Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 897

 

     2020        07           07                                           2020/ДШМ/897

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Сансар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/968 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б..........ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906062990400 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Номгон төв хэсэг гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жанцан-Уулын 02-39 тоотод түр оршин суух хаягтай, /РД:М......................./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 815 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сүлд” төвийн 2 давхарт байрлах өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн Д.Болормаагийн “Айфоне 7” загварын гар утсыг авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Бат-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бэс 580.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Болормаад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сүлд” төвийн байрнаас иргэн Д.Болормаагийн “Айфоне 7” загварын гар утсыг хууль бусаар нууцаар авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргээ үйлдсэн болохыг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ болон анхан шатны шүүхийн шүүх хурлын үеэр үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, нийгэмд учруулах аюул болон бусдад учруулсан хохирлоо бүрэн ухамсарлаж, гэм буруугаа ойлгож байгаа. Үүний хор хохирол болох бусдын эд хөрөнгө болох иргэн Д.Болормаагийн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Хохирлын мөнгө болох 580.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулж байгаа юм. Би өөрийн буруугаас болж энэ гэмт хэрэг үйлдсэн, мөн нийгэмд болон бусдад хор холбогдолтой үйлдэл хийсэн зэргийг ухаарч ойлгож цаашид өөрийн буруутай үйлдэлд болон амьдрах зөв ухаанд дүгнэлт хийж амьдрах болно. Өдгөө миний бие 41 настай эхнэр, хүүхэд байхгүй ганц бие амьдралтай. Эгч маань хөдөө амьдардаг, ээж маань бие муутай хөдөө амьдардаг юм. Миний бие осол аваарт удаа дараа орж байсан, толгой тархи болон хөлний гэмтэл авсан бие муутай юм. Хэдийгээр миний хувийн амьдрал байдал, эрүүл мэнд муу боловч гэм буруугаа ойлгож, ухамсарлаж хохирлоо төлж барагдуулж, хуулиа сахин дээдлэж амьдрах болно. Миний байдлыг харгалзан үзэж надад оноосон 2 жилийн хорих ялаас хөнгөрүүлэн, ял эдлэх хугацааг багасгаж шийдэж өгнө үү.” гэв.

Прокурор Я.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сүлд” төвийн 2 давхарт байрлах өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн Д.Болормаагийн “Айфоне 7” загварын гар утсыг авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Болормаагийн “...Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Нарантуул захын замын урд байрлах “Сүлд” төвийн 2 давхарт байрлах ажлынхаа өрөөний буланд сандал дээр “Айфоне 7” маркийн гар утсаа цэнэглэж тавиад өрөөгөө түгжилгүй гарч подвальд байрлах агуулах руу орж гражийн хаалга онгойлгож түгээлтэд явдаг машинаа гаргаж өгөөд эргээд өрөөндөө орж ирэхэд гар утас байхгүй байсан. Өрөөнөөсөө гараад орж ирэх хооронд 10 орчим минут болсон. ...камерийн бичлэгийг би өөрөө шүүж үзэхэд 170-175 см өндөртэй, 35-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Ногоон өнгийн малгайтай цамцтай, хар хөх өнгийн хүрэмтэй, хөх жинсэн өмдтэй, шар өнгийн гуталтай байсан ба толгой дээрээ хар нүдний шил тавьсан хүн манай өрөөний гадна үүд хэсэгт зогсож байгаад манай өрөөнд ороод гар утас цэнэглэгчийг салгаад гадуур өмссөн хүрэмнийхээ баруун талын халаасанд хийгээд аваад гарч буй бичлэг байсан. ...” /хх 9-11/,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 15-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт шалгагдаж байх явцдаа Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан “Хулгайлах” зөрчил үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 2020/ЗШ/330 дугаартай шийтгэврээр 10 хоног баривчлах шийтгэл /хх 37/, тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ЗШ/400 дугаартай шийтгэврээр 30 хоног баривчлах шийтгэл /хх 38/ тус тус хүлээж байжээ.

Мөн Б.Б нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/968 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ