| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00503/И |
| Дугаар | 138/ШШ2021/00544 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2021/00544
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сум 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, туслах жолооч ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорнод аймгийн ******* сум 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт д холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс 81 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэй 2011 онд танилцаж, түүнээс хойш нэг гэрт 7 жил хамт амьдарсан. Бид хоёр аль аль нь өмнө гэр бүл зохиож байсан. Миний хувьд өмнөх гэрлэлтийн баталгаагаа салгуулж чадаагүй болохоор тэй гэрлэлтээ батлуулж чадаагүй. надтай нийлэхдээ 2 хүүхэдтэй байсан. Би мөн адил 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань аав, ээжтэй маань хамт амьдардаг. Бид хамт амьдарч байх хугацаандаа 1 охинтой болсон. Охин маань 2012 оны 01 сарын 28-ны өдөр төрсөн. Миний хувьд тээврийн жолооч учраас ажлын онцлогоос шалтгаалж гэртээ байхаасаа байхгүй нь их. Сүүлийн 2 жил Ковидоос болоод ажилгүй байх хугацаанд намайг энэ гэрт нэмэр болсонгүй, ажил хийсэнгүй гэж хэл амаар байнга дарамталж эхэлсэн. Би ажилтай байх үедээ энэ гэрийн санхүүгийн бүх асуудлыг өөрөө зохицуулдаг байсан. Үүнээс гадна гийн 2 хүүхдийнх нь сургалтын төлбөрийг нь төлж сургуулийг нь төгсгөсөн. Намайг ажилгүй байх хугацаанд ойлгох нь битгий хэл ажил хийсэнгүй гэж байнга үглэж, гэрт тайван байлгадаггүй байсан. гийн нотлох баримтаар гаргаж өгсөн бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гээд байгаа хүн нь манай ангийн хүүхэд. Найз, нөхөд юм болохоор бие биедээ тус, дэм болох үе зөндөө байдаг. Үүнийг ойлгохгүй намайг өөр хүнтэй явалдсан, миний араар хуурсан гэж гүтгэж, хэрүүл хийдэг. Энэ мэтчилэн намайг найз нөхөд, ангийн найзуудтай маань холбож, харддаг болсон. Тиймээс би энэ бүх муу муухай хэрүүл маргаанаас залхсан учраас тусдаа амьдрахаар шийдсэн. Одоо би аав, ээжийндээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Миний шүүхэд хандах болсон шалтгаан гээс өөрөөс нь болсон. Учир нь эд хөрөнгийн асуудлаар маргалдах үед намайг ... чи чаддаг юм бол шүүхдээд эд хөрөнгөө аваарай, би чамайг юу ч үгүй болгоно, би чиний бүх зүйлийг авна ... гэж хэлдэг байсан. Юм л болохоор чи шүүхээр яв гэдэг байсан. Тийм учраас би энэ хүнд өөрийн эд хөрөнгөө алдахгүйн тулд шүүхэд хандсан. гийн одоо амьдарч байгаа байр болох Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 63 тоот хоёр өрөө байрыг 2012 оны 10 сарын 31-ний өдөр Голомт банкны Орон сууцны зээлээр 65 сая төгрөгөөр худалдан авсан миний байр, Байрны урьдчилгаа болох 23 сая төгрөгийг би өөрийн ааваасаа зээлж өгсөн. Мөн энэ байр, машиныг худалдаж авахад гийн оролцоо нэг ч байгаагүй. Банкны зээлээ ч гэсэн би өөрөө төлдөг. Тиймээс ******* сум 9 дүгээр баг ******* тоот байр болон приус-30 маркийн автомашин нь миний өөрийн өмч хөрөнгө учраас эдгээр өмч хөрөнгөө гээс гаргуулан авах саналтай байна. Байрыг 65 сая төгрөгөөр банкны зээлээр худалдаж авсан. Прусс маркийн машиныг 16 сая төгрөгөөр авч байсан. Машины хувьд анх миний төрсөн дүү В.Баярцэнгэл нь Америк улс руу явахынхаа өмнө надад өөрийн Highlander автомашиныг бэлэглэсэн юм. Нилээн хэдэн жил уг машиныг унасан. Дараа нь аав өөрийн унаж байсан машинаа зарж, оронд нь өөр том машин авахаар болоход нь би Highlander автомашинаа аавд өгөөд, оронд нь Приус-30 автомашиныг аав надад худалдаж авч өгсөн. Ийм байдлаар Приус-30 автомашин миний өмчлөлд шилжсэн. Энэ нь автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. Б.гийн яриад байгаа Улаанбаатар хотод байгаа байр бол бидний өмч биш, миний дүү В.Ариунаа өөрөө худалдаж авсан байр. Хааяа би дүүгийнхээ гуйснаар байрны мөнгийг нь төлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Эрдэнэтэй 2011 онд танилцсан. Түүнээс хойш 7 жил нэг гэрт хамт амьдарсан. Бид энэ хугацаанд 1 охинтой болсон. Охин маань 2012 оны 01 сарын 28-нд төрсөн, Учрал гэдэг. Бидний хувьд өмнө аль аль нь гэр бүлтэй байсан. Тухайн үед Эрдэнэ надад хамт амьдрах санал тавихдаа намайг аз жаргалтай, сайхан амьдруулна гэж хэлээд намайг авч суусан. Миний хувьд өмнө гэр бүл зохиож, анхны амьдралаа алдаж байсан учраас хоёр дахь амьдралаа хэзээ ч алдахгүй гэж тухайн үед өөртөө амлаж байсан. Ингээд бид хамт амьдарсан цагаас эхлээд хэрүүл маргаангүй аз жаргалтай, сайхан амьдарч байсан. Бидэнд дутагдах, гачигдах зүйл байгаагүй. Эрдэнэ тайлбартаа санхүүгийн бүх асуудлаа өөрөө зохицуулдаг байсан гэж ярьж байна. Энэ бол худлаа, намайг яагаад гэрт зүгээр тэжээлгээд сууж байсан юм шиг яриад байгаа юм бэ, би Эрдэнэтэй хамт амьдарч байх үедээ хүний бараа зарж, өдөр тутмын хоол, хүнс хэрэглээнийхээ мөнгийг олдог байсан. Энэ хугацаанд байрныхаа зээлийг Эрдэнээ өөрөө төлдөг байсан ч гэсэн өдөр тутмын хэрэглээгээ би өөрөө зохицуулдаг байсан. Би тэр болгон Эрдэнээгээс мөнгө нэхэж аваад байдаггүй. Баяр ёслолын үеэр ч гэсэн айл юм болохоор ширээ засах хэрэгтэй болдог. Тэр үед ч гэсэн би өөрөө аргалаад зохицуулдаг байсан. Эрдэнээ хоол хүнсэнд ямар их мөнгө зарцуулагддагийг мэдэхгүй болохоор л миний оролцоо байгаагүй гэж яриад байна. Гэтэл айл гэрийн хоол, хүнсний материалд тухайн өрхийн дийлэнх төсөв зарцуулагддаг. Эрдэнэ надад хувиараа наймаа хийх боломж олгож, наймааны мөнгө өгсөн нь үнэн. Түүнээс хойш би хувиараа наймаа хийсэн. Тухайн үед лангууны түрээс, бараа материалд зориулж Хас банкнаас 3 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээ би өөрөө төлдөг. Гэтэл Эрдэнэ миний өмнөөс зээл төлдөг байсан юм шиг, намайг зээлээ төлж чаддаггүй гэж тайлбар дээрээ бичсэн байсан. Энэ бол худлаа. Эрдэнэ бид хоёрын аль аль нь 2 хүүхэдтэй нийлсэн. ******* хувьд 2 хүүхдэд маань тус дэм болж, том охины сургалтын төлбөрт 1 500 000 төгрөг төлсөн нь үнэн. Охин маань тухайн үед 10 жилээ төгсөөд Улаанбаатар төмөр замын коллежид 1 жил сурахаар хот руу явсан. Тэр үед Эрдэнээ хотод 2 өрөө байртай байсан учраас охин маань тэр байранд нь амьдардаг байсан. Гэтэл удалгүй Эрдэнээгийн дүү нь байраа түрээслэхээр болсон гэж хэлээд охиныг маань гаргасан. Ингээд охинд маань хотод өөр амьдрах газар, хамаатан садан гэж байгаагүй болохоор сургуулиа төгсөж чадалгүй Дорнод руу ирсэн. Дараа нь хүү маань 12 дугаар ангиа төгсөөд Дотоод хэргийн их сургуульд танил эгчийн маань тусламж, дэмжлэгтэйгээр элсэн орсон. Тус сургуулийн хувьд ямар ч төлбөргүй, элсээд орчих л юм бол сургалтын төлбөр төлөх шаардлагагүй сургууль. Анх сургуульд орох үед нь Эрдэнэ бид хоёр 380 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй явсаар хүү маань энэ жил сургуулиа төгссөн. Гэтэл Эрдэнэ миний 2 хүүхдийн сургалтын төлбөрийг төлж, төгсгөсөн гэж ор үндэслэлгүй худлаа ярьж байна. Бидний салах болсон шалтгаан ******* муу муухай үйлдлээс болсон. Эрдэнэ намайг 2020 оноос хойш байнга хардаж, хэрүүл хийдэг байсан гэж тайлбартаа бичсэн байна. Би гэр орондоо авгай хүүхэний хэрүүл огт хийдэггүй. Эрдэнийг ч хардаж, сэрддэггүй. Эрдэнэ ажлын шаардлагаар гэртээ бараг байдаггүй. Байнга аялал жуулчлал, ачаа тээвэрт явдаг байсан. Сүүлдээ гэртээ ирэх нь багасаж, ажлаараа далимдуулж хөдөө гадаа их явдаг болсон. Энэ үед би Эрдэнийг өөр хүнтэй болсныг мэдсэн. Миний араар явалдаад байгааг нь би мэдсэн ч гэсэн гэр орондоо авгай хүүхэний хэрүүл хийдэггүй байсан. Тухайн үед би наймаа хийхээ болиод гэртээ 6 сар ажилгүй байсан. Энэ хугацаанд Эрдэнээгийн ажилд тус дэм болж аялалаар явахад нь хамт явж Автобусыг нь цэвэрлэж, ойр зуурын ажилд нь тус болж хэсэг хамт явсан. Тэгээд нэг өдөр Эрдэнээгийн аав намайг чи эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орох уу гэж асуусан. Тэгэхээр би мэдээж ажилгүй байсан болохоор тэгье гэж хэлсэн. Эрдэнээгийн аав намайг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд үйлчлэгчээр ажилд оруулж өгсөн нь үнэн. Би үйлчлэгчээр 3 жил ажилласан. Намайг ажлаасаа гараад удаагүй байхад Эрдэнээ түүний аав хоёр хот явж сувилагчаар сур гэж санал тавьсан. Гэвч намайг 2020 оны 10 сард хот руу явахын өмнө Эрдэнэ бид хоёр эд хөрөнгийн асуудлаас болж айхтар маргалдсан. Тэр өдрөөс хойш Эрдэнэ гэртээ ирэхээ больсон. Намайг эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсноос хойш ******* цалин орлого огт орж ирээгүй. Эрдэнэ 17 дугаар байшинд аав, ээжийндээ амьдарч байгаад Цагаан сарын дараа гэртээ ирсэн. Гэртээ ирчихээд миний хоолыг нэг ч удаа идээгүй. Өөртөө ч ойртуулаагүй, дотно харилцаанд орохыг ч хүсээгүй. Энэ бүхний дараа Эрдэнийг өөр хүнтэй болсон юм байна гэж ойлгосон, бас өөрөөс нь мэдсэн. Үүнийг нь өөрийнх нь 2 хүүхэд ч гэсэн мэднэ. Эд хөрөнгийн хувьд энэ байр болон машинд миний оруулсан хөрөнгө байхгүй боловч байр, машинаа Эрдэнээд өгч чадахгүй. Охин бид хоёрыг хаана амьдар гэж байгаа юм бэ, энэ байр бол миний охины ирээдүй учраас би охиныхоо ирээдүйг бодож байна. Эрхэлсэн ажилгүй намайг охинтой минь хамт хаяж явчихаад таксинд явж хоолоо зогоож байгаа ганц амьжиргааны эх үүсвэр болох машиныг минь яаж авна гэж хэлж чадаж байна аа, би байр, машин хоёроо чамд өгөхгүй. Би энэ бүхнээ авч үлдэхийн тулд хөлөө хүрэх газар явна. Өнөөдөр надад өмгөөлөгч авах ч мөнгө алга. Ийм байхад би байр, машин хоёроо чамд өгчихөөд өөрөө хаана, яаж амьдрах юм бэ, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс 81 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц болон автомашинаа гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Б. нар нь 2011 онд танилцан, улмаар гэрлэлтээ албан ёсоор батлуулалгүйгээр хамтран амьдарч байсан байх ба энэ хугацаанд ******* нь Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 63 тоот 3 өрөө орон сууцыг 2012 оны 10 сарын 31-ний өдөр Голомт банкны Орон сууцны зээлээр худалдан авсан үйл баримтууд, мөн 32-04ДОА улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг өөрийн ааваас 2019 онд худалдан авсан үйл баримтууд тус тус зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар батлагдаж байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч ******* нь дээрх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэн хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б. эс зөвшөөрч гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө тул охиныхоо ирээдүйг бодон түүнд өгөхгүй гэж маргадаг.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог ба гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаа гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацааг ойлгодог бөгөөд гэр бүлийн дундын өмчлөл зөвхөн хууль ёсны гэрлэлтийн үндсэн дээр үүсдэг.
Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар нь 2011 оноос эхлэн одоог хүртэл хамт амьдрахдаа Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй болох нь тэдний тайлбараар батлагдаж байх тул тэднийг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй бөгөөд улмаар нэхэмжлэгч хариуцагч нарын хамтын амьдралын явцад бий болсон дээрх хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээрх эд хөрөнгийг аливаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн үндэслэл болох Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан дундын өмч мөн эсэхийг шалгах нь зүйтэй.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан байх бөгөөд нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээд өмчлөхдөө өмчлөгч тус бүрийн өмчлөх эрхийн хувь хэсэг тодорхой байж тэр хүрээгээр эд хөрөнгөө эзэмших ашиглах захиран зарцуулах эрхтэй байхыг дундаа хэсгээр өмчлөх, харин өмчлөгчдөд оногдох хувь хэсэг нь тодорхойгүй дундын өмчийн харилцааг дундаа хамтран өмчлөх гэж ойлгоно.
Мөн дээрх зохицуулалтын хуульд зааснаар гэдэг нь гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчлөлийн эрхэд хамаардаг бол гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх хэлцлийн үндсэн дээр үүсдэг байна.
Гэтэл хэрэгт цугларсан баримтаар Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 63 тоот 3 өрөө орон сууц болон 32-04ДОА улсын дугаартай Приус 30 маркийн автоамшинуудын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээнд хариуцагч Б. хамтран өмчлөгчөөр бүртгэлгүй байхаас гадна нэхэмжлэгч хариуцагч нар нь хэлцлийн үндсэн дээр Б.д оногдох хэсгийг тодорхойлсон, эсхүл түүнийг дээрх эд хөрөнгүүдийг хамтран өмчлөх эрхтэй болох талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх орон сууц болон автомашиныг худалдан авахад хувь хөрөнгө оруулаагүй, мөн орон сууцны зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч орон сууцны урьдчилгаанаас болон орон сууцны зээлээс төлж байгаагүй талаараа тайлбар гаргасан ба уг үйл баримтын талаар үгүйсгээгүй.
Иймд маргааны зүйл болж буй дээрх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын дундын өмч гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 63 тоот орон сууц болон 32-04ДОА улсын дугаартай Приус 30 маркийн автоамшин нь тус бүр нэхэмжлэгч В.******* өмчлөлд бүртгэлтэй байх ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Б.гийн дээрх эд хөрөнгүүдийг одоо болтол эзэмшиж ашиглаж байгааг бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нийт 81 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 63 тоот 3 өрөө орон сууц болон 32-04 ДОА улсын дугаартай Приус 30 маркийн автоамшиныг тус бүр хариуцагч Б.гийн эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Б. нь шүүхэд олон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцыг 65 сая төгрөгийн, машиныг 16 сая төгрөгийн үнэтэй болох талаар маргаагүй, улмаар дээрх үнэлгээг эсэргүүцээгүйг дурдах нь зүйтэй.
Харин Б. нь тэдний дундаас төрсөн охин Учралын асрамжийг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай асуудлыг *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгчийн 81 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 562 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжинд 562 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.******* өмчлөлд бүртгэлтэй 81 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болох Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны 63 тоот 3 өрөө орон сууц болон 32-04ДОА улсын дугаартай Тоёота Приус-30 маркын автомашиныг тус бүр хариуцагч Б.гийн хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 592 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН