Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2021/00263

 

 

 2021            7           30  

              103/ШШ2021/00263


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ............ дүүргийн .......... дүгээр хороо, ............... дүгээр гудамжны ............ тоотод оршин суух, овогт Б.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................. дүүргийн .........дугаар хороо, ....... дугаар гудамжны .......тоотод оршин суух, Д овогт Г.Нд холбогдох гэрлэлт цуцлуулах үндсэн, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ, хариуцагч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Цолмон, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.       

  ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Г.Нтай 1994 онд танилцаад 1995 онд гэр бүл болсон. Бидний дундаас 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүү С.У төрсөн, хамтран амьдарч байх хугацаанд Г.Н гэр бүлээс гадуур харилцаатай болж би тэр залууд нь зодуулаад бидний амьдрал дууссан байдаг. Түүнээс хойш бид дахин уулзалдалгүй 20 гаруй жил болж байна. Бид тус тусдаа амьдралтай болж би 2 охинтой болсон. Г.Нд гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулах талаар хэлсэн боловч шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Учир нь Г.Н миний ээжийн өмчлөлд байдаг 1 өрөө орон сууцыг танай ээж, та хоёрыг үхэхээр байраа авна гэж хэлдэг, тэр байр нь миний ээжийн нэр дээр байдаг миний ч нэр дээр байдаггүй юм. Бидний дундаас төрсөн хүү одоо 23 настай, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

 Хариуцагч Г.Н  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр тусдаа амьдраад 21 жил болж байна, хүү маань насанд хүрч одоо 25 настай болсон мөн бид тус тусдаа гэр бүлтэй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.С нь надад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Бид 2 хамт амьдарч байхдаа Ус суваг, орон сууцны газарт хамт ажилладаг байсан, 1995 онд бидэнд манай ажлын газраас .... дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар байрны .... тоотод байрлах 1 өрөө орон сууцыг өгсөн. Үүнээс хойш өмч хувьчлал явагдсан бөгөөд өндөр настнуудад байр үнэгүй хувьчилж байсан болохоор бид байраа Б.Сын ээж Г.Бийн нэрээр хувьчилж хүү бид 3 хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ гаргуулж байсан. Бид энэ байрандаа 1995 оноос 2000 оны намар хүртэл хамт амьдарсан. Б.С намайг гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг байсан учраас аав, ээж хоёрынхоо хажууд очихоор 2000 оны намар байраа хүнд түрээслээд задгайд гарсан боловч зоддог хэвээр байсан тул 2001 оны зун би салахаар шийдэж тусдаа амьдарсан. Б.С салахдаа хүүгээ 18 нас хүрэхээр байраа өгнө гэж хэлсэн болохоор нь би байрны талаар болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаан гаргаагүй. Нэгэнт гэр бүл цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан учраас гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаа бас шийдвэрлүүлмээр байна. Улсын бүртгэлд орон сууцаа шинэчлэн бүртгүүлээгүй одоог хүргэсэн тул лавлагаа авахад орон сууцны талаар мэдээлэл гарч ирэхгүй байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ надад байхгүй, уг 1 өрөө орон сууцыг би 40.000.000 төгрөгөөр үнэлж байна. Иймд гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох ....... дүүргийн ...... дугаар хороо, .....дугаар байрны .... тоот 1 өрөө орон сууцнаас өөрт ногдох хувь болох 10.000.000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна. Би хариуцагчтай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эвлэрч, хариуцагч болон хариуцагчийн эгчтэй эвлэрлийн гэрээний дагуу эхний 2 сарын мөнгийг эгчээс нь авсан гэв.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.С нь 10.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор хариуцагч Г.Нын Хаан банкны .................. тоот дансанд 1.000.000 төгрөгөөр шилжүүлэхээр, ...... дүүргийн ......дугаар хороо, ........ дугаар байрны ....... тоот 1 өрөө орон сууцыг Г.Бийн өмчлөлд үлдээж, энэ тухай өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгч хариуцагч нар татгалзахгүй хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Гэрээ байгуулсан нэхэмжлэгч Б.С, хариуцагч Г.Н гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:      

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Б.Сд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.     

Хариуцагч Г.Н нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд гэрлэгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэн хэлэлцсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Г.Н нар нь 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болж, 1996 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүү С.Ууганбаярыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.     

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “…гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.

Гэрлэгчид нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай болон уулзалтын тэмдэглэлүүдээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Зохигчид нь 6 жил хамт амьдарсан бөгөөд нэхэмжлэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас хариуцагч өөр хүнтэй гэр бүлээс гадуур дотно харилцаа үүсгэсэн нь гэр бүл салах шалтгаан болсон, 2000 оноос хойш  тусдаа амьдарч байгаа, хэн хэн нь өөр гэр бүлтэй болсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол .., шүүх гэрлэлтийг цуцална” гэж зааснаар  гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ....... дүүргийн .......дугаар хороо, ....... дугаар байрны ......... тоот 1 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгч Б.С нь 10.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор хариуцагч Г.Нын Хаан банкны .......... тоот дансанд 1.000.000 төгрөгөөр шилжүүлэхээр, ......... дүүргийн ........ дугаар хороо, ...... дугаар байрны.... тоот 1 өрөө орон сууцыг Г.Бийн өмчлөлд үлдээж, энэ тухай өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгч хариуцагч нар татгалзахгүй хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн тул дээрх шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 174.250 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г овогт Б.С, Д овогт Г.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.     

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 10.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор хариуцагч Г.Нын Хаан банкны .......... тоот дансанд 1.000.000 төгрөгөөр шилжүүлэхээр, нэхэмжлэгч, хариуцагч нь ...... дүүргийн .....дугаар хороо, ........дугаар байрны ........ тоот 1 өрөө орон сууцыг ГБийн өмчлөлд үлдээж, Улсын бүртгэлд бүртгүүлэхээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч  Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 174.250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 174.250 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн  14  дүгээр  зүйлийн  14.9  дэх  хэсэгт  зааснаар

шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.   

            5.Нотлох баримтаар ирүүлсэн орон сууц өмчлөх эрхийн ........ дугаартай гэрчилгээг нэхэмжлэгчид буцаан хүргүүлсүгэй.

   6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

  7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ