Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/337

 

 

     2024             4           30                                        2024/ШЦТ/337       

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч О.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 24-нд Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 9; эцэг, эх, ах, дүү нарын хамт ***н аймаг, ***сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, мэргэжилгүй, зам засврын компанид ажиллаж байгаа гэх, одоо С*** дүүргийн *** дүгээр хороо, ** тоот нагац эгч Б.Ц-ийнд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, **** дугаарын регистртэй, Б овогт О-ийн /эх/ М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.М нь 2024 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хөх хад” гэх нэртэй зочид буудалд хохирогч М.Н-ыг зодож, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун хацар, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин ярихгүй. Хохирогчийн хохиролд 2.417.000 төгрөг өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байгаа гэв.

      

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч М-н Н “... би Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудалд ресейпшнээр сүүлийн 1 жил ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал үүрийн 05:00 цагийн үед гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 25-30 орчим насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй өрөө авахаар орж ирээд манай буудлын 13 тоот өрөө рүү орсон. Тооцоогоо нэг залуу нь хийгээд тэр гурав өрөөндөө орсон. Удалгүй тухайн гурван хүн хоорондоо маргалдаад, эмэгтэй нь гараад явсан. Гэтэл нөгөө хоёр залуу өрөөнөөсөө гарья, мөнгөө авъя гэхээр нь өрөөнд ороод 1 цаг болсон тул би цагийн мөнгийг чинь авна гэхэд тухайн хоёр залуугийн өндөр туранхай залуу нь уурлаж надтай хэрүүл хийж байгаад миний нүүр рүү нэг удаа мөргөөд намайг ор руу түлхэж унагаад зодох гээд дайран. Би тусламж гуйж орилоход хажуу өрөөнөөс хүмүүс орж ирж салгаад цагдаа дуудсан” /хх-н 8-9/ гэж,

гэрч Х-ын П “... 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд “Кроун” гэх баарны гадаа найз Мтэй уулзсан. Тэгээд бид хоёр тэр баар руу ороод нэг хүний 7 шил 0,5 граммын шар айраг уусан бөгөөд тэндээсээ 2024 оны 3 дугаар сарын 12-ны 04:00 цаг өнгөрч байхад манай ажлын газрын эмэгтэй М ирээд бид гурав зочид буудал орохоор болоод “Хөх хад” гэх нэртэй буудал руу орцгоосон. Буудал руу ороод 2 ортой өрөөг хоногоор 70.000 төгрөгөөр авч орцгоосон. Өрөөнд ороод тэр хоёрт хандан би маргааш чухал ажилтай гэж хэлтэл М, М хоёр хоёулаа мөн адил маргааш ажилтай гээд буудалд хонохоо болиод гарахаар шийдсэн. Тухайн үед би ажлын газрын найз М-ийг гаргаж таксинд суулгаж өгчхөөд буцаад буудал руу ороод иртэл буудлын ресейпшний хэсэгт М үйлчлэгчээс буудлынхаа мөнгийг нэхээд маргалдаад зогсож байсан. Тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би тэр эмэгтэйд хандан бид нар хонохоо болиод гарч байгаа юм, 20 минут болсон гэж хэлэхэд өөдөөс тэр эмэгтэй та нар өрөөний ор хөнжлийн даавууг бохир болгосон байна, тийм учраас мөнгийг чинь өгөхгүй гээд байсан. Тэгээд тэр хонохоор авсан өрөө рүү үйлчлэгч эмэгтэй болон М нарын хамт ороход хөнжлийн даавуун дээр жаахан толбо үүсчихсэн байсан. Тэр хооронд би өөрийнхөө гар утсыг цэнэглэх гээд байж байтал М тэр эмэгтэйтэй маргалдаад үйлчлэгч эмэгтэй Мөнх-Эрдэнийг хоёр гараараа цээж хэсэг рүү нь түлхтэл М зөрүүлээд хоёр гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн бөгөөд хойшоогоо тэр эмэгтэй жаахан ухарсан. Тэр үед миний утсанд мессеж ирээд гар утсаа шалгачхаад тэр хоёр руу хартал М-н толгойн дээд хэсэг тэр эмэгтэй гартаа барьж байсан гар утсаараа цохиж байгаа нь харагдсан. М зөрүүлээд тэр эмэгтэйн нүүрэн тус газарт нь нэг удаа хүчтэй цохиж байгааг нь харсан. Тэр эмэгтэй цохиулсныхаа дараа нэлээн чанга дуугаар орилсон бөгөөд хажуу өрөөнд байсан 3 эрэгтэй орж ирээд маргааныг салгасан. Удалгүй тэндээ байж байтал цагдаа нар манай найз Мөнх- Эрдэнийг аваад явсан” /хх-н 14-15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... М.Н-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун хацар, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 3546 дугаартай дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 17-18/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч О.М-н гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт О-ийн М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Харин гэрч Х.П-ийн мэдүүлэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2024 оны 3 дугаар сарын “11”-ний өдөр гэснийг техникийн шинжтэй алдаа байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.М-ийн хувийн байдалтай холбоотой:

оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/  гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

хохирогч М.Н “... О.М надад нийт хохирол болох 2.417.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ХАС банк дахь миний 5004173820 тоот дансаар төлсөн. Миний зүгээс дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хааж өгнө үү” /хх-н 43-44/ гэсэн хүсэлтийг,

шүүгдэгч О.М “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-н 50/ гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч О.Мд оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт О-ийн М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.М 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Нармандах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ