| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Б.Цэрэнтогтох,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н Ж.Б холбогдох эрүүгийн 2334004260426 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Завхан аймгийн Сант Маргаз суманд 1999 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Н овгийн Ж.Б.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ж.Б:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334004260426 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ж.Б 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэр хүүхдийн тоглоомын талбай дээр сахиус тасалчихлаа гэх шалтгааны улмаас иргэн Н.Цэцэгсайхантай маргалдаж толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 505 дугаартай ...Н.Ц биед баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаартай ...О.М биед нүүрний зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03-195 дугаартай ...Монгол улсын иргэн О.М эзэмшлийн LG Q-8 маркийн хөх өнгийн гар утасны хохирлын үнэлгээг 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг болно... гэх талаарх дүгнэлт /хх-ийн 41-51 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй хохирогч Э.Э ...Ээж манай ангийн 3 найзын хамтаар Улаанбаатар хот руу явж сургуульдаа бүртгүүлчхээд буцаад аймагтаа оройхон ирсэн. Манай ангийн Анука-н гар утсанд чат ирээд "уулзаж асуудлаа шийдье" гэхээр нь Анука манай ээжид "эгчээ таксины мөнгийг нь өгнө гэнээ очоод хүнтэй учраа олоодхье та хүргээд өгөөч" гээд бид нар хамт Дэнжийн хүүхдийн тоглоомын талбай руу явсан. Очоод бид хэд буугаад Оюука гэх охин та нар юу яриад яацгаагаад байгаа юм" гэхээр нь Анука учраа олох гээд хоорондоо ярилцаж байтал нэг ах цаад талын сааднаас ирсэн. Тэгээд бид нарыг та нар одоо явцгаа гэж хэлчхээд ээж рүү очиж "энд хүүхдүүд зодолдох гээд байна" гэж худлаа ярьсан байна лээ. Тэгээд удалгүй байж байтал бас дахиад сааднаар нэг ах ирээд "зайлцгаа писдануудаа гээд уурлаад байсан. Тэгсэн ээж машинаасаа бууж ирээд бид нарыг явъя гээд байж байтал Оюукагын найз залуу гэх ах манай ээжтэй маргалдах гээд байхаар нь Оюука цааш нь найз залуугаа аваад явсан. Тэгсэн чинь л цаанаас нь ээжийн машин дээр очиж явцгаа гэж хэлж байсан ах манай ээжийн толгой руу 2 удаа цохиод авахаар нь би салгах гээд дундуур нь ортол намайг бас 3 удаа цохисон. Араас манай ангийн 3 охин ирээд болиулах гээд очтол ээжийг цохидог ах манай 3 найзыг бас цохиод "та нарыг бүгдийг чинь алчийлдаа" гэсэн. Тэгээд байж байтал ээжийг цохидог ах дахиад ээжийг алгадаад авсан. Тэгээд цагдаа дуудлаа гэсэн чинь зарим хүмүүс нь зугтаагаад яваад өгсөн. Хэрүүл маргаан болж байхад Оюука намайг "эх шигээ эр янхан минь" гэхээр нь би "ээж бид хоёрыг тэгэж явахыг хэзээ харсан юм бэ" гээд байж байтал манай хэд намайг чимээгүй бай хэрэггүй гээд болиулсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Манай ээж би Хулан, Анука, Мөнгөнзул ээжийг цохидог ах Оюука түүний найз залуу нар ерөнхийдөө байж байсан. Одоо надад өвдсөн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 8 дугаар хуудас/
насанд хүрээгүй гэрч Э.А ...Би ангийнхаа хүүхдийн ээжтэй бас 2 найзын хамт Улаанбаатар хот руу явж сургуульдаа бүртгүүлчхээд буцаад аймагтаа оройхон ирсэн. Мөнгөнзулын гар утсаар Хулан фэйсбүүкээ оруулсан байсан ба ман Эрдэнэ гээд танил дүүгээс нь чат ирээд Биндэрьяатай уулзах хэрэгтэй байна, эгч нартайгаа байгаа юм шиг байна би айгаад байна, та надтай хамт яваад өгөөч" гэхээр нь би Энхбатын ээжид "эгчээ таксины мөнгийг нь өгнө гэнээ очоод хүнтэй учраа олоодхье та хүргээд өгөөч" гээд бид нартай хамт Дэнжийн хүүхдийн тоглоомын талбай руу очсон. Очоод Мөөгий гээд нэг эмэгтэй хүүхэд “та нар одоо миний дошин дээр ирчхээд яах гээд байгаа юм" гэхээр нь бид нар юу ч дуугараагүй. Тэгээд Амин-Эрдэнэ Биндэрьяа нар хоорондоо өмнө нь муудалцсан болохоор учраа олох гээд байж байтал хамт байсан нэг ах Энхбатын ээж дээр очоод буцаж ирснээ “зайлаач та нар" гэж хэлсний дараа Энхбатын ээж машинаасаа буугаад ирсэн. Тэгээд улаан күртиктэй шар үстэй ах Энхбатын ээж рүү нь дайраад зайл балай татсан. Тэгээд Цэцэгсайхан эгч тэр цохидог ахтай маргалдаад байж байтал эгчийн авгай минь гээд маргалдаад байж байтал цаанаас нь нэг ах ирснээ Энхбатын ээжийг цохиод авсан. Энхбат ээжийгээ өмөөрөөд салгах гэтэл тэр ах бас Энхбатыг цохиод авсан. Тэгэхээр нь Мөнгөнзул Энхбат Цэцэгсайхан эгч хоёрыг араас нь салгах гээд нөхөр ирээд тэр цохидог ахыг барьж аваад газар унагаасан. Тэгээд нэг нь нөхрийг нь авч явах гээд байхаар нь бид нар явуулаагүй. Тэгээд Оюукатай Цэцэгсайхан эгч муудалцаад байж байтал Оюука Цэцэгсайхан эгчийн давсаг, хэвлий хэсэг рүү өшиглөөд авахаар нь Мөнгөнзул салгах гээд цамцнаас нь татсан чинь Оюукагын найз залуу нь өмөөрөөд Мөнгөнзулыг үсдэж газар унагаасан. Тэгээд маргалдаад байж байтал Биндэрьяа-н эгч хүрч ирээд тухайн маргааныг болиулсан. Тэгээд бид нар цагдаад хандсан. Би сайн харж чадаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Энхбатын ээж би Мөнгөнзул, Анука, Энхбат Биндэрьяа, Амин-Эрдэнэ, Цэцэгсайхан эгчийг цохидог ах Оюука түүний найз залуу, Мөөгий түүний найз залуу гээд улаан дээлтэй ах байсан. Сүүлд Цэцэгсайхан эгчийн нөхөр, Биндэрьяа-н эгч нар дараа нь ирсэн. Би гар утас гэрийн хаягийг нь мэдэхгүй бид нар фэйсбүүкээр холбогддог юм. Тухайн үед маргаан ноцолдоон болж байхад дундуур нь орж салгах гээд биедээ жаахан гэмтэл авсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 10 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогч О.М ...Би ангийнхаа хүүхдийн ээжтэй бас 2 найзын хамт Улаанбаатар хот руу яаж сургуульдаа бүртгүүлчхээд буцаад аймагтаа оройхон ирсэн. Манай ангийн Анука-н гар утсанд Амин-Эрдэнэ гээд танил дүүгээс нь чат ирээд "Биндэрьяатай уулзах хэрэгтэй байна, эгч нартайгаа байгаа юм шиг байна би айгаад байна, та надтай хамт яваад өгөөч" гэхээр нь Анука Энхбатын ээжид "эгчээ таксины мөнгийг нь өгнө гэнээ очоод хүнтэй учраа олоодхье та хүргээд өгөөч" гээд бид нартай хамт Дэнжийн хүүхдийн тоглоомын талбай руу очсон. Очоод Мөөгий гээд нэг эмэгтэй хүүхэд "та нар одоо миний дошин дээр ирчхээд яах гээд байгаа юм" гэхээр нь бид нар юу ч дуугараагүй. Тэгээд Амин-Эрдэнэ Биндэрьяа нар хоорондоо өмнө нь муудалцсан болохоор учраа олох гээд байж байтал хамт байсан нэг ах Энхбатын ээж дээр очоод буцаж ирснээ "зайлаач та нар" гэж хэлсний дараа Энхбатын ээж машинаасаа буугаад ирсэн. Тэгээд улаан күртиктэй шар үстэй ах Энхбатын ээж рүү нь дайраад зайл балай авгай минь гээд маргалдаад байж байтал цаанаас нь нэг ах ирснээ Энхбатын ээжийг цохиод авсан. Энхбат ээжийгээ өмөөрөөд салгах гэтэл тэр ах бас Энхбатыг цохиод авсан. Тэгэхээр нь би Энхбат Цэцэгсайхан эгч хоёрын араас татаад салгах гээд байтал миний цамцны халааснаас гар утас газар унасан. Тэгээд би авах гээд тонгойтол Цэцэгсайхан эгчийг цохидог ах дээр нь гишгэж утасны дэлгэцийг хагалсан. Тэгээд би утсаа авч чадалгүй гараа авсан. Дараа нь Цэцэгсайхан эгч миний утсыг газраас аваад надад өгсөн. Тэгээд Цэцэгсайхан эгч тэр цохидог ахтай маргалдаад байж байтал эгчийн нөхөр ирээд тэр цохидог ахыг барьж аваад газар унагаасан. Тэгээд Оюукатай Цэцэгсайхан эгч муудалцаад байсан. Тухайн үед юу гэж хэлснийг нь сайн сонсож чадаагүй бүгд шуугилдаад байсан. Тэгээд Оюукагын цамцнаас нь би татсан чинь найз залуу нь өмөөрөөд намайг үсдэж газар унагаасан. Тэгээд маргалдаад байж байтал Биндэрьяа-н гэгч хүрч ирээд тухайн маргааныг болиулсан. Тэгээд бид нар цагдаад хандсан. Бид нарыг очиход саадан дотор пивоны савнууд ширээн дээр нь байж байсан. Яг хэн нь согтуу байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Мөөгийн гээд охины найз залуу улаан дээлтэй ах тэр пивоны савнуудыг хогийн саванд хийж байсан. Энхбатын ээж би Хулан, Анука, Энхбат Биндэрьяа, Амин-Эрдэнэ, Цэцэгсайхан эгчийг цохидог ах Оюука түүний найз залуу, Мөөгий түүний найз залуу гээд улаан дээлтэй ах байсан. Сүүлд Цэцэгсайхан эгчийн нөхөр, Биндэрьяа-н эгч нар дараа нь ирсэн. Би сайн мэдэхгүй, зүгээр зарим хүмүүсийг нь зүс мэднэ. Хулан зарим нэгнийг нь таньж мэдэх байх. Одоо надад өвдсөн зүйл байхгүй. Толгой жаахан өвдөж хүзүүгээр янгинаж өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Оюука над руу 08 дугаар сарын 17-ны өдөр утсаар залгаад "Манай найз залуу чамайг цохиогүй юм байна лээ шүү" гэхээр нь би "тухайн үед харанхуй байсан бас тэр 2 ахын аль нь гэдгийг сайн ялгахгүй байсан, цагдаагийн газар ирээд Цэцэгсайхан эгчийг цохидог ах байна лээ" гэж хэлтэл Оюука "ер нь хоёулаа цагдаа гэхгүйгээр нэг нэгээрээ зодолдчье" гэхээр нь "үгүй ээ" гэхэд утсаа салгасан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Л.Х ...Би ангийнхаа хүүхдийн ээжтэй бас 2 найзын хамт Улаанбаатар хот руу явж сургуульдаа бүртгүүлчхээд буцаад аймагтаа оройхон ирсэн. Манай ангийн Анука-н гар утсанд бас над руу Амин-Эрдэнэ гээд танил дүүгээс нь чат ирээд “Биндэрьяатай уулзах хэрэгтэй байна, эгч нартайгаа байгаа юм шиг байна би айгаад байна, та надтай хамт яваад өгөөч" гэхээр нь Анука Энхбатын ээжид "эгчээ таксины мөнгийг нь өгнө гэнээ очоод хүнтэй учраа олоодхье та хүргээд өгөөч" гээд бид нартай хамт Дэнжийн хүүхдийн тоглоомын талбай руу очсон. Очоод Мөөгий гээд нэг эмэгтэй хүүхэд “та нар одоо миний дошин дээр ирчээд яах гээд байгаа юм" гэхээр нь бид нар юу ч дуугараагүй. Тэгээд Амин-Эрдэнэ Биндэрьяа нар хоорондоо өмнө нь муудалцсан болохоор учраа олох гээд байж байтал хамт байсан нэг ах Энхбатын ээж дээр очоод буцаж ирснээ "зайлаач та нар" гэж хэлсний дараа Энхбатын ээж машинаасаа буугаад ирсэн. Тэгээд улаан күртиктэй шар үстэй ах Энхбатын ээж рүү нь дайраад зайл балай авгай минь гээд маргалдаад байж байтал цаанаас нь нэг ах ирснээ Энхбатын ээжийг цохиод авсан. Энхбат ээжийгээ өмөөрөөд салгах гэтэл тэр ах бас Энхбатыг цохиод авсан. Тэгэхээр нь би Энхбат Цэцэгсайхан эгч хоёрыг араас нь Мөнгөө салгах гээд татсан. Тэгээд Цэцэгсайхан эгч тэр цохидог ахтай маргалдаад байж байтал эгчийн нөхөр ирээд тэр цохидог ахыг барьж аваад газар унагаасан. Тэгээд нэг нь нөхрийг нь авч явах гээд байхаар нь бид нар явуулаагүй. Тэгээд Оюукатай Цэцэгсайхан эгч муудалцаад байж байтал Оюука Цэцэгсайхан эгчийн давсаг хэсэг рүү өшиглөөд авахаар нь Мөнгөө салгах гээд цамцнаас нь татсан чинь Оюукагын найз залуу нь өмөөрөөд Мөнгөнзулыг үсдэж газар унагаасан. Тэгээд маргалдаад байж байтал Биндэрьяа-н эгч хүрч ирээд тухайн маргааныг болиулсан. Тэгээд бид нар цагдаад хандсан. Бид нарыг очиход саадан дотор пивоны савнууд ширээн дээр нь байж байсан. Яг хэн нь согтуу байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Мөөгийн гээд охины найз залуу улаан дээлтэй ах тэр пивоны савнуудыг хогийн саванд хийж байсан. Энхбатын ээж би Мөнгөнзул, Анука, Энхбат Биндэрьяа, Амин-Эрдэнэ, Цэцэгсайхан эгчийг цохидог ах Оюука түүний найз залуу, Мөөгий түүний найз залуу гээд улаан дээлтэй ах байсан. Сүүлд Цэцэгсайхан эгчийн нөхөр, Биндэрьяа-н эгч нар дараа нь ирсэн. Би өмнө нь таньдаг фэйсбүүкээр л найзууд, гар утасны дугаар гэрийн хаягийг мэдэхгүй. Биндэрьяа нь МСҮТ-н арын түрээсийн байрны 2 давхарт байдаг гэсэн. Мөөгий нь МСҮТ-н 2-р курс гэсэн. Амин-Эрдэнэ 1000-н айлд байдаг. Оюука 5-р хороонд амьдардаг. Би шаардлагатай мэдээллийг нь олоод өгье. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй... /хх-ийн 15 дугаар хуудас/,
хохирогч Н.Ц ...Би эрх үүргээ ойлгосон надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би болон манай хүүхэд Э.Энхбат түүний ангийн 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотоос 19 цаг өнгөрч байхад Төв аймгийн Зуунмод суманд ирсэн. Ирэх замд хүүгийн ангийн охин "нэг хүнтэй уулзах болчихлоо, учраа олье гэнээ" гэхээр нь би Ланс 2 дугаар баг хүүхдийн тоглоомын талбай дээр хүргэж өгсөн. Тэгээд манай хүүхэд болон ангийн охидууд машинаас буугаад би машиндаа үлдсэн. Тэгээд удалгүй нэг залуу над дээр ирээд “хөөе эд нарыгаа аваад яв, эмэгтэй хүүхдүүд зодоон хийх гээд байна" гэхээр нь би "би одоо аваад явлаа" гэж байтал цаанаас тэр Оюука гэдэг хүүхэд "Энхбатаа ээж шигээ эр янхан минь чи зүгээр байгаарай" гэхээр нь манай хүү “та одоо юу гээд байгаа юм бэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "чи энэ үгийнхээ утгыг мэдэх үү, чи тайлбарлаж чадах уу" гэж хэлээд байж байтал Оюука миний хэвлий, давсаг хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд тэрний найз залуу цааш аваад явсан. Дараа нь би нөхрөө дуудаад манай нөхөр над дээр алхаж ирээд намайг цохисон залууд хандаж "чи эмэгтэй хүнийг зодоод гар хүрч яаж байгаа юм" гэхэд өөдөөс нь "хоёулаа ийшээ гараад үзчье" гэхэд нөхөр "би архи уусан хүнтэй зодолдохгүй" гэж хэлээд би хэлсэн. Дараа над дээр ирсэн залуу муухай чанга дуугаар “хөөе писдануудаа зайлцгаа" гэж орилоод байхаар нь би гарч очоод хүүхдүүд айлгачихвийдээ гэж бодоод очсон. Тэгсэн чинь Оюука гэх хүүхдийн найз залуу тоглоомын талбайн урд талд зогсож байсан юм. Тэгээд би хүүхдээ найзуудтай нь хамт аваад явах гэсэн чинь тэр Оюукагын найз залуу гэх залуу "Зайлцгаа писдануудаа" гэхээр нь би "чи хэнийг зайл гээд байгаа юм бэ" гээд тэр залуу дээр очсон чинь миний өөдөөс гар далайхаар нь би өөрийгөө хамгаалаад түлхсэн. Тэгсэн цаад талаас тэд нартай хамт байж байсан өмнө нь миний машин дээр ирж байсан залуу шууд над дээр ирснээ миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод авахаар нь би заамдаж авсан. Манай хүүхэд Э.Энхбат намайг өмөөрөөд салгах гээд иртэл бас манай хүүхдийн толгой хэсэг рүү нь 3-4 удаа цохисон. Хамт байсан хүүгийн ангийн охидууд бас салгах гээд сандралдаад байсан. Би тэгээд хүүхэддээ "холд эндээс" гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гээд байж нөхрийгөө машин руугаа оруулж суулгасан. Тэгээд дараа нь цагдаа дуудах гээд мунгинаж байхад тэнд байсан хүмүүсийн зарим нь зугтаагаад яваад өгсөн. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. Миний толгой маш их өвдөөд байна. Тийм ээ. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Оюука гээд охин насанд хүрээгүй хүүхэд байж намайг миний хүүхдэд "ээж шигээ, эхийгээ дуурайсан эр янхан минь" гэж харааж зүхсэн. Би гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,
хохирогч Ж.Б ...Би эрх үүргээ ойлгосон надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод суманд найз Ууганбаатар дээр ирсэн. Тэгээд орой болоод дэнжийн хүүхдийн тоглоомын саадан дээр сууж байсан. Тэгээд найз Ганбаяртай таараад уулзаж сууж байтал түүний найз охин Оюука гэх охин ирсэн. Удалгүй Саната-7 машинаас баахан охидууд бууж ирээд Ганбаярын найз охин Оюукатай муудалцаад байхаар нь би "та нар одоо больцгоо" гэтэл өөдөөс уурлаад байсан юм. Тэгэхээр нь би ирсэн машин дээр нь очиж нэг эгчид "баахан жоохон хүүхдүүд муудалцаад байхад авч яваачээ, болиоч ээ" гэж хэлтэл өөдөөс тэр эгч "чи юу юм, чамд ямар хамаатай юм гичий минь" гэж хэлсэн. Тэгээд Ганбаяр "та нар болиоч ээ, зайлцгаа" гэж орилтол тэр машинд байсан эгч намайг гэж бодоод над руу дайраад миний хүзүүнд байсан сахиусыг тасдаад хаясан. Тэгсэн өөдөөс тэр эгч өөдөөс дайраад миний хүзүүг майжсан. Тэгээд эгчтэй муудалцаад байж байсан чинь нэг ах над дээр ирснээ намайг унагааж цохисон. Тэгээд хэн нь цохиж байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс дээрээс цохиод байсан. Удалгүй манай найз Ууганбаатар намайг салгаад хүнээр гуйлгаж Ууганбаатарын гэр рүү хүргүүлсэн. Надтай маргалддаг эгчийн нөхөр намайг барьж авч газар унагаасан. Миний 2 хөмсөг хавдсан байгаа. Бас хүзүү маажсан болохоор хумсны оромтой байгаа. Тийм ээ. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,
холбогдогч Ж.О ...Би эрх үүрэгтэй танилцлаа надад асууж тодруулах зүйл байхгүй. Уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум 4-р баг Зүүндэлгэрт хүргэн Энхболд-н гэрт засварын ажил хийгээд байж байтал 21 цаг болж байхад хамтран амьдрагч Н.Цэцэгсайхан руу утсаар залгаж "хаана явж байна" гэхэд "хүүхдүүд хүнтэй уулзана гэнээ Дэнжийн тоглоомын талбай дээр очно" гэхээр нь би тийшээгээ алхаад яваад очсон. Тэгээд би эхнэрийнхээ машинд ороод суугаад байж байтал нэг залуу "эмэгтэй хүүхдүүд зодолдох гээд байна, хүүхдүүдээ аваад яв гэж хэлээд цаашаагаа явснаа тэр залуу хүүхдүүдийг одоо та нар явцгаа, зайлцгаа гэж хэлсэн. Тэгээд бужигнаан болоод байхаар нь би яваад очсон чинь манай эхнэрийг цохисон залууд нь хандаж "чи яахаараа эмэгтэйн хүнд гар хүрдэг юм" гэхэд өөдөөс "чамд ямар хамаатай юм" гэхээр нь би барьж аваад газар унагаасан. Дараа нь намайг хэдэн залуучууд авч яваад үзчье гээд байсан. Эхнэр уурлаад намайг машиндаа суулгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хүмүүс тарцгаасан. Би эрүүл байсан. Би энгэрээс нь барьж аваад татаад газар унагаасан. Би хүний биед халдаж цохиж зодсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,
холбогдогч Б.Г ...Би эрх үүрэгтэй алаглахад татгалзах тодруулах зүйл байхгүй. Уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад Зуунмод суманд гартай ирсэн. Манай найз охин Оюунсугар гэрийн гадаа найзтайгаа ирсэн байхаар нь би уулзаад гэгээ тасарч байхад дэнжийн саадан дээр очсон. Манай найз охин үеийнхээ найзуудтайгаа муудсан учраа олох гэсэн юм аа гээд дуудсан юм шиг байгаа юм. Тэгээд Соната-7 маркийн саарал өнгийн машинтай эмэгтэй эрэгтэй хүүхдүүд бууж ирээд маргалдаад учраа олохгүй хэрэлдэх маягтай болоод байхаар нь би тоглоомын талбайн хаалган дээр байж байхдаа "хүүхдүүдээ аваад явцгаа хэл ам хиймээргүй байна" гэж хашгирсан. Тухайн үед хүмүүсээс хол байсан учир тэгэж чанга дуугарсан юм. Тэгсэн чинь машинаас нэг эгч бууж ирсэн. Тэгээд би больцгоо, явцгаа гэхэд өөдөөс энэ олон нийтийн талбай болохоос та нарын газар биш гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд би зугтаад хойшоогоо ухарсан чинь миний урдуур найз Батсуурь ороод салгасан. Тэгсэн цаана нь манай найз охинтой нэг охин зууралдаад байхаар нь би очиж нөгөө охиныг нь ардаас нь татаад Оюукаг тэврээд тоглоомын саадны хойд булан руу авч яваад тэнд суулгасан. Эргээд харсан чинь нэг ах манай найз Батсуурь-г цохиж зодоод байж байх шиг байсан. Би очих гэсэн манай найз охин ардаас дагаад байхаар нь би очоогүй. Тэгээд тэр хүмүүс бужигнаж байгаад сааднаас холдоод яваад өгцгөөсөн. Удалгүй Батсуурь Ууганбаатарыг дуудаад гэр рүү нь явсан гэсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө тоглоомын талбай дээр байж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Би тухайн үед пиво амссан байсан. Би тэр охины зүүн мөрнөөс нь гараараа татсан чинь газар сөхрөөд унаад өгсөн. Нэг ардаас нь тонгойгоод босье гэж бодтол босоод ирэхээр нь би найз охиноо аваад цааш явсан. Би хүний биед халдаж цохиж зодсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй холбогдогч Б.О ...Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр найз залуу Ганбаярын гэрт байж байхад Биндэрьяа, Мөнхболор хоёр орж ирээд надад грүпп чатаа харуулсан. Тэгээд тэр чатан дээр хүмүүс хоорондоо маргалдсан байсан ба намайг хамт уулзчихаад ирье гэхээр нь би гэр рүүгээ очиж хувцсаа солиод Дэнжийн тоглоомын саадан дээр 20-21 цагийн үед очоод Биндэрьяа "миний утас унтарчихлаа, андаа чиний утсаар чат бичье" гэхээр нь би утсаа өгсөн. Тэгээд чатны цаанаас маргалдаад байсан хүүхэд найзуудтайгаа ирээд бид нар учраа олох гээд байж байтал цаанаас нэг эгч машинаас бууж ирээд "чи яахаараа манай хүүхдүүдийг дууддаг юм" гээд надад уурлаад байхаар нь уур хүрээд давсаг руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд автал Мөнгөнөө гээд охин нь намайг үсдэхээр нь манай найз залуу салгаж аваад тоглоомын талбайн булан руу аваачиж суулгаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
холбогдогч Ж.Б ...Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод суманд найз Ууганбаатар дээр ирсэн. Тэгээд орой болоод дэнжийн хүүхдийн тоглоомын саадан дээр сууж байсан. Тэгээд найз Ганбаяртай таараад уулзаж сууж байтал түүний найз охин Оюука гэх охин ирсэн. Удалгүй Саната-7 машинаас баахан охидууд бууж ирээд Ганбаярын найз охин Оюукатай муудалцаад байхаар нь би "та нар одоо больцгоо гэтэл өөдөөс уурлаад байсан юм. Тэгэхээр нь би ирсэн машин дээр нь очиж нэг эгчид "баахан жоохон хүүхдүүд муудалцаад байхад авч яваачээ, болиочээ" гэж хэлтэл өөдөөс тэр эгч "чи юу юм, чамд ямар хамаатай юм гичий минь" гэж хэлсэн. Тэгээд Ганбаяр "та нар болиоч ээ, зайлцгаа" гэж орилтол тэр машинд байсан эгч намайг гэж бодоод над руу дайраад миний хүзүүнд байсан сахиусыг тасдаад хаясан. Тэгсэн өөдөөс тэр эгч өөдөөс дайраад миний хүзүүг майжсан. Тэгээд эгчтэй муудалцаад байж байсан чинь нэг ах над дээр ирэнээ намайг унагааж цохьсон. Тэгээд хэн нь цохиж байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс дээрээс цохиод байсан. Удалгүй манай найз Ууганбаатар намайг салгаад хүнээр гуйлгаж Ууганбаатарын гэр рүү хүргүүлсэн. Миний сахиусыг тастсанаас хойш тэр эгчтэй маргалдаж байтал тэр эгчийн нөхөр нь намайг газар унагаагаад тэгээд бужигнаан болсон. Адилхан хэрэлдэж хэл үгээр доромжилсон. "писда, сахиус өгөөгүй болохоор их уурлаад хараасан" гэх мэтээр. Тэр эгч л намайг гичий минь гээд хараагаад байсан. Тэр эгчийг түлхсэн, сахиусаа авах гэж байгаад алгадаад авсан. 2,5 литрийн "Нийслэл" нэртэй пиво 2 ширхгийг Ууганбаатарын хамт гэрт нь уусан байсан. Тэгээд 2 ширхэг лааз пиво саадан дотор уугаад сууж байтал хүмүүс ирсэн. Би ямар хүнд цохиулж зодуулснаа мэдэж байна. Эрэгтэй хүн байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан гэж үзэж байна. Би зүс мэддэг ч утас гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. Ганбаярын утасны дугаар-90484790. Би Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйн биед халдаж цохиж зодон түүний хүү Э.Энхбатын биед мөн адил биед нь халдан насанд хүрээгүй хохирогч О. Мөнгөнзулын гар утсан дээр гишгэж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Би танихгүй, зүс мэднэ. Оюукатай хамт хэрүүл маргаан болж байхад сүүлд ирсэн хүмүүс. Би энэ хүмүүсийг ойлгохгүй байна. Надаар яг яах гээд байгаа юм. Яагаад намайг гүтгээд байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
хохирогч Н.Ц ...Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүү Э.Энхбатын хамт хүүгийнхээ найзууд болох М, Х, А нартай хамт өөрийн эзэмшлийн соната 7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хот ороод орой 20 цагийн үед ирээд музейн урд талд зогсож байтал Хулан надаас эгчээ та таксинд явах уу гэж асуухаар нь яасан чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь манай найзын утас руу Оюука гээд 5-р багт байдаг охиноос доромжилсон мессеж ирээд Зуунмод сумын 2-р багийн тоглоомын талбай дээр ир гээд байна гэнээ манай найз ганцаараа очиж чадахгүй байна бид нарыг хүрээд ирээч гээд байна гэж хэлхээр нь би Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн тоглоомын талбай М, А, Х, Э нарыг хүргэж өгсөн. Очиход тоглоомын талбай дээр Оюука гэх охин 2 найз охинтойгоо 3-4 залуу байсан. Би машиндаа суугаад үлдсэн Мөнгөнзул Анударь Хулан Энхбат нар буугаад явсан. Би машин дотроосоо хараад сууж байтал 30 гарна насны намхан махлаг монхор хамартай залуу ирээд энэ охидууд чинь хоорондоо зодолдох гээд байна чи энэ хүүхдүүдээ аваад яваач гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад юу болов гээд нөгөө залуугийн араас алхаад хүүхдүүд дээр очсон чинь Оюукагийн найз залуу гээд улаан цамцтай шар толгойтой залуу байсан тэр залуу намайг цохих гээд гараа далайхаар нь би цаашаа түлхсэн чинь эхлээд машин дээр ирсэн залуу цаанаас босож ирээд гараа зангидаж байгаад миний толгойруу хоёр удаа цохисон чинь манай хүү Энхбат ирээд болиоч ээжийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний хүүхдийг бас цохисон. Намайг цохисон залууг барьж аваад заамдсан чинь хүзүүнд нь байсан жижиг хонхны уяа нь тасрахаар нь би аваад хүний юмыг газар хаяад яах бэ гээд би халаасандаа хийсэн. Мөнгөнзул намайг салгах гээд татаж байх үед нь Мөнгөнзулын гар утас нь унасан чинь намайг цохисон залуу гишгээд хагалчихсан. Би тоглоомын талбай дээр байсан хүмүүстэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй намайг ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй байна. Намайг зодсон гэх хүнийг би танихгүй. Миний тархи хөдөлсөн би шүүх эмнэлэгт үзүүлсэн биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Намайг зодсон залуу надтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй харин Оюука гээд охинд маш их гомдож байна. Миний хүүхдийг ээж шигээ эр янхан минь гэж хэлсэнд маш их гомдож байна... /хх-ийн 34 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй хохирогч О.М ...Би урд нь зөрчил дээр хэргийн талаар болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Миний утасны хохирол болох 140.000 мянган төгрөгийг Ж.Бнь бүрэн барагдуулсан тул надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 38 дугаар хуудас/,
сэжигтэн Ж.Б ...Би Н.Ц, О.М нарыг танихгүй ээ 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр л анх харсан. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болсон зүйлийн талаар бүгдийг нь зөрчил дээр холбогдогчоор мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад санал хүсэлт байхгүй. Би хохирогч Н.Ц хохирол барагдуулсан зүйл байхгүй тухайн үед Н.Ц бид зууралдаад байж байтал бид хоёрыг салгах гээд тэнд байсан хүүхдүүд татаж чангааж байгаад би О.М гээд хүүхдийн утсыг гишгээд хагалчихсан байсан. Дараа нь би утасны хохирлыг барагдуулсан. Н.Ц гэх хүнтэй уулзаж уучлалт гуйсан надаас нэхэмжлэх зүйл байхгүй надад ямар нэгэн санал гомдолгүй гэж хэлсэн... /хх-ийн 72 дугаар хуудас/,
яллагдагч Ж.Б ...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Та тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй зөрчлийн хэрэг дээр холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй байна. Би хохирогч Н.Ц хохирлыг барагдуулсан зүйл байхгүй Н.Ц өөрөө ямар нэгэн санал гомдол байхгүй надад нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Дундуур нь салгах гэж байгаад утас нь эвдэрсэн О.М гээд хүүхдийн Эй Жэй Жэй Эм ХХК-аар үнэлгээ хийлгэсэн 140.000 мянган төгрөгийг би өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна... /хх-ийн 81 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Шүүгдэгч Ж.Бнь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэр хүүхдийн тоглоомын талбай дээр сахиус тасалчихлаа гэх шалтгааны улмаас иргэн Н.Ц маргалдаж толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ж.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Н.Ц гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Б:
...Миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ж.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Ж.Б холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ж.Б хохирогч Н.Ц цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ж.Б гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Ц биед баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Н.Ц нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг оруулж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчид руьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Б:
...Малтай болохоор хэцүү байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагч ...таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Б хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан Өлгийн 28 дугаар гудамжны 422 тоот хаягаас явахыг, тодорхой газар очихыг буюу Улаанбаатар хотоос бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн 2334004260426 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н Ж.Б эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан Өлгийн 28 дугаар гудамжны 422 тоотод оршин суух газраас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Улаанбаатар хотоос бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүгдэгч Н Ж.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2334004260426 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Бэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН