| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0085/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
2024 03 21 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч В.Батдэлгэр,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш Б.М холбогдох эрүүгийн 2403000540067 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баян-Өлзий аймагт 1999 оны 09 дүгээр сарын 25-нд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Ази фарма” ХХК-ийн Хөшигт эмийн сангийн жор баригчаар ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Ш Б.М.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 1.144.693 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.М:
...Би Ази фармд эм зүйч мэргэжлээр ажилладаг. 2023 оны 12 сарын 30-ны өдөр ажлын байранд тухайн үйлчлэгч хаяад явсан. Би сүүлд анзаараад хэрэглэсэн тохиолдол гарсан. Гэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ картыг манай Ази фарм дээр гээсэн гэж хохирогчийг ирэх үед нь би гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрч хохирлыг тухайн үед нь барагдуулж гомдолгүй гэх үгийг авсан. Энэ хэргийг үйлдээд 2 сар өнгөрч байна. Энэ хугацаанд би ажиллаасаа түр хугацаагаар чөлөөлөгдөж гэртээ байсан. Энэ хугацаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж өөрийгөө буруутгаж сэтгэлийн хямралтай, стресстэй байсан. Бодлогогүй, ухаангүй тэнэг үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Энэ хэргийн талаар гэр бүлийнхэндээ хэлээгүй. Яагаад гэвэл эцэг эхийгээ надаас болоод хямраахгүй, манай ээж аастамтай учраас миний үйлдлийг мэдээд өвчин нь сэдэрчих байх гэх айдсаасаа болоод хэлээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний анхны болон сүүлийн ухаангүй тэнэг үйлдэл байх болно гэж та бүхэнд амлаж байна. Надад нэг боломж өгнө үү... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2403000540067 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.М нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа гээгдүүлсэн “Хаан” банкны 5752057013 тоот харилцах дансан дээр байх “VISA international Debit Gold MNT” нэрийн 4380544243198735 дугаар бүхий картыг олж авсны дараа, шунахайн сэдэлтээр 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 36 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөртөө бараа, бүтээгдэхүүн худалдан авах замаар нууц, далд аргаар 1.144.693 төгрөгийг захиран зарцуулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсны улмаас бусдад нийт 1.192.933 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
хэрэг бүртгэлийн 240300054 дугаартай хэргийн хохирлын тооцоо /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
эд зүйл /баримт бичиг/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
хохирогч Г.Б...Би өөрийн найзуудын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар-Бангкок чиглэлийн онгоцоор аялах зорилгоор ниссэн юм. Тэгээд Тайландад 9 хоног аялаад өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсад газардсан. Тэгээд би Монголд онгоцны буудал дээр буугаад утсаа асаатал миний утсанд ХААН банкны гүйлгээ хийсэн нэлээд олон мессэж ирсэн. Би юу болсныг нь мэдэлгүй виза картаа үзэхэд миний карт алга болсон байсан. Ингээд өчигдөр оройдоо банкны хуулгаа аваад үзэхэд би хамгийн сүүлд нисэх буудлын CU дэлгүүрээс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10:59 цагт 2 ширхэг кофе аваад 11.000 төгрөгний гүйлгээ хийсэн ба тэгэхдээ картаа гээгдүүлсэн байсан. Үүнээс хойш миний ХААН банкны 5752057013 дугаарын данс бүхий виза картнаас 2023.12.30, 31-ний өдөр тус нисэх буудлын "Ази фарм" эмийн санд 3-4 удаа 2000-3000 төгрөг уншуулсан байсан ба түүнээс хойш 2024.01.07-ны өдөр хүртэл нэлээд хэдэн удаа дандаа Баян-Өлгий аймагт миний картыг уншуулан надад нийт 1.192.893 төгрөгний хохирол учруулсан байсан. Миний карт нь чиптэй карт бөгөөд 50.000 төгрөгнөөс доош гүйлгээ пин код шаарддаггүй шууд гүйлгээ хийгддэг юм. Тийм болохоор тухайн хүн дандаа 50.000 төгрөгнөөс доош гүйлгээ хийсэн байсан. Би өөрийн банкны хуулга болох хоёр хуудас баримыг авчирсан байгаа. Үүнийг хүлээлгэж өгнө. Ийм л асуудал болсон юм. Ингээд би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байгаа юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний алдагдсан карт бол миний 5752057013 дугаартай дансны карт байсан. Картны дугаараа бол мэдэхгүй байна. Шар өнгөтэй алтан карт байгаа. Би буруутай этгээдийг олуулж өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Надад одоогоор нэмж мэдүүлэх зүйл байхгүй... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Би нисэх буудлаас гадаад улс луу нисэхдээ банкны гүйлгээний картаа гээгдүүлсэн ба Тайландад 9 хоноод ирэхэд миний картнаас мөнгө уншуулж надад хохирол учруулсан байсан. Ингээд би банкнаас лавлагаа аваад түүнийгээ хавсаргаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний лавлагаан дээр байгаа гүйлгээнүүдээс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10:59 цагт CU дэлгүүрт уншуулсан 11.000 төгрөг болон 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15:04 цагт 5034305065 дансанд шилжүүлсэн 200.000 төгрөг мөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13:16 цагт 5020477289 дансанд шилжүүлсэн 400.000 төгрөгийн зарлага нь миний өөрийн интернэт банкаар шилжүүлсэн гүйлгээ байгаа юм. Бусад гүйлгээ нь бол миний гүйлгээ биш юм. Ингээд тооцоод үзэхээр надад нийт 1.440.000 орчим төгрөгийн хохирол учирсан ба би банкнаас хуулга авахад 1000 төгрөг төлсөн, бас алтан карт захиалахад 30.000 төлбөртэй гэж банкны ажилтан хэлсэн тул эдгээр мөнгөнүүдээ өргөдөл дээрээ нэмж бичсэн. Дээрээс нь би нисэх буудлаас Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс хүргүүлээд буцаад нисэх буудал хүргүүлэхэд 15.000 төгрөгөөр такси барьсан болохоор энэ хохирлуудаа нэмээд 1.192.000 төгрөгийн хохирол учирсан гэж өргөдөл гаргасан юм. Би энэ талаараа өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэлэхээ мартсан байна лээ. Би өөрт учирсан 1.192.000 төгрөгийн хохирлоо төлүүлж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би интернэт банкаараа 30.000 төгрөгөөр алтан карт захиалсан бөгөөд уг карт захиалах явцаа гар утсаapaa Screenshot хийж хуулбарлаж авсан байгаа. Энэ баримтуудаа гарган өгч хэрэгт хавсаргуулна. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүй байхгүй. Нэмж ярих мэдүүлэх зүйл байхгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
гэрч Ц.О...Би “Ази Фарм” ХХК-д салбарын эрхлэгч ажилтай бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах “Ази фарм” эмийн сангийн салбарын эрхлэгчээр ажилладаг. Б.М нь 2023 оны 10 дугаар сарын дундуур манай салбар дээр жор баригчаар ажиллаж эхэлсэн юм. Б.М нь хөдөө Баян-Өлгий аймаг явах шаардлагатай байна гээд надтай тохиролцож зөвшөөрөл аваад 2023 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд буулгүйгээр 48 цаг буюу хоёр хоног ажилласан юм. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө буугаад онгоцоор хөдөө явсан. Уг нь М нь хуваариараа 2024.01.03-ны өдөр ээлжинд гарч ажиллах байсан боловч 48 цаг ажилласан тул 2024.01.06-ны өдөр ажилдаа ирэх байсан. Гэвч Баян-Өлгийн онгоц нь хойшилсон гээд 2024.01.07-ны өдөр хөдөөнөөс онгоцоор ирээд 2024.01.08-ны өдөр ажилдаа ирсэн юм. Миний хувьд Б.Мг уг асуудалд холбоотой гэдгийг мэдээгүй. Б.М нь хувийн зан байдлын хувьд хүмүүстэй эв зүйгээ олчихдог нийтэч зан ааштай хүн байгаа юм. Манай эмийн сангийн салбарт ажиллаад удаагүй болохоор би бусад зан ааш болон сайн муу талыг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан нөхөр хүүхэдгүй бөгөөд Алтай хотхонд байр түрээсэлж амьдардаг гэж ярьж байсан. Надад нэмж мэдэх зүйл байхгүй... /хх-ийн 40 дүгээр хуудас/,
гэрч Б.Мгийн ...Би “Ази фарм” ХХК-д жор баригч ажилтай бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах салбарт эмийн санчаар ажилладаг юм. Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өглөөнөөс 31-ний өглөө хүртэл нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах эмийн сандаа ээлжинд гарч ажилласан юм. Манайх ээлжээр ажилладаг ба 24 цаг гараад 72 цаг амардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагийн орчимд байхаа би эмийн сандаа байж байтал кассны хажууд "ХААН" банкны шар өнгийн алтан карт байж байхаар нь хүн нь мартаад явчихсан юм болов уу? гэж бодоод би тэр картыг нь аваад хадгалсан. Ингээд маргааш өглөө нь буухынхаа өмнөхөн эмийн сангийнхаа пос машинд 2-3 удаа 1000-3000 зүйл уншуулж үзэхэд гүйлгээ хийгдэж байсан. Би буух хүртлээ хүн нь ирээд асуувал өгнө гээд хадгалж байсан боловч ямар ч хүн картаа асууж ирээгүй. Ингээд би ажлаасаа буугаад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр МИАТ-ын Улаанбаатар Ховд чиглэлийн онгоцоор нисээд Ховдоосоо Баян-Өлгий аймагтаа очсон. Тэгээд гэртээ очоод хэд хоног амарсан ба аймагтаа байхдаа тухайн олсон картаа Баян-Өлгий аймгийн Бест гутал гэдэг дэлгүүрт нэлээд олон удаа уншуулж хувцас хунар авсан. Яг хэдэн удаа хэдэн төгрөгийн гүйлгээ хийснээ одоо мартчихсан байна. Ингээд мөн найзтайгаа уулзаад өөр дэлгүүрүүдээр бас уг картыг ашиглаж гүйлгээ хийсэн. Тэгээд би тэр картыг аймагтаа хаячихсан. Тухайн карт нь чиптэй карт байсан ба 50.000 төгрөгөөс мөнгөн дүнгээр пин код нэхэлгүй хийгдэж байсан. Ингээд би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны орой Өлгий хотоос Улаанбаатарт нисэж ирсэн. Ийм л асуудал болсон юм. Би Баян-Өлгий аймгийн Өлгий хот 10-р баг Харасай 27-4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 24-р хороо Алтай хотхоны 25-р байрны 30 тоотод байр түрээсэлж амьдардаг юм. Манай аав ээж болон эгч нар Баян-Өлгий аймгийн Өлгий хот 10-р баг Харасай 27-4 тоотод оршин суудаг. Харин манай ээж нь Казакстан Улсын иргэн бөгөөд мөн Казакстан Улсын Астана хотод ирж очин байдаг юм. Би энэ картыг ганцаараа ашигласан бөгөөд тухайн хүнд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлнө. Хохирлын мөнгийг нь одоо хүлээлгэж өгнө. Тийм болохоор надад холбогдох уг хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй... /хх-ийн 42 дугаар хуудас/,
яллагдагч Б.Мгийн ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон ЭХХШТХ-д зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгнө. Одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Цаашдаа прокурор, шүүхийн шатанд өмгөөлөгч авах эсэхээ шийднэ. Би 2023 оны 10 дугаар сараас эхлэн "Чингис хаан" олон улсын нисэх буудлын 2-р давхарт байдаг "Ази фарм" эмийн сангийн салбарт жор баригчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өдөр ажилдаа гарсан юм. Би нутаг луугаа явах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буулгүйгээр дараалж гараад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө ажлаасаа буусан. Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өглөө эмийн сандаа ажиллаж байгаад эмийн сангийн кассны хажуу талаас шар өнгөтэй "Хаан" банкны алтан карт олсон. Ингээд уг картыг өөрийн эмийн сангийн ПОС машинд уншуулахад картнаас гүйлгээ гараад уншигдаж байсан. Би эмийн сангаасаа бараа авалгүйгээр зүгээр 4-5 удаа бага үнийн дүнгээр мөнгө уншуулж шалгаж үзсэн юм. Ингээд тэр картаа аваад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө ажлаасаа буугаад Баян-Өлгий аймаг луу гэртээ харьсан. Ингээд Баян-Өлгий аймагт очоод тэндээ 7 хоносон бөгөөд энэ хугацаандаа тэр олсон картаа Баян-Өлгийд байдаг дэлгүүр. худалдаа үйлчилгээний газруудаар хувцас хунар, хүнсний зүйлс авахдаа уншуулж гүйлгээ хийдэг байсан. Тэр карт нь 50.000 төгрөгнөөс доош гүйлгээ хийхэд нууц код шаардахгүй шууд гүйлгээ хийгдэж байсан. Энэ карт нь миний карт биш, надад дансны мэдээлэл ирдэггүй учраас хэдэн төгрөгний гүйлгээг хэдэн удаа хийснээ мэдэхгүй байна. Тэгэхдээ яллагдагчаар татсан тогтоолд дурдсан 36 удаагийн үйлдлээр 1.144.693 төгрөгний гүйлгээ хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хохирогчийн картны мөнгө болон бусад зардал гээд хохирлын хамт нэхэмжилсэн 1.192.000 төгрөгийг нь бүрэн нөхөн төлж хохиролгүй болгосон байгаа. Ингээд би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 18:00 цагт Баян-Өлгий аймгаас онгоцонд суугаад 19:40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр газардсан. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа гарсан ба 09-ний өглөө ажлаасаа буух гэж байхад цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс лүүгээ авч явсан. Ийм л асуудал болсон юм. Би нисэх буудлаас олсон хохирогчийн картыг Баян-Өлгий аймагт хаячихсан. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Өөр ямар нэгэн хүнтэй хамтарч, бүлэглэж үйлдсэн асуудал байхгүй. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод MJS тауэр гэж барилга байдаг ба түүний 1-р давхарт нь хоол хүнс зардаг үйлчилгээний төв маягийн газар байдаг юм. Би тэндээс ус, ундаа болон идэх юм авсан шиг санагдаж байна. Тэгээд тэнд хохирогчийн картаар 30.090 төгрөгийн гүйлгээ хийсэн. Үүнээс хойш би хохирогчийн картыг ашиглаагүй хаясан ба энэ нь миний хохирогчийн картаар хийсэн хамгийн сүүлийн гүйлгээ юм. Би Баян-Өлгий аймгийн Өлгий хот 10-р баг Харасай 27-44 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 24 дүгээр хороо "Алтай" хотхоны 25-30 тоот байрыг түрээслэн түр оршин сууж байгаа. Энэ байрыг Ремакс гэдэг зууч байгууллагатай миний таньдаг казак ах Ерик гэдэг хүний нэрээр түрээсийн гэрээ байгуулан би амьдарч байгаа бөгөөд би энэ хэрэгт шалгагдах хугацаандаа энэ байрандаа амьдарна. Надад нэмж ярих мэдүүлэх зүйл байхгүй. Миний ярьсан мэдүүлсэн зүйл бүгд үнэн зөв... /хх-ийн 110-112 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Ш овогт Б.М /БЮ99090527/ нь "өөрөө эзэмших, ашиглах эрхгүй атлаа хохирогч Г.Б2023 оны 12 дугаар сарын 30- ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа гээгдүүлсэн "Хаан" банкны 5752057013 тоот харилцах дансан дээр байх "VISA international Debit Gold MNT" нэрийн 4380544243198735 дугаар бүхий картныг олж авсны дараа, шунахайн сэдэлтээр 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртлэх хугацаанд 36 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.Бданснаас эд бараа материал худалдаж авах байдлаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал:
.. Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Мгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй, учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, дэмжлэг үзүүлж оролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.М маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Мгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.М нь иргэн Г.Бгээгдүүлсэн картыг олж авч захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш 1.192.993 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Тэрээр шүүгдэгч Б.Мг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь иргэн Г.Бд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас Г.Бэд хөрөнгөд 1.192.993 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдэж 1.192.993 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг хохирогчийн картуудаас хууль бусаар авч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудсанд авагдсан түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Мг бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Б.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал:
...Шүүхээс хуралдаанаар хэлэлцээд гэм буруутай гэж тогтоосон. Прокуророос 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар үүрэг хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байна. Хохирогчийн зүгээс гомдолгүй гэж хх-ийн 28,29 дүгээр талд мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ямар нэгэн зөрчил үйлдэж байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзаж тэнсэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Надад нэг боломж өгч тэнсэж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагч ...240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх... гэсэн дүгнэлтийг гаргадаг хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Мд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог ба харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч Б.Мд хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн 2403000540067 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ш Б.Мг шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Б.М хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2403000540067 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш Б.М авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН