Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 18

 

 

                                    

                                  
                                       МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны  “А”  танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Цолмон 
Улсын яллагч Г.Амарсайхан                 
Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Т.Хүдэр, М.Жаргалсайхан
Орчуулагч Т.Шинэцэцэг
Шүүгдэгч Б.Дугардорж, Ж.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дугардорж,  мөн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мягмарцэрэн нарт холбогдох 201617000349 дугаартай хэргийг 2017 оны  02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч  мэргэжилтэй, Гандирын тал ХХК-ны захирал ажилтай,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,    Сэлэнгэ аймгийн Орхон туул сум 2-р баг Бор толгой гудамж 12-1 тоотод   оршин суух,  ял шийтгэлгүй, Цорс  овогт Жамсрангийн Мягмарцэрэн / РД:МП 76122175/

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын  иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй,  Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Хан-Уул  Найрамдал гацаанд оршин суух,  ял шийтгэлгүй, Хүйслэг овогт Билэгсүрэнгийн Дугардорж паспорт E 10 585724 РД: 152129199501212516 

Холбогдох хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
 
Яллагдагч Ж.Мягмарцэрэн нь  2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Далт” гэх газар иргэн Б.Дугардоржийг ажлын талбай дээр байхад нь мэндэлсэнгүй гэж түүний машинаас  татан буулгаж нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулан догшин авирлан танхайрсан  гэмт хэрэгт, яллагдагч Б.Дугардорж нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Далт” гэх газар хадлан хадаж байхдаа иргэн Ж.Мягмарцэрэнг зодлоо гэж түүний эрх чөлөөнд нь халдаж түүний бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   -Шүүгдэгч, хохирогч Ж.Мягмарцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дугардоржийн хадлангийн талбай, манай хадлангийн талбай зэрэгцээ газар байдаг. 2016 оны 10 сарын 22-ны үед би Дугардоржийн хадлангийн талбай дээр очиход Дугардоржийг харсан. Тэр үед би Дугардоржоос юм асуухад Монгол хэл ойлгоогүй байх, намайг ачигчаар  ажилд авна гээд бид жаахан маргаад би гараад явсан. 2016 оны 11 сарын 07-ны өдөр би өвс ачиж байгаа хүмүүсээс сэлбэг асуух гэж очоод Дугардоржоос асуух гээд дуудахад машинаас бууж ирэхгүй байсан. Би Дугардоржийг цохисон зүйл байхгүй. Би 2016 оны 11-р сарын 08-ны өдөр Нямаа гэдэг залуугаас өвс боогч авах гэж уулан дээр гараад утсаар ярьж зөвшөөрөл авчихаад Дугардоржийн хадлан руу ирсэн. Дугардоржийн гэрийн гадаа Дугардоржтой уулзаад өмнөх өдрийн маргаан болон хадлангийн газрын асуудлаас болж л маргалдсан. Дугардорж тэр  хадланг ахалж байсан хүн юм. Яг хадлан эхэлж байхад Дугардоржийн хадлангаас болоод манай хадлангийн ажлыг зогсоож байсан асуудал байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Дугардорж бид 2 сайн дураараа эвлэрсэн гэв.
  
-Шүүгдэгч, хохирогч  Б.Дугардорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 11 сарын 07-ны өдөр 11 цагийн үед Асгат сумын нутаг Далт гэх газарт хадлангийн талбай дээрээ Портер маркийн машиндаа суугаад данс тооцоогоо бодож байтал миний сууж байсан 
машины урдуур нэг  хар өнгийн жийп машин өнгөрөөд зүүн урд талд хойшоо хараад зогсож байсан ачааны машины жолоочтой очиж уулзаж байхаар нь тухайн үед анзаараагүй сууж байтал тэр хар жийп машинтай 3-н хүн миний машины хажууд эргэж ирж зогсоод 40 орчим насны махлаг буурал толгойтой ах машинаас бууж ирээд цонх тогшихоор нь би машины хаалга онгойлгоод мэндлэх завдалгүй шууд намайг заамдаж аваад “ муу пизда минь чамайг дуудаад байхад яагаад гарч ирэхгүй яадаг пизда вэ” гээд миний хацар луу 2-3 удаа нударч аваад “ Монгол хэл сурсан хужаа” гэх зэргээр дайрч давшилхад нь би “Таныг ингээд байвал цагдаа дуудана шүү” гэхэд тэр  ах “ Та нар Сүхбаатарын цагдааг худалдаж авчихсан юмуу” дайраад байхаар нь манай өвс ачигч ажилчид болох Амараа, Балдандорж, Төрөө, Шинээ, Билгүүн нар салгаж болиулхад тэр ах яваад  өгсөн. Түүнээс хойш  маргааш нь буюу 2016 оны 11 сарын 08-ны өглөө 08 цагийн үед дунд талын гэрт цайгаа уугаад сууж байтал түрүү өдөр ирсэн 40 орчим насны буурал толгойтой ах  хүрч ирээд зүүн гэрт орохоор нь би дунд талын гэрээс гарч очоод араас нь гэрт ороход тэр ах надруу дайрч намайг заамдаж аваад “За пизда минь гараад   ир”  гээд хоолой боогоод намайг  чирээд гэрийн гадаа гаргаж “ Би чиний өвсөөр тэжээлгэж байгаа Сүхбаатарын залуу биш би Сэлэнгийн хүн байна” гэж дайрч намайг 4-5 удаа мөргөж зодоход тухайн үед би манарч гарыг нь эсэргүүцэж байгаад нөгөө ах газар ойчоод дээрээс нь дээлийн нударгаараа 2-3 удаа цохьсон. Гэтэл тэр ах “за ахын дүү ахынхаа хүслийг гүйцээлээ гэж хэлээд инээгээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/ 

 -Гэрч Г.Цогтсэргэлэн  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11-р сарын 07-ны өдөр үдийн үед байх байрлаж байсан байрнаасаа зүүн тийш 1 км орчим газар хадлангийн талбай дээрээ өвсөө ачаад зогсож байтал Ланд-80  маркийн хар өнгийн жийп машинтай 3 хүн ирээд Портер машинд сууж байсан. Дугардорж руу очиж уулзаж байснаа буурал толгойтой махлаг 40 гаруй насны ах маргалдаад Дугардоржийг заамдаад сууж байсан машинаас нь чирч гаргаж байгаа харагдсан. Тухайн үед бол би өвстэй машин дээр байсан учраас юунаас болж маргалдаж байгааг нь мэдээгүй. Маргааш нь буюу 2016 оны 11 сарын 08-ны өдөр 08 цагийн үед ажилдаа гарах гээд хоолны гэртээ хоол идээд сууж байтал өчигдрийн Дугардоржтой маргалдаад байсан буурал толгойтой ах Приус-20 маркийн машинтай 3-4 хүнтэй ирээд гэрийн гадаа маргалдаад байхаар нь сүүлд гараад очиход Мягмарцэрэн гэдэг хүн Дугардоржтой гэрийн гадаа заамдалцаад муудалцаж байгаад Мягмарцэрэн арагшаа унахад дээр нь Дугардорж суучихсан 1 удаа нүүр рүү нь цохиод авч байгаа харагдсан. Гэтэл хажууд нь утсаар бичлэг хийж байсан Мягмарцэрэнтэй хамт ирсэн залуучуудаас нэг залуу за одоо хэрэг бүтлээ. Одоо болно явья гэж хэлээд Мягмарцэрэнг аваад яваад өгсөн... гэх мэдүүлэг  / хх-ийн 23-24 хуудас/

    -Гэрч  М.Шинэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 11 сарын 07-ны өдөр 11 цагийн үед хадлангийн талбай дээр ачааны машинд өвсөө ачаад байж байтал Ланд 80 маркийн хар өнгийн жийп машинтай хүмүүс ирээд Дугардоржийн сууж байсан цэнхэр өнгийн ачааны машины хажууд очоод муудалцаад байхаар нь би машин дээрээс буугаад хажууд нь яваад очиход нэг 40 гаруй насны махлаг буурал толгойтой ах “ Монгол хүн ирчихээд байхад бууж ирээд мэндэлсэнгүй, миний өмнө бөртөлзсөнгүй муу хужаа минь, би танай нутагт дандаа зодуулдаг чи муу хэний нутаг дээр байгаагаа мэдэж байна уу гэх зэргээр доромжлоод Дугардоржийг 2 удаа толгойгоороо мөргөж зодоход би салгаж болиулсан.  Маргааш нь буюу 2016 оны 11-р сарын 08-ны өглөө 8 цагийн үед байх гэртээ унтаж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь босоод гарахад хүмүүс муудалцаад яваад өгсөн байсан. Дугардорж зүүн талын гэрт зодуулсан байдалтай ам, уруулаас нь цус гарсан байсан... гэх мэдүүлэг   / хх-ийн 25 хуудас/  
-Гэрч Ш.Басбаяр  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2016 оны 11 сарын 7-ны өдөр 11 цагийн үед хадлангийн талбай дээрээ Портер маркийн ачааны машинд Дугардорж бид 2 данс тооцоогоо хөтлөөд сууж байтал баруун хойт зүгээс хар өнгийн Ланд-80 маркийн машинтай хүмүүс ирээд бид 2-ын сууж байсан машин руу  3 залуу ирж би жолоочийн хүрд дээр сууж байтал Дугардоржийн сууж байсан хаалгаар буурал толгойтой 40 орчим насны ах ирээд хаалга тогших шиг болсоноо өөрөө гаднаас нь нээгээд Дугардоржийг үгийн зөрөөгүй “ хүн дуудаад байхад яахаараа бууж ирдэггүй гөлөг вэ” гэхээр нь би хажууд нь сууж байсан болохоор юу болсон юм бэ яасан юм гэхэд Дугардоржийг заамдаж энэ Монголын нутагт шүү, Сүхбаатарын нутаг хужаад арай орчихоогүй байгаа шүү” гээд хувцасны захаар нь боогоод татаж чирээд буулгасан. Дугардоржийг заамдаж боогоод байсан Мягмарцэрэнг салгах гээд дундуур нь ороход Мягмарцэрэн Дугардоржийг “ Чи муу эр хүн юм бол цохьчихолдоо. Энэ одоохондоо Монголын нутаг шүү хөх Монгол хэвээрээ байгаа шүү гээд баруун гараараа нүүр рүү нь 3 удаа зөөлхөн цохиод өөрийгөө Дугардоржоор цохиулах гээд дайраад байсныг манай ажилчид ирээд салгасан... Маргааш нь буюу 2016 оны 11 сарын 08-ны өглөө 8 цагийн орчимд  Мягмарцэрэн 2 хүнтэй миний унтаж байсан гэрт орж ирээд чамайг тэжээдэг хятад хаана байна гэхээр нь би Мягмарцэрэнд цаагуур чинь байгаа байхаа гэж хэлсэн чинь гараад явчихаар нь би араас нь хувцасаа өмсөөд очтол дунд талын гэрээс Дугардоржтой Мягмарцэрэн зууралдсаар гарч ирээд Мягмарцэрэн би чамд хэлээ биздээ би хэлсэндээ хүрнэ шүү гээд шууд Дугардоржийг заамдаж байгаад толгойгоороо 4-5 удаа мөргөж зодсон чинь Мягмарцэрэнтэй хамт ирсэн залуучууд “одоо гоё болж байна шүү үргэлжлүүл гээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Дугардоржийн ам хамраас цус гарч уурандаа дээлийнхээ нударгаар Мягмарцэрэнг 2 удаа цохиод авсан чинь Мягмарцэрэн заамдаж авч зуураад тавихгүй арагшаа унахдаа инээгээд байсан.  Гэтэл утсаар бичлэг хийж байсан залуучууд “Одоо яг гоё болж байна шүү” гэхэд Мямгарцэрэн босож ирээд Дугардорж руу “ чи ахынхаа хүслийг гүйцээлээ би чамд маш их баярлалаа гэж хэлээд шууд машиндаа суугаад яваад өгсөн юм. Тэр үед Мягмарцэрэнгийн биед учирсан гэмтэл бэртэл ил харагдах шарх сорви байгаагүй.. ” гэх мэдүүлэг /хх-26 хуудас/
-Гэрч  С.Эрдэнэчимэг  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2016 оны 11 сарын 08-ны өдөр 08 цагийн үед гал зуухны гэрт хоол цайгаа хийгээд сууж байсан чинь гадаа Приус маркийн машин ирлээ гээд Дугардорж гал зуухны гэрээс гарсан би араас нь хаалгаараа шагайгаад харахад нэг буурал толгойтой 40 орчим насны залуу Дугардоржийг заамдаж аваад дайрч давшилж “ Чи Монголын өвсөөр Монголчуудыг тэжээдэг хэн юм бэ гэх утгатай юм хэлээд Дугардоржийг толгойгоороо нүүррүү нь хэд хэдэн удаа мөргөж аваад зодоход Дугардорж зууралдаж байгаад Мягмарцэрэн арагшаа саваад унахад Дугардорж дээр нь дарчихсан харагдсан. Гэтэл хамт явсан 2 залуу утсаараа бичлэг хийгээд тойроод яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-28 хуудас/
-Гэрч  Н.Билгүүн  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2016 оны 11 сарын 07-ны өдөр Асгат сумын нутаг Далт гэх газар хадлангийн талбай дээрээ өвсөө ачаад зогсож байтал хар өнгийн Ланд-80 маркийн машин ирээд Дугардорж, Басбаяр 2-ын портер маркийн машины хажууд зогсож байгаа харагдсанаа төд удалгүй Дугардоржийг нэг хүн машинаас чирч буулгаж ирээд заамдаж аваад муудалцаад байхаар нь манай өвс ачиж байсан ажилчид очсон чинь 40 орчим насны буурал толгойтой бүдүүн ах Дугардоржийг заамдаж авчихаад “Чи Монгол хүн ирчихээд байхад мэндэлсэнгүй. Машинаасаа бууж ирсэнгүй, Монгол хэл сурсан муу хужаа” гэх зэргээр дайрч давшлаад байхаар нь манай ажилчид хорьж болиулсан. 2016 оны 11 сарын 08-ны өглөө 8 цагийн үед цайгаа уугаад сууж байтал зүүн гэрийн гадаа Приус 20 маркийн машинтай өчигдөр ирсэн Мягмарцэрэн гэдэг ах өөр 2 залуутай ирээд Дугардоржийг гэрээс заамдаж чирч гаргаж ирээд гэрийн гадаа “Чи Монголын өвсөөр Монголчуудыг тэжээсэн пизда” гэх утгагүй үг хэлээд дайрч давшлаад байхаар нь манай ажилчид бүгд гарч ирээд учиргүй зодчихгүй байлгүйдээ гээд хориогүй. Манай ажилчид цагдаа дуудая гэсэн чинь утсаар бичлэг хийж байсан залуу дуудчихсан гэж хэлсэн. Мягмарцэрэн Дугардоржийг хэд хэдэн удаа мөргөхөд Дугардорж заамдалцаж байхад Мягмарцэрэн арагшаа саваад унасан тэгэхэд Дугардорж уурандаа өмсөж байсан дээлийнхээ нударгаар 2 удаа саваад цохиод авсан чинь Мягмарцэрэн инээгээд босож ирээд “ах нь энийг л хүсч байсан юм баярлалаа гэж хэлээд хамт ирсэн 2 залуутайгаа машиндаа суугаад яваад өгсөн юм. Тухайн үед Дугардорж мөргүүлснээс ам хамраас нь цус гарсан харагдсан. Мягмарцэрэн гэдэг хүн инээгээд босож ирээд шууд яваад өгсөн. Тэр хүний нүүр ил харагдах хэсэгт гэмтэл бэртэл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-31 хуудас/
-Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 476 дугаартай дүгнэлт: 1.Б.Дугардоржийн биед тархи доргилт, хамрын таславчны муруйлт, дээд уруулын дотор талд язарч урагдсан шарх,  цус хуралт,  хүзүүний урд болон зүүн талд цус хуралт, дээд уруул, хүзүүний зүүн хэсэгт, зүүн эгэм орчмын зөөлөн эдийн няцрал . 2 Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй  /хх-34-35 хуудас/
-Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 475 дугаартай дүгнэлт: 1. Ж.Мягмарцэрэнгийн биед тархи доргилт, баруун хөмсөгний доод талд язарч урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2 Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй  /хх-48 хуудас/
 -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 62 хуудас/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 63 хуудас/ 
-Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 3-ны өдрийн 71 тоот дүгнэлт 
--Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 3-ны өдрийн 72 тоот дүгнэлт 
-гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 96-98хуудас/
     -Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт /хх-ийн 62/
    --Ж.Мягмарцэрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуудас  /
    - Б.Дугардоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.
 
Шүүгдэгч  Хүйслэг  овогт Билэгсүрэнгийн Дугардорж  нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны  өглөө 08 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Далт” гэх  газар  хохирогч  Ж.Мягмарцэрэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Дугардорж, хохирогч Ж.Мягмарцэрэн нарын  мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг,  гэрч М.Шинэбаяр, Б.Басбаяр, С.Эрдэнэцэцэг Н.Билгүүн, П.Ононтуул, Б.Балдандорж нарын мэдүүлэг, шинжээчийн 475 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 72 дугаартай дүгнэлт, СD бичлэг болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Мягмарцэрэнд  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь: шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч  Ж.Мягмарцэрэн нь мэдүүлэхдээ “Би Дугардоржийн ажиллаж байсан хадлангийн зэргэлдээ хадлан хадаж байсан, Дугардорж БНХАУ –ын иргэн,  энэ хүмүүс Монгол улсад ажиллах зөвшөөрөлгүй атлаа хадлан хадах үйл ажиллагаа явуулж байгаад би дургүйцэж маргалдсан”                                      гэх мэдүүлгүүд болон хэргийн байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Мягмарцэрэн нь Б.Дугардоржтой  маргалдах  явцдаа хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нь   тодорхой сэдэлттэй хийгээд  тэрээр хохирогч  Б.Дугардоржтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэснээс өөрөөр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, танхайрах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг бөгөөд шүүгдэгч Ж.Мягмарцэрэнгийн үйлдэлд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх шинж үгүйсгэгдэж байна. 
 
 Шүүгдэгч  Ж.Мягмарцэрэн нь  2016 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Далт” гэх газар хохирогч  Ж.Мягмарцэрэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Мягмарцэрэн, хохирогч Б.Дугардорж нарын  мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч М.Шинэбаяр, Б.Басбаяр, С.Эрдэнэцэцэг Н.Билгүүн, П.Ононтуул, Б.Балдандорж нарын мэдүүлэг, шинжээчийн 476 дугаартай дүгнэлт, СD бичлэг болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Мягмарцэрэн, Б.Дугардорж нарт  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул Ж.Мягмарцэрэн, Б.Дугардорж нарыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ж.Мягмарцэрэн, Б.Дугардорж нар нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн,  хохирогч нар сайн дураараа эвлэрсэн бөгөөд  гэм хороо арилгасан болох нь хохирогч Ж.Мягмарцэрэн, Б.Дугардорж нарын шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгчээр гаргасан  мэдүүлэг,  хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мягмарцэрэн, Б.Дугардорж нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-ийг хэрэгт хавсарган үлдээж, Гадаадын иргэд, харъяатын газрын дэд даргын 2016 оны 12 сарын 05-ны өдрийн А/196 дугаартай гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тушаалыг хүчингүй болгон  Б.Дугардоржийн   БНХАУ-ын   Е 10585724  серийн дугаартай паспортыг  буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Мягмарцэрэнд холбогдох  хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ж.Мягмарцэрэн, Б.Дугардорж нарыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мягмарцэрэн нь хохирогч Б.Дугардоржтой, шүүгдэгч Б.Дугардорж нь хохирогч Ж.Мягмарцэрэнтэй сайн дураар эвлэрсэн тул шүүгдэгч Ж.Мягмарцэрэн, Б.Дугардорж нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3,  88.1.7 дахь хэсэгт  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-ийг хэрэгт хавсарган үлдээж, Б.Дугардоржийн   БНХАУ-ын Е 10585724  серийн  дугаартай паспортыг  буцаан олгож, Гадаадын иргэн харъяатын газрын дэд даргын 2016 оны А/126 дугаартай тушаалын  Б.Дугардоржийн зорчих эрхийг хязгаарласан заалтыг хүчингүй болгон, Сүхбаатар аймгийн Гадаадын иргэн,харъяатын хэлтсийн  дарга Х.Ургаад  мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Мягмардорж, Б.Дугардорж нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.   

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Мягмардорж, Б.Дугардорж нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ     ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Шүүгдэгч Цорс  овогт Жамсрангийн Мягмарцэрэн  нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн өглөө 08 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат  сумын нутаг Далт гэх газарт БНХАУ-ын иргэн Б.Дугардоржтой дуудаад байхад машинаас бууж ирсэнгүй, мэндэлсэнгүй үл тоолоо гэж машинаас татаж буулгаж маргалдаж шанаан тус газар нь 2-3 удаа цохисон мөн 2016 оны 11 сарын 08-ны өдөр Б.Дугарддоржийг гэрээс чирч гараж ирж хэл амаар доромжилж, толгойгоороо 4-5 удаа мөргөж Дугардоржийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Мягмардоржийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч М.Шинэбаяр, Б.Басбаяр, С.Эрдэнэцэцэг Н.Билгүүн, П.Ононтуул, Б.Балдандорж нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 74 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч  Хүйслэг  овогт Билэшсүрэнгийн Дугардорж  нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Далт” гэх газар хадлан хадаж байхдаа иргэн Ж.Мягмарцэрэнг зодлоо гэж түүний эрх чөлөөнд нь халдаж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Дугардоржийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч М.Шинэбаяр, Б.Басбаяр, С.Эрдэнэцэцэг Н.Билгүүн, П.Ононтуул, Б.Балдандорж нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 72 дугаартай дүгнэлт, СД бичлэг болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.


Шүүгдэгч Б.Дугардорж, Ж.Мягмарцэрэн нар нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Б.Дугардорж нь анх удаа  хөнгөн гэмт хэрэг  үйлдсэн, хохирогч Ж.Мягмарцэрэнтэй сайн дураараа эвлэрсэн,  гэм хор арилсан бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Б.Дугардоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Б.Дугардоржийн иргэний үнэмлэхийг буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Cd-r 52х hp гэсэн бичигтэй зодооны бичлэг бүхий Сd-г хэрэгт хавсрагах нь зүйтэй байна. 
    
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цорс  овогт Жамсрангийн Мягмарцэрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж  танхайрсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Хүйслэг  овогт Билэшсүрэнгийн Дугардоржийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
  
2.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг баримтлан  шүүгдэгч Б.Дугардоржийг  хохирогч Ж.Мягмарцэрэнтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Дугардоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Мягмарцэрэнг 3 /гурав / жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  оногдуулсан  3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Шүүгдэгч Ж.Мягмарцэрэн  нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Б.Дугардорж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Б.Дугардоржийн иргэний үнэмлэхийг  Б.Дугардоржид буцаан олгож, Cd-r 52х hp гэсэн бичигтэй зодооны бичлэг бүхий Сd-г хэрэгт хавсрагасугай. 
 


    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Ж.Мягмарцэрэнд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Мягмарцэрэнд урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

     
 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Х.САНЖИДМАА