Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/353

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305038190137 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  1990 оны 7 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Баянгол дүүргийн *******, ******* ******* хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн *******, ******* од хажуу өрөө түрээсэлдэг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:УХ/, ******* овогт *******гийн *******.

                                              Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.той маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “2023 оны 10 дугаар сарын 07-нд той тамхилсан. Тэгтэл ууя гэхээр нь уухгүй гэж хэлсэн боловч ууя гээд байсан болохоор хамт архи уусан. Тэр өдөр найз охинтойгоо гадуур хононо гээд төлөвлөж байсан болохоор найз охиныг ийн гэрийн гадаа ирэхээр нь хамт явж буудалд орсон. Тэгтэл араас ирээд бид нар пиво ууцгаасан. Удалгүй манай найз охин жирэмсэн болсон талаараа хэлэхэд манай найз охинд хандаж “танай найз залуу чинь үр тогтоох чадваргүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийг алгадсан. Тухайн үед уураа барьж дийлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305038190137 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.ийн хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд гэртээ амарч байсан чинь найз ******* гэрийнхээ гадаа гараад ирээч, тамхилъя гээд дуудахаар нь гарч тамхилаад манайд орж ирээд 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал найз орж ирсэн. Тухайн архийг ******* бид хоёр уусан машин барьж яваа гээд уугаагүй. Тэгээд архи дуусахаас өмнө ах нь дуудаад байна гээд гараад явчихсан ******* бид хоёр ууж дуусаад гарахдаа би найз охинтойгоо уулзаад буудалд байж байя чи хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би гэрээсээ 19 цаг 30 минут орчимд гараад Эрхэс зочид буудлын тоот өрөөнд орсон чинь ******* найз охинтойгоо 2.5 литрийн 1 пиво уугаад сууж байсан. Би ороод *******тай ууж дуусаад дахиад 1 шил архи авсан байсан тэгээд би санахгүй тасарчихсан байсан. Нүдний ухархай цөмрөлттэй, нурууны L1, L2 хугаралттай, зүүн хөл, зүүн гарын мэдрэлийн судсаа дарсан байна гэсэн. Хавирга хугарсан байсан...Би тухайн үед юунаас болж яагаад маргалдсанаа мэдэхгүй байна...Би эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн гэрчээр өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед найз залуу *******ын хамт Эрхэс зочид буудал руу 2,5 литрийн хэмжээтэй сэнгүр нэртэй пиво аваад тоот руу орсон чинь нь манай найз залуутай ярьж байгаад 30 орчим минутын дараа ирсэн. Манай найз залуу хоёр нь хамт пиво ууж дуусахад манай найз залуу одоо болно, маргааш ажилтай гэсэн чинь нь бэлэн 20.000 төгрөг өгөөд би найз залуутайгаа хамт дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн Хараа, 1 ундаатай аваад орсон. Тэгээд юм ярьж сууж байгаад би жирэмсэн болсон талаараа хэлэхэд нь “өө наад ******* чинь угаасаа үргүй шдээ, тэгэхээр чамайг жирэмсэн болгох боломж байхгүй, үргүй биз дээ чи үргүй байж яаж хүүхэдтэй болдог юм” гээд дахин дахин яриад байсан чинь манай найз залуу уурлаад “чи одоо юу гээд байгаа юм” гэхэд тамхины хайрцаг шидсэн чинь манай найз залуу ийн нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд нь ээжийгээ дуудаад, ирсэн чинь манай найз залуугийн хоолойг нь боогоод манай найз залуу ухаан алдаж унасан, манай найз залуугийн дээрээс дэвсээд байсан. Би орилоод байж байтал хажуу өрөөнд байсан хүн хүүе ээ найз залуу чинь үхлээ шдээ, чи найз залуугаа аваад гараачээ гэсэн, тэгээд ресейпшн ирээд бас найз залуу чинь үхлээ шдээ, та хоёр гар гэхээр нь би найз залуугаа аваад гарсан. Тэгээд ийн ээж нь ирэнгүүтээ миний хацар руу алгадаад чи муу янхан зайл, чамайг хасаг залуус нь тоохгүй болохоор монгол залуучуудтай үерхээд байдаг юм уу гээд хэл амаар доромжлоод байсан. Манай найз залуу ******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс зочид буудлын тоотод байхдаа нэг удаа алгадаад зүүн хацрын шарх гэмтлийг үүсгэсэн. Бусад гэмтлийг нь бол уг нь үүсгээгүй, мөн тухайн үед нь огт газарт унаагүй, өөрөө  манай найз залууг зодоод байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн гэрчээр өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед би ажлаа тараад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, тоотод ирсэн чинь гэрт хүү байгаагүй. Би хүүгийнхээ дугаарын утас руу залгахад миний хүү “ээжээ би Баянгол дүүргийн 34 дүгээр хороо, Эрхэс зочид буудлын тоотод байна, Болдоо намайг зодчихлоо, нүднээс цус гараад байна, та яаралтай хүрээд ирээч” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад такси дуудах гээд өөрийн найз Батхуягт миний хүү зодуулчихсан байна, намайг дуудаад байна, чи хүрээд ирээч гэж хэлчхээд хамт 21 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс зочид буудлын тоотод ороход нэг ортой өрөөнд миний хүү , найз *******, буюу , *******ын найз охин гэх казах хүүхний хамт байсан. ******* хоёр хоорондоо маргалдчихсан чи намайг ийм болтол зодож байхдаа яадаг юм гээд миний хүүгийн хацар язарчихсан, хамраас цус гарчихсан, өмд цамц нь цус болчихсон сууж байсан. Би *******т чи арай ч дээ, миний хүүг ийм болтол зодоод байхдаа яадаг юм гэхэд ******* миний хүүг ор хана завсрын голоор унагаж өшиглөөд гараараа цохиод байсан, би айсандаа болиочээ, хүүг минь аллаа гээд бид хоёр татаад салгасан чинь ******* ын гарыг хазаж 2-3 удаа цохихоор нь би цагдаа дуудчих гэж хэлээд цамцнаас нь татсан чинь цамцаа тайлж шидчихээд намайг түлхээд гараад зугтаачихсан...Цагдаа ирсний дараа би хүүгээ ын хамт Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж хавирганы зураг авхуулахад 2 хавирга хугарчихсан байсан. Хуучин гэмтэл юм уу шинэ гэмтэл юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна, компьютерт харуул гэж хэлсэн. Одоо босож чадахгүй, байнгын эм тариа хэрэглэж байгаа. Тиймээс маш их гомдолтой байна, одоо гэртээ хэвтрийн байдалтай хэвтэж байна, хагалгаандаа орж чадахгүй байна. Эмчилгээний төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй байгаа. ******* тухайн үедээ 300.000-400.000 төгрөг төлсөн байх, өөр ямар ч төлбөр төлөөгүй, ямар ч холбоогүй байгаа юм.”  гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 82-84 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13222 дугаартай Ж.ийн биед зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн 4,5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын цагираг мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай “Нийслэлийн шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээ 13222 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Нэмэлтээр ирүүлсэн КТГ, MRI зураг давтан уншуулахад зөрүүгүй байна. Ж.ийн биед зүүн 5, 6, 7-р хавирганы хугарал, бүсэлхийн 4, 5, ууцны 1 дүгээр нугалмын цагираг мөгөөрсний урагдал, цүлхийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт сорви гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 91-94 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 280 дугаартай “Ж.ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Ж.ийн сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс, гутралын шинжүүд илэрч байна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 123-125 дахь тал) 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60-84 тоотод той уулзаад юм ярьж байгаад 0.75 л хэмжээтэй Хараа архи уугаад, нэмж 0,33 литрийн хэмжээтэй цэнхэр экс нэртэй архи уусан. Тэгээд нэг найз нь ирнэ гэж байгаад ирээгүй оройн 17 цагийн орчимд манай найз охин ийн гэрийнх нь гадаа ирэхээр нь би гараад найз охинтойгоо хоёулаа Эрхэс зочид буудлын тоотод буудалд орсон юм. Манай найз охин бид хоёр буудал орохдоо 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй нэг пиво аваад орсон. Тэгээд хуваагаад уугаад байж байтал араас 30 орчим минутын дараа ирээд хамт уусан. Дахиад нэг шил архи ууя гэхээр нь би одоо болно оо, больё гэхэд дахиад 0,75 литрийн архи авчихъя, чи зүгээр аваад ир гээд байхаар нь би найз охинтойгоо гараад архи авч ирсэн. Тэгээд уугаад сууж байхад манай найз охин жирэмсэн болсон гэж хэлсэн чинь чам шиг банди одоо болтол үргүй шүү дээ, үр тогтдоггүй биз дээ гээд байхаар нь би тэр хооронд уурлаад чи юу гээд байгаа юм бэ, хүний хажууд гэсэн чинь хайрцагтай эссэ нэртэй тамхиа шидэхээр нь би давраад байгаарай гээд зүүн хацар дуу нь зөөлөн алгадсан. Тэгээд угаасаа баахан батгатай болохоор том толгойтой байсан батга нь шалбарч хагараад цус гараад байсан. Тэгэхээр нь би уучлаарай хөгшөөн, чи манийгаа цохих юм уу гээд нойтон салфеткаар арчиж байсан чинь ээжийгээ дуудсан. Тэгээд намайг боогоод унагаачихсан, би манарч босож ирээд бид хоёр хоорондоо бие биеэ цохилцож байхад ээж нь орж ирээд цагдаа дуудсан байсан... тоотод байхдаа нэг удаа алгадаад зүүн хацрын шарх гэмтлийг үүсгэсэн. Би цээж рүү нь цохиж байсан. Бусад гэмтлийг нь бол ямартай ч зодолдож байхдаа үүсгэсэн байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дахь тал),

8. Хохирогчийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээтэй холбоотой баримтууд (хавтаст хэргийн 99-113, 116-122 дахь тал),

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 133 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.той маргалдах явцдаа түүнийг алгадах, цээж рүү нь цохих, бие рүү нь өшиглөх зэргээр олон удаагийн үйлдлээр түүний биед зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн 4,5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын цагираг мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Ж.ийн хохирогчоор өгсөн: “...******* найз охинтойгоо 2.5 литрийн 1 пиво уугаад сууж байсан. Би ороод *******тай ууж дуусаад ахиад 1 шил архи авсан байсан тэгээд би санахгүй тасарчихсан байсан. Нүдний ухархай цөмрөлттэй, нурууны L1, L2 хугаралттай, зүүн хөл, зүүн гарын мэдрэлийн судсаа дарсан байна гэсэн. Хавирга хугарсан байсан...Би тухайн үед юунаас болж яагаад маргалдсанаа мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал), гийн гэрчээр өгсөн: “... ******* хоёр хоорондоо маргалдчихсан чи намайг ийм болтол зодож байхдаа яадаг юм гээд миний хүүгийн хацар язарчихсан, хамраас цус гарчихсан, өмд цамц нь цус болчихсон сууж байсан. Би *******т чи арай ч дээ, миний хүүг ийм болтол зодоод байхдаа яадаг юм гэхэд ******* миний хүүг ор хана завсрын голоор унагаж өшиглөөд гараараа цохиод байсан, би айсандаа болиочээ, хүүг минь аллаа гээд бид хоёр татаад салгасан чинь ******* ын гарыг хазаж 2-3 удаа цохихоор нь би цагдаа дуудчих гэж хэлээд цамцнаас нь татсан чинь цамцаа тайлж шидчихээд намайг түлхээд гараад зугтаачихсан...”  гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 82-84 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13222 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дэх тал), *******ын яллагдагчаар өгсөн: “...би давраад байгаарай гээд зүүн хацар дуу нь зөөлөн алгадсан...намайг боогоод унагаачихсан, би манарч босож ирээд бид хоёр хоорондоо бие биеэ цохилцож байхад ээж нь орж ирээд цагдаа дуудсан байсан... тоотод байхдаа нэг удаа алгадаад зүүн хацрын шарх гэмтлийг үүсгэсэн. Би цээж рүү нь цохиж байсан. Бусад гэмтлийг нь бол ямартай ч зодолдож байхдаа үүсгэсэн байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэргийн хохирогч Ж.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь Ж.той маргалдсаны улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Ж.ийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаан дээр хохирогч талаас гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

Хохирогчийн өмгөөлөгчөөс “Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчийн хөдөлгөөн хязгаарлагдаж өнөөдрийг хүртэл хэвтэр болон суугаа байдалд байгаа. Цаашид хагалгаанд орохоор төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор хавтаст хэргийн 99 дэх талд хагалгааны 23.940.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгт хавсаргуулсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 5.900.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 2.281.768 төгрөгийн хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн өндрөөр тогтоож өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргалаа.

Хэрэгт авагдсан 1.903.141 төгрөгийн баримтуудаас давхардсан 321.353 төгрөгийн баримтыг хасаж тооцон үлдэх 1.581.788 төгрөг, хохирогчийн өмгөөлгөгчөөс шинээр гаргаж өгсөн 761.280 төгрөгийн баримтаас хэрэгт хамааралгүй 61.300 төгрөгийн баримтыг хасаж 699.980 төгрөг нийт 2.281.768 төгрөгийг энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ.

Хохирогч Ж. нь цаашид хагалгаанд орох талаархи нэхэмжлэл хэрэгт байгаа боловч  ирээдүйд гарах зардлыг шүүх тооцоолон бодох боломжгүй учир энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.

Ж.ийн ажилгүй байсан хугацааны цалин орлогын нэхэмжлэлтэй холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд гаргаж хэрэгт хавсаргуулав.

Тус тодорхойлолтоор Ж.ийн ажилгүй байсан хугацааны түүнд олгогдох тэтгэмж, эмнэлгийн хуудас буюу лист, ямар хэмжээгээр олгогдсон эсэхийг нотолсон баримтгүйгээр цалин хөлсний зөрүүг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдуулан нэхэмжилсэн 5.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.

Иймд хохирогч Ж. нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой болон цаашид хийгдэх хагалгаатай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.400.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч Ж.т олгохоор шийдвэрлэв.

Нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас баримтаар нэхэмжилсэн хохиролд 2.281.768 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 4.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.т олгохоор шийдвэрлэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч талаас шүүх хуралдааны явцад хохирогч Ж.ийн данс руу нийт  2.281.768 төгрөгийг шилжүүлсэн болохыг дурьдаж байна.  

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Торгуулийн ялыг оногдуулах боломжтой байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ялын хамгийн бага нэгжээр торгож өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн “чи үр тогтоох чадваргүй” гэх зүй бус үг хэллэг нөлөөлсөн  нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч нь хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Хэрэгт шүүгдэгч ******* энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                 

     ТОГТООХ нь:     

1. ******* овогт *******гийн *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.   

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Ж. нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой нэхэмжлэл болон цаашид хийгдэх хагалгаатай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцийн хор уршигт 4.400.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.т олгосугай.

7. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ