Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** оны******** дугаар сарын *********-ны өдөр Сүхбаатар аймгийн ********** суманд төрсөн, * настай,******** эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Цайрт минерал ХХК-д кранчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар баг ******* 5-511 тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар *******,

******* ургийн овогт ******* *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн сумын ****** дугаар баг ******* ******** тоотод иргэн эхнэр ******* таарамжгүй харилцаа үүсгэлээ гэх шалтгаанаар иргэн ******* нүүрэн хэсэгт мөргөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн талын эрүү шонтонгийн дээгүүр хугарал, баруун нүдний дотор салст, баруун дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... ах манай эхнэр өрөөний наана цаанаас хэрэлдэж, маргалдан муудаж байгаад гараад явсан. Эхнэр бид хоёр бие засахаар гараад, би 00-н хажууд тамхи татаж байхад ах ирээд шууд зүүн талын нүд рүү цохихоор нь зөрүүлээд цохих гэхэд ах бид хоёрыг салгаад гэр рүү орсон. ахыг гэртээ орсны дараа дахин ах бид хоёр юунаас болж муудсанаа мэдэхгүй байна ямар ч байсан хоорондоо маргалдаж байгаад би Амарбаясгаланг гараараа баруун нүд хавьцаа цохиод, хамар хавьцаа нь мөргөхөд эхнэр “та хоёр битгий зодолдоод байлдаа” гээд яваад өгсөн, гэрт байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Би сүүлд нь зүүн эрүү хавьцаа гараараа цохиход так гээд дуугарах шиг болсон. Тухайн үедээ юм бодоогүй, одоо бодоод байхад эрүү нь хугарсан юм байна гэдгийг нь мэдэж байна. Цагдаа ирэхээс өмнө Амарбаясгалан ах өөрийнхөө нүүрийг харуулаад чи намайг ямар болгосноо хардаа гээд харуулаад байсан...” гэх /хэргийн 52-55-р хуудас/,

хохирогч ******* “...2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хамт ажилладаг Б. залгаад “эхнэртэйгээ хүрээд ир, нэг өдөр хамт сууя” гээд дуудахаар нь эхнэр Ч.Бямбажаргалын хамт 13 цагийн үед сумын 9 дүгээр баг ******* 1321 тоотод байх гэрт очиход эхнэр хамт байсан. Удалгүй хамт ажилладаг ******* нь эхнэр хамт ирээд бид нар хоол цай идэж уусны дараа Нийслэл нэртэй 2.5 литрийн 4 пиво ууж дуусгасан. Дараа нь Экс нэртэй 0.75 литрийн архи задалж ууж дууссан. Тэгээд би уусан архи пивондоо согтоод юу болсныг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан хамт ажилладаг *******той маргалдаж муудсанаа бүдэг бадаг санаад байгаа юм. ******* нь миний хувьд учирсан гэмтлүүдийг учруулсан, энэ талаар хамт байсан хүмүүс гэрчилж өгнө. Баруун нүд хөхөрч хавдсан, зүүн талын эрүү бага зэргийн хөндүүр байгаа, өөр учирсан гэмтэл байхгүй. *******ид цохиж зодуулахаасаа өмнө нь биедээ ямар ч гэмтэлгүй байсан. Би тэр болгон архи уугаад байдаггүй, хааяа нэг архи уухаараа их агсан учраас хамт байсан хүмүүсийнхээ уур амьсгалыг эвдэж өөрөөсөө болж *******ид зодуулсан гэж бодож байгаа учраас миний хувьд одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх байхгүй ” гэх /хэргийн 10-11-р хуудас/,

гэрч Ч.Бямбажаргалын “...нөхөр бид хоёр гэрт очиход эхнэрийнхээ хамт байсан. Удалгүй нөхөртэй хамт ажилладаг ******* нь эхнэр Отгонцэцэгийн ирсэн. Тэгээд бид бөөндөө Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 4-г, Экс нэртэй 0.75 литрийн архи зуусан. Би *******, нарын эхнэрүүдтэй жижиг өрөөнд ороод хоорондоо юм ярьж байхад нөхөр намайг “өөр өрөөнд ууж идлээ” гэх шалтгаанаар намайг “писдаа минь гэл үү, гөлөг минь” гэхээр нь уур хүрээд бид хоёр бага зэргийн ам зөрсөн. Би тухайн үед архи, пиво хольж уусан байсан учраас тухайн үед болсон асуудлын талаар бүдэг бадаг санаж байна. ******* намайг өмөөрч нөхөртэй маргалдаж муудалцаж байсан нэг мэдэхэд нөхрийн хамраас цус гарчихсан, зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан тэгээд нөхөр уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх /хэргийн 13-14-р хуудас/,

гэрч ийн “... ах уусан архиндаа согтоод эхнэр маргалдаж тухайн айлаас ганцаараа гараад явсан. ахыг гарснаас хойш удалгүй би нөхрийг хань татаж гараад бие засаад гараад ирэх хооронд нь нөхөр дээр очоод үгийн зөрүүгүй шууд нүүр рүү цохиход, нөхөр зөрүүлээд ахын нүүр рүү 2 удаа цохихоор нь хамт байсан хүмүүсийг дуудаж гаргаж ирээд бөөндөө тэр 2-г салгасан. Тэр үед ахын хамар, амнаас нь цус гарчихсан, нэг нүд нь хавдчихсан харагдаж байсан. Нөхөр таныг цохиогүй байсан бол юу гэж цохиж зодож юм бэ гэхэд нь өөрийнхөө нүүр рүү гараараа заагаад намайг ийм болтол танай нөхөр зодсон, би ямар ч гэмтэлгүй байж байгаад ийм гэмтэл авчихлаа гомдолтой байна гээд байсан. Ер нь бол ахаас болоод уг зодоон болсон, миний бодлоор нь эхнэртэйгээ маргалдаж муудаад байхад нь нөхөр ******* болиулаад байхад нь уур нь хүрсэн байх. Тэгээд л нөхрийг тамхи татаад зогсож байхад нь цохиж, сүүлд нь өөрөө зодуулж биедээ учирсан гэмтлүүдийг авсан” гэх /хэргийн 20-21-р хуудас/,

гэрч “...бид нар бөөндөө Нийслэл нэртэй 2.5 литрийн 4 том пиво ууж дууссаны дараа би Экс нэртэй 0.75 литрийн архи задалж дуусгасан. Тэр үед ах согтоод “ эхнэрийгээ манай эхнэр, *******ийн эхнэртэй нийлээд тусдаа өрөөнд ороод пиво уулаа” гэх шалтгаанаар эхнэрийгээ “муу писда гөлөг” гэх мэтээр хэл амаар доромжлоход ******* нь г “битгий эхнэртэйгээ маргалдаж муудах гээд бай” гээд болиулсан. Хэсэг хугацааны дараа өрөөний наана цаанаас эхнэртэйгээ дахин маргалдаж муудаад манайхаас ганцаараа гараад явсны дараа би араас нь гарсан. ******* эхнэрийнхээ хамт гарч ирээд байхад Амарбаясгалан ах *******ийн хажуугаас нь цохихоор нь би очоод тэр хоёрыг салгаад болиулаад гэртээ орсон. Гэртээ ороод удаагүй байхад ганцаараа орж ирээд “манай нөхөр Амарбаясгаланг зодоод байна бүгдээрээ гараад салгая” гэхээр нь бид 4 гэрээс гараад салгах явцад ******* нь Амарбаясгалангийн зүүн шанаа хавьцаа нь цохисон, намайг байхгүй байх хугацаанд ******* хэрхэн яаж цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. ******* надад хэлэхдээ “ би шээгээд зогсож байхад Амарбаясгалан ирээд хажуугаас цохисон тэр үед та салгаад гэртээ орсон. Таныг гэртээ орсноос хойш бид хоёр дахин маргалдаж би уурандаа цохиж зодсон” талаар хэлсэн. Ер нь бол Амарбаясгалан өөрийнхөө буруугаас болоод *******ид зодуулсан...” гэх /хэргийн 16-18-р хуудас/ мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дугаартай “ 1. ******* биед зүүн талын эрүү шонтонгийн дээгүүр хугарал, баруун нүдний дотор салст, баруун дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ******* биед зүүн талын эрүү шонтонгийн дээгүүр хугарал гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ******* биед баруун нүдний дотор салстын цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн доод зовхинд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хэргийн 27-28-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 25-26-р хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг /хэргийн 4-6-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтанд нийцсэн байна.

 

******* эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан 134 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ******* биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ийн, энэ хэргийн хохирогч г гараараа цохих, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

5. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

6. Шүүгдэгч *******ийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч ******* нүүрэн хэсэгт мөргөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******оос хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг гараар цохиж, өшиглөж зодсоноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ хохирогч ******* зүй бус үйлдлээс шалтаглан түүнийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг цохиж, мөргөж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирчээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

1. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

            3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авсны зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 94,500 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.04.02-ны өдрийн 21/49  дугаартай албан бичиг, зардлын түүх /хэргийн 04, 06-р хуудас/ зэргээр нотлогдох бөгөөд уг хохирлыг шүүгдэгч *******ийн зүгээс нөхөн төлсөн болох нь Голомт банкны банк хоорондын шилжүүлгийн баримт/хэргийн 73-р хуудас/ -аар тогтоогдож байна.

 

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан  94,500 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ ” ялтай байна. 

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******оос торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

 

Бусад.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 94.500 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН