Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0086

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Т.Содбаяр түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогжаргал, гуравдагч этгээд Г.Жавхалантөгс, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 927 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Содбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 927 дугаар шийдвэрээр: ”Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1, 12.8, Барилгын тухай хууль /2008/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 9.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Содбаярын “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй иргэн Г.Жавхлантөгсийн барилгад олгогдсон 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дүгээр “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож,...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Содбаярын “...орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Содбаяр шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гарсан бөгөөд нотлох баримт цуглуулах ажиллагааг хуульд нийцүүлэхгүй хийж, гуравдагч этгээд Г.Жавхлантөгсийн эрх ашгийг онцгойлон авч үзэж хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн нотлох баримтгүй тайлбарыг авч үзэн, барилгын тусгай мэдлэг шаардлагатай асуудлыг өөрөө мэргэжлийн мэт дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгч гуравдагч этгээдийн хүсэлтээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, ... 1 жилийн дараа л хэргийн үйл ажиллагааг сэргээсэн. Шинжээчийн 2439 дугаар дүгнэлт нь гуравдагч этгээд Г.Жавхлантөгс нь төлбөрийг ... төлөлгүй удааж, ... 4 сарын дараа төлбөрийг төлж санаатайгаар цаг хугацааг алдагдуулсан, шүүгч үүнийг шаардаагүй.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шинжээч томилсон гэх боловч төлбөрийг нь Э.Жавхлантамир гэгчийн хувийн дансанд шилжүүлсэн.

Шинжээчийн бүрэлдэхүүнд орсон Б.Баярням, Э.Жавхлантамир нар нь барилгын салбарын хангалттай туршлагагүй, зохих зэрэг дэвгүй барилгын салбарт хамгийн багадаа 15 жил ажиллаж, зөвлөх /инженер/ архитектор нь өөрийнхөө гаргасан үйлдэл дүгнэлтээ хариуцах эрх үүрэг үүсдэг онцлогтой байхад өөрийн шүүгч нь хэлэлцүүлэхгүйгээр дураар нэмж томилсон.

...Эрх бүхий мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт байсаар атал түүнийг авч үзэлгүйгээр дүгнэсэн. ... Нэхэмжлэгчээс “Автозам, автозогсоол, орц гарц, барилга хоорондын зай хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй, ... Байгалийн гэрэл гэгээ, тэнд үүсч байгаа нөхцөл байдлыг тус сууцны цонхнуудын аль нэг талаар нь нарны тусгал тусаагүй үеийн харьцуулалтын талаар тусгай мэргэжлийн шинжээчээс тодруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргахад ... тусгай мэдлэг шаардлагагүй шүүхээс хийсэн үзлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдох боломжтой” гэсэн боловч шүүх хуралдаан дээр энэ талаараа авч үзэлгүй, бүрхэгдүүлсэн.

“Өгөөж хишиг” ХХК-ийн барилгын талаас нь ажиллаж, дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар авч, шаардлага хангаагүй, манайх хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх хуралдаанд ашигласан. ... Нэхэмжлэлд ямар ч хамааралгүй, дурдагдаа ч үгүй “Өгөөж хишиг” ХХК-тай холбоотой ... нэмэлт нотлох баримтаар авсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар дүгнэхдээ ... Төрийн хяналт шалгалтыг гүйцэтгэгч Мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын байцаагчийн эрх зүйн акт, үйл баримтыг агуулгыг гуйвуулж хариуцагч, гуравдагч этгээдэд ашигтайгаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй.

... Хөрш газар эзэмшигчтэйгээ зөвшилцөөгүй болох нь зөвшилцлийн талаарх нотлох баримт байхгүй байгаагаар нотлогдож байхад үүнийг дүгнээгүй.

... Хариуцагчаас ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах журмыг, тэгээд ажлын эхлүүлэх зөвшөөрөл олгох үед мөрдөх шаардлагагүй гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ... архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргахдаа яагаад иргэдээс саналаа авалгүйгээр барилга төлөвлөснөө Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хариуцагчаас тайлбарлаж чадахгүй байна.

... Бид 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467/14 архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар гомдол гаргаад байхад ямар шалтгаанаар нэгэнт хүчингүй болсон, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн талаар:

... Шинжээч нар нь Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгын зураг төслийг үзэж танилцаад барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 50 айлын сууцных байтал баригдсан барилга нь 70 айлын сууц болсон байгааг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж консольтой барилгыг барьсан байхад зөвшөөрлийг 50 айлаар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас удаа дараа сунгасан байгааг дүгнэлтдээ дурдаагүй.

Барилгуудын хоорондоо зөрж байгааг тодорхойлсон мөртлөө зөвхөн ханаараа зөрсөн мэтээр бичсэн байгаа нь үнэнд нийцэхгүй бөгөөд барилгууд хана хэсгээрээ биш цонхтой хэсгээрээ буюу тэр тусмаа сууцны цонхнууд өөд өөдөөсөө харсаар байхад хөндий, “дүлий” ханаараа зөрж байгаа мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ... Барилга хоорондын зайг төлөвлөхдөө барилгын хэлбэрээс хамаарахгүй, зөвхөн барилгуудын харьцаж буй талаас хамааруулж нормчилсон байдаг болно. “Орон сууц олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж” БНбД 23-04-07 норм нь барилгад газар олгох, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах, зураг төсөл боловсруулах, барилгын байршлыг тогтооход мөрдөгдөх норм байна. Тэгэхээр энэхүү нормыг ашиглаж миний, манай орон сууцанд дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд харин ч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Г.Жавхлантөгсийн барилгыг анх төлөвлөхдөө барилгын норм дүрэмд нийцүүлэлгүй төлөвлөсөн нь харагдаж байна.

... Г.Жавхлантөгсийн барилгаас шалтгаалан байгалийн /нарны/ гэрэл гэгээ, үзэгдэх орчин хязгаарлагдсан байгаа нь илт байгааг дурьдсангүй. Барилга хоорондын зөрчилтэйн улмаас шалтгаалан 50 дугаар байрны 32 тоотын иргэд оршин суугчид гэртээ байнга цахилгаан гэрэл асааж байхаас өөр аргагүй болсныг, мөн 32 тоотод амьдарч өсч торниж байгаа иргэд үр хүүхдүүдийн амьдрах орчин дордож эрүүл мэнд, сэтгэл санаанд нь сөрөг нөлөө үзүүлэхээр нөхцөл байдал үүссэн байгааг тус тус дүгнээгүй байна.

Шүүгч нь өөрөө шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах үүрэгтэй ч “Өгөөж хишиг” ХХК-ийн гомдолдоо ашиглаж буюу өөр байрлалтай, өөр нөхцөл байдалтай барилгын шинжээчийн дүгнэлтийг шууд авч ашиглаж, зөвхөн өөрийн санаа зорилгодоо ашигтай хэсгийг авч ашигласан байна. Уг шинжээчийн дүгнэлтэд барилгууд тууш талаараа харьцаж байгааг дүгнэсэн байгааг ашиглаагүй байгаа зэргийг хүлээн зөвшөөрөхгүй.

... Шүүгч газар дээр үзлэг хийх үед Г.Жавхлантөгсийн барилгын консоль нь өөрийнхөө эзэмшил хашаанаас илүү гарсан, магадлал хийгдсэн зураг төсөлгүй хийгдсэн баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар хангалттай байсаар байтал үүнийг авч үзэж дүгнээгүй болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

... Захиргааны байгууллагын хууль бус, хуулиа зөрчсөн үйлдэл, шийдвэр, мөн шүүгчийн 1 жил гаруй хугацаанд хэргийг түдгэлзүүлсэн зэрэг үйлдлээс иргэн миний эрх ашиг ноцтой зөрчигдөөд байхад үүнийг дүгнэлгүй зөвхөн маргаж буй захиргааны акт баримтуудыг гаргадаг процессыг нь авч үзэж нотлох баримтыг үнэлэхгүйгээр гаргасан шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь гуравдагч этгээдийг илтэд өмөөрөн хаацайлсан байхаас гадна хариуцагч тал буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч бидний амьдардаг 6 айлын 12 цонхыг байгалийн гэрэлтүүлэг үзэхээргүй болгосон “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсныг шинжээч тогтоож, хариуцагч хүлээн зөвшөөрөөд байхад энэ талаар огт дүгнээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 927 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй иргэн Н.Жавхлантөгсийн барилгад олгогдсон 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 572014 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосноор иргэн Г.Жавхлантөгс дахин хүсэлт гаргасан, Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар барилгын хэмжээг багасгахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгын гадна ханын хэмжээг 24.8x15.8 метр консольгүй, тагт, довжоо нь 1.8 метрээс илүүгүй, давхрын тоог 15 /нэгдсэн зоорьтой/, 1198 м.кв эдэлбэр газрын 391.8 м.кв барилгажих талбайтай байхаар тусгасан нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 /төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх/-д болоод Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.3 /Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулахад архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтална. Архитектур төлөвлөлтийн даалгаварт дараахь зүйлийг тусгана/, 3.3.1 /байршил тогтоосон эдэлбэр газарт барих барилгын зориулалт, хүчин чадлыг тухайн хот, тосгоны хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэлтэй уялдуулан зааж, барилгажих талбайн болон зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь, барилгын давхрын тоог тогтооно/, 3.3.2 /хүрээлэн байгаа орчны байгалийн тогтоц, хийсэн тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалан хамгаалах, нөхөн сэргээх ажил болон инженерийн бэлтгэл арга хэмжээг заана/-д нийцсэн байна.

Түүнчлэн 50 дугаар байрны барилгаас Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын /БНбД 30-01-04/, нарын тусгалын /ээвэрлэлтийн/ хангамжийн /БНбД -12-04-07/ норм дүрмийн шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Архитектур төлөвлөлтийн даалгаврын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдоогүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 8/14 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг баримтлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.3.1.5-д “16 давхар барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс иргэн хуулийн этгээдээс санал авч болно” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хууль, дүрэмд заасан шаардлагыг хангасан, Г.Жавхлантөгсийн барилга нь орон сууцны 50 дугаар байрны баруун хойд талд байрлалтай байгаа нь нарын шууд ээвэрлэлтэд нөлөөлөхгүй тул 50 дугаар байрны оршин суугчдаас санал авсан байх шаардлагагүй.

Иймд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн “бусдын эзэмшлийн газарт нэвтэрсэн, иргэдээс санал аваагүй” гэх  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хоёр. “2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дүгээр “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Г.Жавхлантөгсд барилгын хэмжээг өөрчлөн архитектур, төлөвлөлтийн даалгаврыг дахин батлуулсан, Газар өмчлөхтэй холбоотой бичиг баримтыг шаардлагын дагуу бүрдүүлсэн, орон сууцны барилгын зураг төслийг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24/2015 дугаар зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан зэргийг үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дүгээр “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгожээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2439 дүгээр дүгнэлтээр “Г.Жавхлантөгсийн барилга нь 50 дугаар байрны үндсэн хананаас консолийн хана хүртлээ 13.82 метр зайтай,  уг хоёр барилга нь өөд өөдөөсөө харсан ханаараа 4.67 метр зөрсөн байрлалтай, нэхэмжлэгчийн оршин суух 32 тоот орон сууц нь 3 өрөөтэй, үүнээс унтлагын өрөө, хүүхдийн өрөө нь зүүн зүг рүү харсан цонхтой, харин зочны өрөө /гал тогтоотой хамт/-ний цонх нь баруун зүг рүү буюу Г.Жавхлантөгсийн барилга руу харсан байрлалтай, зүүн зүг рүү харсан цонхтой хоёр өрөөний цонхоор нарны ээвэрлэлтийн шаардлага хангагдахуйц байна, тооцоот хугацаа дуусахад Г.Жавхлантөгсийн орон сууц нь 50 дугаар байрыг сүүдэрлэхгүй” гэснээс үзвэл маргаан бүхий “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Шинжээчдийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Үзлэг, шинжилгээ ба ажиглалтын дүгнэлтээр “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.7 буюу 13 дугаар хүснэгт нь орон сууцны хорооллын нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд мөрдөгддөг тул хэрэгт тухайн заалт хамааралгүй, харин “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд цамхаг хэлбэрт барилга болон тууш /урт/ хэлбэртэй барилга хоорондын зайг тогтоогоогүй, Г.Жавхлантөгсийн барилга нь төвлөрсөн нэг орцтой, Цамхаг хэлбэрийн босоо барилгад хамаарах тул “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдсөн” гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, ... техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар шинжээчийг томилдог бөгөөд хэргийн оролцогчдоос маргаагүй буюу тухайн барилгын давхрын тоог шинжээчийн дүгнэлтэд тоочих шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гурав. “Орон сууцны 50 дугаар байрны ашиглалтын хэвийн байдлыг эргүүлэн оруулж, хангуулах” шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, харьяаллын бус гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байна.

Иймд дээрх агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 927 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэсний өмнө “холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                             ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                                             ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

                                             ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР