Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Э.Уянга,

хохирогч Н.Ц /онлайнаар/,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б М.С холбогдох эрүүгийн 2434000000048 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 07 дугаар сарын 07-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Б овгийн М.С.

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Снь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч М.С:

... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,

 

Хохирогч Н.Ц:

... 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Тэмүүлэн гэх найзтайгаа Мөнх-Эрдэнэ гэх ахындаа очиж пиво уусан. Орой болсон байсан. Би Содбаярыг хот руу хүргээд өгчих гээд Тэмүүлэнгийн машины түлхүүрийг өгсөн. Содбаяр 2-3 цаг алга болсон. Ирэхээр нь чи яасан хариуцлагагүй юм бэ гээд цохих гэсэн урдуур нь гарсан. Тэгээд дайраад зодолдсон. Тэгээд намайг зодож эхэлсэн. Нүүр рүү хөшиглөсөн. Хажуугаас чих рүү хөшиглөөд байсан. Би хамраа янзлуулмаар байна. Хамар янзлахад 3.954.000 төгрөг болно гэсэн. Хамраа янзлуулчихвал гомдол саналгүй... гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434000000048 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.Сын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт байхдаа иргэн Н.Цтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай ...Н.Цын биед хамар ясны зөрүүтэй нийлмэл хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, баруун дух, хамар, хацар, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

хохирогч Н.Цын ...2024 оны 01-р сарын 01-ны орой найз Тэмүүлэн Мөнх-эрдэнэ нарын хамт шинэ он гарсан гээд уулзаж Мөнх-Эрдэнийд наргисан. Нэг хэсэг би архиндаа согтоод унтаад сэрсэн чинь шөнө 01 цагийн үед Содбаяр дүү Сод-эрдэнэтэйгээ нэг мэдэхэд Мөнх-Эрдэнийд орж ирсэн байхаар нь Содбаярт чи яваад Мөөгийг аваад ирвэл аваад ирэхгүй юу даа гэсэн чинь Содбаяр дүүгээ дагуулаад гарсан би буцаад унтаад 03 цагт сэрсэн чинь найз Тэмүүлэнгийн машиныг нөгөө хоёр унаж яваад зүүн хойд хаалгаар нь юм мөргүүлчхээд ирсэн байхаар нь яасан удаа явдаг юм яагаад машин тэргийг нь эвдчихсэн юм бэ гээд хэлчхээд Содбаярыг цохих санаатай шанааруу нь хий цохиод тэгсэн Сод-баяр босч ирээд намайг барьж байгаад нүүрлүү хэд хэдэн удаа цохисон энэ үед дүү Сод-эрдэнэ намайг араас тэвэрч аваад газар унгаагаад хоёр талаас өшиглөсөн. Тэмүүлэн энэ үед босч ирээд нөгөө хоёрыг салгаж болиулсан. Миний баруун нүд хавдаж хамраас цус гарсан байсныг би өрөөр угааж нүдэн дээрээ төмс тавьж хамар нэг эвгүй болчихсон зүүн чих шалбарчихсан байсан. Тэгээд би унтаад маргааш нь хамар хугарчихсан байна гээд хэлсэн чинь ээж нь чи миний хүүхдүүдийг өөрөө юманд явуулчхаад харин чамайг цагдаад өгнө гээд үл тоомсорлоод байхаар нь цагдаад гомдол гаргасан юм. Миний хамар хугарчихсан чих бага зэрэг шалбарсан мөн баруун нүд хөхөрч хавдсан. Тухайн үед Содбаяр Сод-Эрдэнэ нар намайг нийлж зодсон яг хэн нь намайг хаана цохисныг нь санахгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна миний хамрын яс хугарч гоо сайханд минь хохирол учирлаа хамраа янзлуулж эмчилгээ болон хагалгааны зардлыг энэ хоёроос нэхэмжилнэ... /хх-ийн 14-15 дугаар хуудас/

  түүний дахин өгсөн ...Нэг нутгийн хүмүүс болохоор зүгээр танина тэрнээс биш садан төрлийн холбоо бол байхгүй. Миний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдэхгүй Содбаяр насанд хүрсэн учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх гэж бодож байна. Надад 150.000 томографикийн зураг авхуулсан мөнгийг гаргаж өгсөн өөр хохирол барагдуулаагүй байгаа. Миний хамар хугарсан улсын эмнэлэг хамар янзлахгүй гэсэн тэгээд хагалгаанд орж байж зүгээр болно гэсэн хагалгааг хувийн эмнэлгүүд хийнэ гэж байсан үнэ ханшийг нь судалсан чинь 4-5 сая төгрөг гэж байсан. Би элэг рүү нь нэг удаа бол цохичихсон шиг санагдаж байна. Миний хувьд нэлээн согтуу байсан бөгөөд орж гараад л санаж байна... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч А.Т...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед найз Н.Цын хамт хотоос миний машинтай Үдлэгт ирээд аав ээжид нь авчирсан махаа өгчхөөд найз Мөнх-Эрдэнийнд очсон. Тэднийд хоол унд хийж идчихээд орой 17 цагт дэлгүүрээс савтай 2л-ийн 7ш шар айраг авч гурвуулаа хувааж уугаад орой шөнө болгосон 22 цагийн үед би түрүүлээд унтсан. Нэг мэдэхэд надад дээр хүн гишгэх шиг болохоор нь сэрсэн чинь Цогтбаярыг Содбаяр газар унагаачихсан цохиж байхаар нь босч очиж салгасан. Тэгээд гэрэл асаагаад харсан чинь Цогтбаярын хамарнаас цус гарчихсан угаалгаад Содбаяр Сод-Эрдэнэ нартай хэсэг сууж байгаад буцаад хотруу явсан. Гэмтэл орж хамрынх нь зургийг авхуулсан. Тэр талаар мэдэх зүйл алга байна. Бид гурав ууж байхад би нарын хооронд маргаан зодоон болоогүй сүүлд сонсохнээ Цогтоо, Содбаяр, Сод-Эрдэнэ хоёрыг ороод ирэхээр нь миний машиныг унаад Мөөгий гэх охиныг дуудаад ир гээд тэгээд нөгөө хоёр нь удаж ирээд Цогтоо яасан удаа явдаг юм бэ гээд өөрөө эхэлж цохих гэж байгаад зодуулсан гэж сонссон тэрнээс яг юунаас болсон талаар тухайн үед мэдээгүй... /хх-ийн 12 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч М.С...2024 оны 01-р сарын 01-ны өдөр 14 цагийн үед Мөнх-эрдэнэ ахынд төрсөн ах Содбаярын хамт утсаар тоглох гэж очсон. Тэнд Мөнх-эрдэнэ Цогтбаяр, Тэмүүлэн Батжаргал эгч нар байсан ба тэд нар бид хоёрыг очиход архи уухаар гараад явсан. Тэд нар удалгүй нэг сав пивотой орж ирээд ууцгаасан. Уусаар байгаад шөнө 02 цаг болгож Цогтоо ах Мөөгийнөө гээд эгчийг гэрт нь хүргээд өгчих гээд Содбаяр ахад хэлээд Тэмүүлэн ахын машины түлхүүрийг өгөөд тэгээд хүргэж өгөхөөр явсан. Нэлээн удаж байгаад Содбаяр ах ороод ирсэн чинь Цогтоо ах унтаж байгаад сэрээд чи яасан удаан яваг юм бэ гээд Содбаяр ахыг элэг рүү нь цохиод тэгээд Содбаяр ах уурлаад Цогтоо ахыг хэд хэдэн удаа цохиод авахаар би босч очоод Цогтоо ахын араас нь тэврээд газар унтаж байсан Тэмүүлэн ах дээр унасан. Тэгээд Тэмүүлэн гэрэл асааж тэр хоёрыг хооронд нь орж болиулсан. Цогтоо ахын шүднээс нь мөн зүүн чихний орчим шалбарсан цус гарсан байсан. Тэгээд тайвширч бүгд унтахаар болж унтацгаасан. Ийм юм болсон. Цогтбаяр ах архи пиво ууж согтоод сэргэж байсан. Ах Сод-Эрдэнэ огт архи пиво уугаагүй Содбаяр ахын яасан удаан явдаг юм бэ гээд л өөрөө эхэлж цохиод тэгээд ах Содбаяр уурандаа Цогтбаяр цохиод авсан. Яг хаана нь хэдэн удаа цохисныг хараагүй харанхуй байсан болохоор би тэгээд Цогтоо ахыг болиулах гэж араас нь тэвэрч аваад газар унасан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Миний хувьд уг машиныг 2023 оны 06 дугаар сард хүнээс худалдаж авч байсан миний өөрийн машин бөгөөд миний машины зүүн хойд талын хаалгыг бага зэрэг хонхойлгосон байсан. Чухам хэн хонхойлгосон байсныг бол мэдэхгүй байна. Ямарч байсан Батсүмбэр ороход зүгээр байсан бөгөөд эргээд энэ асуудал болоод өглөө нь машинаа харсан чинь хонхойлгосон байсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би үнэлгээ хийлгэхгүй би өөрөө янзлаад зүгээр болгочихно. Тэрийг би хараагүй болохоор мэдэхгүй байна. Би Цогтбаяртай бага байхаасаа эхлээд найзалж байсан. Содбаяртай бол үеэлүүд байгаа юмаа. Сод-Эрдэнэ бол Цогтбаярыг цохиж зодсон асуудал байхгүй харин Содбаяр л цохиж байхыг харсан юмаа... /хх-ийн 17 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Цогтбаяр ахын дүүтэй нь хамт айлд очиж гал түлэх гээд би Тэмүүлэн ахын машиныг бариад явж байхад цасан дээр машин хальтраад шон шүргэчихсэн юмаа. Цогтбаяр болон Мөөгий гээд эгч нар гал түлээд өгчих гээд гуйгаад байхаар нь яваад өгчихсөн юмаа. Цогтбаяр гайгүй гахуу л харагдаж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний хувьд зодож цохисон асуудал байхгүй хоорондоо үргэлжлээд зодолдох гээд байхаар нь тэврээд л авсан юмаа... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Д.О...Би ойлгож байна мэдүүлэг өгнө. Миний хувьд мэдэх зүйл байхгүй. Харин надад хэлж ярих зүйл байна учир нь Цогтбаяр нь манай хүүхдийг дарамтлаад байгаа. Уг асуудлаас хойш утсаар залгаад эхнэр төрөх гээд байна мөнгө өг гээд өгөхгүй бол хамрыг чинь хуга цохино шүү. Цагаан сараас өмнө мөнгө олж өг би банкаа хиймээр байна гээд байдаг юмаа. Харин би одоо өвөл болчихсон ажил төрөл зогсчихсон байгаа хамрыг чинь янзалж өгнө гэсэн чинь би хамраа янзлуулахгүй мөнгө авна би өөрөө эмнэлгээр яваад үзүүлчихнэ гэж яриад байгаа энэ асуудлын талаар ярих гээд мэдүүлэг өгч байгаа юмаа. Миний хүү Содбаяр нь цэрэгт явж ирээд их томоотой байгаа сайн хүү байгаа юмаа. Цэрэгт явахаас өмнө нь бол жоохон сахилгагүй хүүхэд байсан. Нэг удаа хэрэгт ороод шалгагдаад шийтгэгдэж хүртэл байсан хүү байгаа юмаа. Сүүлийн жилүүдэд маш их томоотой хүү болсон. Төв аймгийн Батсүмбэр суманд 1-9 дүгээр анги хүртэл суралцсан хүү байгаа юмаа. Архи дарс хэрэглэхгүй, тамхи татдаг юм шиг байгаа юм тэгэхдээ бид нарын дэргэд бол татаад байдаггүй юм хүний үгэнд маш сайн ордог хүү байгаа юмаа. Миний ярьсан зүйл үнэн надад нэмж ярих зүйл гэвэл зүгээр байсан хүүхдүүдийг машин тэрэг бариулаад гар хөлийн үзүүртээ зарчхаад эхлээд зодож цохичхоод эцэс сүүлд нь эргэж хэрэгт оруулж байгаад нь гомдолтой байгаа... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

сэжигтэн М.Сын ...Би 2023 оны 08-р сарын 01-нд цэргийн албанаас халагдаж Үдлэгт байх аав ээж эгч дүү нарын хамт амьдарч байгаа. Одоохондоо ажил хөдөлмөр эрхлээгүй байна. 2024 оны 01-р сарын 01-ны өдөр би дүү Сод-Эрдэнэ хамт утсаар тоглох гэж Мөнх-эрдэнэ ахынд очсон. Тэнд Мөнх-эрдэнэ Цогтбаяр Тэмүүлэн ах нар байсан ба тэд нар архи пиво ууж би дүүгийнхээ хамт гар утасны тоглоом тоглож өнжсөн. Шөнө болтол тэд нар архи ууж шөнө 2 цагийн үед Мөөгийнөөг Цогтоо ах гэрт нь хүргээд өгчих гээд тэмүүлэн ахын машины түлхүүрийг надад өгөхөөр нь би Мөөгийнөөг гэрт нь хүргэж өгөөд Мөөгийнөөтэй нь гэрт нь хэсэг юм ярьж байгаад буцаад очсон. Тэгсэн чинь Цог, тоо ах унтаж байгаад сэрээд чи чинь хүний машин унаад яасан удаа явдаг юм бэ гээд уурлаад намайг элэгрүү цохиод авахаар нь би уурлаж Цогтоо ахын нүүрлүү 3-4 удаа цохисон тэгээд манай дүү Сод-эрдэнэ Цогтоо ахыг надруу дайрахаар нь араас нь тэвэрч аваад газар цуг унасан. Энэ үед Тэмүүлэн ах газар унтаж байгаад сэрээд бид нарыг болиулж гэрэл асаасан. Тэгсэн Цогтоо ахын чихний хажуу талд шалбарчихсан хамарнаас нь цус гарсан байсныг өөрөө угааж цэвэрлээд тэгээд тайвширч бид нар унтацгаасан. Өөр асуудал болоогүй Мөөгийнөөг л хүргэж өгөөд удлаа гэж Цогтоо ах хардсан юм шиг байна лээ. Нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохисон яг хаана цохисноо сайн санахгүй байна. Би хүлээн зөвшөөрч байна. Надаас өөр хүнтэй зодож маргалдсан зүйл байхгүй. Байхгүй салгах гэж араас нь тэвэрч авахад тэр хоёр давхралдаж газар унасан тэрнээс дүү М.Сод-Эрдэнэ, Н.Цыг цохиж зодоогүй... /хх-ийн 45 дугаар хуудас/,

яллагдагч М.Сын ...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн Мөнх-Эрдэнэ ахынхаа Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт байх гэрт нь очсон. Гэрт нь очиход Тэмүүлэн ах, Цогтоо ах, Мөнхүүлэй ах, Батжаргал эгч 4 байсан. Тэгээд байж байгаад Мөнх-эрдэнэ ах, Тэмүүлэн ах, Цогтоо ах бид 4 дэлгүүр орж 2 ширхэг сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво аваад Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн зүүн талд байх Усан сан гэх нэртэй уулны доор машин дотор уусан. Тухайн үед би пивоноос уугаагүй. Тэгээд Мөнх-Эрдэнэ ахын гэрт ирэхэд Мөөгийнөө гээд охин ирчихсэн байсан. Тэгээд байж байтал гаднаас Лхагва-Эрдэнэ манай найз гаднаас пиво бариад ороод ирсэн. Тэгээд энэ хэд ууж байгаад Цогтоо ах намайг Мөөгийнөөг хүргэж өгөөд ир гэж хэлээд Тэмүүлэн ахын машины түлхүүр өгсөн. Тэгээд бид хоёр замдаа жоохон юм ярьж байгаад гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Тэгээд Мөнх-Эрдэнэ ахын гэрт ирэхэд Цогтоо ах сэрчихсэн яасан удаан явдаг юм бэ? гэж хэлээд намайг элэгдээд цохисон. Тэгээд би ахаа та яагаад байгаа юм бэ гэж хэлээд Цогтоо ах миний хоолойноос боосон тэгээд зодоон болсон. Тэгээд би уурлаад нүүрний хэсэг рүү баруун гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд Тэмүүлэн ах манай дүү Сод-Эрдэнэ хоёр бид хоёрыг салгасан. Цогтбаяр ах Мөөгийнөөг гэрт нь хүргээд ирэхэд яасан удаан явдаг юм бэ гэж хэлээд намайг цохисон. Тэгээд маргаан зодоон эхэлсэн. Би огт хэрэглээгүй эрүүл байсан. Цогтбаяр ах пиво уучихсан, унтаад сэрсэн болохоор биеэ хянах чадвартай гайгүй сэргэчихсэн байсан. Би Цогтбаяр ахын нүүрний хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед гэрэл унтарчихсан байсан. Гэрэл асаахад Цогтоо ахын уруул, хамар, чихний хажуу талаас цус гарчихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт баримтаар хохирол төлбөрөө гаргаж өгвөл төлнө. Надад нэмж ярих зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Би өмгөөлөгч аваагүй байгаа өмгөөлөгч авахгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн. Миний хувьд машины асуудлыг бол мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... /хх-ийн 57 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.                

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уянга:

... Шүүгдэгч М.Сын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт байхдаа иргэн Н.Цтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдса нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М. Содбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.Снь хохирогч Н.Цт эрүүл мэндийг зардалтай холбоотой 180.000 төгрөгийг шилжүүлсэн. Н.Цаас цаашид гарах эмчилгээний зардал болох 3.954.000 төгрөгийн үнийн санал бүхий эмнэлгийн баримт гаргаж өгч байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын үнийн дүнгийн нотлох баримтын шаардлага хангаагүй бах тул Н.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Н.Ц:

... Хамар хугарсан юм чинь би найдвартай эмнэлэгт үзүүлмээр байна. Би өөрөө морин циркээр ажилладаг. Доргихоор өвдөөд байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Сын хууль ёсны эрх ашийг хамгаалж оролцож байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргадаггүй. Өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.Цт эмчилгээний төлбөр буюу томографикийн зардал болох 180.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн. Н.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаанд 3.954.000 төгрөгийн мэс заслын төлбөр нэхэмжилсэн боловч шүүхэд өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь нэг хувийн эмнэлгээс үнийн санал авчирсан байна. Ийм учраас Н.Цыг хагалгаандаа орсны дараа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар эмчилгээний зардлаа  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.С:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч М.Сболон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Снь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.Сын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

 Шүүгдэгч М.Сын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч М.С хохирогч Н.Цыг цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч М.С ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Ц ын эрүүл мэндэд хамар ясны зөрүүтэй нийлмэл хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, баруун дух, хамар, хацар, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Ц нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй ч томографикт харуулсан зардал болох 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.954.000 /гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Шүүгдэгч М.Снь хохирогч Н.Цт томографикт харуулсан зардал болох 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Шүүхээс хохирогч Н.Ц ын хамрын хагалгааны төлбөр болох 3.954.000 /гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой шаардлагыг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, харин энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч М.С жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уянга:

... Шүүгдэгч М.Снь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн дагуу хохирлын төлбөр болох 180.000 төгрөгийг бүрэн төлсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Н.Ц:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

... Шүүгдэгч М.Снь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид уичрсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгаолзан үзэж шүүгдэгч М.С450.000 төгрөгөөр торгож өгнө үү. М.Снь өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгуулийн ял төлөгдөх боломжтой гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.С:

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Улсын яллагч ...600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

 

Шүүх шүүгдэгч М.С хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд улмаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тиймээс шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

 

Иймд шүүх шүүгдэгч М.С таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч М.Сторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2434000000048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

    шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

          36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                    зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                           болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б М.С шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2434000000048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид эмчилгээний зардалд 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ш Н.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал болох 3.954.000 /гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч М.С жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б М.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН