Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч А.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч А Б.Бд холбогдох эрүүгийн 2434000000053 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

          

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцагаан суманд 1983 оны 08 дугаар сарын 12-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, А Б.Б

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000053 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Б 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн адуун сүрэгт ирж нийлсэн иргэн Ц.Н өмчлөлийн алдуул мал болох хонгор зүсмийн 1 тооны адууг бусдын эзэмшлийн адуу болохыг мэдсээр байж нядалж, 700.000 төгрөгийн хохирол учруулж завшсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

“ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ТЦ-24-18 дугаартай ...Шинжилгээний объектын 2023 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэсэн, 2022 онд Нарантуул захаас худалдаж авсан, улсын дугааргүй гэх “ХАУЖИ” маркийн улаан өнгийн мотоциклыг нийт 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 30-35 дугаар хуудас/, 

“ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ТЦ-24-20 дугаартай ...Шинжилгээний объектын 2023 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ хонгор зүсмийн охин даага нийт 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/, 

хохирогч Ц.Н...Манай адуу Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Довын адаг” гэх газар байж байхад 2023 оны зун 6 сард хонгор зүсмийн охин даага алга болсон юм. Тэр үед дааганыхаа хойноос явж чадаагүй, гэхдээ сураг тавиад байсан боловч сураг гараагүй. Тухайн үед би Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг "Хавтгайн шинэ ус" гэдэг газар нутаглаж байсан юм. Манай адуу "Довын адаг" гэх газар байсан юм. Гэтэл 2023 оны 11 дүгээр сард Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг "Зурхайчийн гол" гэдэг газар нутагладаг Шар гэх залуу над руу утасдаад "танай буруу чих нь онь имтэй, зөв гуяндаа бүдэг тамгатай хонгор даагыг манай адуунд байж байхад нь Бумаа хүнд хийж өгөөд явуулчихлаа" гэж хэлсэн. Шар гэх залуугийн жинхэнэ нэрийг би мэдэхгүй байна, нутгийн хүмүүс Шар л гэж дууддаг юм. Шарын нутаглаж байсан "Зурхайчийн гол" гэх газар нь манай даага алга болсон "Довын адаг" гэх газраас зүүн урагш 6-7 км зайтай газар юм. Одоо Бумаа гэх залууг шалгаж миний дааганы хохирлыг гаргаж өгнө үү гэж цагдаад хандаж байна. Би өөрөө Баянцагаан сумын нутгаар очоогүй болохоор Шар, Бумаа нараас хонгор даагаа сураглаж байгаагүй. Хөвчтэй саран дэвсгэртэй өрөө онги тамгатай даага байсан. Манай адуу бүгд ийм тамгатай юм. Ер нь мэдээгүй. Шар өөрөө утасдаж хэлэхэд нь тэдний адуунд байсан юм байна гэж мэдсэн. Ер нь бол Шар, Бумаа нарыг өмнө сайн танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Шар, Бумаа нартай ямар нэгэн өс хонзон, өглөг авлага тийм мэтийн юм байхгүй. Миний хонгор дааганы эх зээрд гүү байдаг. Тэр зээрд гүүний эцэг нь бага гурван насандаа улсад айрагдаж байсан ухаа азарга байсан. Тэр ухаа азарга бол Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Сүхийн Балдандорж гэж хүний хурдан азарга байгаа юм. Тийм учраас би хонгор даагаа хурдны удамтай гэж бодож байна. Би хонгор даагаа 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр үнэлнэ. Ямар тийм хурдан гэж нотлох бичиг баримт бол байхгүй. Гэхдээ нутаг усны хүмүүс бүгд Сүхийн Балдандорж гэж хүний хурдан азарганы төлийн төл гэж мэднэ. Бумаагаас хонгор дааганы хохирлоо төлүүлж авмаар байна. Түүнээс биш Бумааг заавал цагдаа, шүүх гээд явуулмааргүй байна. Хохиролгүй болгочихвол өөр гомдол санал байхгүй... /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

гэрч А.М...Манайх Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг "Зурхайчийн гол" гэдэг газар өвөл зунгүй нутагладаг юм. Өнгөрсөн 2023 оны зун 6 сарын 10-даар манай хүрэн азаргатай адуунд нэг хонгор зүсмийн охин даага ирж нийлсэн. Тэр даага манай хүрэн азарганд хураагдсан байж байсан. Тэгээд өвөл 2023 оны 11 сард идэшний үеэр тэр хонгор даагыг манай нутгийн Буян-Очирын Б гэж залуу хийчихсэн байсан. Манай адуунаас хонгор даагыг яг яаж авч явсан гэдгийг би мэдээгүй. Манай хүрэн азарганд цөөхөн хэдэн 8-9 тооны байдас байдаг юм. Тэр хэдтэй цуг хураагдсан байгаад байдаг байсан. Манай гэрээс зүүн урд нутагладаг Аагаа буюу Мянгансан гэдэг айлаар оройхон очсон чинь Мянгансангийн дүү Оюундалай гэдэг залуу Чойроос ирчихсэн байсан. Мянгансангийн гэрийн хойно адуу хийчихсэн байхыг би харсан. Манай адуунд байсан нөгөө хонгор дааганы арьс дэлгээтэй байсан. Гэрт нь ороход адууны мах чаначихсан байсан. Надад Мянгансан ярихдаа "Танай хүрэн азаргатай адууг Бумаа тууж ирээд нэг хонгор даага худалдсан" гэж хэлсэн. Би тэгэхээр нь "манайд 6 сард ирсэн даага байгаа юм, би мэдэхгүй" гэж хэлсэн. Би анх харчихаад яг хэний даага гэдгийг мэдээгүй. Сүүлд 2023 оны 11 сард Н тийм хонгор даага алдаад сураглаж байсан гэж мэдсэн. Тэгээд Нт утсаар "манай адуунд нэг тийм хонгор даага байсныг Бумаа хүнд хийж өгсөн байна" гэж хэлсэн. Тамга нь бүдэгхэн дарагдсан, бараг тамгагүй гэж харагдахаар, саран дэвсгэртэй ч юм шиг, тамга муутай охин даага байсан. Буруу тал нь цуулбар имтэй байсан. Өөр содон шинж гэх юм мэдэгдээгүй. Буян-Очирын Б гэх залуу манайхаас урагшаа 5 км орчим зайтай нутагладаг. Бум-Эрдэнийн адуу манай адуутай бараг цуг шахуу, урд дэрсэнд л байж байдаг юм. Манай хүрэн азаргатай адуунд нийлчихсэн байгаад байсан юм... /хх-ийн 11-12 дугаар хуудас/

гэрч Б.Б...Би 2 дугаар анги төгссөн. Гэхдээ дармал бичгийг уншиж чадна. Монгол хэлээр үсэглээд удаан уншиж чадна. Харин бичиж чадахгүй. Гарын үсгээ бол Бумаа гэж бичиж чадна. Манайх 2023 оны 6 сард Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг "Зурхайчийн гол" гэх газраас нүүж "Довын адаг"-руу буусан. Нүүхдээ "Зурхайчийн гол"-д үрээтэй хэдэн адуу орхисон. Тэгээд 9 сарын сүүлээр "Зурхайчийн гол"-д буцаад нүүж ирэхэд манай адуунд хонгор зүсмийн охин даага нийлсэн байсан. Тэрнээс хойш тэр хонгор даага манай адуунд байгаад байсан. Намар 11 сарын эхээр идэшний адуунд тэр хонгор даагыг барьж хүнд өгсөн. Ийм л юм болсон. Тэр хонгор даага ямар ч тамгагүй байсан. Би тэр хонгор даагыг хэний даага гэдгийг мэдээгүй. Манай хойд талын айлын Аагаа гэж дууддаг Мянгансан гэдэг залуу надаас "идэшний хэрэглэх адуу байна уу" гэхээр нь би тэр хонгор даагыг таван зуун мянган төгрөгөөр Аагаад худалдсан. Би тэр хонгор даагыг өөрийнхөө адуутай хамт тууж Аагаагийн гэрийн гадаа аваачиж байгаад хонгор даагыг барьж өгөөд явсан. Тэгэхэд Мянгансан хонгор даагыг авч үлдсэн. Би нэг зуун мянган төгрөгийг нь бэлэн мөнгөөр аваад, дөрвөн зуунмянган төгрөгийг эхнэр Адъяадоржийн 5454056370 гэсэн данс руу хийлгэж авсан. Дааганы дөрвөн зуун мянган төгрөг "Далай" гэдэг утгаар эхнэрийн данс руу орсон. Мянгансан дүү Далайгаасаа мөнгө шилжүүлсэн юм байна лээ. Тэр хонгор даага миний адуу биш ээ, манай адуунд л зун ирж нийлсэн байсан. Хэний адуу гэдгийг би мэдэхгүй. Надаас тэр даагыг хүн сураагүй. Яг юунд зарсан гэдгээ сайн санахгүй байна. Эхнэрийн данс руу мөнгө орсон. Бензин тос, гэр ахуйн юманд зарцуулсан байх. Манай эхнэр Адъяадорж манай адуунд хонгор даага байсан гэдгийг ч мэдээгүй. Тухайн үед би эхнэртээ "Аагаад адуу зарлаа, дансанд чинь мөнгө орох байх шүү" л гэж хэлсэн. Намайг өөрийнхөө адуунаас яагаад адуу зарсан гэж ойлгосон. Манай адуунд байсан хонгор даагыг Аагаад зарсан гэдгийг манай эхнэр мэдээгүй, одоо ч мэдээгүй байгаа. Тухайн үед идэшний адуу байна уу гэж хүн асуухаар нь тэр хонгор даагыг өгчихсөн юм. Гойд санаа зорилго байгаагүй, тэр даагыг хүн сураглаж ирэхгүй болохоор нь өгчихсөн юм. Би өөрийн нэг зуу гаран адуутай. Манай адуу Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багт А данстай миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Би өөрийнхөө мотоциклоор адуутайгаа цуг хөөж хүргэж өгсөн. Улаан өнгийн Хаужи гэдэг хятад мотоцикло. Би 2022 оны хавар 4 сард Нарантуул захаас хүнд захиж авч байсан. Улсын дугааргүй. Би урьд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй. Би яг л болсон юмыг бүгдийг хэллээ, надад нэмж ярих юм байхгүй... /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б...Би өмнө сэжигтний мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Сэжигтний мэдүүлэг дээр дэлгэрэнгүй ярьсан юм. Би хохирогч Ц.Нтай хохирлын төлж барагдуулахаар ярилцаж тохиролцсон байгаа. 1 тооны адуугаар төлөхөөр ярилцсан болно. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн мэдлэггүйгээс болж буруутай үйлдэл гаргасандаа гэмшиж байна... /хх-ийн 73 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч А.Ариунтуяа:

... шүүгдэгч Б.Б2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн адуун сүрэгт ирж нийлсэн иргэн Ц.Нөмчлөлийн алдуул мал болох хонгор зүсмийн 1 тооны адууг бусдын эзэмшлийн адуу болохыг мэдсээр байж нядалж, 700.000 төгрөгийн хохирол учруулж завшсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэрийн улмаас учирсан 700.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.Бэс 500.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Шүүгдэгч Б.Бэс 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Нт олгуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Манай үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед өөрт нь 500.000 төгрөг байсан. Энэ хоёр хүн нь нэг голд өссөн байнга холбоотой учраас дараа нь 200.000 төгрөгөө авах боломжтой асуудал байхгүй гэж хохирогчийн зүгээс хэлсэн. Үлдэгдэл мөнгийг гараад төлнө... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо гараад төлнө... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

  

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Б.Бхолбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.  

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг нь хаяж, үрэгдүүлсэн болон орхиж, үлдээсэн эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ббусдын өмчлөл, эзэмшилд буюу Ц.Н1 тооны адууг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авч завшсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Ц.Нт /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан тул энэ хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн, материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

 

Тэрээр шүүгдэгч Б.Б нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Х.Мандахад учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Нт 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

 

Хохирогч Ц.Н нь 1 тооны адууны үнэлгээ болох 700.00 /долоон зуун мянга/ төгрөгөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нь хүлээн авсан. Шүүх шүүгдэгч Б.Бэс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Нт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

    

Иймд шүүгдэгч Б.Бэс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч А.Ариунтуяа:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрсөн учраас саналын дагуу шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Миний үйлчлүүлэгч гэм буруу хүлээн зөвшөөрч хохирлоо гаргаад төлнө гэж байна. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

...Хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Бг торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2434000000053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2434000000053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч, А Б.Бэс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч, Б овгийн Ц.Нт олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН