Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 158

 

М.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох, хохирогч О.Н, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат, хохирогч О.Ж, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, хохирогч Б.Б-гийн өмгөөлөгч О.Батсүх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 59 дүгээр магадлалтай, М.У-д холбогдох 201526030580 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох, Ц.Батзаяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 140 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ж овогт М-ийн У нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос М.У-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч М.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-гаас 58,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.Н-д, 14,473,400 төгрөг гаргуулж хохирогч О.Ж-д, 19,831,900 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...19,831,900 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д...” гэснийг “...27,782,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох, Ц.Батзаяа нар хамтран гаргасан гомдолдоо “...Өмгөөлөгч Г.Баттогтох миний бие өөрийн үйлчлүүлэгч М.У-д хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг шүүх хязгаарласан ба 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд шүүх нь прокурор, өмгөөлөгч нарт нийт 20 минутын хугацааг тогтоосон боловч өмгөөлөгч надад 1 минутын хугацаа өгсөн нь өмгөөлөгчийн дүгнэлт гаргах болон түүнд тайлбар танилцуулах эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10, 35.8, 35.24 дүгээр зүйлүүдийг зөрчсөн. Өмгөөлөгч болон шүүгдэгч нь шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх ямар нэг хугацаа тогтоогоогүйгээр шууд хурлыг хийсэн. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар явуулахаар хуульд заасан байхад 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулж хуулийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ”, 10 дахь хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна” гэснийг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүх “шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэл үүссэн байна. Иймд шүүгдэгч М.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа бөгөөд “зохиомол байдлыг бий болгосон” гэж буцаан хэрэглэсэн нь зөв эсэх, учир нь хуульд байгаа ижил шинжийг буцаан хэрэглэж болох ба өмнөх хуульд байхгүй үйлдлийн шинжийг буцааж тодорхойлж хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь гэмт хэргийн сэдэлт хэзээ, аль талаас үүссэнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/ нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орж нэмэгдсэн бөгөөд уг заалтыг үндэслэж өршөөлд хамруулахгүй байх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Хуулийг нэг мөр хэрэглэх ёстой, иймээс М.У-гийн эхний хоёр үйлдлийг гэмт хэрэг мөн гэж дүгнэвэл Өршөөлийн хуульд хамруулах үндэслэлтэй. Анхан шатны шүүх М.У нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. 2015 оны 3 дугаар сард хохирогч О.Ж-д “Гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хэлэн 10,303,400 төгрөгийг, мөн зарж өгнө гэж хэлэн хохирогчийн эзэмшлийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 тээврийн хэрэгслийг тус тус авч 16,303,400 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Гэтэл уг 2 тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь хохирогч О.Ж биш, түүнд итгэмжлэл бүрэн олгогдоогүй, шүүгдэгч М.У нь тус тээврийн хэрэгслийн эрхийг шилжүүлж аваагүй байхад шүүх О.Ж-гийн өмч мөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. М.У болон хохирогч О.Н нар 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд 2 талын эрх, үүргийг тодорхой зааж, харилцан тохиролцсон эсэхийг нь асууж гэрээг баталсан. Гэтэл хохирогч нь “М.У-д 60,000,000 төгрөг зээлэхдээ банкны зээл 35,000,000 төгрөгийн өртэй гэж хэлж байсан. Тэгээд 60,000,000 төгрөг өгөхдөө гэрээ хийх гэсэн боловч М.У-гийн эхнэр нь манайд ирээд М.У Эрээн хот руу ямар ч мөнгөгүй явчихсан, яаралтай нөгөө мөнгөө шилжүүлээд өгөөч гэж яаруулж, гадаадад байгаа өөрийнх нь нэртэй данс руу шилжүүлээд өгөөч гэсэн. Тухайн үед өөрийнх нь нэр дээр байдаг гадаадын данс руу шилжүүлж байгаа юм чинь гэж итгээд шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Шүүх шүүгдэгч М.У-г шүүгдэгчийн хувьд бодит байдалтай нийцээгүй буюу огт тендерт оролцоогүй, бусдын тээврийн хэрэгслийг зарж борлуулах санаа зорилго байгаагүй атлаа санаатай хохирогч нарт тендерт орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, тендерт ороод ялчихсан тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр буцааж өгнө, гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна гэж дүгнэсэн нь нотлох баримтын хүрээнд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хууль хэрэглээний маргаантай нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох хэлсэн саналдаа “...Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанд өмгөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлт хэлэх хугацааг 20 минутаар тогтоосон. Гэтэл надад ердөө 1 минутын хугацаа олгосон бөгөөд тухайн хугацаанд би дүгнэлт, тайлбараа хэлэх боломжгүй байсан тул гомдолтой байна. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ гэм буруугийн хурал хийж байгаа юм уу, урьдчилсан хэлэлцүүлэг хийж байгаа юм уу гэдэг нь тодорхой бус байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаараа удирдан явуулах ёстой байтал бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд шууд гэм буруугийн асуудлыг шийдвэрлээд явсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн 3 үйлдлийн 2 нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой байсан гэж үзэж байна. Шүүх миний үйлчлүүлэгчийг О.Ж-гийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан гэж буруутгасан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь О.Ж биш бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигчийг олж тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч болон хохирогч нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүх М.У-гийн эрх зүйн байдлыг дордуулж иргэний эрх зүйн харилцаа бус гэмт хэрэг гэж үзэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгчийн эхний 2 удаагийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол үүнийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах ёстой байсан. Харин Б.Б-тэй холбогдсон тухайн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, М.У-г цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч О.Ж-гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заагдсан хохирол төлбөртэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Б-гийн өмгөөлөгч О.Батсүх хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах ёстой гэсэн саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч О.Н-ийн өмгөөлөгч С.Эрдэнэбат хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны үед оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл байхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх М.У-гийн үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Түүний хэлсэн зүйл нь бодит байдалд байхгүй зохиомол бөгөөд “Тендерт оролцоно, тендерт ялчихлаа, гялгар уутны зах зээлийг эзэлчихсэн байгаа” гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шүүгдэгч М.У нь 2014 онд Голомт банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Дээрх зээлээсээ үүдэн залилан мэхлэх тухайн 6 удаагийн үйлдлийг хийсэн байж болзошгүй нөхцөл байдал байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч М.У нь “тендерт орохын тулд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, тендерт ялчихсан, тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийн мөнгө орж ирэхээр өгнө, гялгар уутны үйлдвэр ажиллуулж Монгол Улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө, автомашиныг чинь зарж өгнө, манай гялгар уутны үйлдвэр Номин их дэлгүүр, Хүчит шонхор зах, Миний дэлгүүртэй гэрээ хийж байгаа, бүх захуудыг гялгар уутаар хангадаг” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн 2014 оны 9 дүгээр сарын 23-наас 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд О.Н, О.Ж, Б.Б нараас нийт 130,803,400 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, бараа, автомашин зэргийг шилжүүлэн авсан гэмт хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

М.У-гийн дээрх үйлдэл, үүний улмаас учирсан хохирол нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байжээ.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч М.У-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хохирогч нарт учирсан хохирлоос төлөгдсөн хэсгийг хасаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь үндэслэлтэй болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.У-гийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.У-гийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Баттогтох, Ц.Батзаяа нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН