| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00487/И |
| Дугаар | 138/ШШ2021/00548 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2021/00548
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, дүгээр байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4 171 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн, нэхэмжлэгч , хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь надаас 2016 оны 7 сарын 28-ны өдөр надаар цалингийн зээл авахуулж 3 500 000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үедээ нөхрийнхөө банкин дахь зээлийг хаагаад зээл аваад удаахгүй буцаагаад өгнө гэсэн. Би өөрийнхөө зээл дээр нэмж 3 500 000 төгрөг аваад түүнд өгсөн. Тухайн үед удаахгүй өгнө гэхээр нь бид хоёр гэрээ байгуулаагүй, хүү гэж яриа ч үгүй бөгөөд мөнгийг надаас бэлнээр тоолж авсан. Түүнээс хойш хэдэн сар мөнгө өгөөгүй. Тэгээд би нэхэж байж 2017 оны 5 сараас эхлэн сард 200 000 төгрөгөөр, 150 000 төгрөгөөр гээд увуулж цувуулж өгсөн. Хамгийн сүүлд 2018 оны 01 сарын 16-ны өдөр би гэрт нь очиж уулзаж байж нэг сая төгрөгийг дансаараа авсан. Ингээд нийтдээ 2 150 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг 2018.01.16-ны өдрөөс хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Эхлээд би түүний араас маш их хөөцөлддөг байсан. Надтай нэг ч удаа ирж уулздаггүй. Хаяг нь өөрчлөгдөөд олдохгүй болсон, мөн хүүхэд гаргасных нь дараа жаахан хүүхэдтэй юм чинь хэл ам хийгээд яахав гээд мөнгөө нэхэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. 2018.01.16-наас хойш араас нь хөөцөлдөхөө больсон. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй юм байна гээд нэхэмжлэл гаргаж байна. Би цалингийн зээлээ хаахын тулд 1 900 000 төгрөг, мөн 2 271 278 төгрөгөөр хоёр удаа хүнээс зээлж аваад зээлээ хаасан. Г. тайлбартаа надад бэлнээр 500 000 төгрөг өгсөн, мөн гоо сайхны бараа 600 000 төгрөгт бодож өгсөн гэж бичсэн байсан нь бүгд худлаа. Би түүнээс бэлнээр огт мөнгө авч байгаагүй. сүлжээний бүтээгдэхүүн нь зардаг байсан болохоос гоо сайхны бараа зардаггүй байсан. Гоо сайхны бараа 600 000 төгрөгт бодож би түүнээс огт аваагүй. Иймд Г.ээс авах ёстой үлдэгдэл мөнгө болох 4 171 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ээс 2016.07.28-ны өдөр 3 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж авсан нь үнэн. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гараад түүнээс зээлсэн бөгөөд бид хоёр гэрээ байгуулаагүй, мөнгийг би бэлнээр авсан. Мөнгөний боломж бололцоо муу байсан учраас би түүний дансруу бага багаар хийсээр байгаад нийт хоёр сая гаран төгрөгийг төлсөн. Мөн бэлнээр 500 000 төгрөгийг өгсөн. Би өөрөө эрүүл мэнд, гоо сайхны бараа зардаг байсан учир Эрдэнэчимэг надаас 600 000 төгрөгийн үнэ бүхий барааг зээлүүлсэн мөнгөндөө тооцож авсан. Ингээд бид түүнд 3 сая гаран төгрөг төлсөн бөгөөд 2018 оны цагаан сарын үеэр бид хоёрын тооцоо дууссан. Иймд Ч.******* нэхэмжилж буй 4 171 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч ээс 2016.07.28-ны өдөр 3 сая төгрөг зээлж авч зээлийн гэрээний харилцаанд орсон болохоо хүлээн зөвшөөрдөг. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн хүү тохиролцоогүй, мөнгийг 7 хоногийн хугацаатайгаар авсан байна. Нэхэмжлэгчид мөнгийг цувуулан төлж банкны дансаар нийт 2 150 000 төгрөг төлсөн. Харин бэлнээр 500 000 төгрөг, 600 000 төгрөгөнд гоо сайхны бараа өгч тооцоог дуусгасан гэж хэлдэг. Гэвч нэхэмжлэгч нь бэлнээр мөнгө аваагүй, гоо сайхны бараа аваагүй гэж маргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд орсон талаар маргадаггүй. Хэдийгээр тооцоо дууссан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл 2016.07.28-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн мөнгөө шаардах эрх үүссэн байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас одоог хүртэл мөнгөө нэхэмжлээгүй атлаа 2021 оны 5 сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 171 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэгч ээс 2016 оны 7 сарын 28-ны өдөр 3 500 000 төгрөгийг хүүгүйгээр, хугацаагүйгээр зээлэхээр амаар тохиролцон, мөнгийг нэхэмжлэгчээс бэлнээр хүлээн авсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар батлагдаж байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т тус тус зааснаар хариуцагч Г. нь зээлж авсан 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Эрдэнчимэгийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй, ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор мөнгөө төлөх үүргээ биелүүлнэ.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөө удаа дараа шаардсан боловч хариуцагч нь 2017 оны 5 сараас 2018 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл цувуулж төлсөөр нийт 2 150 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 1 350 000 төгрөгийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би Г.т Голомт банкнаас цалингийн зээл дээрээ 3 500 000 төгрөгийг нэмж аваад түүнд бүгдийг бэлнээр тоолж өгсөн. Бид хүү тохироогүй боловч би уг мөнгийг төлөхийн тулд хүнээс мөнгө зээлж зээлээ хаасан. Г.ээс би 4 171 000 төгрөгийг авах дутуу байгаа тул нэхэмжилж байна гэж тайлбарладаг,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөг л зээлсэн, уг мөнгөнөөс дансаар нь 2 150 000 төгрөгийг цувуулж төлсөн. 500 000 төгрөгийг бэлнээр, 600 000 төгрөгт гоо сайхны бараа тооцож өгөөд 2018 цагаан сарын үеэр тооцоо дууссан боловч одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж маргадаг.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Голомт банк болон нарын хооронд 2016 оны 7 сарын 28-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэхэмжлэгч нь тус банкнаас авсан зээлийн үлдэгдэл дээр 3 500 000 төгрөгийн зээлийг нэмж аван нийт 7 499 141 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй болсон байх ба үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс 3 500 000 төгрөгийг зээлж авсан, мөн одоо зээлийн үлдэгдлээс 1 350 000 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 2 150 000 төгрөгийг дансаар төлсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэгчид 500 000 төгрөгийг бэлнээр, 600 000 төгрөгөнд тооцож гоо сайхны бараа өгсөн гэх тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэлд 4 171 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг мөнгийг зээлийн үлдэгдэл гэж үзсэн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл зээлүүлсэн гэх 3 500 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 150 000 төгрөгийг хасвал 1 350 000 төгрөг үлдэж байх ба
дээрх 4 171 000 төгрөг нь хариуцагчийн төлбөл зохих үүрэг мөн эсэх, эсхүл
хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол мөн эсэх нь тус тус тодорхойгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хэлдэг.
Нэхэмжлэгчийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаас харвал хариуцагч Г. нь зээлийн үүргийг 2017 оны 5 сарын 03-ны өдрөөс эхлэн төлж, хамгийн сүүлд 2018 оны 01 сарын 16-ны өдөр нэг сая төгрөг төлснөөс хойш мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй байна. Харин нэхэмжлэгч нь 2016 оны 7 сарын 28-ны өдрөөс хойш хариуцагч зээлсэн мөнгөө төлж эхлээгүй, улмаар 2018 оны 01 сарын 16-ны өдрөөс хойш зээлийн үлдэгдлийг төлөх үүргээ биелүүлээгүй байхад Г.ээс зээлсэн мөнгөний үлдэгдлээ шаардах өөрийн эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн, мөн мэдэх ёстой байсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар зээлсэн мөнгөний үлдэгдлийг 2016 оны 8 сараас хойш, мөн 2018 оны 01 сарын 16-ны өдрөөс хойш гурван жилийн хугацаанд хариуцагч Г.ээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх ба улмаар уг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Г.ээс мөнгөө төлөхийг би олон удаа нэхэж шаардсан, надтай энэ хугацаанд огт уулзаагүй, мөн хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байсан гэж тайлбарладаг боловч уг нөхцөл байдлыг бичгийн баримтаар шүүхэд нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хэдийгээр зохигч талуудын тайлбараар хариуцагч Г. нь нэхэмжлэгчид зээлийн үлдэгдэл 1 350 000 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүрэгт 4 171 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 81 686 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүрэгт 4 171 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 686 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН