| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0195/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/220 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0195/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч *******,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт*******д холбогдох эрүүгийн 2418000000294 дугаартай хэргийг 2024 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт******* /РД:******* /, 1997 оны 07 сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй,******* ХХК-ийн******* өртөөнд ачаа вагон хүлээлцэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 22 дугаар хороолол,*******,******* оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг,*******, оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан..
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******г согтуурсан үедээ 2024 оны 04 сарын 15-ны орой 23:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн*******ны 09 давхарт иргэн *******ыг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн хацар, эрүү, нуруу, баруун тохойд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулай зүүн талын дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******гийн: *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын санд 110,000 төгрөгийг, хохирогч *******д 185,000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирогчийн 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлээс 800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч *******ы: ...Хаалгаа онгойлгосон чинь “чи миний эхнэр рүү залгадаг хэн бэ” гээд дайраад байсан. Би хувцсаа өмсөөд гарсан. Миний үснээс зулгаагаад олон удаа цохисон. Би нүүр лүү нь нэг удаа цохисон. Намайг унагаагаад шал мөргүүлсэн. Би нуруугаар нь шат руу шахсан. Тэр үед цагдаагийн албан хаагчид ирсэн. Би 14 хоног ажиллаад 3 сая төгрөгийн цалин авдаг. Энэ асуудлаас болоод ажлаасаа 7 хоногийн чөлөө авсан. Одоо 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *******ы Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6-7/,
Гэрчийн: ...манай нөхөр******* над руу хараад “чи энэний нөхөртэй явалддаг юм биш үү” гээд хэлтэл нөгөө айлын нөхөр нь гарч ирээд “чи одоо юу хуцаад байгаа юм бэ” гээд барилцаад авсан. Тэгээд манай нөхрийг шат руу түлхэж байсан. Би тэр хооронд цагдаа дуудаад буцаад ирэхэд нөгөө хоёр бие биеэ цохичихсон зодолдож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрчийн: ...манай нөхөр орноосоо босоод яасан, юу болсон бэ? гээд хүрээд ирэхэд тэр залуу учиргүй хараагаад дайраад байсан. Тэгээд тэр хоёр зууралдаад гараад явсан. Тэр залуу манай нөхрийн толгой дээр дарж аваад учир зүггүй цохиод унасан. Тэгж байхдаа “би чамайг жинхэнэ ална за” гээд дайраад байсан. Манай нөхрийг доороо оруулчихсан дээрээс нь цохиод нүүрнээс нь хазаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
“ *******ы биед баруун хөмсөгт язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн хацар, эрүү, нуруу, баруун тохойд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулай зүүн талын дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 19-ний дөрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,
“...хөмсөгний ил шархаар тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй хөдөлгөөн хязгаарлагдаагүй хаван хавдартай ил шархтай...” гэх хохирогч *******ы Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж авсан дугаартай хуудас /хх-ийн 22/,
“...хоёр талын зулай, зүүн талын дагз хэсгийн арьсан доорх өөхөн эдэд цус хуралтуудтай” гэх хохирогч *******ы “Саран-Элит клиник” эмнэлэгт хийлгэсэн тодосгогч бодисгүй толгойн компьютер томографын шинжилгээний дүгнэлт, зураг /хх-ийн 23-25/,
“*******гийн биед баруун завжинд өнгөц зурсан шарх, хамрын нуруу, нурууны зүүн доод хэсэгт цус хуралт, эрүүний баруун хэсэг, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 19-ний дөрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
“...толгой ил шархаар тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй хөдөлгөөн хязгаарлагдаагүй хаван хавдартай ил шархтай...” гэх шүүгдэгч*******гийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж авсан дугаартай хуудас /хх-ийн 31/,
Шүүгдэгч*******гийн “Саран-Элит клиник” эмнэлэгт хийлгэсэн цээжний эгч байрлалын рентген зургийн дүгнэлт, зураг /хх-ийн 32-33/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2024 оны 04 сарын 15-ны орой эхнэртэйгээ хардсаны улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч******* нь улсын яллагчаас гаргасан дүгнэлттэй холбогдуулан тусгайлсан санал гаргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2024 оны 04 сарын 15-ны орой 23:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн*******ны 09 давхарт иргэн *******ыг эхнэртэйгээ хардсаны улмаас түүнтэй маргалдаж, улмаар тэд харилцан зодолдож, *******ы эрүүл мэндэд баруун хөмсөгт язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн хацар, эрүү, нуруу, баруун тохойд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулай зүүн талын дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******гийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд баруун хөмсөгт язарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн хацар, эрүү, нуруу, баруун тохойд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулай зүүн талын дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Хохирогч нь “Саран-Элит клиник” эмнэлэгт компьютер томографын шинжилгээ өгсөн төлбөр болох 185,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч нь хохирогчид 185,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь хохирогчийн хүсэлт, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна.
Хохирогч нь “ ” ХХК-д операторчоор 14 хоногоор ажилладаг ээлжийн ажил хийдэг, нэг ээлжид ажиллаад 3,000,000 төгрөгийн цалин авдаг, гэмт хэргийн улмаас 7 хоног ажлаасаа чөлөө авсан учраас 7 хоногийн цалин болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, “ ” ХХК-ийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 24/36 дугаартай тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор ажлаасаа чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчийн зүгээс түүнд 7 хоногийн чөлөөг олгосон шийдвэр гарсан эсэх, цалин хөлсөө дутуу авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Гэвч шүүгдэгч нь хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлээс 800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул шүүгдэгчээс 800,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн 700,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотойгоор тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг,*******, оршин суух, Бүргэд овогт /РД: , утас: /-д олгож, хохирогчийн 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР