| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч А.Ариунтуяа,
хохирогч Б.Х,
шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б М.Х холбогдох эрүүгийн 2434000000095 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймагт 1986 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Б М.Х.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.Х:
...Үнэхээр гэмшиж байгаа. Миний түмэн буруу... гэж,
Хохирогч Б.Х:
...2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр манай хүн өглөө эрт айлд хонь шүүнэ гээд явсан. Манайд айл мал тавьсан байж байгаад тэрийгээ авах гээд ирсэн. Гэтэл манай хүн ирдэггүй. Тэгээд шөнө 00:00 цагт эхнэр, нөхөр дөрвүүлээ ирээд манайд бууз жигнээд, тэгээд би тэд нарыг хүргэж өгөөд ирсэн чинь айлын хүнтэй муудалцах гээд байсан юм. Би хүнтэй муудаад хэрэггүй гэж хэлсэн чинь замдаа агсан тавих гээд байсан. Тэгээд буугаад ирснээ намайг цохисон. Унтахгүй хүүхдүүд айлгаад байхаар нь цагдаа дуудаад өгчихсөн юм. Намайг үсэдсэн, нүүр лүү гараараа цохисон, мөргөсөн. Ээж бид хоёрын дундуур орсон чинь энэ намайг тавиад хойшоо эргэсэн чинь ээж уначихсан. Уул нь гайгүй л байдаг юм. Тэнсэн авснаасаа хойш гайгүй байгаа. Буруу хүнтэйгээ уухаараа л тэгдэг болохоос ер нь гайгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000095 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.Хы 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Аргалант сум Аргал-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна эхнэр Б.Хтэй маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай ...Үзүүлэгч Б.Хгийн биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт, толгойн зулай хэсэгт үс хэсэг газар шингэрсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэлбэр, тогтоц, шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
хохирогч Б.Хгийн ...2024 оны 02 сарын 15-ны өдөр нөхөр Х нь айлын хонинд хонь шүүнэ гэж яваад гэртээ өдөр 12 цагийн үед согтуу Пүрэвбаасан гэх хүн эхнэр Дулмаа, Отгонбат ах эхнэр Чука нарын хамт гэрт ирээд хоол унд идээд 0,75л архи уусан. Тэгээд ууж дуусаад ирсэн хүмүүс явахад нь манай нөхөр бид 2 хамт нөгөө хүмүүсийг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Пүрэвбаасан гэх айлд очоод нөгөө хүмүүс манай нөхрийн хамт ахин 3-н шил 0,5л архи ууцгаасан. Ууж дуусахаар нь би нөхрөө аваад гэртээ харихаар явах замд нөхөр согтчихсон намайг янхан банзал, арчаагүй пизда гэх зэргээр хараагаад байсан, би юу ч дугараагүй чимээгүй явсаар гэрийн гадна ирсэн. Ирээд би машинаас буугаад нөгөө талын нөхөр сууж явсан хаалгыг онгойлгоод миний хань орж унт, хань нь хүүхдүүдээ аваад хониндоо явье гээд би хөтлөөд буулгах зуур над руу шууд дайраад намайг баруун гараараа миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиж авснаа намайг заамдаж аваад нүүр лүү нэг удаа мөргөтөл миний хамарнаас цус гарсан, тэгсэн ахин үсдэж чирээд ална гээд байсан. Тэгсэн цаанаас манай ээж Э гарч ирээд нөхөрт хандан миний хүү ингэж болдоггүй юм яаж байгаан бэ миний охиныг аллаа шдээ гээд дундуур орж салгатал манай ээжийг бас боож аваад түлхэж унгасан. Тэгэхээр би нөхрийгөө унгааж байгаад дээр нь сууж дарсан. Тэгээд ээж цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд ээжийг зайл гэж хөөгөөд ээж зугатаад өвөлжөөний ард нуугдсан. Нэлээн согтуу байсан. Гэхдээ бүх зүйлийг мэдэж байсан. Согтох тоолондоо хэл амаар доромжилж агсардаг. Тухай болгонд нь би за яршиг гээд Цагдаа дуудалгүй өнгөрөөдөг байсан. Уг нь гайгүй, хааяа л уудаг. Хамт амьдраад 12 жил болж байгаа гэр бүлийн батлахтай, дундаасаа 9-н настай, 8-н настай, 4-н настай 3-н хүүхэдтэй. Намайг хэл амаар доромжилж зодох үед манай 3-н хүүхэд хараад зогсож байсан. Ааваа болиоч гэж байсан. Миний баруун шанаа хүндүүрлэнэ, үс хэсэг газраа халзарсан, уруул, завж хэсэг дотор талдаа язарч өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Хууль дагуу арга хэмжээ авхуулмаар байна... /хх-ийн 5-6 дугаар хуудас/
түүний дахин. өгсөн ...Намайг урьд өмнө нь 2016 онд зодож байсан санагдаж байна. өөрөөр зодож цохиж байгаагүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад баримт байхгүй байна. Би нөхөр М.Хтай эвлэрсэн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч О.Э...2024 оны 02 дугаар сарын үед санагдаж байна. Би тухайн өөрийн охин болох Хандсүрэнгийн гэр буюу Төв аймгийн Аргалант суманд түр ирсэн байсан юм. Тухайн өдөр Хандсүрэнгийн гэрт Хандсүрэнгийн нөхөр Хы танилууд гэх хэдэн танихгүй хүмүүс ирээд золголт хийгээд архи ууцгаасан. Тэгж байгаад 19-20 цагийн үед Хандсүрэн тухайн хүмүүсийг гэрт нь хүргэж өгнө гээд Хы хамт гараад явсан бөгөөд би гэрт нь 3 хүүхдийг нь хараад үлдсэн. Хэдэн минутын дараа гэрийнх нь гадна хөлийн чимээ гараад байхаар нь би гарж хартал Х манай охин Хандсүрэнг “би чамайг ална” гээд үстээд газар суулгаад доош нь дараад байсан. Тэгэхээр нь салгах санаатай очтол Х намайг “Яв чи” гээд 2 гараараа багалзуурдсан чинь манай охин салгасан. Би салаад цагдаа дуудлага өгсөн бөгөөд дуудлага өгсөн ба дуудлага өгснөөс хэдэн минутын дараа цагдаа хүрж ирээд Хыг хэсэгрүүгээ аваад явсан. Ийм зүйл болсон. Би зодоон болж байхаас сүүлд гэрээс гарж ирсэн болохоор сайн харж чадаагүй. Ямар ч байсан намайг гараад ирэхэд Хандсүрэнгийн хамраас цус гарчихсан, Хд үстүүлчихсэн сууж байсан. Гэрийн гадна би болон 3 хүүхэд нь Хандсүрэн, Х нар байсан. Х ганцаараа согтуу байсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 10 дугаар хуудас/,
сэжигтэн М.Хы ...Би тухайн өдөр айлд хонь шүүх гэж очоод Пүрэвбаасан ахынд архи уучаад гарч яваад Отгонбат гэх ахынд бас ороод архи уучихаад тэгээд гэртээ ирсэн. Тухайн үед нэлээн согтуу байсан гэртээ яаж ирснээ санахгүй байна, ямарч байсан эхнэр намайг очиж авсан байсан. Тухайн үед эхнэрээ зодсоноо санахгүй байна. Нэг сэрсэн гэрийн баруун талд гадаа цасан дээр сууж байсан. Тэгсэн манай гадаа цагдаа ирчихсэн намайг авч явна гэж байсан. Тухайн үед юу болсныг мэдэхгүй цагдааг дагаад явсан. Тэгсэн эхнэрээ зодсон гэж байсан. Тэгээд эхнэр цагдаа дуудсан байсан. Өмнө хэрэглэж маргасан зүйл байхгүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор яагаад зодсоноо санахгүй байна. Эхнэрээ яаж зодсоноо санахгүй байна. Миний архи гараад гэртээ харихад эхнэр хүүхдүүд болон хадам ээж гэрт байгаагүй. Би эхнэр лүү араас нь залгатал намайг зодсон гэж ярьж байсан. Тэгээд би эхнэрээсээ уучлалт гуйгаад эхнэр хүүхдүүд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирсэн. Би хадам ээжийг нэг удаа боож тэгээд гэрээс зайл гэж хэлсэн гэсэн. Эхнэр ирснийхээ дараа миний гаргасан үйлдлийг ярьж байсан. Би уучлалт ахин гуйж дахин ийм зүйл гаргахгүй гэж амласан. Тухайн үед миний гаргасан үйлдэл тул би санал нийлж байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал болон өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан хэлсэн зүйл үнэн байна... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
яллагдагч М.Хы ...Би эхнэр Хандсүрэн болон бага насны 3 хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр баг Аргалд мал маллаж амьдардаг. Тухайн үед буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 30 минутын үед би сумын төвдөө хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөөд гэрлүүгээ буцаж явтал манай хөрш Пүрэвбаасангийн хоньтой манай хонь нийлчихсэн байна гэхээр нь манай гэрээс баруун урд зүгт 5 км зайтай байдаг Пүрэвбаасангийнд хонио ялгах зорилгоор 10 цагийн үед очсон. Би Пүрэвбаасантай хамт хонио ялгаад 11 цагийн үед дууссан юм. Дуусгаад тухайн үед шинийн 6 байсан болхоор би Пүрэвбаасангийн гэрт орж золгоод тэндээ Пүрэвбаасантай 0.5 литрийн Хараа гэдэг архи хувааж уусан. Архиа ууж дуусаад би аймгийн Төвийн хажууд байдаг танил Отгонбатын ахынд Пүрэвбаасангийн хамт орж золгож байгаад 12 цагийн Отгонбат, Пүрэвбаасан бид нар манай гэрт очиж золголт хийхээр болоод манай гэрлүү Отгонбат, Отгонбатын эхнэр Чуука, Пүрэвбаасангийн эхнэр Дулмаа бид нар хөдөлсөн. Хэдэн минутын дараа манай гэрт ирсэн бөгөөд гэрт манай эхнэр Хандсүрэн, хадам ээж Э нар байсан ба бид нар 0.75 литрийн Хараа задлаад Отгонбат, Пүрэвбаасан, Чуука, Дулмаа бид нар нар хувааж ууцгаасан. Хэдэн цагийг нь санахгүй байна манай эхнэр Хандсүрэн Отгонбат, Пүрэвбаасан, Чуука, Дулмаа машинаар гэр гэрт нь хүргэж өгөхөөр болоод бид манай гэрээс гарсан. Гэрээс гараад би архи их уусан болохоор тасарчихсан юу ч санахгүй байна. Нэг сэргэсэн би гэрийн баруун талын цасанд дээр суучихсан, Хандаа миний дээр суучихсан байсан ба энэ үед цагдаагийн машин ирээд намайг хэсэг рүүгээ аваад явсан. Ийм зүйл болсон. Би эхнэрээ зодсон талаар юу ч санахгүй байна. Тухайн үед их архи уусан болохоор санахгүй байна. Сэргэхэд би цасан дээр хэвтэж байсан. Харин Хандсүрэн миний дээр гарчихсан сууж байсан өөр хүн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй. Үгүй би гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Би согтуу байх үедээ учруулсан... /хх-ийн 27 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч М.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Хыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч А.Ариунтуяа:
...М.Х нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргал-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна эхнэр Б.Хтэй маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Х:
...Надад гомдол санал байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Х:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч М.Х маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Х нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч М.Хы холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч М.Хы тухайн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй энэ үйлдэл нь дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг буюу эхнэр болох хохирогч Б.Хгийн биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт, толгойн зулай хэсэгт үс хэсэг газар шингэрсэн бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн хөнгөн гэмтэл санаатай учруулсан байгаагаарай тус тус хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч М.Х хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд толгойд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Хы гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Хгийн биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт, толгойн зулай хэсэгт үс хэсэг газар шингэрсэн гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Х нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Х энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
...Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчтай ял тохиролцож орж ирсэн. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч ял тохиролцож орж ирсэн. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Х:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Х:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч М.Хыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч М.Хыг торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2434000000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б М.Х шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б М.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б М.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН