| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0103/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Б.Долгор,
шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.М холбогдох эрүүгийн 2434000000114 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1981 оны 12 дугаар сарын 27-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Б Б.М.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.М:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000114 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Мын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 5 дугаар хэсэг 8-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянгол” хүнсний дэлгүүрийн үүдэнд Г.Аг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай ...Т.Абиед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
хохирогч Т.А...Би бага боловсрол эзэмшсэн. Уншиж бичиж чадна. Би өмгөөлөгч авахгүй. Мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Би Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 5 дугаар хэсэгт үйл ажиллагаа явуулдаг "Баянгол" дэлгүүрт 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед орж Баяраа ахаас худгийн усны картыг нь гуйж аваад гэртээ ус аваад буцааж дэлгүүрт нь Баяраа ахад картыг нь өгөөд Баяраа ахаас нэг хайрцаг тамхи зээлчих гэж хэлэхэд зээл өгөхгүй гэхээр нь лангуун дээр байсан тамхинаас нь тоглоод нэг пайчик 10 ширхэг тамхи аваад дэлгүүрээс гараад гүйхэд миний араас Баяраа ах нь гүүгээд гараад ирэхээр нь би өөдөөс нь тоглосон юм аа гээд тамхийг нь өгөөд эргээд хараад зогстол бид хоёр мөргөлдөөд тулсан гэтэл миний хэвлий хэсгээр хатгаад өвдөх шиг болохоор нь куртикээ сөхөөд хартал зүүн талын гэдэс хэсэгт бага зэрэг цус бултайсан байхаар нь Баяраа ахаа та тоглож байгаад хутгаар хатчихсан юм биш үү гэхэд Баяраа ах нь өөр тийм үү би зузаан куртиктэй юм чинь орохгүй байх гэж бодтол хатгачих шиг боллоо гээд хоёулаа эмнэлэг орж үзүүлье гээд Заамар сумын эрүүл мэндийн төв орж эмчид үзүүлэн 2 ширхэг оёо тавиулаад дараа нь намайг Баяраа ах нь Улаанбаатар хот өөрийн машинаар авч явж Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хувьд өглөө 10 цагийн үед 1 шил 0.33 литрийн архи уусан байсан. Би миний араас хутга бариад гүйж байгааг би бол мэдээгүй хутгаар хатгуулсан хойно хартал Баяраа ахын гарт жижиг шаргал модон иштэй хутга байгаа харагдсан. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй. Би Баяраа ахаас нэг хайрцаг тамхи зээлчих гэхэд Баяраа ах нь зээлэхгүй гээд олон тамхины хайрцаг инээгээл түлхэхээр нь би нэг пайчик тамхи бариад автал тухайн хайрцаг нь дүүрэн тамхитай байхаар нь тоглоод дэлгүүрээс аваад гартал тийм асуудал болсон. Би тухайн тамхийг бүр авч явах санаа байгаагүй тоглож наргиж байсан юм. Би тамхийг нь аваад дэлгүүрээс гараад гүйхээр тухайн тамхиа авах гэж мөн намайг айлгах санаатай байсан байх гэж бодож байна. Миний биений хүйсний зүүн талд нэг удаагийн зүсэгдсэн шархтай. Тухайн шархандаа 2 ширхэг оёо тавиулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний биед эмчилгээ хийлгэсэн тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/
түүний дахин өгсөн ...Надад нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Мөнхбаяр миний эмчилгээний зардал, замын зардлыг бүрэн хариуцаж гаргасан болно. Бие сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Би шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 17 дугаар хуудас/,
сэжигтэн Б.Мын ...Би өмгөөлөгч авах эрхтэйгээ ойлголоо, би өмгөөлөгч аваагүй, одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Би уншиж бичиж чадна. Бүрэн бус дунд боловсролтой. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянгол нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд байж байтал нутгийн танил дүү Амартүвшин нь халамцуу орж ирээд Баяраа ахаа усны картаа өгөөч тэртээ ус аваад 2.8 буцаагаад өгье гэж хэлээд усны карт аваад явсан удалгүй 20-30 минутын дараа буцаж дэлгүүрт орж ирээд усны карт буцааж өгөөд нэг шил архи зээлчих гэхээр нь ах нь зээл өгөхгүй гэж хэлтэл тэгвэл нэг хайрцаг тамхи зээлчих гэхээр нь ах нь зээл өгөхгүй чи одоо яваа согтуу байна шүү дээ гэж хэлээд тамхи лангуун дээр өрөөд зогсож байтал хажуу талд байх хайрцагтай тамхинаас 1 пайчик буюу 10 ширхэг Улаан шонхор нэртэй тамхи шүүрч аваад дэлгүүрээс гараад гүйхээр нь би тамхины хайрцаг зүсээд гартаа байсан хутгаараа айлгах санаатай араас нь гүйж гараад хөөе чи наад тамхи өг, битгий хүн дээрэлхээд элэг бариад байгаарай гээд орилтол миний урд гүйж байснаа гэнэт эргэж хараад май ахаа тоглосон юм аа гээд надад гартаа байсан тамхиа өгсөн тэр үед нь би уурандаа гартаа байсан хутгаараа айлгах, куртикыг нь зүсэх санаатай хутгаар чичтэл Амартүвшин нь урдаас гэнэт тонгойгоод би хутгаар хэвлий хэсгийг нь санаандгүй зүссэн тэгээд шууд Амартүвшин авч яваад Заамар сумын эрүүл мэндийн төвд очиж эмчид үзүүлэн хоёр ширхэг оёо тавиулан Улаанбаатар хот авч явж Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэн эход харуулан шаардлагатай эмчилгээг хийлгэсэн. Би Т.Амартүвшинг хутгаар хатгаж гэмтэл учруулах зорилго байгаагүй. Зөвшөөрөлгүй тамхи дэлгүүрээс аваад зугтаахаар нь айлгах санаатай хутгаар чичихэд Амартүвшингийн хэвлийн тус газарт нь хатгаж гэмтээсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Т.Амартүвшин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан архи их хэмжээгээр үнэртэж байсан. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Т.Амартүвшин бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд надад татгалзах зүйл байхгүй. Миний ярьсан зүйлүүд үнэн, нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
яллагдагч Б.Мын ...Би 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дэлгүүртээ худалдагч хийгээд зогсож байтал гаднаас Амартүвшин орж ирээд ус авахад хэрэглэдэг худгийн картаа өгчих гэхээр би өгөөд явуулсан. Амартүвшин ус авчхаад буцааж надад авчирч өгсөн. Тэгээд Амартүвшин надад хандаж ганц шил архи зээлчих гэхээр нь би зээлэхгүй гэхэд, тэгвэл 1 хайрцаг тамхи зээлчих гэхээр нь зээл өгөхгүй гэхэд эргэж хараад тамхиа өрж байтал Амартүвшин лангуун дэлгүүр тонгойгоод хайрцаганд байсан тамхинаас 1 паалчикийг аваад гараад гүйхээр нь миний дургүй хүрээд тамхины хайрцаг задалж байсан хутгаа аваад араас нь гүйгээд гүйцээд очтол тоглосон юм аа гээд эргүүлээд тамхиа өгөхөөр нь би айлгая гэж бодоод шууд гэдэс рүү нь гарт барьсан хутгаараа нэг удаа дүрэхэд өөдөөс алхаад та намайг дүрчихлээ шүү дээ гэхээр нь арай үгүй байлгүй дээ гэж хэлээд цамцыг нь сөхөөд хартал цус гарч байсан ингээд шууд сумын эмнэлэг рүү утсаар яриад би дэлгүүрээ хаачхаад араас нь очье энэ хүнийг явууллаа оёдол тавьж байгаарай гэж хэлээд дэлгүүрээ хаачхаад яваад очтол өөдөөс 2 оёо тавиуллаа гээд өөдөөс гараад ирсэн ингээд шууд таксинд Амартүвшинг авч суугаад Улаанбаатар хотод ирээд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвлийн зураг авхуулаад эмч нь зүгээр байна гэсэн. Би эмнэлгийн зардал, унаа хоолны зардлыг бүрэн төлсөн байгаа. Хийсэн хэргээ ухаарч гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... /хх-ийн 35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Мнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Мгэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Долгор:
...Шүүгдэгч Б.Мнь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4-р багийн 5 дугаар хэсэг 8-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянгол” хүнсний дэлгүүрийн үүдэнд Г.Аг хутгаар хатгаж эрүүл мэндэд хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч В.Нарантогтох маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Мнь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Б.Мнь хохирогч Г.Абиед хэвлийд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Б.Мт хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд биед хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.М гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч биед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Г.А нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 48 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Долгор:
...Шүүгдэгч Б.Мнь гэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болно... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Б.М долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.М торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2434000000114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Б.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН