчлөгдөөгүй буюу 4 /дөрвөн/ орон тоотойгоор ажиллахаар байгаа ч нэг орон тооны  албан тушаалын нэрийг бичээгүй дугаарлагдсан “хоосон хүснэгт” байх ба урьд ажиллаж байсан бүтцээс харвал нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны нэрийг орхигдуулсан гэж үзэхээр байна. 

Иймд аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдахад нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс болж өргөжин ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын байрны чиг үүрэг, ажлын байрны үндсэн зорилтоос үзвэл орон нутгийн өмчийн газрын чиг үүргийн хүрээний асуудлаас илүүтэй хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэхээр байх бөгөөд тул хариуцагчийн “ажлын байр хасагдсан”, “албан тушаалын чиг үүрэг бүхэлдээ шилжсэн” гэх тайлбарыг хүлээн авахгүй үндэслэлгүй байна. 

  Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

 Нэхэмжлэгч Б.Б нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар[11] аймгийн Засаг даргын өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн[12] төрийн захиргааны албан хаагч байх тул хөдөлмөрийн харилцааг нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд авч үзэхээр байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалын[13] 2 дахь заалтад “Шинэчлэгдсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцээр албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Бөхчулууны Б-г аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.”, 27 дугаар зүйлийн 27.2.4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.”гэж тус тус заасан.

 Энэ хуулийн хоёр зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллагад шилжүүлэн ажиллуулах тохиолдолд нэгдүгээрт албан ажлын зайлшгүй шаардлага байх, хоёрдугаарт өөртэй нь тохиролцох, гуравдугаарт өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах нөхцөлийг шаардах, харин өөрөөс нь нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн албан хаагч нь “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” баталгааг эдлэхээр байна.

  Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд тайлбарлахдаа “....нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаж, ажлын байрны чиг үүрэг нь  Орон нутгийн өмчийн газарт шилжсэн тул ажлын байраар хангуулахаар шилжүүлсэн.” гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан аль нэг баталгаагаар хангагдах эрхтэй.

Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг өөр байгууллагад шилжүүлж, мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/52 дугаар тушаалаар 4 /дөрвөн/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд зөрчилтэй болжээ.

Зүй нь хариуцагчаас нэхэмжлэгчийг сонсох буюу түүнтэй тохиролцсоны дагуу хуульд заасан баталгааны аль нэгээр хангах бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байжээ.

Нэхэмжлэгч тэтгэлэг олгох шийдвэрийг эс зөвшөөрч тэтгэлгийг хүлээн аваагүй талаар тайлбарласан ба талууд энэ талаар маргаагүй болно. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа  “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмыг баримтлан мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас энэ үүргээ хэрхэн биелүүлсэн талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар мэтгэлцэж маргаагүй болно.    

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. гэж тус тус заасан байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн атлаа холбогдох хуулийн зохих зүйл, заалтыг үндэслээгүй нь буруутай байна.

Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “ захиргааны актад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг тус тус зөрчсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болжээ.

Дүгнэвэл, хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулаагүй, маргаан бүхий акт гаргах бодит шаардлага, хууль зүйн үндэслэлтэй нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах нөхцөл, баталгаа зөрчигдсөн гэж дүгнэж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-г Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр эгүүлэн томилохыг даалгах нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн  хөдөлмөрийн харилцаатай  холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй  бусад асуудлыг  Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу  ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан  бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Б.Б-ийн ажилгүй байсан хугацааг  2016 оны  9 дүгээр сарын 30-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож, цалин хөлсний олговрыг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэр нь  бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж , Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 9 сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-г Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилох, ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

[1] хх I- ийн 47 дахь тал

[2] хх I -ийн 104-106 дахь тал

[3] хх I -ийн 217-219  дэх тал

[4] хх I -ийн 11-14 дэх тал,

[5] хх I -ийн 15-20 дахь тал

[6] хх I -ийн 233-238 дахь тал

[7]  хх I -ийн 4-7 дахь тал

[8]  хх I -ийн 52-53 дахь тал

[9]  Хх I -ийн 39-40 дэх тал

[10] хх II-ийн 36-40 дэх тал

[11] хх I -ийн 47 дахь тал

[12] хх I -ийн 23 дахь тал

[13] хх I -ийн 4-7 дахь тал