Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2021/00108

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Э сум, 2 дугаар баг, Өнгөт багт оршин суух, А овогт Н-н Д /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Гашуун гэх газарт оршин суух, Боржигин шарга овогт П-ийн Б /РД:................../-т холбогдох 2 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д хариуцагч П.Б, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би*******тай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр малын наймаа хийж, 4 тооны адуугаа 1 100 000 төгрөгөөр тохирсон. 9 үхрийн 1 үхрийг 1 800 000 төгрөгөөр тохирч, үлдсэн 8 үхрээ би 1 500 000 төгрөг гээд******* 1 000 000 төгрөг гээд дундаа хийж 1 250 000 төгрөгөөр зарахаар тохирсон. Хариуцагч******* нь 16 200 000 төгрөг нэн даруй өгөхөөр тохирсон. 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 400 000 төгрөг өгсөн ба түүнээс хойш 2 сар гаруй хугацаанд үлдэгдэл болох 2 800 000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ийн надад худалдана гэсэн 9 тооны үхрийг харахад туранхай жижиг байсан. Тэгэхээр би Говьсүмбэр аймгийн нутгийн иргэдийн үхрийг бодоход жижигхэн туранхай байна. Эндхийн үхрийн ханшинд хүрэхгүй юм байна гэхэд ******* манай үхэр хязаалан, соёолон үхрүүд байгаа юм гэхээр би нэг том үхрийг нь 1 800 000 төгрөгөөр үлдэх 8 үхрийг 1 000 000 төгрөгөөр авна гэж хэлээд орхичоод яваад өгсөн. Энэ үеэс хойш 10 гаран хоногийн дараа ******* надруу бид 2 урьд адууны наймаа хийхээр тохирсон байсан чи нөгөө хэдэн адуугаа ав гэхээр нь *******ийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Гашуун гэх нутагт байх адуун дээр нь очоод 4 тооны адууг авсан. Энэ үед ******* нөгөө хэдэн үхэр чи авчих, ус зөөж услах хэцүү байна гэхээр би тэгвэл урьд хэлсэн үнээрээ л авна шүү гэхэд бүгд хязаалан, соёолон үхрүүд байгаа гэхээр нь би нэг үхрийг саяас дээш авахгүй шүү гээд би адуугаа аваад явсан. Үүний маргааш өглөө нь ******* утасдаад нөгөө хэдэн үхрээ авчих гээд үдээс хойш нь хэдэн үхрээ туугаад Баянтал суманд ойртуулаад ирлээ намайг тосоод авчих гэхээр нь би тосч авсан. *******ийн гэрч болно гэх Шинэтуяа гэгч хүн ирээд мөнгө төгрөгөө яасан юм бэ гэхэд би мөнгө төгрөгийг нь дансаар хийнэ гэхэд ******* чи наад үхрээ хурдан туугаад яв гэсэн юм. Том үхрийг 1 800 000 төгрөгөөр авна гэж хэлсэн болохоор би зөрүү 800 000 төгрөгөө өгнө, харин 8 жижиг үхрийн хувьд 1 250 000 төгрөг гэж тохироогүй юм. 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 9 үхрээ борлуулахад нийт 1062 кг болсон, 1 кг махыг 8 700 төгрөгөөр худалдаад нийт 9 698 000 болсон үүнээс тээврийн зардал 240 000 төгрөг бойны хөлс 315 000 төгрөг, махны бичигний үнэ 64 800 төгрөг, Дэнжийн мянга зах руу орох төлбөр 25 000 төгрөг, хиллүүлэхэд 26 550 төгрөг болсон. 9 тооны үхэр борлуулсан нийт ашгаас дээрх зардлуудыг хасахад миний гар дээр 9 026 650 үлдсэн. Үүнээс би 9 000 000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн. Нэгэнт би *******аас том үхрийг 1 800 000 төгрөгөөр авна гэж тохирсон тул өөрт алдагдалтай байсан ч 800 000 төгрөгийг өгнө, үлдэх 2 000 000 төгрөгийг өгөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч П.Батбаяр нь *******аас адуу-4, үхэр-9 худалдаж авсан нь үнэн. 1 үхрийг 1 800 000 төгрөгөөр, үлдэх 8 үхрийг 1 000 000 төгрөгөөр худалдаж авахаар ярьж тохиролцсон, 1 250 000 төгрөгөөр худалдаж авахаар 8 үхрийг тохиролцоогүй, харин 1 үхрийг 1 800 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон тул зөрүү 800 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж маргана.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 8 үхрийг хариуцагч*******т нэг бүрийн үнэ нь 1 250 000 төгрөгөөр худалдсан гэдэг бол хариуцагч нь 1 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргадаг бөгөөд талуудын хооронд мал худалдах, худалдан авах талаар бичгээр байгуулагдсан хэлцэл байхгүй байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь нийт 13 толгой малыг*******т шилжүүлэн өгснөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцох ба хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэвч нэхэмжлэгч ******* нь 8 үхрийг 1 250 000 төгрөгөөр худалдсан гэх боловч үүнийгээ шүүхэд баримтаар нотлоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Хэдийгээр гэрч Н.Мөнгөнцэцэг нь хэдэн тооны, ямар хүч таргатай малыг хэдэн төгрөгөөр худалдсаныг мэдүүлэх боловч шүүх харьцуулан үзэх бичгийн нотлох баримтгүйгээр гэрчийн мэдүүлгийг дангаар нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд, шүүх хариуцагч*******ын зөвшөөрсөн хэмжээнд буюу 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Батбаяраас 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1заасныг баримтлан хариуцагч П.Батбаяраас 800 000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дашид олгож, нэхэмжлэлээс 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 /тавин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 23 750 /хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА