| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/76 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
өсвөр насны хохирогч, шүүгдэгч А.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Долгор, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
хохирогч, шүүгдэгч Ү.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч Б А.Б,
яллагдагч Боржигон овгийн Б Ү.Э нарт холбогдох эрүүгийн 2334005890050 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Зуунмод суманд 2006 оны 08 дугаар сарын 22-нд өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Солонгосын хамтарсан политехникийн сургуульд 3 дугаар курст сурдаг, тэтгэвэрт, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, , Б А.Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Батсүмбэр суманд 1996 оны 05 дугаар сарын 14-нд өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овгийн Б Ү.Э.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны яллагдагч А.Б, яллагдагч Ү.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Насанд хүрээгүй хохирогч А.Б:
... Эгч Цогзолмаагийн гэрт унтаж байтал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө үүрээр 04 цагийн үед манай хүргэн ах Э гаднаас согтуу орж ирээд намайг өшиглөөд толгой хэсэг рүү цохиод байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж,
Өсвөр насны шүүгдэгч А.Б:
...11 сарын өмнө энэ хэрэг болсон. 3 сарын 01-ний өдөр 9 цагт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд цэцэрлэгийн үүдэнд Батаа над руу утсаар яриад чи цагаан сараар ирсэнгүй гэхээр аан за чи буузаа тавьж бай би яваад очъё гээд машинаа угаалгах санаатай явсан. Яваад очсон. Цагаан сарын дараа шинийн 5,6 байсан байх. Нэг шил архи, бууз тавьсан байсан. Манай Батбаатар бие муутай уудаггүй. Нэг шил архинаас нь би том стаканаар 3,4 татсан. 5 давхрын доод талд машины угаалга байдаг. Тэр нь хаалттай байхаар нь гарсан. Би 100 татсан. Чи барь гээд миний машиныг Батбаатар бариад усны аж ахуйд байдаг Акуа гэх угаалгын газарт очсон. Үүдэнд очсон хаалга нь хаалттай байсан. Батаа буугаад зай байна уу? оочир үзэх гэж орсон. Хаалгыг нь дэлгээд оочиргүй байна гэхээр нь би үрүүл дээр нь суугаад оруулсан. Ороод машинаа тавьчхаад цааш орсон. Батаа бид хоёр хүлээлгийн өрөөнд ороход Цэрэнбат сууж байхаар нь сонин сайхан юу байна гээд сар шинийн дараа мэндлээд суусан. Өмнө нь бид хоёр нэг нутгийн хүмүүс энийг цагдаад орно гээд анх ирж байхаас нь эхлээд танина. Тэрнээс хойш ах аа, эгчээ гээд явсан хүмүүс. Би өглөө өлөн байсан болохоор халсан маягтай байсан. Баян Готов гэх нэрээр нь тогтоом шоглоом хийгээд суусан. Энэ утсаа ухаад сууж байхаар нь чи ахыгаа тэтгэвэрт гаргахаар тоохоо байдаг юм байна гэж тоглоод сууж байсан. Утсаа оролдоод байхаар нь би утсыг нь булааж аваад утсаа больчих гэсэн чинь миний мөрөнд толгойгоо наагааг хөгшин пизда минь ална шүү гэсэн. Юу гэнээ чи гэсэн чинь чамайг ална шүү хөгшин пизда минь гэсэн. Тэгэхээр нь би зүгээр байгаарай цаашаа гээд би цээж рүү нь тохойгоороо түлхэхэд шууд дээрээс дарж унаад дээрээс балбаж эхэлсэн. Би нүүрээ цохиулахгүйг л бодсон. Эрхий хурууг цааш түлхэж байхад шууд хазсан. Энд зураг нь байгаа. Цус хураад 2,3 сар болж эдгэсэн. Батбаатар бие муутай юм чинь Цэрэнбатыг араас нь татаад дийлдэггүй. Цаанаас угаалгын газрын Мандал, Б гэх хоёр хүүхэд гүйж орж ирээд салгасан. Би босоод ирэхэд хуруу эргэсэн байсан. Хүлээлгийн өрөөнөөс гарч явахаар нь би араас нь гараад чи муу яаж байгаа юм бэ гэхэд цагдаа хараад шууд өөр болсон. Цээгий ахаа юу болов оо уучлаарай ахаа гээд номхон зогссон. Цагдаа дуудсан байсан. Би уурандаа 2 алгадсан. Энэ номхон зогсоод байсан. Энэ хүн тойрч зугтаагаад байсан. Цагдаа ирсэн би эмнэлэг явсан. Эмнэлэгт дээр очоод зургийг нь авхуулаад гипстүүлсэн. Манай хоёр найз ирсэн. Гараад дахиад хоёр шил архи уусан. Уучхаад байж байхад хэсгийн байцаагч Мөнхмандах ирсэн. Мөрдөг байцаалтын хэрэг байна гээд Баярбат ирсэн. Баярбат намайг дуудаж драгер үлээлгэхэд 3 бүхэл хэд гарсан байх. Би энийг уучлалт гуйсан бол гэж боддог. Нэг ярихдаа яах гээд байгаа юм бэ та? гэсэн. Яах гээд байгаа юм бэ гэхээр дургүй хүрнэ биз дээ. Жилийн хугацаанд хоёр удаа л ярьсан. Тэр болсон асуудлаас хойш 4 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэ хүн 3 сарын 3-ны өглөө очоод шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. Би 4 хоногийн дараа очиж үзүүлсэн. Бид хоёрын дүгнэлтийг нэг өдөр гаргасан. Дүгнэлт гаргуулахдаа би 3 удаа хүсэлт гаргасан. Энэ худлаа дүгнэлт гаргаад байна. Яагаад гэхээр шүүх шинжилгээнийхэн чинь нэгнээ өмөөрдөг юм байна. Би үүнийг жинхэнэ утгаар нь харсан. Энэ надад хоёр удаа алгадуулсан. Ганц шалбархай байсан. Яаж хөнгөн гэмтэл гаргаад хөхрүүлээд байдгийг би ойлгохгүй байна. Азжаргал гэж даргатайгаа хамаатан садан гэж сонссон... гэж,
Хохирогч Ү.Э:
... Би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр бид хоёр эхнэрийн найзуудтай гадуур гарч архи пиво ууж байгаад эхнэр түрүүлж гэртээ орсон би найзуудтайгаа гадуур явж байгаад үүрээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 101 дүгээр байрны 05 тоотод гэртээ орсон чинь манай эхнэрийн төрсөн дүү А.Б гэрт унтаж байсан. би ороод хоол идэх гээд тогоо шанага дугаргаад байсан чинь манай хадам дүү А.Б намайг ямар ядаргаатай юм бэ? Унтаж амармаар байна гэж хэлэхээр нь за чи ямар сүртэй юм бэ гээд очоод хэвтэж байхад нь дээрээс нь дарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр хэлэх зүйлгүй... гэж,
Шүүгдэгч Ү.Э:
...Би 2023 оны 3 сарын 01-ний өдөр өдөр ажилдаа очсон. Очоод байж байхад дарга машин угаалгаад ир гэхээр нь машиныг нь аваад угаалгын газар очоод машинаа угаалгаад хүлээлгийн өрөөнд сууж байхад Цэрэндаваа, Батбаатар гэх хоёр хүн орж ирсэн. Сар шинэ болоод удаагүй байсан. Сайхан шинэлсэн үү гээд босож мэндлээд бид хоёр зэрэгцээд суусан. Цэрэндаваа гэх хүн согтуу байсан. Орж ирээд Баян готов, байдгаа барсан гуйлгачин пизда юу хийж байгаа юм гэж олон удаа хэлсэн. Би машин угаалгаж сууж байна гэж хэлсэн. Би дуугүй сууж байхад өөрөө эхлээд намайг цохисон. Би нэг их юм дугаралгүй сууж байхад утас авч шидээд зүүн гараараа цохихоор нь бариад авсан. Над руу дайраад байхаар нь би цааш нь түлхсэн чинь намайг завждаад бид хоёр буйдан дээр давхралдаад би дээр нь гараад оочсон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Ийм л зүйл болсон. Батбаатар гэх хүн араас чангаагаад замын цагдаа Мандал ч орж ирж таарсан. Тийм л зүйл болсон. Намайг олон нийтийн газар хэл амаар өчнөөн доромжилсон зохисгүй байдал гаргасан. Би хууль ёсны шаардлага тавьсан. Болио ахаа гэж хэлсэн. Өөрөө цагдаа дуудаад ийм зүйл болсон. Цагдаа нар Цэрэндаваа гэх хүнийхээ талд явсан. Над руу утсаар яриад хуурамч дүгнэлт гаргуулсан. Авлигатай тэнцэх газар чамайг ажилгүй болгоно гэж хэлсэн... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334005890050 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 05 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 01 дүгээр баг 101 дүгээр байр 05 тоот хаягт хүргэн ах болох Ү.Эыг өшиглөж сэрээлээ гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хамрын ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ү.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 05 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 01 дүгээр баг 101 дүгээр байр 05 тоот хаягт хадам дүү болох насанд хүрээгүй хохирогч А.Быг өшиглөж сэрээж, улмаар маргалдаж түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боох, гэдэс болон гарын шуун тус газарт нь хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 169-172 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 692 дугаартай ...А.Бын биед хэвлий, зүүн шуунд шарх, зүүн гуяанд зулгаралт, баруун чихний доод хэсэг, хүзүү, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай ...Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн толгойн компьютерт томографын шинжилгээгээр Ү.Эын биед тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 698 дугаартай ...Ү.Эын биед хамрын нурууны зөөлөн эдийн цус хуралт, дээд уруулын дээр зөөлөн эдийн зулгаралт, зүүн далны зөөлөн эдийн зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, зүүн өвдөгний урд гадаргын зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогч А.Бын ...Би Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 101 дүгээр байранд эгч Цогзолмаагийн гэрт унтаж байтал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө үүрээр 04 цагийн үед манай хүргэн ах Э гаднаас согтуу орж ирээд намайг өшиглөөд толгой хэсэг рүү цохиод байсан. Би сэрээд хувцсаа өмсөөд ороо хураачхаад нойлын өрөөнд ороод шүдээ угаагаад зогсож байтал хүргэн ах Э миний шилэн хүзүү рүү гараараа 2 удаа цохичхоод өөрөө гадагшаа саваад унахаар нь би хажуугаар нь зөрөөд гарсан чинь миний араас гарч ирээд миний нүүрэн хэсэг рүү нэг удаа цохихоор нь ахаа та болиоч гэж хэлээд доороо оруулаад дараад байж байтал миний гэдэс зүүн гарын шуу хэсэг зүүн гуяны дотор талаас хазаад байхаар нь би босоод гадаа гарсан. Удаагүй цагдаа нар ирсэн. Урд нь Э намайг цохиж байсан удаа байхгүй анх удаа л намайг зодсон. Би Эыг зодож цохисон асуудал байхгүй. Миний биед хазуулсан шарх сорви үүссэн. Миний толгой цохиулсны дараа өвдөөд байсан. Миний зүүн талын гарын шуу хэсгийн шарх гүнзгий болохоор боолт хийлгэж байгаа. Э яагаад намайг зодож цохисныг мэдэхгүй байна. Бид хоёр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй Э гаднаас согтуу ор ирээд намайг унтаж байтал цохиод сэрээсэн. Намайг Э зодож цохиж байхад хажууд төрсөн эгч Цогзолмаа эгчийн хоёр хүүхэд нь байсан Өөр хүн байгаагүй ээ. Би гомдолтой байна. Би төгсөх курст сурдаг хичээлдээ явж чадахгүй байгаа өдөр болгон шархандаа боолт хийлгэж байгаа би эмчилгээний зардал нэхэмжилж байна... /хх-ийн 13 дугаар хуудас/
хохирогч Ү.Эын ...Би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр бид хоёр эхнэрийн найзуудтай гадуур гарч архи пиво ууж байгаад эхнэр түрүүлж гэртээ орсон би найзуудтайгаа гадуур явж байгаад үүрээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 101 дүгээр байрны 05 тоотод гэртээ орсон чинь манай эхнэрийн төрсөн дүү А.Б гэрт унтаж байсан. би ороод хоол идэх гээд тогоо шанага дугаргаад байсан чинь манай хадам дүү А.Б намайг ямар ядаргаатай юм бэ? Унтаж амармаар байна гэж хэлэхээр нь за чи ямар сүртэй юм бэ гээд очоод хэвтэж байхад нь дээрээс нь дараад жаахан тоглосон чинь тоглоом даахгүй уурлаад босоод нойл орохоор нь араас нь очоод уурлаад байгаа юм уу ямар сүртэй юм бэ гээд ар дагз нь дээрээ нь цохисон чинь Б эргэж хараад намайг цохичихсон би чи яаж байгаа юм бэ гээд бариад авсан чинь миний толгойг доош нь дараад тавихгүй болохоор нь гэдэс гуя хэсгээс нь хазчихсан юмаа би санаатай бол дүүгээ цохиж зодоогүй бид хоёр эвтэй байдаг байсан, эхнэр бид хоёр дүү А. Бын сургуулийн төлбөр болон ойр зуурын зүйлийг нь бэлдэж өгдөг манайд байнга ирдэг А.Б бид хоёр их эвтэй байдаг урд нь хэрэлдэж муудалцаж байсан удаа байхгүй тэр өдөр л би согтуу ороод миний буруугаас тухай асуудал үүссэн. Эхнэр Цогзолмаа дүү Б манай хоёр хүүхэд байсан Манай хоёр хүүхэд том нь 6 настай бага нь ой 6 сартай тухайн үед унтаж байсан. Б бид хоёр нойлын өрөөнд муудалцсан манай эхнэр нөгөө өрөөнд байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй, манай эхнэр намайг согтуу дөвчигнөөд байсан болохоор цагдаад дуудлага өгч би гэр бүлийн хүчирхийллээр Төв аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд 15 хоногийн хугацаагаар баривчлагдсан би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний хамар цөмөрч хугарсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл болон санал хүсэлт байхгүй. Би А.Быг эмнэлэгт боолт хийлгэхэд нь машинаар хүргэж өгч эмчийн бичиж өгсөн эм авч өгч уучлалт гуйсан. А.Б миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй би дүүгээсээ хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайн үед миний буруу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй Миний ярьсан зүйл үнэн би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... /хх-ийн 16 дугаар хуудас/,
гэрч Б.Ц ...Би гэрчийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй би эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... /хх-ийн 18 дугаар хуудас/,
сэжигтэн Ү.Эын ...Би эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би А.Быг танина. Миний эхнэр Цогзолмаагийн төрсөн дүү нь байгаа юмаа. Би 2023 оны 11 дүгээр сарын 20 өдөр эхнэр Цогзолмаагийн хамт эхнэрийн ажлынхантай гадуур гараад орж ирсэн. Эхлээд эхнэрээ оруулчхаад хоёр найзтайгаа гадаа машинд сууж байгаад үүрээр 04 цагийн үед гэртээ орсон. Гэрт ороход эхнэр хоёр хүүхэд дүү Б нар байсан. Эхнэр хаалга тайлж өгсөн. Дүү Б газар унтаж байсан. Би гэртээ ороод хоол халааж идэх гэж байтал Б хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд лайтай юм бэ гэж хэлэхээр нь би хоолоо идчихээд унтлаа чи яасан олон юм ярьдаг юм бэ гэж хэлээд хөнжлийн гаднаас ёворсон чинь Б уурлаад босоод ирсэн бид хоёр заамдалцаж аваад нойлын өрөөнд ороод Б намайг чи ингэж томрох болоогүй шүү гээд миний хамар луу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад нойлын өрөө тэр хэсэгтээ бөөн цус болсон. Би Быг заамдаж аваад түлхсэн чинь Б намайг татаад толгой уураглаж ташаа тус газартаа боогоод доош нь дарсан. Би амьсгаа авч чадахгүй нүд харанхуйлаад байхаар нь гуя хэсэг рүү нь цохисон чинь тавихгүй болохоор нь зүүн гарын шуу хэсэг, гэдэснээс хазаж байж тавиулсан. Би Быг зодож цохиогүй зүүн гарын шуу хэсэг, гэдэснээс нь хазсан. Манай эхнэр том өрөөндөө байсан бид хоёр нойлын өрөөнд зодолдсон. Би эхнэртээ цагдаа дууд гэж хэлсэн чинь эхнэр цагдаа дуудсан цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Манай эхнэр цагдаад энэ хоёр бие биеэ аллаа энэ хоёрыг салгаад аваад яв гэж хэлж байсан. Миний хамрын яс цөмөрсөн... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
түүний дахин өгсөн ...Би архи уусан согтуу байсан болохоор А.Бын уурыг хүргэсэн юм шиг байна лээ тэгээд л намайг хамар хэсэг рүү цохисон байх урд нь А.Б намайг зодож цохиж байгаагүй А.Б бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдож үзээгүй анх удаа л ийм зүйл болсон. Миний хамар цөмөрч хугарсан, Бын гар гэдэс хэсэгт хазсан шарх үүссэн бид хоёрын биед адилхан хөнгөн зэргийг гэмтэл үүссэн. Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
өсвөр насны сэжигтэн А.Бын ...Би сэжигтний эрх үүргийг уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарыг оролцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Ү.Эыг танина. Ү.Э бол миний төрсөн эгч Цогзолмаагийн нөхөр байгаа юмаа. Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эгч Цогзолмаагийн гэрт буюу Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг 101 дүгээр байрны 5 тоотод үүрээр унтаж байтал гаднаас манай хүргэн ах Ү.Э согтуу орж ирээд гал тогооны түмпэн шанага дугаргаж байснаа миний хөл рүү өшиглөөд намайг босооч гээд нэг удаа өшиглөөд миний дээр дарж хэвтэж байснаа босож ирээд миний толгой руу гараараа 2 удаа цохиод намайг унтуулахгүй байсан болохоор би босоод нойлын өрөө ороод шүдээ угаагаад зогсож байтал араас хүргэн ах Ү.Э орж ирээд шууд миний толгойн ар дагз хэсэг рүү гараар 2 удаа цохиод миний хоолойг бооход минь миний амьсгал боогдоод сонин болохоор нь би өөрийгөө хамгаалахын тулд эргэж хараад хүргэн ах Ү.Эын нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохисон чинь хүргэн ах Ү.Эын хамраас цус гараад намайг тавихаар нь би нойлын өрөөнөөс гарсан чинь араас гарч ирээд намайг дахиад цохих гэж дайрахаар нь Ү.Э ахын доороо хийгээд дарсан чинь миний зүүн гарын шуу хэсэг, гэдэсний баруун талаас, зүүн гуяны дотор талаас хазсан тэгээд эгч цагдаа дуудахаар нь би Э ахыг дархаа болиод босгосон тэгээд ч миний гар гуя гэдэс хэсэг өвдөж цус гарч байсан. Би шууд оймстойгоо гэрээс гараад гэрийг нь гаднаас нь түгжээд гадаа зогсож байтал цагдаа ирээд хүргэн ах Ү.Эыг аваад явсан. Ү.Э намайг зодож цохиж байхад миний төрсөн эгч Цогзолмаа хоёр дүү байсан манай хоёр дүү 6 настай ой гарантай. Надад Ү.Э ахын намайг зодоод байгаа үйлдлийг зогсоохын тулд цохихоос өөр арга байхгүй байсан. Нойлын өрөөнд байхад араас орж ирээд толгойн дагз хэсэг рүү 2 удаа цохиж хоолоо боосон учраас маш их давчдаж ийм үйлдэл гаргасан. Бусдаар бол би Ү.Эод өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Намайг Ү.Э өмнө нь зодож цохиж байсан асуудал байхгүй ээ. Ойр дотны харилцаа байхгүй ээ. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
өсвөр насны яллагдагч А.Бын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх М.Хэрлэнчимэгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн санаатай зодож цохисон асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ээ. Ү.Э ах бид хоёр одоо энгийн харилцаатай байгаа... /хх-ийн 58 дугаар хуудас/,
яллагдагч Ү.Эын ...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр дахин мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр ярьж мэдүүлсэн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй одоо дүү А.Б бид хоёрын харилцаа хэвийн байгаа би дүүгээсээ уучлалт гуйсан. Тухайн үед миний буруу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа… /хх-ийн 72 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
... Өсвөр насны хохирогч, шүүгдэгч А.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 05 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 01 дүгээр баг 101 дүгээр байр 05 тоот хаягт хүргэн ах болох Ү.Эыг өшиглөж сэрээлээ гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хамрын ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хохирогч, шүүгдэгч Ү.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 05 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 01 дүгээр баг 101 дүгээр байр 05 тоот хаягт хадам дүү болох насанд хүрээгүй хохирогч А.Быг өшиглөж сэрээж, улмаар маргалдаж түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боох, гэдэс болон гарын шуун тус газарт нь хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч А.Б:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгор:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг
Хохирогч, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч А.Балжинямын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэм буруу дээр өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Ү.Э:
...Хэлэх зүйлгүй, Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Ү.Эын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
... Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч Ү.Эын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн гэм буруугийн саналыг дэмжиж байна. Гэм буруу дээр өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн шүүгдэгч тус бүрийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй өсвөр насны шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүгдэгч Ү.Э нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ү.Э нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ү.Э нарын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Өсвөр насны шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ү.Э нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Өсвөр насны шүүгдэгч А.Б хохирогч Ү.Эыг, шүүгдэгч Ү.Э насанд хүрээгүй хохирогч А.Быг тус тус цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ү.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад өсвөр насны шүүгдэгч А.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ү.Эын эрүүл мэндэд хамрын нурууны зөөлөн эдийн цус хуралт, дээд уруулын дээр зөөлөн эдийн зулгаралт, зүүн далны зөөлөн эдийн зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, зүүн өвдөгний урд гадаргын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Ү.Эын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Бын эрүүл мэндэд хэвлий, зүүн шуунд шарх, зүүн гуяанд зулгаралт, баруун чихний доод хэсэг, хүзүү, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогч А.Б, хохирогч Ү.Э нар нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тайлбартаа илэрхийлсэн байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ү.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
... Шүүгдэгч Ү.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох, өсвөр насны шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч А.Б:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгор:
...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү ... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Ү.Э:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч Ү.Эын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Өмгөөлөгчийн хувьд гэм буруутай юу гэм буруугүй гэдэгт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцлээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж гэм буруутайд тооцсон тул хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байна. Гаргаж өгсөн нотлох баримтууд нь шаардлага хангаагүй байсан учраас маргаж оролцсон. Төлбөрийн асуудал дээр эргэлзэж байсан. Цагдаагийн хувцас өмссөн хүн болгон хүнд зодуулах нөхцөл бүрдэж байна уу гэж үзэж байна. Шүүх шинжилгээний хүн зодуулж болно гэх шүүхийн жишиг гарч байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг шүүхэд илэрхийлсэн учраас улсын яллагчийн саналыг торгуулийн доод хэмжээ 450,000 төгрөг болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Өсвөр насны шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно... гэж заасны хүрээний дотор хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ү.Эод зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Ү.Эод торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн 2334005890050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ү.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 18.1, 18.2., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б А.Б, шүүгдэгч Боржигон овгийн Б Ү.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Б овгийн Б Ү.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Б Ү.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б Ү.Э шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2334005890050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ү.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б А.Б, шүүгдэгч Б овгийн Б Ү.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б А.Б, шүүгдэгч Б овгийн Б Ү.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН