| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2020/03837/И |
| Дугаар | 182/ШШ2021/01025 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2021/01025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...оршин суух, Ө.Б,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...хаягт байрлах, НЭГ,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12,483,846 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Б нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б нь 2013 оны 03 сараас 2019 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл БГДЭ төвийн даргын албан тушаалд тасралтгүй 6 жил ажиллаж байгаад 2019 оны 07 сарын 10-ны өдөр НЭГ-ын даргын Б...4 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0....2 тоот шийдвэрээр даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б...4 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан БГДЭ төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний олговорт 6,192,774 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч НЭГ нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0...4 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 0...7 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20....2 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Хариуцагч НЭГ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, намайг хохироосоор өнөөдрийг хүрлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.гэж, мөн хуулийн 36дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд уг ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан.
Гэтэл НЭГ нь Ө.Б-ыг шүүхийн шийдвэрт заагдсан буюу урьд эрхэлж байсан БГДЭ төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн авахгүй, ЖТЭ төвийн даргын ажил албан тушаалд томилохоор тушаал гаргасан ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй байгаа
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг ч хүлээн авалгүй, хууль бус шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэрт заагдсан ажил албан тушаалд эгүүлэн авахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Иймд хариуцагч НЭГ-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0....2 тоот шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны /ажлын 254 хоног/ ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12.483.846 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0....2 тоот шийдвэрээр Ө.Б-ын сарын дундаж цалин хөлсийг 1,081,294 төгрөг тодорхойлж, ажлын 22 өдөрт хуваан, нэг өдрийн цалин хөлс 49,149 төгрөг гэж тогтоосон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Б хариуцагч НЭГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12.483.846 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.
Нэхэмжлэгч Ө.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцож байх бөгөөд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.А-ыг томилж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 19 тал/
Хариуцагч НЭГ-ын дарга Л.Т тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус газрыг төлөөлөн оролцох эрх бүхий этгээдээр Б.О-ийг томилж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1...7 тоот, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1....3 тоот итгэмжлэл тус тус олгосон бөгөөд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-д нэхэмжлэлийг хувийг гардуулан өгч, 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн. /х.х-ийн 24-27, 29-30, 35, 39, 44-48 тал/
Хариуцагч НЭГ нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж зохицуулсан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтас хэргийн 8-18 талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ө.Б-ыг урьд эрхэлж байсан БГДЭ төвийн даргын албан тушаалд томилсон тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0....2 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0....2 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар , шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 53-79 тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.
Хариуцагч тал буюу ажил олгогч НЭГ нь нэхэмжлэгчийг БГДЭ төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2-2....56, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1-21...44, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1-21....23, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1-21...37 тоот мэдэгдлүүд болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт баримтаар НЭГ-ын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б...4 тоот тушаал, НЭГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б.Б-оос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1...7 дугаар албан бичиг авагдсан байх ба эдгээрээс үзэхэд хариуцагч НЭГ, нэхэмжлэгч Ө.Б-ыг шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн Б...4 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3, 103.5 дахь заалтуудад нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0....2 дугаар шийдвэр биелэгдээгүй нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Ө.Б уг шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтуудыг биелүүлээгүй бол түүнээс гарах үр дагаврыг хариуцагч НЭГ хариуцах учиртай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан ажилгүй байсан бүх хугацаа ...гэдэгт ажилтныг үндэслэлгүйгээр халснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааг ойлгоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.
Нэхэмжлэгч Ө.Б-ын ажилгүй байсан хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл /ажлын 237 хоног /байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0....2 дугаар шийдвэрт ... Ө.Б-ын нэг өдрийн дундаж цалин хөлс 49,149 төгрөг байх-аар тогтоожээ. /х.х-ийн 30-32 тал/
Иймд хариуцагч НЭГ-аас 11.648.313 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Б-д олгож, нэхэмжлэлээс 835.533 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Шүүх хариуцагч НЭГ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Од-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсаар болон 1194 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3,100.4-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 87-90 тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч НЭГ-аас 11.648.313 /арван нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун арван гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Б-д олгож, нэхэмжлэлээс 835.533 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар НЭГ нь Ө.Б-ын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.700 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ө.Б-д буцаан олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч НЭГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 201323 /хоёр зуун нэг мянган гурван зуун хорин гурван/ төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ