Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0044

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 6 сарын 28-ны өдрийн 30 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч У.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 1 сард анх  тэтгэвэр тогтоолгохдоо шимтгэл төлж байсан хугацааны болзол хангаагүй байхдаа тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7-р зүйлийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.М  Х.М  нарын 2016 оны 6 дугаар сарын 28-ны 30 тоот “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” акт гаргасныг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 2 Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заажээ.

Миний бие анх тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн алба хаасан хугацааны лавлагааг дутуу гаргаж өгснөөс болоод энэ асуудал үүссэн. 1987 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл барилгын цэргийн 073-р ангид алба хаасан талаарх лавлагааг тухайн үед хамаатны хүнээрээ авахуулж гаргаж өгөөд 1989 оны 6 сарын 22-ноос 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл АА-072-р ангид алба хаасан талаарх лавлагааг гаргаж өгөөгүй байна.

Тухайн үед өөрөө уг лавлагааг дутуу гаргаж өгсөн гэдгээ анзаараагүй. Лавлагааг хүлээн авсан нийгмийн даатгалын ажилтан ч гэсэн ажилласан жил дутуу байна гэдэг асуудлыг тухайн үед тавиагүй. Акт тавигдсаны дараа гаргасан гомдлын дагуу Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Батлан хамгаалахын төв архивт хүсэлт гаргаж, цэргийн алба хаасан талаарх лавлагааг хүсэхэд Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 262 тоот албан бичгээр У.Б нь 1987-1990 онд цэргийн алба хаасан лавлагааг хүргүүллээ. 2012 оны 10 сард У.Б нь лавлагаа авах хүсэлтээ дутуу хэлсэн учраас 1989 оны 6 дугаар сарын 22-ноос 1990 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэл АА-072-р ангид алба хаасан талаарх лавлагааг гаргаж өгөөгүй гэсэн хариуг Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн.

Энэ лавлагаагаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7-р зүйлд заасныг зөрчөөгүй болох нь тогтоогдсон учир Ховд  аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.М  Х.М  нарын 2016 оны 6 дугаар сарын 28-ны 30 тоот “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 294 тоот албан бичгээр “...зөвлөл байгуулаагүй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ үү...” гэсэн тул танай шүүхэд хандсан болно. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч Х.М , Н.М  нар шүүхэд гаргасан тайлбартаа: У.Б нь анх тэтгэвэр тогтоолгоход Батлан хамгаалахын төв архивын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7695 дугаар лавлагааг үндэслэсэн ба уг лавлагаагаар 1987 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан лавлагаатай, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа нь Үенч сумын Эрчим хүчний үйлдвэрт нийт 2007 оноос 2008 онд 4 сар, Улаанбаатар хотын дүүргүүдэд 2013 оны 4 сар шимтгэл төлсөн байсан.

Нийт ажилласан хугацааг тооцоход цэрэгт 1 жил 8 сар 4 хоног, шимтгэл төлж ажилласан хугацаа 8 сар, нийт 2 жил, 4 сар, 4 хоног байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг тус тус хангаагүй тул өмнөх авсан хугацааны тэтгэврийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт бичсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Б нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын байцаагч нарт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 6 сарын 28-ны өдрийн 30 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нийтийн эрх зүйн маргаан тул хэргийн харьяаллын, нэхэмжлэгч У.Б нь Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлсэн,  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана”  гэснээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяаллыг тус тус зөрчөөгүй бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Н.М , Х.М  нар нь 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 30 дугаар “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх” тухай улсын байцаагчийн актаар Булган сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалгалт хийж, Булган сумын тахир дутуугийн тэтгэвэр авч У.Бнь “нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангаагүй байхдаа тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон” гэх үндэслэлээр 6688982 төгрөгийн нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч У.Б  нь уг хуулийн шаардлага хангасан гэж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохоор 2012 оны 10 сарын 14-ний өдөр хүсэлт болон холбогдох баримтыг Ховд аймгийн Булган сумын Нийгмийн даатгалын байцаагчид гаргажээ.

     Булган сумын Нийгмийн даатгалын байцаагч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 4.1.1-д заасан “...Сумын нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, .... бүрэн бүрдэж “тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан” гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээж...” гэж зааснаар тахир дутуугийн тэтгэврийн хувийн хэрэг нээж, уг журмын 4.1.2-д “Сум /хороо/-ын нийгмийн даатгалын байцаагч нь энэ журмын 4.1.1-д заасан баримт бичгийг үндэслэн хүн тус бүрээр тэтгэвэр тогтоох нөхцөлийг компьютерын нэгдсэн мэдээлэлд оруулан тэдгээрийн “тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг тэтгэвэр бодсон цалингийн хамт хэвлэж тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргана”. 4.1.3-д “Хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар энэ журмын 4.1.2-т заасны дагуу иргэнд шинээр тогтоосон тэтгэврийн хэмжээг хянаж, тухайн иргэний “тэтгэвэр тогтоолтын хуудас”-д гарын үсэг зурж, хэлтсийн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж заасны дагуу У.Б-ын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэж 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тэтгэвэр тогтоолтын хуудсыг хэвлэн гарын үсэг зурж, хэлтсийн тэмдэг дарж баталгаажуулан 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцож тэтгэвэр олгож эхэлсэн болох У.Б-ын №191890 дугаартай “Тэтгэврийн хувийн хэрэг”-т үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар У.Б-д тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон байх тул нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь акт тогтоосон үндэслэлээ тайлбарлахдаа “...У.Б  нь анх тэтгэвэр тогтоолгохдоо Батлан хамгаалахын төв архивын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7695 дугаар лавлагаагаар 1 жил 8 сар 4 хоног, Үенч сумын эрчим хүчний үйлдвэрт 8 сар, нийт 2 жил 4 сар 4 хоног шимтгэл төлсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн” гэж маргажээ.

Нэхэмжлэгч У.Б нь анх тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “...Уатайн Б нь Батлан хамгаалахын сайдын 1987.06.17-ний өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.10.15-ны өдрөөс Ховд аймгаас цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид байлдагчаар алба хааж байгаад ААТШ-ын 1989.06.19-ны өдрийн 165 дугаар тогтоолоор 1989.06.22-ны өдрөөс 1990.04.27-ны өдөр хүртэл 072 дугаар ангид алба хааж байгаад бие бүрэлдэхүүний хангалтаас хасаж орон нутагт нь бэлтгэлээр халсан...” гэх 1701 дүгээр архивын лавлагаа,

Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “...У.Б-ын Үенч сумын эрчим хүчний газарт шимтгэл төлж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, шимтгэл төлсөн / 2007 оны 7,8,9 дүгээр сар, 2008 оны 3,5,8 дугаар / лавлагаа,

Гэрч С.Бүрэнсайханы “...У.Б нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргасны дагуу дахин Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа авахад У.Б-ын шимтгэл төлсөн хугацаа бүрэн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Энхбаатарын “...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс дахин У.Б-ын лавлагааг гаргуулахаар Батлан хамгаалах яамны төв архивт албан бичиг хүргүүлэхэд У.Б нь 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан... Үенчийн цахилгаан станцад ажиллаж байсан хугацааны 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байсан. Ингээд У.Б нь улсад 3 жил ажилласан болох нь баримтаар нотлогдсон тул тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүссэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар акт гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “...Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна...” гэж заасан ба нэхэмжлэгч У.Б нь тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохоор хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр үйлдэл гаргаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрчийн болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрх байдлаас үндэслэн тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас /Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.СОНИНБОЛОР