| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00401/И |
| Дугаар | 138/ШШ2021/00539 |
| Огноо | 2021-07-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2021/00539
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 35 тоотод оршин суух, ЖЯ94053021 регистрийн дугаартай, Хотгойд овогт Эрдэнэчимэгийн Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 35 тоотод оршин суух, Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 19 дүгээр талбайд оператор ажилтай, ТЯ90032910 регистрийн дугаартай Балжи овогт Ганбаатарын Амартүвшинд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох 45 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн, нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч Г.Амартүвшин, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 2019 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа 2017.06.27-ны өдөр охин А.Амаржаргал, 2019.03.21-ний өдөр хүү А.Энхжаргал нарыг төрүүлсэн. Бид хамт амьдарсан эхний жилүүдэд бусад залуу гэр бүлийн адил аз жаргалтай тайван сайхан амьдардаг байсан. Амартүвшингийн хувьд Петро Чайна Дачин Тамсаг ХХК-д операторчноор ажилладаг. Ажлын шаардлагаар 28 хоног хөдөө ажиллаад 14 хоног амардаг. 14 хоногийн амралтаараа байнга архи уудаг байсан. Бидний салах болсон шалтгаан Амартүвшингийн замбараагүй архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, түүний ёс бус үйлдлээс болсон. Түүнээс гадна Амартүвшингийн ах, дүү нар нь бидний амьдралд хөндлөнгөөс оролцож, намайг зоддог байсан. Үүнээс болж бидний дунд үл ойлголцол үүсч, хэрүүл маргаан их гардаг болсон. Амартүвшингийн ээж нь хүртэл надаас мөнгө нэхэж дарамталдаг байсан. Хамт амьдарч байх хугацаанд Амартүвшин намайг маш их зодож, дарамталдаг байснаас гадна охин Амаржаргалыг төрсөн цагаас хойш дарамталж, зоддог байсан. Мөн намайг жирэмсэн байх үед хайрлаж, халамжлах нь битгий хэл хүүгээ төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байх хооронд Амартүвшин охиноо дагуулж гадуур архидан согтуурч, охиндоо эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Хүү Энхжаргалыг төрсний дараа ч гэсэн мөн адил архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр л байсан. Бид анх хэрүүл маргаангүй, аз жаргалтай сайхан амьдарч байсан. Гэтэл Амартүвшинг хөдөө ажлаар яваад ирэх үед түүний ах дүү нар нь намайг өөр хүнтэй явалдсан гэж худлаа ярьж бидний дунд хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Үүнээс болж Амартүвшин намайг хэл амаар доромжилж, зоддог болсон. Би нөхөртөө маш их хайртай байсан учраас нөхрөө хэзээ ч хуурч байгаагүй. Хамт амьдарч байх хугацаанд ганц ч удаа хоол хийлгэж, хувцас угаалгаж, гэр орны ажил хийлгэж байгаагүй, хайрлахын дээдээр хайрлаж, хүндэлж, муу муухай үйлдэл, зан аашийг нь тэвчиж өдийг хүртэл 5 жил хамт амьдарсан. Миний хувьд амьдралаа элэг бүтэн авч үлдэхийн тулд хичээсэн боловч Амартүвшин огт өөрчлөгдөөгүй. Тийм учраас хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө салах шийдвэр гаргасан. Мөн Амартүвшингээс салах болсон хамгийн том шалтгаан бол тэрээр өөрийн төрсөн охин Амаржаргалын бэлэг эрхтнээр оролдож, зүй бус үйлдэл гаргадаг болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 45 000 000 төгрөг гаргуулах саналтай байна. Гэр бүлийн дундын өмч болох Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 35 тоот 3 өрөө орон сууцыг бид 2017 онд худалдаж авсан. Худалдаж авахдаа банкнаас зээл авч авсан гэж хэлсэн боловч хэдэн төгрөгөөр авснаа Амартүвшин надад хэлээгүй. Зээлээ Амартүвшин өөрөө төлдөг, зээлийн асуудалд би огт орж байгаагүй. Манай ээж зээл авч бидэнд байрны урьдчилгаандаа өгөөрэй гэж 5 сая төгрөг өгсөн. Мөн биднийг сайхан амьдраарай гээд 3 сая төгрөг өгч байсан. Зээлээ төлөөд дуусч байгаа л гэж надад хэлсэн учраас би байраа зах зээлийн ханшаар 60 сая төгрөгт үнэлсэн. Амартүвшин байраа 40 сая төгрөгөөр худалдаж авсныг сая мэдлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгахад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ Амартүвшин намайг байрны зээлээ төлөөд явж чадна гэвэл, мөн надад ногдох хэсгийг өгнө гэвэл байраа хоёр хүүхдэдээ үлдээнэ гэсэн тайлбарыг гаргасан байсан. Тиймээс би байрны үнээс Амартүвшинд ногдох 10 сая төгрөгийг нь өгөөд байраа авч үлдээд зээлийг өөрөө төлөх саналыг гаргаж байна. Гэхдээ 10 сая төгрөгийг би хурдан хугацаанд гаргаж өгөх боломжгүй, мөн байрны зээлийг ипотекийн зээлд оруулж өгч төлөлтийг багасгаж өгвөл болно гэв.
Хариуцагч Г.Амартүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 онд танилцаад гэр бүл болсон. 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Охин маань 2017 онд, хүү маань 2019 онд төрсөн. Өнөрцэцэг намайг буруутгаж янз бүрийн л юм бичжээ. Гэвч Өнөрцэцэг өөрөө л намайг хардаж сэрдэн уурлаж, тэвчихийн аргагүй байдалд оруулдаг. Маш их хартай, өөрөө төсөөлж бодоод хардаад байдаг. Би тэвчээр алдаж, алгадаж түлхсэн асуудал гаргаж байсан. Би архи уудаг байсан нь үнэн боловч байнга гэртээ архидаад, ар гэртээ дарамт учруулаад, амьдралаа хохироогоод байсан асуудал байхгүй. Архи уулаа гэх хэрүүл бол байсан. Харин би хүүгээсээ илүү охиндоо хайртай, юу гэж өөрийнхөө хүүхдийг янз бүрээр хэлэх юм бэ, эцэг хүний хувьд охиныхоо эрүүл мэндэд анхаарч, нэг удаа бэлэг эрхтнийг нь шалгаж үзэхэд улайлттай байсан. Тэгэхээр нь ээжид нь хэлж харуулсан. Түүнээс биш охиныхоо бэлэг эрхтнийг оролдож байгаагүй. Би хүүхдүүдээ зүгээр байхад нь гар хүрээд байдаггүй. Эцэг хүний хувьд үгэнд орохгүй болохоор нь хаяа нэг л гар хүрдэг байсан. Бэр эгч, ах хоёр миний хүүхдүүдэд гар хүрсэн асуудал болоогүй. Одоо нэгэнт салах шийдэлд хүрсэн учраас өөр ярих зүйл байхгүй. Миний хувьд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ байрыг анх 40 000 000 төгрөгөөр банкнаас зээл авч, худалдаж авсан. Одоогийн байдлаар зээл төлөлтөөс нийт 9 сая гаран төгрөг төлөгдсөн байгаа байх. Банкнаас би 31 сая төгрөгийн зээл авсан. Үүнээс нэг сая төгрөг л төлөгдсөн. Бусад нь зээлийн хүүнд төлөгдсөн. Одоо 30 сая төгрөгийн үлдэгдэл байгаа байх. Тиймээс байр бидний өмчлөлд бүрэн шилжээгүй, банкны барьцаанд байгаа байрыг 60 000 000 төгрөгөөр үнэлж, надаас 45 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөрцэцэг байрыг 40 сая төгрөгөөр авсан гээд нэхэмжлэлээ бууруулж байх шиг байна. Би нэг сая гаран төгрөгийн цалин авдаг. Үүнээс байрны зээлэнд 527 000 төгрөгийг төлдөг. Өнөрцэцэг бэр эгчийг худлаа гүтгэсэн асуудлаасаа болж шалгагдаад хоёр сая төгрөгөөр торгуулсныг нь би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн. Үүнийг би бас төлдөг. Тиймээс би 30 сая төгрөгийг төлөх боломжгүй. Харин хүүхдүүдээ бодоод 20 сая төгрөгийг төлж болно. Гэвч уг мөнгийг хурдан хугацаанд өгч чадахгүй. Мөн Өнөрцэцэг надад ногдох 10 сая төгрөгийг гаргаж өгөөд өөрөө зээлээ төлнө гэвэл байраа хоёр хүүхдэдээ үлдээж болно. Гэвч Өнөрцэцэг ажилгүй орлогогүй болохоор банкны зээлийг сар бүр төлж чадахгүй байдалд хүрвэл банк миний цалингаас л зээлийг татна. Тиймээс бид тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тул шүүх энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг нь хариуцагч Г.Амартүвшинд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдүүдэд эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 35 тоот 3 өрөө орон сууцны үнээс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсэг болох 45 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2016 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2019 оны 5 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон, мөн тэдний дундаас 2017 оны 6 сарын 27-ны өдөр охин А.Амаржаргал, 2019 оны 3 сарын 21-ний өдөр хүү А.Энхжаргал нар нь тус тус төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, бусадтай хардах, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болсон, улмаар нөхөр Г.Амартүвшин нь 2017 оны 9 сараас эхлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ зодох, хэл амаар доромжлох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон, үүний улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд тэр дундаа охин А.Амаржаргалын хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй болох нь хэрэгт цугарсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т тус тус заасныг баримтлан шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч нь бага насны хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч Г.Амартүвшин нь эсэргүүцээгүй, хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин А.Амаржаргал, хүү А.Энхжаргал нарыг эх Э.Өнөрцэцэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйгээс гадна хүүхдүүд эхийн асрамжинд үлдэж байгаа тул охин А.Амаржаргал, хүү А.Энхжаргал нарыг 18 насанд хүртэл нь тус бүр эцэг Г.Амартүвшингээр сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг нь гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 35 тоот 3 өрөө орон сууцны үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 45 000 000 төгрөгийг хариуцагч Г.Амартүвшингээс гаргуулах шаардлагыг гаргасан.
Хариуцагч Г.Амартүвшин нь дээрх шаардлагыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эс зөвшөөрч ...Өнөрцэцэг надад ногдох хэсгийг надад өгөөд байрны зээлээ өөрөө төлж чадна гэвэл байрыг хоёр хүүхэддээ үлдээж болно гэж маргасан.
Нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг хариуцагчийн уг тайлбарыг зөвшөөрсөн боловч орон сууцны зээлийг үргэлжлүүлэн төлж чадах эсэх талаар талууд маргаж байх тул талуудыг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийг хэрхэх талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаан гарсан тохиолдолд дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгохоос гадна талуудын бусдад төлөх өрийг мөн адил гэрлэгчдэд хувааж зөрүүг нь олгоно.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 35 тоот 3 өрөө орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдан авсан байх ба орон сууцны урьдчилгаанд 8 640 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 31 360 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч төлсөн, дээрх орон сууц Г.Амартүвшингийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тус тус батлагдаж байх ба талууд энэ талаар маргаагүй.
Гэвч хариуцагч Г.Амартүвшингийн дээрх орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны зээлээр худалдан авсан тухай тус банкны орон сууцны зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн байдал, зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаарх бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй.
Иймд шүүх хуульд заасны дагуу талуудын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлж, гэр бүлийн гишүүдэд хуваарилах, улмаар тэдний төлөх өрийг гэрлэгчдэд хуваарилж зөрүүг олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, эсхүл гэрлэлт цуцалсны дараа ч нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болдог.
Иймд нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг, хариуцагч Г.Амартүвшин нарын хэн алин нь гэрлэлт цуцалсны дараа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст шүүхэд гаргах эрхтэй бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Өнөрцэцэгийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 сарын 08-ны өдрийн 138/ШЗ2021/01453 дугаар захирамжаар хариуцагч Г.Амартүвшинг гэр бүлээсээ тусдаа амьдрахыг даалгах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хүүхдүүдээ тус тус тэжээн тэтгүүлэхээр урьдчилсан арга хэмжээг авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарснаар дээрх урьдчилсан арга хэмжээ дуусгавар болсонд тооцох нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 2 дугаар байрны 35 тоот 3 өрөө орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэх, түрээслэх зэргээр захиран зарцуулах ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Г.Амартүвшинд даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 сарын 08-ны өдрийн 138/ШЗ2021/01452 дугаар захирамжаар авсан бөгөөд уг арга хэмжээ нь шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг хариуцагчид мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагуудад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 195 730 төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжинд 195 730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Өнөрцэцэгт олгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 45 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлийн хамт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй тул уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Э.Өнөрцэцэгээр нөхөн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т тус тус заасныг баримтлан Балжи овогт Ганбаатарын Амартүвшин/РД:ТЯ90032910/, Хотгойд овогт Эрдэнэчимэгийн Өнөрцэцэг/РД:ЖЯ94053021/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин А.Амаржаргал, хүү А.Энхжаргал нарыг эх Э.Өнөрцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин А.Амаржаргал, хүү А.Энхжаргал нарыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг Г.Амартүвшингээр сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Өнөрцэцэгийн нэхэмжлэлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 2-35 тоот гурван өрөө орон сууцны үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 45 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 сарын 08-ны өдрийн 138/ШЗ2021/01453 дугаар захирамжаар хариуцагчийг гэр бүлээсээ тусдаа амьдрахыг даалгахаар, шүүхийн шийдвэр гарах хүртэл хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр авсан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 сарын 08-ны өдрийн 138/ШЗ2021/01452 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Өнөрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195 730 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжинд 195 730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Өнөрцэцэгт олгож, шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Э.Өнөрцэцэг нөхөн төлөөгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН