Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0762/З |
Дугаар | 391 |
Огноо | 2017-10-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 391
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагч Я.Н, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0251 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Я.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар 60,208,643,0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9,031,296.45 төгрөгийн нөхөн татвар, 2,709,388.94 төгрөгийн торгууль, 4,515,648.23 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын конвенцийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар 94,736,630.90 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9,473,663.10 төгрөгийн нөхөн татвар, 2,842,098.90 төгрөгийн торгууль, 1,424,838.90 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.4, 23 дугаар зүйлийн 23.1, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын конвенцийн 12-А дугаар зүйлийн 1, 2, 3, 14 дүгээр зүйлийн 1, 2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 7.4 дэх хэсгийн 7.4.9, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.2 Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 25/0007041 дугаар актаар ногдуулсан 273,818,153.15 төгрөгийн торгууль, 351,648,779.59 төгрөгийн алданги, нийт 625,466,932.74 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0251 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…хэсэгт зааснаар…” гэсний дараа “…Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25/0007041 тоот актын…” гэж, “...хүчингүй болгуулах шаардлагыг…” гэсний дараа “…хариуцагч…” гэж тус тус нэмж, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “2.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 12-А дугаар зүйлийн 1, 2, 3, 14 дүгээр зүйлийн 2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 23 дугаар зүйлийн 23.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.9, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1.2-т тус тус заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25/0007041 тоот актын 94.736.630,9 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9.473.663,1 төгрөгийн нөхөн татвар, 2.842.098,9 төгрөгийн торгууль, 1.424.838,9 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 4, 5, 6 дахь заалтын дугаарыг “3, 4, 5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Н.Р, Б.Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Н.Р, Б.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу санхүүгийн баримт, тооцоог Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомж, давхар татварын гэрээнүүдийн холбогдох зүйл, заалттай харьцуулан хууль, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээр 912,728.843.74 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэг. Актын зөрчлийн жагсаалтын 1, төлүүлэхээр шийдвэрлэсэн 676,551.80 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын талаар.
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар ажиллагсдадаа шилжүүлээгүй, олгоогүй орлого буюу хуулийн дагуу нийгмийн даатгалын санд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дүнд албан татвар ногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэж байгаа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар татвар төлөгчийн олсон орлогод албан татвар ногдуулахаас бус хуулийн дагуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлд албан татвар ногдуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй байна.
Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орлого авч буй татвар төлөгч иргэн (ажилтан) орлого болгож аваагүй дүнд татвар төлөх, орлого олгож буй суутгагч ("Ш" ХХК) орлого болгож олгоогүй дүнд албан татвар суутгаж, төлөх үүрэггүй бөгөөд шүүх татварын хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Хоёр. Актын Зөрчлийн жагсаалтын 2, төлүүлэхээр шийдвэрлэсэн 81,691,813.75 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын талаар:
Монгол Улсын хуулийн этгээд “Ш” ХХК-ийн толгой компаниуд болох Канад Улсын “Sunwing Energy LTD”, “Ivanhoe Energy Mongolia LTD” компаниуд нь мөн Канад Улсад бүртгэлтэй компаниудаас ажил, үйлчилгээ худалдан авсан. Тэр ажил, үйлчилгээг гүйцэтгэж орлого олсон Канад Улсад үйл ажиллагаа явуулж буй тус улсын компаниудад Монгол Улс албан татвар ногдуулах үндэслэлтэй мэтээр хууль, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Канад Улсад бүртгэлтэй компаниуд мөн Канад Улсын компанитай гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, Канад Улсдаа үйл ажиллагаа явуулж олсон орлого нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн ямар зүйл, заалтаар Монгол Улсад албан татвар ногдох орлогод хамаарах, албан татварыг ямар журмаар ногдуулж, төлөх, уг асуудлыг орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн ямар, зүйл, заалтад хамаарах, хэрхэн зохицуулсан зэрэг уг асуудлуудад шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
“Ш” ХХК-ийн толгой компаниуд болох Канад Улсын хуулийн этгээдүүдэд үйлчилгээ үзүүлж, орлого олсон Канад Улсын компаниуд Канад Улсдаа, тус улсын хуулийн дагуу албан татвар нь нэгэнт төлөгдсөн байхад Монгол Улсад албан татвар ногдуулахаар татварын улсын байцаагч акт тогтоосон нь орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн “татварыг давхардуулж ногдуулагүй байх” тухай Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг илт зөрчсөн асуудал юм.
Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 7 дугаар зүйлд зааснаар Канад Улсад бүртгэлтэй компаниуд тухайн улсдаа татвар төлөх хуулийн зохицуулалттай байна.
Монгол Улсын хуулийн этгээд “Ш” ХХК нь Монгол Улсад байрладаггүй компаниудаас удирдлагын болон зөвлөх үйлчилгээ худалдан авах гэрээ, хэлцэл хийгээгүй, удирдлагын болон зөвлөх үйлчилгээ худалдан аваагүй, төлбөрийг төлөөгүй буюу шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байхад тус компанийг Канад Улсын компаниудаас удирдлагын болон зөвлөх үйлчилгээ худалдан авсан, төлбөрийг шилжүүлсэн мэтээр "суутгагчийн үүргээ биелүүлээгүй гэж" гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 4, 18 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Канад Улсын “Shaman Resources LTD” компани (одоогийн нэр “Panasian Energy LTD”-ийн хооронд байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-нд Гэрээлэгч буюу Канад Улсын компани газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, олборлолт эхэлсний дараа хөрөнгө оруулалтаа олборлосон түүхий тосоор тооцож буцааж авахаар заасан бөгөөд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Газрын тосны газар зэрэг төрийн холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг шалгаж, Гэрээлэгчийн буцаан авах түүхий тосны дүнг 14,760,565.67 ам.доллароор баталгаажуулсан.
Энэ нь Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Гэрээлэгч Канад Улсын “Shaman Resources LTD” компани (одоогийн нэр “Panasian Energy LTD”-ийн Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалт, мөн хөрөнгө оруулалтаа нөхөх буюу буцаан авах газрын тосны дүн, өөрөөр хэлбэл, "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу Гэрээлэгчийн Нялга-XVI талбайд хэрэгжүүлж буй төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын дүн юм.
Харин анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу Гэрээлэгч буюу Канад Улсын компаний дээрх үйл ажиллагаа нь Нялга-ХVI талбайд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан ажил, үйлчилгээ учраас Монгол Улсад татвар төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж дүгнэж байгаа нь татвар ногдуулах, төлөх, тайлагнах харилцааг зохицуулсан Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэхгүй, зөрчилдөж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хуулийн дагуу ногдуулсан албан татварыг төлөх үүрэгтэй. “Ш” ХХК-ийн толгой компани болох Канад Улсын компаний Канад Улсад бүртгэлтэй компаниудаас ажил, үйлчилгээ худалдан авсан, тэр ажил, үйлчилгээг гүйцэтгэж орлого олсон Канад Улсад үйл ажиллагаа явуулж буй тус улсын компаниудад Монгол Улс албан татвар ногдуулах хуулийн зохицуулалт Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар. Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцэд байхгүй болно.
Мөн татвар ногдуулах, төлөх. тайлагнах үйл ажиллагааг Татварын ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хууль, түүнийг хэрэгжүүлэх журмаар зохицуулдаг бөгөөд тус компаний толгой компаниудад ажил үйлчилгээ үзүүлсэн Канад Улсын компаниудын ("Ш" ХХК-ийн хувьд гуравдагч этгээд) орлогоос "Ш" ХХК албан татварыг суутган авч, Монгол Улсын төсөвт төлөх боломжгүй, үүнийг татвар ногдуулах, төлөх, тайлагнахтай холбоотой татварын хууль тогтоомж, журмаар зохицуулаагүй, мөн санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлд ч бүртгэх боломжгүй юм.
“Ш” ХХК-ийн толгой компаниуд болох Канад Улсад бүртгэлтэй “Sunwing Energy LTD”, “Ivanhoe Energy Mongolia LTD” компаниуд нь мөн Канад Улсын 20 гаруй компаниудаар газрын тосны хайгуулын чиглэлээр олон төрлийн ажил гүйцэтгүүлж, үйлчилгээ авсан, эдгээр үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн баримт хавтаст хэрэгт авагдсан.
Газрын тосны хайгуулын чиглэлээр хийгдсэн эдгээр олон төрлийн ажил, үйлчилгээ нь Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 12 дугаар зүйлийн 12-А дугаар заасан Техникийн үйлчилгээний төлбөр гэдэгт яагаад хамаарч байгаа, “Ш” ХХК-ийн толгой компаниудад ажил гүйцэтгэж орлого авсан Канад Улсын компаниуд нь энэ конвениийн дагуу Монгол Улсад татвар төлөх албан татвар төлөгч мөн эсэх зэрэгт шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.
Татварын улсын байцаагч нар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг зөрчиж, Давхар татварын гэрээг бус, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг үндэслэж, хууль буруу хэрэглэсэн "эрх зүйн зөрчилтэй захиргааны акт" тогтоосон.
Татварын улсын байцаагч акт бичихдээ үндэслэл болгосон татварын хуулийн зүйл, заалт буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй, Шүүхийн шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэл ч тодорхойгүй байна.
Актын зөрчлийн жагсаалтын 2-т, Канад Улсын “Sunwing Energy LTD” компани ажилчдадаа олгосон цалин, хөдөлмөрийн хөлсийг аж ахуйн нэгжийн орлогод тооцож, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-ийн б, в, д дэх заалтаар албан татвар ногдуулж, хууль буруу хэрэглэсэн, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй, гомдлын хүрээнд хэргийг хянах үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнд:
Цалин хөдөлмөрийн хөлс олгосон нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байгаа бөгөөд 2010 онд 332,031,577.32 төгрөгийн, 2011 онд 186,980,322.55 төгрөгийн, 2012 онд 31,565,828.50 төгрөгийн, нийт 550,577,728.37 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсөнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулсан.
Гурав. Актын зөрчлийн жагсаалтын 5, төлүүлэхээр шийдвэрлэсэн 247,710,904.09 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын талаар.
Монгол Улсын хуулийн этгээд “Ш” ХХК-ийн толгой компаниудын нэг Канад Улсын “Sunwing Energy LTD” компани газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд өөрийн компаний ажилтнууд болон газрын тосны чиглэлээр мэргэшсэн Канад Улс, БНХАУ-ын байнгын оршин суугч иргэдийг ажиллуулж цалин хөлсийг олгосон, “Sunwing Energy LTD” компаний охин компани БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй “Pan-China Resources LTD” компани БНХАУ-ын байнгын оршин суугч иргэдийг ажиллуулж, олгосон цалин хөлсний орлогод Монгол Улс албан татвар ногдуулах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй.
Канад Улс, БНХАУ-ын оршин суугч иргэн Канад Улс, БНХАУ-ын компаниас авсан цалин, хөдөлмөрийн хөлсний орлого нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн ямар зүйл, заалтаар Монгол Улсад албан татвар ногдох орлогод хамаарах, албан татварыг ямар журмаар ногдуулж. төлөх, уг асуудлыг Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенц, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ямар, зүйл, заалтад хамаарах, хэрхэн зохицуулсан зэрэг асуудлуудын хууль зүйн үндэслэлийг Шүүх тайлбарлаагүй, дүгнэлт хийгээгүй.
Канад Улсын “Sunwing Energy LTD” компани, БНХАУ-ын “Pan-China Resources LTD” компаний Канад Улс, БНХАУ-ын оршин суугч иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод Канад Улс, БНХАУ-ын хуулийн дагуу албан татвар нь нэгэнт төлөгдсөн байхад Монгол Улсад албан татвар ногдуулахаар татварын улсын байцаагч акт тогтоосон нь Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенц, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх" тухай Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг илт зөрчсөн асуудал юм.
Монгол Улсын Засгийн газраас, Канад Улс, БНХАУ-ын Засгийн газруудтай байгуулсан давхар татварын гэрээнүүдийн 14 дүгээр зүйлд: “Бие даасан хувийн үйлчилгээ 14.1.Хэлэлцэн тохирогч Улсад байнга оршин суугчийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн, эсвэл бие даасан шинжтэй бусад үйл ажиллагаа эрхлэн олсон орлогод зөвхөн Хэлэлцэн тохирогч Улсад татвар ногдуулж болно..." гэж Канад Улс, БНХАУ-ын байнга оршин суугч нь, тухайн оршин суугаа улсдаа татвар төлөх хуулийн зохицуулалттай байна.
“Ш” ХХК нь Монгол Улсад оршин суугч бус гадаад мэргэжилтнүүдийг ажиллуулах гэрээ байгуулаагүй, гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй, цалин хөдөлмөрийн хөлс, орлого олгоогүй, төлбөр шилжүүлээгүй байхад шүүх цалин, хөлсийг олгосон, шилжүүлсэн мэтээр "суутгагчийн үүргээ биелүүлээгүй гэж" гэж дүгнэсэн нь Татварын ерөнхий хуулийн 4, 18 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна.
Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг зөрчиж, Давхар татварын гэрээг бус, Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг үндэслэж, хууль буруу хэрэглэсэн "эрх зүйн зөрчилтэй захиргааны акт" тогтоосон.
Канад Улсын “Sunwing Energy LTD” компани Канад Улсын байнгын оршин суугч иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлсний орлого, ялангуяа БНХАУ-ын “Pan-China Resources LTD” компаний БНХАУ-ын байнгын оршин суугч иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 12 дугаар зүйлийн 12-А дугаар заасан Техникийн үйлчилгээний төлбөр гэдэгт хамруулан 5 хувиар албан татвар ногдуулсан нь ойлгомжгүй, шүүх энэ асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 38-ны 44 дүгээр шийдвэрийн хавсралтын 5 дугаарт, буюу Монгол Улсад байрладаггүй гадаадын мэргэжилтний цалин, хөдөлмөрийн хөлснөөс татвар суутгаагүй 2010 онд 948,322,510.76 төгрөгийн зөрчилд 55,144,665.22 төгрөгийн татвар (5.8 хувь), 2011 оны 1,654,069,165.99 төгрөгийн зөрчилд 125,245,206.35 төгрөгийн татвар (7.6 хувь), 2012 оны 1,112,736,202.20 төгрөгийн зөрчилд 67,321,032.52 төгрөгийн татвар (6.0 хувь), өөрөөр хэлбэл 5.8-7.6 хувиар албан татвар ногдуулсан байхад шүүх "конвенцийн дагуу 5 хувиар албан татвар ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй" гэсэн нь мөн ойлгомжгүй байна.
Дөрөв. Актын Зөрчлийн жагсаалтын 6, төлүүлэхээр шийдвэрлэсэн 582,649,674.10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын талаар.
Актын зөрчлийн жагсаалтын 2-т дурдсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид удирдлагын зардал болон зөвлөх үйлчилгээний төлбөр шилжүүлэхдээ татвар суутгаагүй 2010, 2011, 2012 оны нийт дун 2,152,248,919.58 төгрөг дээр зөрчлийн жагсаалтын 4-т дурдсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид өрөмдлөгийн (БНХАУ-ын “DQE international” компани гүйцэтгэсэн) төлбөрийг шилжүүлэхдээ татвар суутгаагүй дүн 3,734,455,464.73 төгрөгийг нэмж, нийт 5,886,704,384.31 төгрөгийн дүнд нөхөн татвар, торгууль, алданги тооцож ногдуулсан.
“Ш” ХХК нь БНХАУ-д бүртгэлтэй “DQE international” компанитай “Эргэлтэй өрмийн ажлын гэрээ” байгуулж, “DQE international” компани 2011, 2012 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт өрөмдлөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлж, төлбөрийг мөн “Ш” ХХК төлсөн. иймд БНХАУ-ын “DQE international” компаний орлогод Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.4.9 заасан үйлчилгээг оршин суугч бус этгээдээс худалдан авахдаа энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу “Ш” ажил, үйлчилгээний үнэ дээр албан татварыг нэмж авч төсөвт төлөх үүрэгтэй.
Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлд заасны дагуу Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдаж, хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 3099 дугаарт бүртгэгдсэн "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.3-т: "...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-д заасан худалдан авалтаас бусад худалдан авалтад НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн НӨАТ-ын падаангүй бол хасалт хийхгүй." гэж заасан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2 дугаарт заасны дагуу ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар буюу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг мөн энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу албан татварын хасалт хийх хуулийн зохицуулалттай, энэ талаар гаргасан гомдолд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Актын зөрчлийн жагсаалтын 2-т дурдсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид удирдлагын зардал болон зөвлөх үйлчилгээний төлбөр шилжүүлэхдээ татвар суутгаагүй гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан.
Канад Улсын компаниуд хоорондоо гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, төлбөрөө хоорондоо шилжүүлж төлсөн байхад ажил үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулаагүй, ажил үйлчилгээг худалдан аваагүй, төлбөрийг шилжүүлээгүй, Монгол Улсын хуулийн этгээд “Ш” ХХК-д албан татвар ногдуулж, акт тогтоосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 3 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасантай зөрчилдөж байна.
Канад Улсын “Sunwing Energy LTD” компани ажилчдадаа олгосон 550,577,728.37 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлсийг аж ахуйн нэгжийн орлого гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг зөрчиж татвар ногдуулсан, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан.
2010 онд 332,031,577.32 төгрөгийн, 2011 онд 186,980,322.55 төгрөгийн, 2012 оны 31,565,828.50 төгрөгийн, нийт 550,577,728.37 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 44 дүгээр шийдвэрийн 912,728,843.74 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0251 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25/0007041 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Маргаан бүхий актаар 6 зөрчилд холбогдуулан 2,126,310,988 төгрөгийн төлбөр ногдуулснаас Татварын маргаан таслах зөвлөлөөс төлбөрийн хэмжээг бууруулж, 1,568,192,710 төгрөг болгожээ.
Актын зөрчлийн нэг хэсэг буюу “хүүгийн төлбөр шилжүүлэхдээ татвар суутгаагүй” хэсэгт шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, үүнтэй холбогдуулан хэргийн оролцогчдоос гомдол гараагүй тул хяналтын шатны шүүхээс зөвхөн гомдлын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зөрчилд холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийлээ.
-хоолны мөнгөнөөс татвар суутгах тухайд:
Актаар “ажилчдад олгосон хоолны мөнгөнөөс татвар суутгахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээс биш, тухайн орлогын дүнгээс суутгах байсан” гэж, нэхэмжлэгчээс “орлого болгож аваагүй дүнгээс татвар төлөхгүй” гэж маргажээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар бэлнээр олгосон хоолны мөнгийг шууд бус орлогод хамааруулсан, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт зааснаар шууд бус орлогод ногдуулах албан татварыг тухайн орлогын дүнгээр тооцохоор зохицуулжээ. Иймээс ажилчдад олгосон хоолны мөнгөний дүнгээс татвар тооцох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох аргыг өөрөөр буюу цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээс татвар тооцохоор тусгайлан заажээ.
Хууль тогтоогчоос ийнхүү цалин, хөлс болон хоолны мөнгөнд татвар ногдох орлогыг тодорхойлохдоо хоолны мөнгийг шууд бус орлогод тооцож, ялгаатай байдлаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн “орлого бодитоор үүсээгүй” гомдлыг хангах боломжгүй байна.
-Монгол Улсаас эх үүсвэртэй орлогын тухайд:
Актын үлдэх 4 хэсгээр “Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчид удирдлагын болон зөвлөх үйлчилгээний төлбөр, өрөмдлөгийн төлбөр шилжүүлэхдээ татвар суутгаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж авч, төсөвт төлөөгүй, гадаад мэргэжилтний цалин хөлснөөс татвар суутгаагүй” гэж, нэхэмжлэгчээс “нэхэмжлэгч хуулийн этгээдээс мөнгө шилжүүлсэн санхүүгийн баримт байхгүй, гэрээ хэлцэл хийгээгүй, удирдлагын болон зөвлөх үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр шилжүүлээгүй” гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан Канад улсын “Ш р” компани нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулж, улмаар үйл ажиллагааны явцад гарсан зардлыг олборлосон түүхий тосноос тооцож байхаар тохиролцжээ.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5, 7.4.9 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдуулах, суутгагчийн үүргийг нэхэмжлэгч хуулийн этгээд хүлээж байна. Учир нь удирдлагын болон зөвлөх үйлчилгээний төлбөр, гадаад ажилчдын цалин, өрөмдлөгийн төлбөр зэрэг ажил үйлчилгээ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Нялга-XVI” талбайд хэрэгжүүлж буй төсөлд зориулагдаж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааны зардалд тусгагдсан, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 12-А дугаар зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирогч улсад татвар ногдуулахаар буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үүссэн, газрын тосны үйл ажиллагаанд зориулсан ажил, үйлчилгээнд Монгол Улсад татвар ногдохоор байна.
Нэхэмжлэгчийн “орлогын эх үүсвэр нь Канад улсаас үүсвэртэй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн орлогоос үүсээгүй, төлбөр шилжүүлсэн санхүүгийн баримт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн баримт биш” гэх гомдлын тухайд:
Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8.3 дахь хэсэгт зааснаар гэрээлэгч буюу Канад улсын “Ш р” компани нь “Нялга-XVI” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад зарцуулсан өртөг, зардлаа нөхөж авах зорилгоор хуанлийн сар тутам гэрээт түүхий тосноос тодорхой хэмжээг авч ашиглах эрхтэй байх бөгөөд энэ дагуу гэрээлэгчийн “Нялга-XVI” талбайд зарцуулсан хөрөнгө оруулалт, зардлыг нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн баримтад тусгагдсан зардлын дүнгээс тооцож, өртөг нөхөх зардлыг тодорхойлсон болох нь Ажлын хэсгийн санхүүгийн хяналт шалгалтын дүн, нөхөгдөх зардал, хайгуулын зардал зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн өртөг нөхөх зардал нь Канад Улсад байрлах толгой компаниас газрын тосны үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалт, зардалтай шууд холбоотой байна.
Иймээс нэхэмжлэгчийн “манай компаниас мөнгө шилжүүлсэн, төлбөр төлсөн тухай санхүүгийн баримт байхгүй, орлогын эх үүсвэр нь Канад Улсаас эх үүсвэртэй” тухай гомдол үндэслэлгүй.
Канад Улсын “Ш с” компанийн бусад хуулийн этгээд, хувь хүнд төлбөр төлбөр шилжүүлсэн, цалин олгосон, өрөмдлөгийн үйлчилгээ авсан, зөвлөх үйлчилгээний болон удирдлагын зардалтай холбоотой үйлдлийн үр дүн нь “Нялга-XVI” талбайд газрын тостой олборлохтой холбоотой байна.
Нэхэмжлэгчийн “давхар татварын гэрээг үндэслээгүй” тухай гомдлын хувьд:
Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенцийн 12-А дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулж буй татвар нь техник, үйлчилгээний төлбөрийн нийт дүнгийн 5 хувиас хэтэрч үл болохоор заасан бөгөөд улсын байцаагч нараас энэхүү конвенцийн заалтыг хэрэглэж, татварыг 5 хувиас тооцсон байна. Харин маргаан бүхий актад уг конвенцийг хэрэглэсэн талаар тодорхой заагаагүй боловч тооцооллын хувьд конвенцийн заалтыг хэрэглэж, төлбөрийг тогтоосон, энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Улсын байцаагчийн актад хэрэглэсэн эрх зүйн эх сурвалжийг тодорхой заагаагүй нь буруу боловч энэ байдал нь актаар тогтоогдсон үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болж чадахгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа “тооцооллын маргаангүй, хууль хэрэглээний маргаантай” гэсэн тайлбарыг гаргаж байсан тул “5.8-7.6 хувиар албан татвар ногдуулсан байсан” гэх гомдолд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх эрхтэй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримт, тайлбараа бүрэн дүүрэн гаргах үүрэгтэй байна.
Мөн “цалин, хөдөлмөрийн хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, хууль зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн гомдлын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү үндэслэлээр шүүхэд маргаж байгаагүй, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, зөвхөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд тусгаж байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд дээрх үндэслэлээр маргаж, мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй байна.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх хуулийн заалтад шүүх дүгнэлт хийгээгүй” тухай гомдол нь энэхүү маргаанд шууд хамааралгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагад хандах замаар энэхүү маргаанаас тусдаа шийдвэрлэгдэх асуудал юм.
Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0251 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ