Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00082/И |
Дугаар | 134/ШШ2021/00101 |
Огноо | 2021-07-22 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 134/ШШ2021/00101
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Унгар улсын Б------ хотын ------- гудамжны ----- тоотод оршин суух, Б овогт С-гийн Г /регистрийн дугаар:УГ----------, утас:------------/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1983 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Шивээ-Овоо ХК-д экскаваторын машинист ажилтай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 15 дугаар байр, 37 тоотод оршин суух, Б овогт А-ын Г /регистрийн дугаар:ЕТ-----------, утас:-------------/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяацэцэг, хариуцагч А.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Ганчимэг миний бие А.Ганзоригтой 2002 онд танилцаж, 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин Г.Бадамхатанг төрүүлсэн. 2006 оны 08 дугаар сарын 02-нд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2013 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд А.Ганзориг нь эхнэр авч, эхнэр нь удахгүй амаржих гэж байгаа. Миний бие нь 2019 оноос хойш өдийг хүртэл Унгар улсад ажиллаж, амьдарч байна. Цаашид бид 2 хамтран амьдрах боломжгүй, хэн хэн нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон тул гэрлэлтээ цуцлуулан, охин Г.Бадамхатанг өөрийн асрамждаа авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч А.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Ганчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, охин Г.Бадамхатанг ээж С.Ганчимэгийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Охин маань 2013 оноос хойш ээж болон эмээгийнхээ асрамжид байгаа. Би охинтойгоо утсаар ярьж, уулздаг бөгөөд охиноо эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ганчимэг нь хариуцагч А.Ганзоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
С.Ганчимэг, А.Ганзориг нар 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин Г.Бадамхатан төрж, эрүүл саруул бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, Ач-Элбэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, гэрлэлтийн 0019222/24 дугаартай гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний 0180851 тоот гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Ганчимэг нь Унгар улсад амьдардаг талаар талууд тайлбарласан ба Б.Туяацэцэгт итгэмжлэл олгосон, итгэмжлэлд өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг олгосон байх ба итгэмжлэлийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны консулын газраар баталгаажуулжээ /хх-11/.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журам болох эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяацэцэг оролцсон боловч гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тэмдэглэл хэрэгт авагджээ.
Тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тус тусдаа амьдарч, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, хэн аль нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрчлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Мөн зүйлийн 131.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч, энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ гэжээ. Нэхэмжлэгч С.Ганчимэг нь Унгар улсад оршин суудаг байх ба өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг төлөөлөгчид олгосныг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо итгэмжлэлээр илэрхийлсэн байна гэж үзэж түүний төлөөлөгчийг оролцуулан гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч А.Ганзориг нь охин Г.Бадамхатанг эх С.Ганчимэгийн асрамжид үлдээх, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул охин Г.Бадамхатанг эх С.Ганчимэгийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуулиар тогтоосон журмын дагуу хүүхдийн насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг А.Ганзоригоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Охин Г.Бадамхатан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16 насанд хүрсэн бөгөөд одоо Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори боловсрол цогцолбор сургуулийн 101 дүгээр ангид суралцдаг болох нь тус сургуулийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар түүнийг суралцаж байгаа гэх үндэслэлээр 18 насанд хүртэл тэтгэлэг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэйгээс гадна эцэг, эхийг үүргээ биелүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг, 1 жилд төлөгдөх тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 54,771 төгрөг, нийт 124,971 төгрөг төлсөн тул үүнийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 124,971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигин овогт А-ын Г, Боржигон овогт С-гийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Бадамхатанг эх С.Ганчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Г.Бадамхатанг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг А.Ганзоригоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,971 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ганзоригоос 124,971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ганчимэгт олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямзаяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ