Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х Д.З холбогдох эрүүгийн 2434000560079 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1984 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Х Д.З    

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.З:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэн үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2434000560079 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 105 дахь шонгийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

холбогдогч Д.Згийн ...Би тухайн зөрчил гаргадаг өдөр буюу 2023.01.12-ны өдөр 20 цагийн орчимд эхнэр Шүрэнцэцэг болон хүү нарын хамтаар Улаанбаатар хотоос гэртээ харихаар буюу Төв аймгийн Угтаалцайдам сум руу явж байсан юм. Ингээд Тоёота Коралла примео маркийн 76-82 УБР улсын дугаартай автомашин дотор зорчигчийн суудалд суугаад Төв аймгийн Баянхангай сумын замд явж байтал асфальтан замын хойд хэсэгт хүнсний дэлгүүр болон, хоолны газар байсан юм. Ингээд хамт явж байсан охин Урангоо идэх юм нэхээд уйлаад байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан эхнэр Шүрэнцэцэг нь охиндоо идэх юм авч өгье гээд асфалтан замын зорчих хэсгээс буугаад нэрийг нь мэдэхгүй 3 хүнсний дэлгүүр ороод цааш явган яваад байсан юм. Ингээд тухайн өдөр хүйтэн салхитай байсан болохоор эхнэр Шүрэнцэцэгийн дэлгүүрээс очиж авах гээд би зорчигчийн суудлаас жолоочийн суудал руу суугаад Тоёота Королла Филдэр маркийн 76-82 УБР улсын дугаартай автомашиныг жолоодоод явж байтал цагдаагийн албан хаагч намайг зогсоож шалгасан юм. Ингээд би тухайн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. Би 1999 онд анх жолооны сургалтад сууж жолооч болж байсан. Би жолоодох эрхийн "В" ангилалтай. Жолоодох эрхээ урд өмнө нь буюу 2023.08-р сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөн эрхээ хасуулсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг мэднэ. Тиймээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Улаанбаатар хотоос гарахад манайд хүмүүс ирнэ гээд 10 орчим Сэнгүр нэртэй 500 граммын савлагаатай пивыг авсан байсан юм. Тухайн үед машин дотор халуун байсан юм. Ингээд би хүйтэн юм уух гээд хайтал Сэнгүр нэртэй 500 граммын савлагаатай пиво нт хүйтэн байхаар нь би аваад 2 лаазыг уучихсан юм. Би тухайн тээврийн хэрэгслийг Төв аймгийн Баянхангай сумаас 500 орчим метр газар жолоодож явсан юм. Эхнэр болох Ц.Шэзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би урд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулах шийтгэл авч байсан. Би согтуурал шалгах Драгер багаж үлээсэн. Согтуурал шалгах багажаар шалгуулахад 0.38% гарч байсан. Надад өөр, нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Ц.Ш...Тухайн өдөр би нөхөр Згийн хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Угтаалцайдам сум руу хөдөө гэртээ очихоор өөрийн өмчлөлийн 76-82 УБР улсын дугаартай тоёота филдер марзын тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод явж байгаад Төв аймгийн Баянхангай сумын гуанзан дээр хүүхэд өлсөөд байна гээд уйлахаар нь нь хүүхэддээ хоол авч өгөхөөр түр зогсоод хүүхдээ дагуулаад хоолны газруудаар явхад хоолтой газар байхгүй би гуанзнууд дамжаад явганаар нэлээн хол явчихсан. Гэтэл энэ хооронд манай нөхөр З бие засчхаад машин жолоодоод миний араас хүрээд ирсэн. Ингээд шөнө орой болсон байсан учир тус газраас шороон замаар явах учир чи жолоодоод явчих би хүүхдээ аргалаад явъя гэж хэлээд нөхөр жолоодоод гуанзнаас салаад Угтаалцайдам сум чиглэлтэй хөдлөөд 200 орчим метр газар яваад цагдаад шалгагдаад саатуулагдсан. Улаанбаатар хотоос гараад жолоо барихгүй явж байгаа учраас замдаа явж байхдаа 2 лаазтай пиво уусан архи бол уугаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

            яллагдагч Д.Згийн ...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ний дөр Улаанбаатар хотоос эхнэрийн хажууд суугаад машинтай Төв аймгийн Угтаалцайдам сум руу гэр рүү гээ явсан. Ингээд замд хүүхэд өлсөөд уйлаад замын хажуу талын дэлгүүр гуанзны үүдэнд зогсоод эхнэр машинаас буугаад хүүхдэд идэх юм авч өгөхөөр явсан. Ингээд онгорхой дэлгүүр байхгүй нэлээд холдоод явахаар нь би араас нь машин жолоодоод хүрч очоод эхнэрийг суулгаад 20 цаг 30 минутын орчимд Угтаалцайдам сум руу хөдлөөд цагдаа зогсоож биднийг саатуулж согтуурал шалгах багаж үлээхэд 0,38% согтууралтай гарсан. Би Улаанбаатар хотоос гарч явж байгаад жолоо бариагүй юм чинь гээд 2 лааз пиво замдаа уусан байсан юм. Би жолоодох эрхээ 2023 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод жолоодох эрхээ хасуулсан байсан юм. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар яаралтай шийдүүлмээр байна... /хх-ийн 32 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Зг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

...шүүгдэгч Д.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 105 дахь шонгийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Згийн хууль ёсны эрх шагийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргах зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.З:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.З болон түүний өмгөөлөгч М.Батбаатар нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.З болон түүний өмгөөлөгч М.Батбаатар нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг  нь ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон материаллаг шинжтэй байхыг, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Тодруулбал шүүгдэгч Д.З урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Зг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Иймд шүүгдэгч Д.З энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

...Шүүгдэгч Д.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...Гэм буруу дээр маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.З:

...Ялын саналыг хүлээн зөвшөөрсөн... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Зд хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Д.Зд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,         

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2434000560079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                     зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х Д.З шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

      

5. Эрүүгийн 2434000560079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Д.З оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х Д.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Д.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН