Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 13

 

 

МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг  
Улсын яллагч Б.Уранцэцэг
Иргэдийн төлөөлөгч Т.Чинбаяр                  
Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ж.Цээсүрэн
Шүүгдэгч П.Баатаржав нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”
танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Баатаржавт холбогдох 201617000311 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

         Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  тракторьчин мэргэжилтэй, хувийн мал маллах, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “ Баянбулаг “ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл,  хэрэг  хариуцах  чадвартай, Хатагин овогт Пүрэвээгийн Баатаржав / РД: ЛМ 73102717/

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
 
Шүүгдэгч П.Баатаржав нь  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянбулаг гэх газарт байрлах гэртээ эхнэр Б.Оюун-Эрдэнэтэйгээ маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн  түүний толгойн тус газарт шаазан аягаар цохиж  санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан  яллах болон хөнгөрүүлэх талын дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч П.Баатаржав шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхнэр хүүхдээ сумын төв рүү явуулсан.  Сумын төв явсан шалтгаан нь манайх сард гурван хүүхдийн мөнгө авдаг, сонгуулиас хойш 180,000 төгрөг болох 3 сарын мөнгө аваагүй байсан. Хүүхдийн мөнгөө аваад, хүүхэддээ паспорт захиалж, ойр зуурын юм авахаар явсан.Эхнэр хүүхэд хоёр сумаас  14-ний өдөр гэртээ ирэхэд нь би хонин дээр байсан. Хонин дээр байхад манай хүү ирээд, таныг ээж дуудаж байна гэж хэлсэн. Та хоёр яагаад удав гэж асуухад “ээж архи уугаад ирсэнгүй” гэж хэлсэн. Паспортаа авсан уу гэхэд “аваагүй, ээжтэй өнөөдөр л уулзлаа” гэж хэлсэн. Би хүүхэддээ морио үлдээгээд, мотоциклийг нь унаад гэртээ ирэхэд сонгуулийн хүмүүс ирсэн байсан. Тэдгээр хүмүүстэй ярилцаж байхад ширээн дээр шанаганд ус хийгээд тавьсан байхыг хараад, хүн ирээд байхад цай чанаж өгөхгүй гэхэд Түмэндэлгэр дарга идээ амссан зүгээр гэж хэлсэн. 10 гаруй минутын дараа гэрээс гарч сонгуулийн хүмүүст зам зааж өгөөд, орж ирэхэд “Энх-Амгалан бид нар ууж байсан юм гээд тал шил архи гаргаж ирээд” надад хийж өгөхөд би амсаад өгсөн. Тэгээд эхнэртээ 2-3 хоногоор сумын төв явлаа, ажил төрлөө бүтээсэн үү гэхэд “ажил төрөл бүтээсэн зүйлгүй, хүүхдийн паспортыг дараа яваад авна” гэж хэлсэн. Тэгэхэд нь  бас нэг төв явах далим гарч байна уу гэж би хэлсэн. Хүүхдийн мөнгө авсан дээрээ  паспортыг  захиалахгүй, бас л мөнгө хэрэг болно гэхэд “чиний мөнгөөр архи уугаагүй, хүүхдийн мөнгө авах чамд хамаагүй” гэсэн. 2-3 хоногоор архи уугаад хүн муу хэлнэ гэхэд талийгаач намайг загнаад байсан, юу гэж хэлж байсныг санахгүй байна.Сумын төвд  2-3 хоногоор архи уухдаа юу хийсэн юм  гэхэд, миний явж суухыг чи надад заахгүй, чамд хамаагүй гэж хэлээд намайг шанагаар 2-3 удаа цохисон. Шанагаар цохиход би гэрийн хойморт  байсан. Буцаад  баганын тэнд зогсож байхад нь би аяга аваад чулуудсан. Тэгтэл аяга багананд цохигдоод хагарав уу гэтэл доошоо дөрвөн хөллөөд өвдөглөөд суугаад байсан. Тухайн үед уурандаа багтраад ухаан алдлаа гэж бодсон. Ганжий, Ариунжаргал, Баяраа гурав орон дээр өргөж тавихад би дэр авч өгөөд, гайгүй байх гэж хэлсэн. Манайд байсан хүмүүс цай уучихаад явсан. Хүмүүсийг явсных нь дараа хөөе гэхэд дуугарахгүй байхаар нь алчуур чийглээд, толгой дээр нь тавьж, цээжийг нь норгоход дуугарахгүй болохоор нь түргэн дуудъя гэж хүүдээ хэлсэн. Тэгээд Жоохоо ахад нь очоод хэлье гээд хүүгээ явах уу гэхэд, хүү аав та яв  гэсэн. Явах гэж байтал Батхуяг ирсэн. Түүнтэй хамт явж түргэн дуудъя эгч нь ухаан орохгүй эвгүй байна гэсэн. Тэгээд дүү Баасанбаяраар түргэн дуудуулсан. Түргэн ирээд энэ хүн болохгүй болчихож гэж  хэлсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Өөрийн ханийн амь насыг хохирооё гэсэн санаа бодол байгаагүй. Би өөрөө өнчин өрөөсөн өссөн, хүүхдүүдээ өнчрүүлье гэж  бодоогүй. Өөрийн буруугаас хань ижлээ алдсандаа харамсаж байна гэв. 

 -Хохирогчийн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: Би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг болохоор эгч нартайгаа утсаар л холбоотой байдаг. 2016 оны 10 дугаар  сарын 14-ний орой Оюун-Эрдэнэ эгчийн нөхөр Баатаржав ахын төрсөн дүү Баасанбаяр нь утсаар эгч чинь өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэцагаанд ирээд болсон хэргийн талаар мэдсэн. Тэгээд бид ярилцаад намайг хохирогчоор оролцуулахаар болсон. 
 ... Ард нь үлдсэн өнчин хүүхдүүдийн хойшдын амьдралыг бодоод гомдолгүй гэдгээ хэлж байна. Бидний хувьд амьдралын боломж муутай учраас хүүхдүүдийг нь өсгөх нь хэцүү шүү дээ. Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэв./хх-16-17/

-Гэрч М.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...багцаагаар 13 цагийн орчимд Батбаяр бид 2 мотоцикльтой Баатаржавын гэрт очиход Баатаржавын эхнэр Оюун-Эрдэнэ нь хүү Батчулууны хамт мотоцикльтой сумын төвөөс дөнгөж ирж байсан. Мөн талийгаач Оюун-Эрдэнийн дүү Ганжий нь нөхөр Гантулгын хамт мотоцикльтой ирсэн. Зэрэгцээд Ардын намын сонгуулийн сурталчилгааны хүмүүс ирсэн.  Үүний дараа Баяраа буюу Баттөр ирсэн. Баттөрийг хүмүүс Баяраа гэж дууддаг. Ингээд цай уугаад сууж байсан чинь талийгаач Оюун-Эрдэнэ хүү Батчулуундаа хандаж аавыгаа явж авч ир сонгуулийн хүмүүс уулзъя гэж байна гэсэн чинь хүү нь мотоцикльтойгоо мордсон. Удалгүй Баатаржав мотоцикльтой ирсэн. Ингээд сонгуулийн талаар ярилцаж байгаад сонгуулийн хүмүүс яваад өгсөн. Тэднийг явсаны дараа Оюун-Эрдэнэ 0,5 граммын архи гаргаж ирсэн.  Ямар нэртэй архи байсныг нь санахгүй байна. Тэр архийг Батбаяр, Баттөр, Гантулга, Баатаржав, талийгаач Оюун-Эрдэнэ бид нар хувааж уусан. Ууж байхдаа Баатаржав талийгаачийг загнаад “ Чи суманд очиж олон хоног архи уулаа” гэж хэлсэнээс тэд маргалдаад  талийгаач ногоон өнгийн пивор шанагыг барьж байгаад Баатаржавын толгой руу хэд хэдэн удаа цохисон. Шанага нь хугарсан. Тэгсэн чинь Баатаржав  гэрийнхээ хойморт сууж байхдаа ширээн дээрээс аяга аваад босоод ширээн дээгүүр даваад талийгаачийн толгой руу цохисон. Тухайн үед талийгаач пийшингийнхээ зүүн талд сууж байсан бөгөөд цохиулаад шууд доошоо унаад ухаангүй болсон. Би энэ үед гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Миний хойд талд Батбаяр, урд талд Баяраа, Гантулга нар сууж байсан. Тэгээд талийгаачийг  Баттөр, Ганжий нар өргөөд зүүн орон дээр хэвтүүлсэн. Талийгаач ухаантай байсан. Энэ үед Батчулуун орж ирчихсэн байсан. Хэзээ орж ирснийг нь санахгүй байна.  Хагарсан аяга болон шанагыг Баяраа цэвэрлэсэн. Ингээд Батбаяр бид нар түрүүлээд гарсан. Араас Гантулга, Ганжий, Баттөр нар гарцгааж байсан. Тэгээд Батбаяр бид 2 гэртээ очоод байж байсан чинь 16 цагийн орчимд Баатаржав араас “Оюун-Эрдэнэ сонин байна. Баасанбаярт хэлээд түргэн дуудчих гэсэн... гэх мэдүүлэг  / хх-ийн 18-19/

-Насанд хүрээгүй гэрч Б.Батчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Ээж бид 2-ыг гэрт очиход манайд хүн байгаагүй бөгөөд ирээд цай уугаад сууж байсан чинь Хуягаа, Энх-Амгалан, Баяраа ээжийн дүү Ганцэцэг, нөхөр Гантулга нар  мотоцикльтой ирсэн.  Мөн зэрэгцээд сонгуулийн сурталчилгааны хүмүүс ирсэн.  Сонгуулийн хүмүүс намайг аавыгаа дууд гэхээр нь би мотоцикльтойгоо хонь руугаа яваад очиход аав надаас “ээж чинь ирсэн үү, суманд ээж чинь архи уусан уу” гэхээр нь би “архи уусан” гэж хэлсэн.  Тэгээд би аавд “сонгуулийн хүмүүс гэрт ирсэн таныг дуудаж байна” гэсэн чинь аав миний мотоциклийг унаад,  унаж явсан морио надад үлдээгээд гэр рүү явсан. Би хонин дээрээ багцаагаар 2 цаг орчим байгаад 14 цагийн орчимд гэр рүү очсон. Намайг гэрт очиход сонгуулийн хүмүүс явчихсан харин Хуягаа, Энх-Амгалан, Баяраа, ээжийн дүү Ганцэцэг, нөхөр Гантулга нар гэрт байсан. Манай гэрт аяга, шанага хагарчихсан ээж пийшингийн зүүн талд доошоо хараад дөрвөн хөлөлчихсөн ямарч яриа байхгүй ухаангүй гүнзгий амьсгалаад байсан. Тэгээд аав намайг түлээ хагал гэсэн. Үүнээс хойш 17 цагийн орчимд аав сүлжээтэй газраас эмч дуудна гэж яваад ирсэн. Аавыг эмч дуудах хүртэл ээж орон дээрээ ухаангүй хэвтээд л байсан. Эмч 18 цагийн орчимд ирээд ээжийг үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. Яг юугаар цохьсоныг  хараагүй ямарч байсан гэрт аяга, шанага хагарсан байдалтай маргалдсан бололтой байсан. Баяраа ах хагарсан аяга шанагыг цэвэрлэж байсан гэх мэдүүлэг.../ хх-ийн 21-22/ 

     -Гэрч  Б.Баттөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...гадаа нь морио уяад гэрт  ороход бүрлээч бэргэн эгч, түүний хүү Батчулуун, Баатаржав ахын баз Хуягаа, миний төрсөн дүү Энх-Амгалан нар юм яриад талын хар гэх нэртэй архи задлаад талыг нь уугаад сууцгааж байсан. Би мэндлээд тэд нартай нийлээд юм яриад, эхнэрийнхээ талаар асуугаад 20-30 минут орчим сууж байхад сонгуулийн сурталчилгааны хүмүүс ирсэн... тэгэхэд бэргэн хүүхдээ “сонгуулийн хүмүүс ирсэн гэж аавыгаа дуудаад ир” гэж хэлсэн. 14 цаг 30 минутын орчим Баатаржав орж ирээд сонгуулиар ирсэн улсуудтай 15  минут орчим үг сольсон. Сонгуулийн хүмүүс явах гэж байхад Баатаржав ах талийгаачийг “... чи ямар арчаагүй юм бэ 2, 3 хоног явж ирчихээд цай ч үгүй,  царай ч үгүй байлаа” гэж хэлсэн.  Тэгэхэд бүрлээч “би идээ өгсөн” гэж ярилцаад тэд маргалдаж байхад талийгаачийн дүү Ганжий ирэхэд Баатаржав ах “...танай эгч чинь хоёр, гурав хоног архидаж ирсэн, эгчийгээ хар даа” гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач хуванцар ногоон өнгөтэй шанага аваад Баатаржав ахын толгой руу шанагаа хагартал цохьсон. Тэгтэл Баатаржав ах талийгаачийг цаашаа хараад будаа авах гээд тонгойж байхад шаазан аяга аваад толгойн тус газар нь цохиход талийгаач доошоо газарт уначихсан... гэтэл Баатаржав ах наадах чинь худлаа баашлаж байгаа, өргөөд орон дээр тавьчих...” гээд надад хэлсэн. Би өргөөд дийлэхгүй байсан учир Ганжий, Гантулга хоёртой өргөөд зүүн талын орон дээр талийгаачийг дээш нь харуулаад хэвтүүлсэн... тухайн үед талийгаач ухаангүй байсан. Тэгээд би үхэртээ яваад өгсөн. Би үхэртээ яваад 17 цагийн орчим гэртээ ирээд тугалаа хашчихаад Баатаржав ахынхруу очиход Баатаржав ах “...Оюун-Эрдэнэ эгч чинь сонин болчихлоо, Баасанбаярт хэлчихсэн эмч авчирна...” гээд байж байсан... гэх мэдүүлэг   / хх-ийн 28-29/  
-Гэрч  Б.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... Талийгаач Оюун-Эрдэнэ хүү Батчулуундаа хандаж “ аавыгаа явж авч ир сонгуулийн хүмүүс уулзъя гэж байна” гэж хэлсэн чинь хүү нь мотоцикльтойгоо мордсон. Удалгүй Баатаржав мотоцикльтой ирсэн. Ингээд сонгуулийн талаар ярилцаж байгаад сонгуулийн хүмүүс явах үед Баатаржав ах талийгаачид хандан “чи явж явж ирчихээд хүмүүст цай ч чанаж өгөхгүй, арай дэндүү юм” гээд хэдэн үг хэлсэн. Ингээд нөгөө архийг бүгд тойруулаад ууж байхдаа Баатаржав ах талийгаачид хандан “чи суманд очиж олон хоног архи уулаа” гэж хэлснээс тэд маргалдаад маргаан нь өр зээл болоод явчихсан. Тэгээд талийгаач цай чанаж байхдаа ногоон өнгийн хуванцар шанагийг барьж байгаад Баатаржавын толгой руу нь хэд хэдэн удаа цохьсон. Шанага нь хугарсан. Тэгсэн чинь Баатаржав гэрийнхээ хойморт сууж байхдаа ширээн дээрээс аяга аваад босоод ширээн дээгүүр даваад талийгаачийн толгой руу цохисон чинь талийгаач пийшингийнхээ зүүн талд сууж байсан газраа унаад өгсөн. Тэгээд Ганжий, Гантулга, манай ах Баттөр буюу Баяраа нар талийгаачийг өргөөд зүүн орон дээр хэвтүүлсэн. Тэгээд л Энх-Амгалан бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-30-31/
    -Гэрч Х.Ганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...13 цагийн орчимд би нөхөртэйгээ хамт мотоцикльтой Баянбулаг гэдэг газар Баатаржав ахынд ирсэн. Бид хоёрыг очиход Баатаржав ахынд Оюун-Эрдэнэ болон тэдний хүү Батчулуун мөн тэнд нутагладаг Хуягаа, Баяраа, Энх-Амгалан нар нэг шил талын хар архи задлаад уугаад сууж байсан. бид хоёртой бараг зэрэгцээд сонгуулийн ажлаар яваа хүмүүс ирсэн. Тэгсэн чинь ууж байсан архиа цааш нь тавиад Оюун-Эрдэнэ эгч Батчулууныг “аавыгаа аваад ир” гээд явуулсан. Удалгүй Баатаржав ах ирээд сонгуулийн хүмүүстэй юм ярьсан. Тэгээд сонгуулийн хүмүүсийг явахын үед Баатаржав ах талийгаачид хандан “чи хүнд цай өгсөнгүй” гэсэн чинь хэн ч билээ нэг нь “ идээ өгсөн зүгээрээ” гэж хэлсэн. Ингээд тэд нарыг гарсны дараа нөгөө архиа гаргаж ирээд ууж байхдаа Баатаржав ах талийгаачийг “сумын төвд 3 хонолоо” гэж хэлснээс тэд маргалдсан. Тухайн үед талийгаач цай чанаж байсан бөгөөд маргалдаж байгаад барьж байсан хуванцар ногоон өнгийн шанагаараа Баатаржавын толгой руу 2-3 удаа цохичихоод цаашаа хараад сууж байсан чинь Баатаржав ширээн дээрээс аяга аваад босох шиг болсон. Гэтэл аяга хагараад бутарсан. Би бодохдоо багананд аяга цохигдож хагарав уу гэж бодсон. Гэхдээ сайн хараагүй. Тэгсэн чинь талийгаач доошоо хараад 4-н хөллөөд хэвтээд өгсөн. Тэгсэн чинь Баатаржав ах “наадах чинь архиндаа ингэж байгаа юм. Сая архи уусан угаасаа ингэдэг юм” гэж хэлсэн. Баяраа бид 2 өргөөд орон дээр гаргах гэсэн чинь дийлэхгүй болохоор Гантулга хамжилцаж өргөөд зүүн орон дээр хэвтүүлсэн. Энэ үед талийгаач унтаж байгаа юм шиг хурхираад байсан...” гэх мэдүүлэг /хх-32/
    -Гэрч Д.Ариунжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...нутгийн хүмүүс Гантулга гэж дууддаг... 13 цагийн орчимд би өөрийнхөө мотоциклийг унаад эхнэрээ сундалаад Баатаржав ахынд ирсэн. Мөн Хуягаа, Баяраа, Энх-Амгалан нар ирчихсэн нэг шил талын хар архи задлаад уугаад сууж байсан. Бид 2  ороод байтал Ардын намын сонгуулийн сурталчилгааны хүмүүс ирсэн. Тэгсэн чинь тэд нар ууж байсан архиа цааш нь тавьсан. Оюун-Эрдэнэ эгч Батчулууныг “аавыгаа аваад ир, сонгуулийн хүмүүс ирлээ гэж хэл” гээд явуулсан. Удалгүй Баатаржав ах ирээд сонгуулийн хүмүүстэй юм ярьсан. Тэгээд сонгуулийн хүмүүс явахын үед Баатаржав ах талийгаачид хандан “ чи хүнд цай өгсөнгүй, олон хоног явж ирчихээд” гэсэн чинь сонгуулиар яваа хүмүүсийн нэг нь “идээ өгсөн зүгээрээ” гэж хэлсэн. Ингээд тэд нарыг гарсаны дараа нөгөө архиа гаргаж ирээд ууж байхдаа Баатаржав ах талийгаачийг “сумын төвд 3 хонолоо” гэж хэлснээс тэд маргалдсан. Тухайн үед талийгаач цай чанаж байсан бөгөөд барьж байсан хуванцар ногоон өнгийн шанагаараа Баатаржавын толгой руу 2-3 удаа цохичихоод маргалдаад цаашаа хараад сууж байсан чинь Баатаржав ширээн дээрээс аяга аваад боссон. Нэг харахад аяга хагараад бутарсан. Энэ үед талийгаач гэрийнхээ пийшингийн зүүн талд сууж байсан газраа доошоо унаад өгсөн. Би бодохдоо багананд аяга цохигдож хагарав уу гэж бодсон. Гэхдээ сайн хараагүй. Тэгсэн чинь Баатаржав ах “ наадах чинь архиндаа ингэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Ганцэцэг, Баяраа бид 3 талийгаачийг зүүн орон дээр нь хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-33/
    -Гэрч Б.Оюунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...намайг очиход талийгаач зүүн орон дээрээ хэвтэж байсан. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед Баатаржав талийгаачийг цайгаа чанаж байгаад уначихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/
    -Гэрч Б.Түвшинбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Баатаржавын гэрт очиход 18 цаг 40 минут болж байсан юм. Тухайн үед Б.Оюун-Эрдэнийг амь үзүүлэлт байхгүй нас барсан. Баруун талын чамархай орчимд зулгарсан байдалтай байсан. Надад Оюун-Эрдэнийн нөхөр Баатаржав хэлэхдээ манай хүн сумаас өнөөдөр согтуу ирсэн тэгээд орон дээрээ хэвтэж байгаад 15 цагийн үед ухаан алдах шиг болсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-38/
    -Гэрч Я.Түмэндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчимд Баянбулаг гэдэг газарт Баатаржавынх руу очсон. Тэнд Баатаржавын эхнэр дөнгөж сумаас хүүгийнхээ хамт ирчихсэн гэрт нь Ариунжаргал, Баяраа, Баяраагийн дүү Хуягаа, Ганцэцэг, Энх-Амгалан нар байсан. биднийг очсоны дараа хүү нь аавыгаа дуудах гээд хонь руугаа явсан. Удалгүй Баатаржавыг ирэхээр нь бид сонгуулийн талаар ярилцаад 20 орчим минут болоод гарсан. Тэгээд гарах үед Баатаржав нь эхнэртээ “хүн ирсэн байхад цай чанаж өгөхгүй яасан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээр идээ амссан” гэж хэлээд л гарсан... гэх мэдүүлэг /хх-39-40/
    Гэрч П.Баасанбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баатаржав ахын хүү Батчулуунтай сумын төвд таарсан чинь тэр “би ээжтэй хамт ирсэн чинь ээж архи уугаад гэр лүүгээ явахгүй байна” гэхээр нь би явах байлгүйдээ гэж хэлсэн. Тэгээд би эргэж уулзаагүй, тэр 2-ыг явчихсан байх гэж бодсон. Тэгсэн чинь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд Баатаржав ахын урд хотны Батбаяр гэдэг залуу утсаар над руу залгаад “ Баатаржав ах таныг эмч аваад ир гэнэ. Оюун-Эрдэнэ эгч ухаан алдсан гэнэ” гэж хэлэхээр нь би сумын эмнэлэгт мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-26-27/
    Гэрч П.Цэцэгдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Талийгаач Оюун-Эрдэнэ манайд 2016 оны 10 дугаар сарын 13-ны 16 цагийн орчимд манайд халамцуу ирсэн.Тэгээд тэр өдөртөө хөдөө гэрлүүгээ явна гэж байснаа гэнэт унтахаар болоод унтсан. Тэгээд өглөө нь 7 цагийн орчимд босоод гараад явсан. Тэгээд өдөр 12 цагийн орчимд буцаад хүүтэйгээ мотоцикльтой манайд байсан цүнхээ аваад хөдөө гэр лүүгээ явсан. Тэр үед талийгаачаас архи үнэртэж байсан. Хэнтэй архи уусныг нь мэдэхгүй. Түрүү өдөр нь талийгаачийн хүү Батчулуун нь манайд ирээд “ ээж архи уугаад гэрлүүгээ явахгүй байна. Аав хөдөөнөөс утасдаад уурлаад байна” гэж хэлж байсан. Манай гэр сумын төвийн урд голын урд дээр байдаг гэх мэдүүлэг /хх-24-25/
-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 57 дугаартай актын дүгнэлтэнд: 
1.Талийгаач Б.Оюун-Эрдэнийн цогцост тархины баруун тал бөмбөлөгийн хатуу  хальсан доорх цусан хураа /150мл/, баруун чамархайгаас баруун ухархайн баруун хана, дагз руу салаалсан шугаман хугарал, баруун чамархайн хуйхан дор, гавлын баруун булчингийн цус хуралт, баруун чамархайн урд хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гавал тархины гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Талийгаач тархины баруун тал бөмбөглөгийн хатуу хальсан доорх цусан хураа /150мл/, баруун чамархайнаас баруун ухархайн баруун хана, дагз руу салаалсан шугаман хугарал баруун чамархайн хуйхан  дор, гавлын баруун булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаач нь нас барах үед согтолтгүй байжээ. 5. Талийгаач BIII бүлгийн харьяаллын цустай байна. 6. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй ...” /хх-55-56/

    -Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:“...Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар  гэмтлийн хүнд  зэрэгт хамаарах бөгөөд тухайн үедээ амь насыг аврах боломжгүй түргэн хугацаанд үхэлд хүргэх гэмтэл юм...”Шаазан аягаар 1 удаа цохисноос уг гэмтэл үүсч болно. Учир нь аяга өөрөө хатуу мохоо зүйл учраас цаад цохиж байгаа ... болон ямар хүчээр цохиж байгаагаас шалтгаалан уг гэмтэл үүсэх боломжтой. Дээрх тохиолдолд аяга нь хагарсан болохоор ямар далайцтайгаар талийгаачийн тархинд уг аяга хүрсэн нь харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-60, 61, 62/

    -Шинжээчийн 42 дугаартай дүгнэлт: 1. Хэргийн газраас хураан авсан 3,4,5 дугаартай шаазангийн хэлтэрхийнүүд 6, 7, 8, 9 дугаартай шаазангийн хэлтэрхийнүүд тус тус нэг бүхлийг үүсгэж байна. 2. 1, 2, 10, 11, 12 дугаартай шаазангийн хэлтэрхийнүүд нь нэг бүхлийг үүсгэхгүй байна... /хх-67-68/

    -Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт ”...1.П.Баатаржав нь болсон асуудлыг үнэн зөвөөр тусган мэдүүлэг өгөх чавдартай болно. 2 П.Баатаржав нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг хурц өвчингүй байсан. 3. Одоо сэтгэцийн талаар хурц эмгэггүй болно. 4. П.Баатаржав нь хэрэг хариуцах чадвартай болно. /хх-71,73/  

      -Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-14/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-57-59, 65/

- Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 57-59/

     - Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 9/

    - Хохирогчийн төлөөлөгч Х.Ган-Эрдэнийн өргөдөл /хх-ийн 108/

     - Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн Засаг даргын  П.Баатаржавын ам бүлийн талаарх тодорхойлолт /хх-ийн 96/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/ зэрэг нотлох баримтууд болно.

 Шүүгдэгч П.Баатаржав нь  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянбулаг гэх газарт байрлах гэртээ эхнэр Б.Оюун-Эрдэнэтэйгээ хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж байх явцад хохирогч түүний толгойн тус газарт шанагаар  цохиж зүй бус харьцсаны улмаас, П.Баатаржав нь  шаазан цагаан аягаар “ Б.Оюун-Эрдэнийн толгойн тус газарт чулуудаж тархины баруун тал бөмбөглөгийн хатуу хальсан доорх цусан хураа /150мл/, баруун чамархайнаас баруун ухархайн баруун хана, дагз руу салаалсан шугаман хугарал баруун чамархайн хуйхан  дор, гавлын баруун булчингийн цус хуралт ” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Баатаржавын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч М.Энхамгалан, Б.Баттөр, Б.Батбаяр, Х.Ганцэцэг, Д.Ариунжаргал, Б.Оюунбилэг, П.Цэцэгдэлгэр, П.Баасанбаяр нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 57 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Баатаржавын хохирогч Б.Оюун-Эрдэнийн толгой руу аягаар чулуудаж буй үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд гэмт этгээд түүнээс гарах хор уршгийг хүсээгүй боловч  зориуд бий болгосон  байх тул түүнийг шууд бус санаатайгаар бусдын амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч П.Баатаржавыг хохирогч Б.Оюунэрдэнийг хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан  хүндрүүлэх нөхцөл, байдалгүйгээр  санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс П.Баатаржавт ял оногдуулахад үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, хохирогчийн оршуулгын зардлыг бүрэн төлсөн  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9, 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

П.Баатаржав нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлөөс үзэхэд   эхнэр Оюун-эрдэнэ нь   согтуурхан, түүний толгой руу  шанагаар цохиж буй  зүй бус үйлдэлтэй холбоотой,  субъектив шинжийн хувьд  гэм буруугийн шууд бус санаатайгаар үйлдэгдсэн, мөн ар гэрт нь сургуулийн насны  2 хүүхэд, насанд хүрсэн боловч хэл ярианы чадваргүй 1 хүн үлдсэн, хувь хүн нь зан байдлын хувьд дөлгөөн, гэр бүлдээ анхаарал тавьдаг, төрөл садан, найз нөхдийн дунд нэр хүнд сайн болохыг тодорхойлсон гэрчүүдийн мэдүүлгүүд, хавтас хэрэгт авагдсан баримтууд зэргийг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн П.Баатаржав бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн оршуулгын зардлыг түүний гэр бүлээс бүхэлд нь гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ган-Эрдэнийн “ард нь үлдсэн өнчин хүүхдүүдийн хойшдын амьдралыг бодоод гомдолгүй гэдгээ хэлж байна. Бидний хувьд амьдралын боломж муутай учраас хүүхдүүдийг нь өсгөх  хэцүү шүү дээ. Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн болон гэмт хэрэг үйлдэгдсэн  нөхцөл, дээр дурдагдсан шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297,  298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хатагин овогт Пүрэвээгийн Баатаржавыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баатаржавыг 7 / долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5,  52.10 дахь хэсэгт  зааснаар   ялтан П.Баатаржавт оногдуулсан  7 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ялтан П.Баатаржавын цагдан хоригдсон 123 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шаазан аяганы 11 ширхэг хэлтэрхий, шаазан аяганы ёроол 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар шанаганы хагарсан толгой, хугарсан ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Ялтан П.Баатаржав энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ган-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан П.Баатаржавт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан,  хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан П.Баатаржавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                   ДАРГАЛАГЧ                                Д.СУГАР

                          ШҮҮГЧИД                             С.НАСАНБУЯН

                                                                        Х.САНЖИДМАА