Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0045

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.А  нь намайг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15:00 цагийн үед, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 09:00 цагийн үед тус тус дуудаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өг гэж шахсан боловч би гаргаж өгөөгүй учир намайг ажлаас халах тухай Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамж гаргасан.

Миний бие 1992 оноос хойш төрийн албанд ажилласан. 2005, 2012 онуудад төрийн захиргааны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтанд орж тэнцэж байсан. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Төрийн захиргааны байгууллагад 24 жил ажиллахдаа ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй. Намайг ажлаас халах болсон нь хувийн өс хонзонгийн сэдэлттэй, нам улс төрийн болон сонгуулийн үеэр амласан амлалтаа биелүүлэх гэж улайрсан, яс үндсээр ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Би Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч хөнгөн гоомой хариуцлагагүй хандаж, ямар ч баримт байхгүй байхад баримт байгаа мэтээр шийдвэр гаргасан явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа намайг удаа дараа арга хэмжээ авахуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж тайлбарласан байна. Би Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гаргаж байхгүй. Хариуцагчийн тайлбарт дурдсанаар намайг ажлаас халах болсон шалтгаан бүртэй холбогдуулж тайлбар хэлье. Б.А  нь Булган сумын Засаг даргаар томилогдохоос 2-3 хоногийн өмнө миний бие зааланд тоглож байгаад хөлөө гэмтээсэн. Үүнээс болж эмнэлэгт үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэсэн. Би эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчилгээ бичүүлж, ажлаас 7 хоногийн хугацаатай чөлөөлсөн эмнэлгийн магадалгаа авч Далт багийн нийгмийн ажилтанд өгсөн. Дараа нь Булган сумын Засаг дарга ажил хүлээлцсэн байсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Мерси Кор олон улсын байгууллагаас зохион байгуулсан сургалтанд оролцох байсан ба мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Дамиранжавын нэхэмжлэлтэй Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд намайг хариуцагчаар оролцуулахаар дуудсан. Ингээд би 2017 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд аймагт ажилласан. Намайг байхгүй байх энэ хугацаанд Б.А  дарга намайг ажлаас халахаар хамт олны хурал хийж санал авсан байдаг.  2016 оны 11 дүгээр сарын 18-ний өглөө Булган суманд Мерси Кор олон улсын байгууллагын багш ирчихсэн хичээлээ заагаарай гэхээр би Тамгын газрын хамт олныг цуглуулж хичээлээ зааж эхэлсэн. Засаг дарга Б.А намайг хичээлээ зааж байсныг харсан хэдий ч Онцгой байдлыг хуралд намайг оролцуулж, дуудаагүй. Намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэхээр нь би өгөөгүй.

2012 онд манай Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар байр шинээр ашиглалтанд орсон. Уг байр ашиглалтанд орсонтой холбоотой 2012 оны 12 дугаар сард болсон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд би ЗДТГ-т нэг үйлчлэгч, нэг жижүүр авъя гэдэг санал гаргасан. Үүнийг сумын ИТХ-аар хэлэлцээд дэмжсэн. Ингээд би нэг үйлчлэгч, нэг жижүүр ажилд авахаар тушаал гаргасан. Гэтэл хэд хэдэн иргэдээс гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс дээрх 2 иргэнийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон. Ингээд надад сахилгын арга хэмжээ авсан тушаал гарсан.

2014 оны эхний хагас жилийн мэдээнээс Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр надад сахилгын арга хэмжээ авсан. Энэхүү ажил нь миний ажлын байрны тодорхойлолтонд байхгүй. Булган сумын Засаг даргын орлогч нийгмийн бодлогын ажилтан нарын хийх ёстой ажил байгаа юм.

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр надад сахилгын арга хэмжээ авахдаа ойн арга хэмжээнд оролцоогүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэжээ. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр сургуулийн ой болсон ба түүнээс өөр ямар ч ойн арга хэмжээ болоогүй байсан. Тэгэхээр нь би уг арга хэмжээ авсан тушаалыг зөвшөөрөхгүй талаар Засаг даргад гомдлоо гаргасан. Энэ талаар би тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан байгаа. Ингээд Засаг дарга Т.Баатарсүрэн өөрийнхөө гаргасан захирамжийг гаргаагүй гэж үзье гэхэд би нягтлангаас надад арга хэмжээ авсан тушаалыг авсан нь үнэн.

Иймд Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Булган сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ховд аймгийн Булган сумын засаг дарга Б.А  би нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргалаа.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр “Ажлаас халах тухай” захирамжийн үндэслэл, нотлох баримтын талаар: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн албанаас халах үндэслэл байхаар заасан.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б  нь Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж хугацаандаа удаа дараагийн зөрчил, дутагдалдаа сахилгын шийтгэл хүлээж байсан нь түүний албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байсны нотолгоо юм. Булган сумын Засаг даргын 3 удаагийн захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн нэхэмжлэгч Ч.Б нь эдгээр захирамжийг эс зөвшөөрч зохих журмын дагуу гомдол гарган шийдвэрлүүлээгүй нь сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

   Иргэн З.Шагдарсүрэн, К.Жаланаажав нар нь Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Геологийн цагаан толгой гэх газарт 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтан болох 2 тооны хулан адууны махыг Б.Пүрэвсүрэнтэй бүлэглэн 29-74 ХОА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн, мөн түүхий эдийн зүйлийг хадгалж, байгаль, экологид 19 400 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан. Нэр бүхий иргэд хууль бусаар агнасан 2 тооны хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хохирол 38 800 000 төгрөгийг нөхөн төлөөгүй байхад Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б  нь ээлжийн амралтаа эдэлж, Улаанбаатар хотод байхдаа доод шатны албан тушаалтнууд болох ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан эрх зүйн ажилтан Б.Бурмаа, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гансүх нарт “З.Шагдарсүрэн, К.Жаланаажав, Б.Пүрэвсүрэн нар хохирлоо нөхөн барагдуулсан гэсэн бичиг хийж өг” гэсэн хууль бус үүрэг өгч, хэрэгжүүлэхийг шаардсан байдаг.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/67 дугаар захирамжаар хариуцагч Б.Ам  намайг Булган сумын Засаг даргаар томилж, Д.Баатарсүрэнг Булган сумын Засаг даргаас чөлөөлсөн.

Гэтэл Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б  нь Булган сумын Засаг даргын ажлыг хүлээлцэх арга хэмжээ аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлцэх арга хэмжээнд эмчийн акттай шалтгаанаар ирээгүй. ЗДТГ-ын дарга Ч.Б нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах эсэхээ томилох эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд дур мэдэн ажил таслахдаа Булган сумын Засаг дарга Б.А надад мэдэгдээгүй.

Хариуцагч Б.А намайг Булган сумын Засаг даргын ажлыг хүлээн авсны дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сумын хэмжээнд 35-80 см цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрт гарч чадахгүйгээр өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан Булган сумын нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Булган сумын Онцгой комисс 2016 оны 11 дүгээр сарын 12, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 2 удаа хуралдсан. Уг хуралдаанд оролцуулахаар Ч.Б-руу залгахад утсаа аваагүй, өөрөө хүрэлцэн ирээгүй. Тухайн үед нэхэмжлэгч Ч.Б  Булган суманд байсан боловч Сумын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцоогүйгээр үл барам сумын гамшгаас хамгаалах 2016 оны төлөвлөгөөг гаргаагүй байсан нь Булган сумын Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганхуягийн мэдүүлгээр нотлогдоно.

Булган сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах, туршлага судлах ажлын удирдамж’’-ийн дагуу зарцуулагдах 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б  хэрхэн, юунд зарцуулсан талаар тайлан, баримтгүй.Мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг нягтлан бодогч, нярав нартай нийлээгүй, төсвийн гүйцэтгэлийг баталгаажуулаагүй. Булган сумын ЗДТГ-ын ямар ажилтан, албан хаагч нар хаана, ямар туршлага судалсан талаар ажлын тайлангүй.

Нэхэмжлэгч Ч.Б  нь Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 01 сарын 25-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б.Дамиранжавыг албан бус боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлснийг Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Б.Дамиранжавыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1449624 төгрөгийг Булган сумын ЗДТГ-аас гаргуулж, Б.Дамиранжавт олгохоор шийдвэрлэжээ.Үүнээс үзэхэд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” төсвийн шууд захирагчийн эрх хэмжээг Булган сумын ЗДТГ-ын дарга Ч.Б хангалтгүй хэрэгжүүлжээ.

Ч.Б  нь Булган сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 06 сард нийгмийн ажилтан Б.Жавзанпагмад жирэмсний амралтын олговор 823 376 төгрөг, 18 хоногийн цалин хөлс 325 147 төгрөгийг давхардуулан олгож, санхүүгийн зөрчил гаргасан. Иймээс жирэмсний болон амаржсаны амралт авсан эхэд цалин хөлс олгогдох эрх зүйн үндэслэлгүй байхад Булган сумын ЗДТГ-ын дарга Ч.Б нь нийгмийн ажилтан Б.Жавзанпагмад 18 хоногийн цалин хөлс олгож, албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь гэрч Ш.Азжаргалын мэдүүлгээр батлагдана.

Нэхэмжлэгч Ч.Б-г нь 2015-2016 онуудад Засаг даргын Тамгын газрын орлого бүрдүүлэх ажлыг хангалтгүй хэрэгжүүлсний улмаас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын санхүүжилтийг нэр бүхий нөхөрлөлүүдэд олгож чадалгүйгээр өр үүсгэсэн. Улмаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын 2017 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 133 дугаар шийдвэрээр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын санхүүжилт 204700001 төгрөг гаргуулан мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдэд олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ч.Б-г эрхэлж буй ажилдаа тэнцэж буй эсэх талаар Засаг даргын Тамгын газрын хамт олноос санал авахад нийт 40 ажилтнаас 27 хүн хангалтгүй гэж үнэлгээ өгсөн. Хариуцагч Булган сумын Засаг дарга Б.А би нэхэмжлэгч Ч.Б-г 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан өрөөндөө дуудан уулзаж, дээр дурдсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлын талаар мэдэгдэхэд тэрээр алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, цаашид мэргэжлээрээ Мал, эмнэлэг үржлийн тасгийн даргаар ажиллах санал хэлж байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу Ч.Б-ийн Булган сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамж нь хууль ёсны буюу үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна Уг захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар Ч.Б нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж сахилгын арга хэмжээ авч байсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж түүнийг Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан  тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Ч.Б  нь Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 3 удаа сахилгын арга хэмжээ авахуулсан байдаг. Түүний нэг нь Булган сумын Засаг даргын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 54 дүгээр захирамжаар төрийн албан хаагчийг сонгон шалгаруулалтын журмаар томилоогүй үндэслэлээр Ч.Б-ийн үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Уг захирамжаар нэхэмжлэгч Ч.Б нь сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх хэмжээгээ хангалтгүй хэрэгжүүлсэн тул Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02, 03 дугаар тогтоолуудаар Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01, 02 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон байдаг.

Булган сумын Засаг даргын 2014 оны 08 сарын 07-ны өдрийн А/93 дугаар захирамжаар 2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээний зарим хэсгийг гаргаагүй, 3 дугаар сарын тайланг тасалсан үндэслэлээр Ч.Б-ийн үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах" сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил хангалтгүй байгааг нотолно.

Булган сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 02-ны өдрийн А\174 дүгээр захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хариуцлагагүй хандаж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хамт олныг нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй үндэслэлээр Ч.Б-ийн үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Эдгээр захирамжуудыг Булган сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, эсвэл шүүхээс хүчингүй болгож байгаагүй. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Гэтэл Ч.Б  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, захирамжийн хэрэгжилтийг хангуулаагүй, Булган сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 54 дүгээр, 2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн А/174 дүгээр захирамжаар 20 хувийн суутгал хийлүүлэхгүйгээр цалин хөлсөө бүрэн авсан байдаг.

Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн барагдуулах боломжийг алдагдуулж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тухайд гэвэл иргэн З.Шагдарсүрэн, К.Жаланаажав нар нь Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Геологийн цагаан толгой гэх газарт 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтан болох 2 тооны хулан адууны махыг Б.Пүрэвсүрэнтэй бүлэглэн 29-74 ХОА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн, мөн түүхий эдийн зүйлийг хадгалж, байгаль, экологид 19 400 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ялаар шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан байдаг.

Нэр бүхий иргэд хууль бусаар агнасан 2 тооны хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хохирол 38 800 000 төгрөгийг нөхөн төлөөгүй байхад Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б  нь ээлжийн амралтаа эдэлж, Улаанбаатар хотод байхдаа доод шатны албан тушаалтнууд болох ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан эрх зүйн ажилтан Б.Бурмаа, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гансүх нарт “З.Шагдарсүрэн, К.Жаланаажав, Б.Пүрэвсүрэн нар хохирлоо нөхөн барагдуулсан гэсэн бичиг хийж өг” гэсэн хууль бус үүрэг өгч, хэрэгжүүлэхийг шаардсан байдаг.

Улмаар Ч.Б  нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, хэргийн оролцогч биш атлаа ЗДТГ-ын даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүгдэгч нартай хууль бус гэрээ байгуулсны улмаас одоог хүртэл амьтны аймагт учирсан хохирол бүрэн барагдаагүй, улс хохирсон хэвээр байна.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргаар Б.А-ыг томилж ажил хүлээлцэхэд Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б  нь Булган сумын Засаг даргын ажлыг хүлээлцэх арга хэмжээ аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлцэх арга хэмжээнд эмчийн акттай шалтгаанаар ирээгүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах эсэхээ томилох эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд дур мэдэн ажил таслахдаа Булган сумын Засаг дарга Б.А  мэдэгдээгүй байдаг. Ингэхдээ эмчийн магадлалтай гэдэг шалтгаанаар ажил тасалсан атлаа уг хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ноос 16-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулагдсан “Мерси-Кор” олон улсын байгууллагын сургалтанд оролцсон байдаг.

2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сумын хэмжээнд 35-80 см цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрт гарч чадахгүйгээр өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн.

Үүнтэй холбогдуулан Булган сумын нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Булган сумын Онцгой комисс 2016 оны 11 дүгээр сарын 12, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 2 удаа хуралдсан. Уг хуралдаанд оролцуулахаар Ч.Б-руу залгахад утсаа аваагүй, өөрөө хүрэлцэн ирээгүй. Өвөлжилтийн нөхцөл байдалд хүндэрсэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Өлзийхишигээр ахлуулсан аймгийн Онцгой комиссын, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амараар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Булган суманд ажилласан.

Тухайн үед нэхэмжлэгч Ч.Б  Булган суманд байсан боловч Сумын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцоогүйгээр үл барам сумын гамшгаас хамгаалах 2016 оны төлөвлөгөөг гаргаагүй байсан нь Булган сумын Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганхуягийн мэдүүлгээр нотлогдоно.

Нэхэмжлэгч Ч.Б нь Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 01 сарын 25-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б.Дамиранжавыг албан бус боловсрол, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн мэргэжилтний үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлснийг Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Б.Дамиранжавыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1449624 төгрөгийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Б.Дамиранжавт олгохоор шийдвэрлэсний дагуу Б.Дамиранжавыг албан бус боловсрол, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан түшмэлээр түр томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1449624 төгрөгийг шилжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан. Үүнээс үзэхэд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” төсвийн шууд захирагчийн эрх хэмжээг Булган сумын ЗДТГ-ын дарга Ч.Б ангалтгүй хэрэгжүүлжээ.

Мөн Ч.Б нь Булган сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 06 сард нийгмийн ажилтан Б.Жавзанпагмад жирэмсний амралтын олговор 823376 төгрөг, 18 хоногийн цалин хөлс 325147 төгрөгийг давхардуулан олгож, санхүүгийн зөрчил гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т зааснаар эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгодог. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгогддог. Иймээс жирэмсний болон амаржсаны амралт авсан эхэд цалин хөлс олгогдох эрх зүйн үндэслэлгүй байхад Булган сумын ЗДТГ-ын дарга Ч.Б нь нийгмийн ажилтан Б.Жавзанпагмад 18 хоногийн цалин хөлс олгож, албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь гэрч Ш.Азжаргалын мэдүүлгээр батлагдана.

Нэхэмжлэгч Ч.Б-г эрхэлж буй ажилдаа тэнцэж буй эсэх талаар Засаг даргын Тамгын газрын хамт олноос санал авахад нийт 40 ажилтнаас 27 хүн хангалтгүй гэж үнэлгээ өгсөн. Хариуцагч Булган сумын Засаг дарга Б.А нь нэхэмжлэгч Ч.Б-г 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан өрөөндөө дуудан уулзаж, дээр дурдсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлын талаар мэдэгдэхэд тэрээр алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, цаашид мэргэжлээрээ Мал, эмнэлэг үржлийн тасгийн даргаар ажиллах санал хэлж байсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу Ч.Б-ийн Булган сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэх шаардлага хангаагүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан маргаан бүхий актын хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас байхгүй байгаа нь уг маргаан бүхий акт хууль зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг харуулж байна.Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа урд нь буюу 2013, 2014, 2016 онуудад сахилгын арга хэмжээ авагдаж байсан, ба удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн хуулийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл урд авагдсан сахилгын арга хэмжээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, сахилгын арга хэмжээгүйд тооцогдсон байхад удаа дараа зөрчил гарсан гэж үзэж сахилгын арга хэмжээ ногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэгч Ч.Б-г эрхэлж буй ажилдаа тэнцэж буй эсэх талаар Засаг даргын Тамгын газрын хамт олноос санал авахад нийт 40 ажилтнаас 27 хүн хангалтгүй гэж үнэлгээ өгсөн” гэж тайлбарлаж сахилгын арга хэмжээ авсан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг ингэж дүгнэхгүй. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ” гэх заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч Ч.Б-г ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, түүний 2016 оны үр дүнгийн гэрээг Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд заасны дагуу дүгнээгүй байж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж сахилгын арга хэмжээ ногдуулсан нь хууль бус юм. Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг хангалттай гэж үзэж Төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл олгосон байдаг. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамж гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа хийсэн гэдэг нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байгаа. Энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа вэ гэхээр 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Б-г өрөөндөө дуудаж, ажлаас чөлөөлөх болсон талаар болон нэхэмжлэгчийг Мал эмнэлгийн үржлийн тасгийн даргаар ажиллах санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Булган сумын Засаг даргын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 54 дүгээр, 2014 оны 08 сарын 07-ны өдрийн А/93 дугаар, 2016 оны 09 сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжуудаар Ч.Б-д удаа дараа сахилгын арга хэмжээ авсан ба эдгээр захирамжууд нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Гэтэл эдгээр захирамжуудын хэрэгжилт хангагдаагүй, үүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.

З.Шагдарсүрэн, К.Жаланаажав нар нь Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Геологийн цагаан толгой гэх газарт 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтан болох 2 тооны хулан адууны махыг Б.Пүрэвсүрэнтэй бүлэглэн 29-74 ХОА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн, мөн түүхий эдийн зүйлийг хадгалж, байгаль, экологид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ хэрэгт нэхэмжлэгч нь шүүгдэгч нарыг хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх бичиг гаргаж шүүхэд хүргүүлэхийг байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гансүхэд үүрэг болгосны дагуу Ш.Гансүх уг бичиг үйлдэж шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл улсад учирсан хохирол одоо болтол төлөгдөөгүй байгаа. Төлөгдсөн гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ өөрөө зөрчил мөн юм. Ч.Б нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн Булган сумын Засаг даргаас чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 09-нээс 16-ны өдрүүдэд ажил тасалсан байдаг. Энэ үеэр Булган суманд цас их хэмжээгээр орж онцгой байдал зарласан байхад Засаг даргын Тамгын газрын дарга нь аймгийн төвд сургалтанд оролцож байсан, гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлуулж гаргаагүй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. Б нь Захиргааны хууль бус актад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.4 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандаж шийдвэрлүүлсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана/ гэж зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчөөгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Б  нь Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох нь 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаар Ховд аймаг Булган сумын Засаг даргын захирамж зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Ховд аймгийн Булган сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр “Ажлаас халах тухай” захирамжаар нэхэмжлэгч Ч.Б-г ажил үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа арга хэмжээ авахуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг үндэслэл болгон ажлаас халсан нь хууль бус гэж үзлээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх хэмжээгээ хангалтгүй хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдалд сонгон шалгаруулалтгүйгээр нэр бүхий иргэдийг хууль бусаар төрийн албан тушаалд томилон 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01, 02 дугаар тушаалуудыг гаргасан тул Булган сумын Засаг даргын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 54 дүгээр захирамжаар төрийн албан хаагчийг сонгон шалгаруулалтын журмаар томилоогүй гэх үндэслэлээр Ч.Б-ийн үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулсан”,

“Булган сумын Засаг даргын 2014 оны 08 сарын 07-ны өдрийн А/93 дугаар захирамжаар 2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээний зарим хэсгийг гаргаагүй, 3 дугаар сарын тайланг тасалсан үндэслэлээр Ч.Б-ийн үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулсан” нь Засаг даргын Тамгын газрын даргын ажил хангалтгүй байгааг нотолно” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар Ч.Б-г сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дууссан байхад хариуцагч Булган сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Ч.Б-г Булган сумын Засаг даргын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 54 дүгээр, 2014 оны 08 сарын 07-ны өдрийн А/93 дугаар захирамжуудаар албан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэсэн үндэслэлээр Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас халсан нь буруу байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “Нэр бүхий иргэд хууль бусаар агнасан 2 тооны хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хохирол 38 800 000 төгрөгийг нөхөн төлөөгүй байхад Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б  нь ээлжийн амралтаа эдэлж, Улаанбаатар хотод байхдаа доод шатны албан тушаалтнууд болох ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан эрх зүйн ажилтан Б.Бурмаа, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гансүх нарт “З.Шагдарсүрэн, К.Жаланаажав, Б.Пүрэвсүрэн нар хохирлоо нөхөн барагдуулсан гэсэн бичиг хийж өг” гэсэн хууль бус үүрэг өгч, хэрэгжүүлэхийг шаардсан байдаг. Улмаар Ч.Б  нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, хэргийн оролцогч биш атлаа ЗДТГ-ын даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүгдэгч нартай хууль бус гэрээ байгуулсны улмаас одоог хүртэл амьтны аймагт учирсан хохирол бүрэн барагдаагүй, улс хохирсон хэвээр байна.” гэжээ.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б , иргэн З.Шагдарсүрэн, Ж.Зугдаа, Б.Пүрэвсүрэн, К.Жалан-Аажав нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 01 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр З.Шагдарсүрэн, Б.Пүрэвсүрэн нарын хууль бусаар ан агнасны төлбөр нийт 30465000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр гэрээ байгуулжээ.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас З.Шагдарсүрэн, Б.Пүрэвсүрэн, К.Жалан-Аажав нарт холбогдуулан 29800000 төгрөгийг гаргуулахаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Мөн гэрч Д.Энхболд гэрчээр мэдүүлэхдээ “... 2013 оны намар орон нутгийн хөгжлийн сангаас Малжуулах хөтөлбөр гэж 31100000 төгрөг гаргахаар болсон. Дээрх мөнгийг баг бүрээс 5 малчинг малжуулах зориулалттай байсан. Ингээд Жалан-Аажав Пүрэвсүрэн нараас нийт 8 сая төгрөгийн мал авсан байдаг. Дээрх 8 сая төгрөгийг Булган сумын төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гансүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхэд гаргасан №01 дугаартай хүсэлтэнд “...Б.Пүрэвсүрэн, З.Шагдарсүрэн, К.Жалан-Аажав нарт холбогдох эрүүгийн хэргийн байгаль орчинд учруулсан хохирол болох 38800000 төгрөгийн нөхөн төлбөрийг Булган сумын үнэ зөвшилцлийн комиссын 2013 оны 10 сарын 01-ний өдрийн №29 тоот акт, 2013 оны 09 сарын 19-ний өдрийн №25 дугаартай акт, Булган сумын ЗДТГ-ын даргатай байгуулсан гэрээг тус тус үндэслэн барагдуулсан...” гэх хүсэлт зэргээр нэхэмжлэгч Ч.Б  нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, хийх ёсгүй үйлдэл хийсэн гэдгийг эрх бүхий байгууллагаар тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/67 дугаар захирамжаар намайг Булган сумын Засаг даргаар томилсон ба Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б  нь Булган сумын Засаг даргын ажлыг хүлээлцэх арга хэмжээ аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлцэх арга хэмжээнд эмчийн акттай шалтгаанаар ирээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд дур мэдэн ажил таслахдаа Булган сумын Засаг дарга Б.А надад мэдэгдээгүй” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажил таслаагүй болох нь гэрч А.Шинэжилийн “...Б  нь тухайн үед зүүн хөлний шилбэний дотор хэсэг хавдсан учир над дээр ирж үзүүлсэн. Би тухайн үед үзээд эмчилгээ бичиж, магадалгаа бичиж өгсөн...” гэх мэдүүлэг, Булган сумын нэгдсэн эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эмнэлэгийн магадалгаад “...Чойдор овогтой Б-г 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав...” гэх баримтаар нэхэмжлэгч Ч.Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдөр хүртэл албан ажлаас түр чөлөөлөгдсөн байхад ажлын цаг тасалсан гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Дамиранжавын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчаар Ховд аймагт ирж оролцсон болох нь тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар шийдвэр зэрэг баримтаар шалтгаангүйгээр ажлын цаг тасалсан гэдэг нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 01 сарын 25-ний өдрийн Б\01 дүгээр тушаалаар М.Хоролсүрэнг нярвын ажлаас хууль бусаар чөлөөлжээ. Уг хууль бус тушаалыг эс зөвшөөрч төрийн албан хаагч М.Хоролсүрэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг байтал М.Хоролсүрэнг нярвын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох заалтыг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаатай үндэслэлээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, М.Хоролсүрэнг нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэж, Булган сумын ЗДТГ-ын дарга Ч.Б нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б/06 дугаар тушаал гарган М.Хоролсүрэнг нярвын ажлын байранд түр томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3737760 төгрөгийг шилжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан” гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр М.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч Ч.Б-г төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын  бусаар зарцуулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Ч.Б-г ажлаас халсан үндэслэлүүд тогтоогдохгүй, Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэсэн баримт байхгүй, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн үр дүнгийн гэрээ болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудас зэрэг баримт байхгүй ба энэ нь шүүхээс явуулсан Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын архив болон бичиг хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн ...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуудсан, хугацаа хэтрүүлсэн , тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй ...” гэж хууль тогтоомжинд болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” гэж заасан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамж нь хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, Ч.Б-г Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 256 хоног ажилгүй байсан хугацааны цалин 8689152 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар ”Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дугаар заалтын 7-ийн а-д “тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу Булган сумын Засаг даргын Тамгын газраас 8689152 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Б-г Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин болох 8689152 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шитмгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Г.СОНИНБОЛОР