Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2021/00096

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум,--- дугаар баг, --дугаар байр, ---- тоотод оршин суух, Б овогт Г-ын Н /регистрийн дугаар:ТГ--------------, утас:--------------/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ---- дүгээр хороо, Г-ийн ----- тоотод бүртгэлтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ----дугаар баг, Р-ы 3----- тоотод оршин суух, Ш- овогт С-гийн С /регистрийн дугаар:-------------, утас:-----------/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, Г.Наранцэцэгт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай С.Содбаярын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранцэцэг, хариуцагч С.Содбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Наранцэцэг миний бие С.Содбаяртай 2007 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж амьдарч байна. С.Содбаяртай гэр бүл болсноос хойш 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин С.Сарнай, 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү С.Сүлд, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү С.Соёмбо нар төрсөн. Бид 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед тохиролцож хэлэлцсэний улмаас тэтгэмж тогтоолгоогүй байсан. Тохиролцсоны дагуу үүрэг хариуцлагаа хүлээхгүй байгаа тул хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү. Би хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг, хориглодоггүй гэв.

Хариуцагч С.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хүүхдийн тэтгэлэг төлдөг байсан боловч төлөхөө больсон. Намайг Солонгост байхад хүүхдүүдээ ав гэж дуудаж ирүүлсэн. Хүүхдүүд надтай 4 сар байсан ба ээж нь ирээд аваад явсан. Охин С.Сарнай, С.Соёмбо нарт тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Тэтгэлгийг хадгаламжийн дансаар төлнө. Харин хүү С.Сүлдийг өөрийн асрамждаа авмаар байна гэв.

Хариуцагч С.Содбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Наранцэцэгтэй 2017 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш харилцан ярилцан тохиролцсоны дагуу мөнгөн тэтгэмж өгч байсан. Миний хүү С.Сүлд нь 2 настайгаасаа унаж татдаг, байнгын эмчийн хяналтад байдаг. 6 сар тутамд тархины бичлэг хийлгэж, эм уудаг. Г.Наранцэцэг нь түрээсийн байранд амьдардаг. 3 хүүхэд 1 хүний цалингаар тэжээх, хүүхдийг байнга эмнэлгээр үзүүлэх боломжгүй учир С.Сүлд хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Мөн би хүүгээ Солонгос руу авч явж, эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэнэ, мөн тэнд сургуульд сургахаар болсон гэв.

Нэхэмжлэгч Г.Наранцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Содбаяр нь үр хүүхдүүддээ харж хандах, асран хамгаалах тал дээр анхаарал халамж тавихдаа муу болно. Миний бие гурван хүүхдээ тус тусад нь байлгахыг хүсэхгүй байна. Мөн С.Сүлд нь унаж татдаг өвчтэй учраас өөрийнхөө асрамжид байлгах хүсэлтэй. С.Содбаяр нь Солонгос улс руу явах гэж байгаа тул өөрөө асран хамгаалж чадахгүй, ээж болох С.Соёлмаатай байлгах тул энэ хүний хараа хяналт асрамжинд байлгахыг миний бие хүсэхгүй байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Наранцэцэг нь хариуцагч С.Содбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Содбаяр нь охин С.Сарнай, хүү С.Соёмбо нарт тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүү С.Сүлдийг өөрийн асрамжид тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Г.Наранцэцэг нь хүү С.Сүлдийг унаж, татдаг өвчтэй учраас өөрийнхөө асрамжид байлгана, С.Содбаяр нь Солонгос улс руу явах гэж байгаа, хүүг ээж болох С.Соёлмаатай байлгаж, өөрөө асран хамгаалж чадахгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

С.Содбаяр, Г.Наранцэцэг нар нь 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаанд 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин С.Сарнай, 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү С.Сүлд, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү С.Соёмбо нар төрсөн байх бөгөөд зохигч гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00157 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин С.Сарнай, хүү С.Сүлд, С.Соёмбо нарыг эх Г.Наранцэцэгийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэжээ. /хх2-5, 13-16/

Хэдийгээр өмнө хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй гэх үндэслэлээр тэтгэлэг тогтоолгоогүй боловч одоо дахин шүүхэд хандаж, тэтгэлэг болон асрамжийн талаар маргаж шаардлага гаргасан байгаад өмнөх шүүхийн шийдвэр саад болохгүй бөгөөд талууд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар дахин шүүхэд хандах эрхтэй байна.

Хариуцагч С.Содбаяр нь хүү С.Сүлдийг 2 настайгаасаа унаж татдаг, байнгын эмчийн хяналтад байдаг, 6 сар тутамд тархины бичлэг хийлгэж, эм уудаг гэх үндэслэл зааж Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчний түүхийг хавсаргасан./хх27-29/ Мөн Г.Наранцэцэг нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд 3 хүүхдийг 1 хүний цалингаар тэжээх, хүүхдийг байнга эмнэлгээр үзүүлэх боломжгүй гэх үндэслэлээр өөрийн асрамжид авна гэж сөрөг шаардлага гаргасан.

Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. Үүний дагуу 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү С.Сүлдээс асрамжийн талаарх саналыг асуухад тэрээр ээж, дүү, эгчтэйгээ хамт амьдрах саналтайгаа илэрхийлсэн./хх147/

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Г.Наранцэцэгийг түрээсийн байранд амьдардаг, 3 хүүхдийг 1 хүний цалингаар тэжээх, хүүхдийг байнга эмнэлгээр үзүүлэх боломжгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлт гаргаагүй болно.

Иймд шүүх хүү С.Сүлдийн саналыг харгалзан үзэж, хүүгийн одоогийн өсөж торниж, амьдарч байгаа буюу ээнэгшин дассан орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүү С.Сүлдийг эх Г.Наранцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин С.Сарнай, 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү С.Сүлд, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү С.Соёмбо нарын насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.Содбаяраар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэйгээс гадна эцэг, эхэд үүргээ биелүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч 1 жилд төлөгдөх тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 123,603 /54,771+34.416+34,416/ төгрөг төлсөн тул үүнийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 123,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлд 70,200 төгрөг төлсөн бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул энэхүү төлбөрийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү С.Сүлдийг эх Г.Наранцэцэгийн асрамжид үлдээж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хариуцагч С.Содбаярын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү С.Сүлд, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү С.Соёмбо нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин С.Сарнай болон хүү С.Сүлд, С.Соёмбо нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.Содбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар, нэхэмжлэгч Г.Наранцэцэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 123,603 төгрөг, хариуцагч С.Содбаяраас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Содбаяраас 123,603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ