Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00023

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/03757 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/01956 дугаар магадлалтай,

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г д холбогдох

Гэрээний үүрэгт 183,373,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г гийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , У

Хариуцагч Г , түүний өмгөөлөгч М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Т ” ХХК Г д холбогдуулан үндсэн зээл 104,665,188 төгрөг, зээлийн хүү 17,583,751 төгрөг, алданги 61,124,469 төгрөг, нийт 183,373,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн зээл 104,665,188 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин зээлийн хүү, алданги гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.24-ний өдрийн 101/ШШ2023/03757 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г гээс 104,665,188 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,708,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,232,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г гээс 681,276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.10-ны өдрийн 210/МА2023/01956 дугаар магадлалаар  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.24-ний өдрийн 101/ШШ2023/03757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г гээс 181,535,196 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,838,212 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...681,276...” гэснийг “... 1,065,626...” гэж тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т ” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,492 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Г  хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. “Т ” ХХК нь Г тэй 2020.06.23-ны өдөр FF-17 дугаартай Зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. “Т” ХХК улс хоорондын тээвэрлэлт хийх ба автомашинуудыг худалдан авахад зориулж иенийг 1 сарын 2,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр талууд тохиролцсон. Энэ гэрээний дагуу Г  Lexus RX270 маркийн автомашин худалдан авахад зориулж 673,600 иен, гаалийн төлбөрт 11,562,516 төгрөг, Lexus RX270 маркийн автомашин худалдан авахад зориулж 649,600 иен, гаалийн төлбөр 11,308,165 төгрөг, Lexus RX450H маркийн автомашин худалдан авахад зориулж 723,100 иен, гаалийн төлбөрт 11,510,067 төгрөг, BMW X1 маркийн автомашин худалдан авахад зориулж 343,500 иен, гаалийн төлбөрт 9,559,622 төгрөгийн зээлийг авсан байдаг.

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хариуцагчаас 104,665,188 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 181,535,196 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой. Япон талаас автомашин худалдан авахтай холбоотой зарим буюу 70 хувийн автомашины үнийг “Т ” ХХК төлөх, уг хэмжээгээр Г  нь зээл авч автомашиныг худалдан борлуулсан өдрөөс зээлийн хүү төлөхөөр тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн” гэж дүгнэсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.9-т банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авахаар заасан.

4.3. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК валютын зээл олгосон нь хориотой. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, гэрээний үүрэг үүсэхгүй. Г  дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж болно гэдгийг шүүхээс хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал бий болсон байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь иргэд хоорондоо ашиг олох зорилгоор бус хүүтэй болон хүүгүй мөнгөн хөрөнгө зээлэх зохицуулалт бөгөөд энэ агуулгыг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай (2022 оны) хуулиар нарийвчлан зохицуулсан. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор байнгын шинжтэй мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлсэн. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрийг гадаад валютаар гүйцэтгэсэн, ачаа тээврийн үйл ажиллагаа, автомашины чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн зорилгыг зөрчиж зээлийн үйлчилгээ үзүүлсэн. Улсын Дээд шүүх хууль хэрэглээний хувьд маргаан бүхий асуудлын талаар нэгдсэн ойлголттой болгохгүй бол зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд зээл олгох нөхцөл бүрдүүлнэ. Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т зааснаар хяналтын гомдлыг гаргасан. Г гээс үндэслэлгүй гаргасан 76,780,008 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Г гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж  Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.18-ны өдрийн 001/ШХТ2024/00094 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Г гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч Г д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г  нь “Т ” ХХК ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр FF-17 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу нийт 4 ширхэг автомашины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг тус компаний зээлээр төлүүлсэн, гэрээнд зааснаар сарын 2.8 хувийн хүүтэй,  6 сарын дотор эргүүлэн төлөх үүрэгтэй боловч төлөөгүй. Үүнд:

- Lexus RX270 загварын автомашины зээл 673,600 иен, түүний 6 сарын хүү 113,164.8 иен нийт 786,764.8 иен буюу 19,991,694 төгрөг, гаалийн төлбөр 11,562,516 төгрөг, түүний 6 сарын хүү 1,933,692 төгрөг,

 - Lexus RX270 загварын автомашины зээл 649,600 иен, түүний 6 сарын хүү 109,132.8 иен нийт 758,732.8 иен буюу 19,279,400 төгрөг, гаалийн төлбөр 11,308,165  төгрөг, түүний 6 сарын хүү 1,899,772 төгрөг,

- Lexus RX450Н загварын автомашины зээл 723,100 иен, түүний 6 сарын хүү 121,480.8 иен нийт 844,580.8 иен буюу 21,460,798 төгрөг, гаалийн төлбөр 11,510,067 төгрөг, түүний 6 сарын хүү 1,933,691 төгрөг,

- BMW Х1  загварын, автомашины үлдэгдэл зээл 343,500 иен, түүний 6 сарын хүү 57,708 иен, нийт 401,208 иен, буюу 10,194,695 төгрөг, гаалийн төлбөр 9,559,622 төгрөг, түүний 6 сарын хүү 1,606,017 төгрөг тус тус төлөхөөр байна. Гэрээний 1.15, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги 61,124,469 төгрөг төлөх үүрэгтэй.

Дээрх дөрвөн автомашины үндсэн зээлд 104,665,188 төгрөг, хүүнд 17,583,751 төгрөг, алданги 61,124,469 төгрөг, нийт 183,373,408 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэж тодорхойлсон,

Хариуцагч “... “Т ” ХХК-тай хамтран ажиллаж, 2018 оноос хойш үйлчлүүлж, олон машин дээр санхүүжилт авч төлбөрөө хугацаанд нь төлж байсан, ... тус компанитай байгуулсан зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, валютын зээл олгосон нь хууль зөрчсөн, зээл олгох тусгай зөвшөөрөлгүй, мөн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчсөн тул зээлийн хүү, алданги төлөхгүй, харин 4 ширхэг автомашины үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрт 104,665,188 төгрөг төлнө ....” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ... “Нэхэмжлэгч нь автомашиныг шилжүүлэх, хариуцагч үнийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн болон зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч хүү авахгүй, талууд уг гэрээний талаар болон алдангийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэхгүй. Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч энэ зохицуулалтад хамаарахгүй тул “Т ” ХХК зээлийн гэрээ байгуулах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. “Т” ХХК 4 автомашиныг 45 хоногийн хугацаанд тээвэрлэн авчраагүй хугацаа алдаж хохирсон гэх тайлбараа хариуцагч нотлоогүй. Нэхэмжлэгч нь ... нийт 104,665,188 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэсэн дүгнэлтийг хийжээ.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...талууд гэрээгээр гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт хийх талаар тохиролцсон байх бөгөөд хэд хэдэн гэрээний харилцааг үүсгэсэн. “Т” ХХК нь Г гийн өмнөөс Япон талаас автомашин худалдан авахтай холбоотой зарим буюу 70 хувийн автомашины үнийг төлөх, уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр Г  нь “Т” ХХК-аас зээл авч, автомашиныг борлуулсан өдрөөс зээлийн хүү төлөхөөр тохиролцсоноос үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн талууд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж Г нь 2022.01.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийг хүртэл 181,535,196 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй болохыг зөвшөөрсөн тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж үзсэн.

 10. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж,  давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөрүүтэй дүгнэлт хийснээс ялгаатай шийдэл гаргасан нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болсон.

11. Хэргийн баримтаас үзэхэд “Т” ХХК болон Г  нарын хооронд 2020.06.23-ны өдөр Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэсэн нэртэй гэрээг байгуулан уг гэрээгээр худалдан авагч Г  худалдагч “Т ” ХХК-д барьцаа 100,000 иен түүнтэй тэнцэх төгрөгийг төлснөөр цахим хэлбэрээр явагддаг автомашины дуудлага худалдаанд оролцох харилцагчийн нэвтрэх нэр, нууц үг хүлээн авах ба ирээдүйд өмчлөх автомашинаа сонгох эрх үүсэх, “Т ” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж, автомашины дуудлага худалдааны үнэ болон FOB зардлын нийт дүнгийн 30 хувийг төлөх, “Т ” ХХК-аас үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх ба тухайн төлсөн ханшаар захиалагч талд төгрөгийн зээл үүсэж, үндсэн төлбөр болон гаалийн татварын нийт дүнгээс сарын 2,8 хувийн хүү тооцож, автомашин худалдан авалтын зээлийг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байна.

12. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Г гийн худалдан авсан Lexus RX 270 маркийн, арлын AGL10-****** дугаартай автомашины төлбөрт 673,600 иен, гаалийн татвар 11,562,516 төгрөг, Lexus RX 270 маркийн, арлын AGL 10-****** дугаартай автомашины төлбөрт 649,600 иен, гаалийн татвар 11,308,165 төгрөг,  Lеxus RX450H маркийн автомашины төлбөрт 723,100 иен, гаалийн татвар 11,510,067 төгрөг, BMW X1 маркийн автомашины төлбөрт 343,500 иен, гаалийн татвар 9,559,622 төгрөг тус тус төлсөн ба иений ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшид хөрвүүлэн нийт 104,665,188 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

13. Хариуцагч Г  автомашины дуудлага худалдааны үнэ болон FOB зардлын нийт дүнгийн 30 хувийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй боловч талууд уг төлбөрийг хариуцагч төлсөн талаар болон Г гийн худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр, гаалийн татварыг “Т ” ХХК төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн хүү, алданги төлөх үндэслэлтэй эсэх талаар маргасан.

14. Зохигчийн хооронд 2020.06.23-ны өдөр Зээлээр худалдах-худалдан авах гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан боловч гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийж, уг гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг тусгах шаардлага тавигдсан байхад зохигчийн хооронд хийгдсэн гэрээнд эдгээр нөхцөлийг тусгаагүй байна.

15. Хариуцагч Г  Япон улсын автомашины дуудлага худалдаанаас дээрх 4 автомашиныг сонгож, автомашины дуудлага худалдааны үнэ болон FOB зардлын нийт дүнгийн 30 хувийг төлсөн ба “Т ” ХХК нь уг төлбөрийг болон үлдэгдэл 70 хувийн төлбөрийг Япон улсын автомашины дуудлага худалдааны Jimex, AAJAPAN зэрэг  компаниудад шилжүүлж, улмаар 4 автомашиныг Монгол Улсад гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн тул Япон улсын Jimex,  AAJAPAN зэрэг  компаниудаас 4 автомашиныг “Т ” ХХК болон Г  нар хамтран худалдан авсан гэсэн агуулга бүхий хариуцагчийн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь гэрээний 1.16-д “Автомашины үлдэгдэл төлбөр тооцоо бүрэн барагдуулснаар тухайн автомашины өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж зааснаас үзвэл Г  автомашин сонгосон боловч автомашины өмчлөх эрх “Т ” ХХК-д хадгалагдахаар байх тул Япон улсын компани болон “Т” ХХК хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

16. Улмаар Т ” ХХК болон Г  нарын хооронд  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Гэрээнд “Т ” ХХК-аар тээвэрлэлт хийлгэж, гаалийн бүрдүүлэлт хийх нөхцөлийг тусгаж, уг гэрээний хавсралтаар Тээврийн үйлчилгээний нөхцөл зэргийг тохиролцсон нь холимог гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт  холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж зааснаар талуудын хоорондын харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тодорхойлсон үндэслэлтэй. 

17. Нэхэмжлэгч “Т ” ХХК нь Гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, уг гэрээгээр хариуцагчийн өмнөөс 4 автомашины төлбөрийн 70 хувийг болон гаалийн татварыг төлснөөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлд сарын 2.8 хувийн зээлийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алдангийн хамт төлөхөөр тохиролцсон гэж зээлийн хүү, алданги шаардсан үндэслэлээ тайлбарласан.

17.1 “Т” ХХК нь төмөр замын тээвэр зуучлал, автомашинаар ачаа тээвэрлэх, автомашины худалдаа, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, барьцаалан зээлдүүлэх, төмөр замын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. “Т ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч талуудын хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагчийн худалдан авсан 4 автомашин барьцааны зүйл болоогүй байна.

17.2. Хариуцагч нь “...энэ байгууллагатай олон жил харилцаж, өмнө нь олон автомашин аваад төлбөрийг төлж байсан. ... тээвэр зуучийн компани олон харилцагч нарт ингэж зээл олгож мөнгө хүүлж ашиг олсон ... машин зардаг олон хүн энэ харилцаанд хохирсон...” гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй ба “...тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан дараа нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан ... хүмүүс мөнгөний дутагдалд орохоор зарим хэсгийг санхүүжүүлж байгаа”  гэж тайлбарласан.

17.3. Түүнчлэн, харилцагчийн төлбөр тооцооны хүснэгт гэх зээл, хүүгийн тооцоолол, гэрээний 2.1.3-ийн “...санхүүгийн худалдан авалтын чадвар, зээлийн эргэн төлөлтийн чадавхийг нотлох харуулах баримт, материалтай танилцах...” гэсэн агуулга бүхий заалт зэргээс үзэхэд “Т ” ХХК нь Г д төдийгүй бусад этгээдэд гадаад валют буюу иенээр тооцож, зээлийн харилцаа үүсгэж байгааг зээлийн үйл  ажиллагааг тогтмол хэлбэрээр явуулж байна  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

17.4.  Тухайн үед үйлчилж байсан 2001 оны Аж ахуйн  үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж заасан ба зохигчийн хооронд байгуулсан гэрээний зээл олгох, хүү тооцохтой холбоотой зарим заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хийсэн, мөн хуулийн 56.1.9-т зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааны зорилгыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймээс Гэрээнд зааснаар автомашины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг зээлд тооцох, улмаар түүнд зээлийн хүү болон алданги тооцох тохиролцоо хүчин төгөлдөр бус хэлцэл тул  нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч Г гээс хүүнд 17,583,751 төгрөг, алданги 61,124,469 төгрөг тус тус шаардсан нь үндэслэлгүй.

18. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр үлддэг. Талуудын байгуулсан гэрээнд автомашины худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг зээлд тооцох, улмаар түүнд зээлийн хүү болон алданги тооцох тохиролцоо хүчин төгөлдөр бус боловч хариуцагч автомашины төлбөрийн үлдэх хэсэг 70 хувийг болон гаалийн төлбөрийг төлөх үүрэг нь хүчин төгөлдөр байна.

19. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т зааснаар хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн нь зөв боловч зээлийн хүү, алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй тул дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

20. Талууд гэрээгээр хэд хэдэн гэрээний харилцааг үүсгэсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарсан боловч тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний зээл олгохтой холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан үндэслэлээр  хүчин төгөлдөр бус хэлцэл байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн улмаар тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн хариуцагч Г гээс 181,535,196 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан 2022.12.31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагч Г  гарын үсэг зурсан талаар маргаагүй, уг баталгаанд тусгагдсан 181,535,196 төгрөг төлөх өр үүсгэсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргасан тохиолдолд шүүхээс хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх учиртай.

21. Иймд анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Г гээс 104,665,188 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хариуцагч Г гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/01956 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/03757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г гийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Г гийн 2023.12.22-ны өдөр төлсөн 541,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Г.АЛТАНЧИМЭГ                       

                    ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ  

                                                                          Н.БАЯРМАА

              П.ЗОЛЗАЯА