Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/352

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Э.Анударь,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000233 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, найз нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараагийн ******* оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ******* ******* *******од түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:М3*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* орцонд Д.ын баруун хөлөн тус газарт хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газарт гараараа цохин улмаар эрүүл мэндэд нь баруун шагайн үений гадна хавчаар яс, хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, нүдний зовхи, шанаа, хацарт цус хуралт, нүдний алимын салстад харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Тухайн үед би Д. гэх хүнийг үүрээд шидсэн. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Асуудлыг уур омгоороо шийдэх биш зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405000000233  дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.ын хохирогчоор өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр найзынхаа хамт ганц, хоёр шил архи уугаад нэлээн согтчихсон байсан. Би согтуу өөрийн гэр болох Баянгол дүүргийн *******, Богд ар хорооллын 9а байрны 14 дүгээр давхарт гэр рүүгээ орох гээд хаалгаа онгойлгож чадахгүй орцондоо байж байсан. Согтуу байсан болохоор дуу чимээ гаргасан байх. Намайг орцондоо байж байхад 20 орчим насны залуу 195 тоотоос гарч ирсэн. Намайг битгий орилж хашхираад бай гэж хэлсэн. Би өөдөөс нь чи өдөр болгон орцонд тамхи татдаг биз дээ гээд хэрүүл маргаан хийхэд нөгөө залуу шууд миний нүүр хэсэг рүү цохисон. Нөгөө залуу миний баруун хөлийн хэсэг рүү хүчтэй хавсарч өшиглөсөн. Өшиглөхөд нь би газар шууд унасан. Би газар унасан байхад миний дээр гараад суусан. Миний нүүрний хэсэг рүү нэлээн олон удаа цохисон. Энэ үед миний ухаан балартсан. Цагдаа нар ирэхэд би сэргэсэн. Намайг орцонд согтуу орилж бархирсан гэж зодсон. Би энэ хүүхэдтэй өс хонзон байхгүй. Таньж мэдэхгүй хүүхэд байсан. Намайг гэр рүүгээ ороход манай орцонд тамхи татаад зогсож байдаг байсан. Энэ хүүхэд нь манай байранд ирсэн байх. Намайг зодсон залуу нь намайг гэмтлийн эмнэлэгт хамт явж үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хамт явсан. Хувийн эмнэлгээр явахад хамт явсан. Энэ хүүхэд нь намайг үүрээд явж байсан. Өөрөө надад хэлэхдээ та орцоор орилж хашхираад байсан болохоор зодсон гэж хэлсэн. Намайг зодсон залуу нь өөрийгөө *******ийн ******* гэж танилцуулсан. Ээж ******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотоос ирсэн гээд надтай уулзсан. Намайг зодсон ******* нь Баянгол дүүргийн ******* Богд ар хорооллын *******од амьдарч байгаа. Баянгол дүүргийн ******* Богд ар хорооллын 9а байрны 14 дүгээр давхарт байхад *******ийн ******* нь миний хөл рүү хөлөөрөө хавсарч өшиглөсөн. Өшиглөөд шалан дээр унасан байхад миний дээр гарч суугаад миний нүүр хэсэг рүү олон удаа гараараа цохисон. Юмаар цохиогүй, хөлөөрөө хавсарч өшиглөсөн. Гараараа нь хүчтэй нүүр рүү цохиж энэ гэмтлүүдийг миний биед учруулсан. Миний төрсөн охин Мөнхгэрэл нь харсан байсан. Өөр хүн байгаагүй. Миний зодуулсан гэх газар нь хяналтын камергүй. Хохирлоо барагдуулбал гомдол санал байхгүй байна. Нийтдээ эмчилгээний зардал 10.000.000 төгрөг болж байна, энэ эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч ийн  өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ******* Богд ар хорооллын 9а байрны 183 тоот гэртээ ганцаараа байж байхад орцонд орилоод ноцолдож байгаа чимээ дуугарсан. Манай аав ын орилж байгаа дуу гарахаар нь гараад харсан. Орцны шатны хэсэгт аав нь шалан дээр унасан. 20 орчим насны, хар өнгийн куртиктэй, гэрийн углааштай эрэгтэй хүн манай аав ын дээр гараад суучихсан. Хоёр гараараа аавын энгэр хэсгээс нь зуураад байж байсан. Би очоод ахаа та одоо гэр рүүгээ орчихоо согтуу хүнтэй маргаад хэрэггүй ээ гээд хэлсэн. Тухайн үед аавыг маань цохиогүй зууралдаад байж байсан. Би болиоч гээд болиулсан. Салгасны дараа ахиад аав нөгөө ах хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн. Нөгөө ах аав ын хөл рүү нь хавсарч өшиглөөд газар унагаасан. Аавыг коридорын шалан дээр унасан байхад нь дээр нь сууж байгаад нүүрийг нь нэг гараараа бариад нэг гараараа нүүр рүү нь цохиж эхэлсэн. Би болиулах гээд чадаагүй. Орилоод болиоч ээ гээд нөгөө ахыг болиулсан. Болиулсны дараа аав ыг нөгөө ах дахиад барьж аваад дахиад газар унагаагаад нүүр рүү нь зөндөө цохисон. Манай аав ын нүүр нь битүү цус болоод хамраас нь маш их цус гоожсон. Шалаар дүүрэн цус болсон. Аав нь зодуулсан газраас босож чадахгүй байсан. Би нөгөө ахыг одоо гэр рүүгээ орчихоо гээд оруулсан. Аав ын нүдний баруун хэсэг нь хавдаад хамраас нь битүү цус гарсан учраас шууд цагдаа дуудсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2376 дугаартай “Д.ын биед баруун шагайн үений гадна хавчаар яс, хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, нүдний зовхи, шанаа, хацарт цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд учирсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй байна. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шөнийн ээлжид хоноод өглөө амрах гэж байхад орцонд үл таних хүн орилж хашхираад байхаар нь би болиулах гээд гарсан. Тухайн согтуу хүн намайг уруулын доод хэсэг рүү нэг удаа цохисны улмаас миний уур бухимдал хүрч тухайн хүнийг зодох болсон. Ийм асуудал болсонд маш гэмшиж байгаа. Эмчилгээний бодит зардлыг нь барагдуулна. Одоогийн байдлаар 1 сая гаруй төгрөг өгчихсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* орцонд хашхирлаа гэх шалтгаанаар Д.ын баруун хөлөн тус газарт хөлөөрөө өшиглөж, нүүрэн тус газарт гараараа цохин улмаар эрүүл мэндэд нь баруун шагайн үений гадна хавчаар яс, хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, нүдний зовхи, шанаа, хацарт цус хуралт, нүдний алимын салстад харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал), Д.ын хохирогчоор өгсөн: “...хэрүүл маргаан хийхэд нөгөө залуу шууд миний нүүр хэсэг рүү цохисон. Нөгөө залуу миний баруун хөлийн хэсэг рүү хүчтэй хавсарч өшиглөсөн. Өшиглөхөд нь би газар шууд унасан. Би газар унасан байхад миний дээр гараад суусан. Миний нүүрний хэсэг рүү нэлээн олон удаа цохисон. Энэ үед миний ухаан балартсан. Цагдаа нар ирэхэд би сэргэсэн...Намайг зодсон залуу нь өөрийгөө *******ийн ******* гэж танилцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), насанд хүрээгүй гэрч ийн өгсөн: “...Орцны шатны хэсэгт аав нь шалан дээр унасан. 20 орчим насны, хар өнгийн куртиктэй, гэрийн углааштай эрэгтэй хүн манай аав ын дээр гараад суучихсан. Хоёр гараараа аавын энгэр хэсгээс нь зуураад байж байсан...аав ыг нөгөө ах ахиад барьж аваад ахиад газар унагаагаад нүүр рүү нь зөндөө цохисон. Манай аав ын нүүр нь битүү цус болоод хамраас нь маш их цус гоожсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2376 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал), *******ын яллагдагчаар өгсөн: “...орцонд үл таних хүн орилж хашхираад байхаар нь би болиулах гээд гарсан. Тухайн согтуу хүн намайг уруулын доод хэсэг рүү нэг удаа цохисны улмаас миний уур бухимдал хүрч тухайн хүнийг зодох болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч Д.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүр, хөл хэсэг рүү олон удаагийн давтамжтайгаар өшиглөж цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Д.ын биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэргийн 63-81 дэх талд хохиролтой холбоотойгоор 701.600 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Д.ын Хаан банкин дахь дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байна.  

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нийтдээ эмчилгээний зардал 10.000.000 төгрөг болж байна, энэ эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэж мэдүүлсэн байх боловч хохирогчийн нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтгүйн учир хэлэлцэхгүй орхив. Харин хохирогч Д. нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй болно.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1.000.000) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Хэрэгт шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1.000.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч Д. нь өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ