Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2021/00103

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, 36 настай, эмэгтэй,  Багануур дүүрэг, ***** дүгээр хороо, ***** тоотод оршин суух************овогт Г-ын М /регистрийн дугаар**************, утас:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, малчин, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг********** гэх газар оршин суух, Ц овогт Л-гийн О /регистрийн дугаар:*********, утас:***********/-т холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, *******д холбогдох охин*******,******* нарыг өөрийн асрамжид авч, тэжээн тэтгэх тухай*******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* би*******тай 2011 онд танилцаад улмаар хайр сэтгэлтэй болж хамтын амьдралаа нэгтгэж нэг гэрт орсон. Бид гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй ч 2013 онд охин*******, 2018 онд охин******* нар төрсөн. Амьдралын эхний үед бид нэг гэртээ 7 жил хөдөө амьдарсан. Хүүхдээ сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой 2017 онд Багануур дүүрэгт ирж охиноо цэцэрлэгт явуулсан. Би охинтойгоо өвөл нь Багануурт амьдарч хавар, зун нь хөдөө гэртээ амьдарч байсан. Ер нь бол******* нь охин гарснаас хойш 3 жил болоод гар хүрч эхэлсэн бөгөөд хамт амьдрах хугацаанд бүх эрх мэдлийг гартаа авдаг. Хөдөө гэртээ очоод байх хугацаанд машины болон ойр зуурын эд зүйл хадгалдаг амбаараа цоожлоод түлхүүрээ аваад малдаа явчихдаг. Миний зүгээс Говьсүмбэр аймагт хөдөө мал дээрээ амьдрах боломж байвч том охин болох Содгэрэлтэй таарч тохирохгүй зөрчилдөөнтэй байдаг. Хоёр хүүхдийн эцэг болчихоод тэдний төлөө хүлээх хариуцлага гэж байхгүй амар амгалан хүн л явна. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, сурч боловсроход эцгийн үүрэг хариуцлага байхгүй. Би охидын боловсролд санаа зовоод байгаа тухайгаа хэлэхэд болгоно гэдэг ч ямар ч хайр халамжгүй, хүүхдүүдийнхээ төлөө санаа зовдоггүй.

Ингэж амьдраад 2020 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл хоёр хүүхэдтэйгээ уулзаагүй бөгөөд энэ хугацаанд ч хүүхдүүддээ хэрэглэх хэрэглээний мөнгө өгч байгаагүй болно. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд очиж шинжилгээ өгсөний дараа охин******* аавтайгаа байхыг хүссэн тул би зөвшөөрч явуулсан. Одоо аавтайгаа хамт амьдарч байгаа.

Хоёр охин*******,******* нараа өөрийн асрамждаа хэвээр үлдээж хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэх гаргасан боловч охин*******ийг эцгийн асрамжид үлдээж болох юм. Гэвч******* нь 4 дүгээр ангийн боловсролтой тул охины хичээлийг яаж заах, хаана, хэнтэй байлгах бол гэдэгт санаа зовж байна. Охин*******ийг өөрийн асрамжид өсгөж, тэтгэлэг тогтоолгоно гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын нэхэмжлэлтэй,*******т холбогдох хүүхдийн тэтгэлэг, асрамжийг тогтоолгох маргаанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дэх хэсгийг баримтлан тайлбар гаргаж байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрнө. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заагдсан тэтгэлэг төлөх үүрэг нь үр хүүхдээ асран хамгаалах үүрэг хүлээгээгүй этгээдэд оногдоно. Нэхэмжлэгч нь миний охин хүүхдүүдийг асран хамгаалах чадамжгүй, эрсдэлд оруулах магадлал өндөр хүн юм.

Надтай хамтран амьдрахаасаа өмнө нэг эмэгтэй хүүхэдтэй байсан бөгөөд мөн л нэхэмжлэл гарган эцэг нь яг мөн гэх нэгэн залууг ...хүүхдийн тэтгэлэг гаргуулна... хэмээн шүүхэд өгч эцэг тогтоолгох шинжилгээ гаргуулсан. Гэвч ...нэхэмжлэгч *******ын том охин нь тухайн этгээдийн охин нь биш... гэсэн шинжээчийн дүгнэлт гарснаар хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Энэхүү үйл явдал нь нэхэмжлэгчид үл итгэх хандлагыг надад бий болгосон. Би 2 хүүхэддээ эцэг тогтоолгох шинжилгээг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 42.1 дэх хэсгийг баримтлан хүсэлт гарган хийлгэх бөгөөд үнэхээр миний хүүхдүүд мөн байвал би 2 охин болох*******,******* нарыг өөрийн асрамжинд аваад асран хамгаалж, насан туршид нь тэжээн тэтгэх хүсэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь миний охин хүүхдүүдийг асран хамгаалах чадваргүй, гэр орон, ажил төрөлгүй хүн юм. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлж чадахгүй. Хэргийн материалд Грийн катеринг сервисес ХХК-д зөөгчөөр ажилладаг гэх баримт өгсөн байгаагаас харахад Өмнөговь аймагт очиж ажилладаг, охиноо өөрөө асран хамгаалдаггүй, эцэг, эхийн асрамжид үлдээдэг байна. Гэтэл өвөө, эмээ нь гэр бүлийн гишүүнд орохгүй. Тэгээд ч одоогоор мөн өөр нэг эрэгтэй хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд охин хүүхдүүдийг маань гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэх орчин нөхцөлд амьдарч байгаа юм. Хүүхдүүд эцэг, эхээс тусдаа амьдарч байгаа нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Надтай хамтран амьдрахаасаа өмнө нь нэг эмэгтэй хүүхэдтэй байсан тул түүнийгээ өөрөө тэжээгээд аваад явах нь зөв бөгөөд харин би өөрийн төрсөн үр болох*******,******* нарыг өөрийн асрамжид аваад асран хамгаалж, насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болох тэжээн тэтгэж, амьдралд хүргэх нь зүйтэй гэж үзнэ.

Миний хувьд ямар нэгэн архи дарс хэрэглэх, муу зуршилд автсан элдэв гаж буруу зан араншин байхгүй бөгөөд ажил төрөл хийгээд охидуудаа тэжээн тэтгэж, сургаж боловсруулаад аваад явах эрх зүйн бүрэн чадамжтай эцэг хүн болно гэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Л.Отгонбаяр нь хүүхдийн асрамж тогтоолгохоор гаргасан миний нэхэмжлэлд анх хандахдаа охидоо өөрийн хүүхэд биш гэж үзэж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн явдал надад хэзээ ч итгэж амьдарч байгаагүйг гэрчилж буй хэрэг гэдгийг надад улам ихээр ойлгуулж өгсөн. Би*******ыг 10 жил амьдрах хугацаандаа хүүхдүүдээ бие дааж харж хандаж байсныг санахгүй байна. Бага охин маань таталт өгч сандаргаж түүнээс хойш айгаад өөрийн биенээс огт салгаж үзээгүй. Дунд охин зундаа аав дээрээ байж байгаад сургуульд орохдоо ирдэг юм. Хөдөөнөөс ирэхдээ охин минь бууц, шарилжны харшилтай болсон хөдөө жаахан удаан байхаараа нүдний зовхинд ус гүйгээд ирдэг намар эмчлэх гэж их л хэцүү байдаг. Энэ бүгдээс бодоход охидоо өөрийн асрамжиндаа үлдээх хүсэлтэй байна.

2.Намайг хүүхдүүдээ тэжээн тэтгэх чадваргүй, орлогогүй гэр оронгүй гэж доромжилсон байна. Би Тавантолгойн уурхайд ажилладаг бөгөөд өөрийн гэсэн орлоготой. Би*******ын нүдэнд орон гэргүй харагдаж болох ч өдийг хүртэл өөрийн гэр оронтой л амьдарсаар ирсэн. Ер нь бол гэр бүлийн хүчирхийлэгчийн шинжийг агуулсан үг хэллэг тогтмол хэлж намайг хэн ч биш болгож өөрийн ноёрхлыг тогтоохоор эрмэлзэж ирсэн. Энэ нь ч дээрх хэргийн агуулгаас харагдаж байгаа байх гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж,

харин хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан охин*******,******* нарыг өөрийн асрамжид авч, тэжээн тэтгэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Л.Отгонбаяр, ******* нарын хамтран амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин*******, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр охин******* нар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний 0000937198 Г-568, 1101000237 дугаартай гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* хүүхдүүдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 24ний өдрийн 2617 дугаартай дүгнэлтээр******* нь*******,******* нарын биологийн эцэг байх магадлалыг 99,9 хувь байна гэжээ.

Талууд хэн аль нь хүүхдийн асрамжийн талаар маргасан бөгөөд шүүх хуралдааны явцад охин*******ийг эцгийн асрамжид үлдээхэд татгалзахгүй талаар нэхэмжлэгч тайлбарлаж, харин охин*******ийг өөрийн асрамждаа авна гэжээ.

Нэгэнт талууд охин*******ийн асрамжийн талаар маргахгүй болсон тул зохигчийн хүсэлтийн дагуу түүнийг эцэг*******ын асрамжид үлдээж, харин охин*******ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тодруулбал:

Охин******* нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, одоо 3 нас, 3 сар, 29 хоногтой байх ба төрсөн цагаасаа хойш эхийн асрамжид байгаа гэх тул бага насны хүүхдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй, өсөж дассан орчныг нь солих нь хүүхдэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж, эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь бага насны хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж дүгнэв.

Нөгөө талаар хариуцагч талаас нэхэмжлэгчийг өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, хүүхдээ орхин өөр орон нутагт ажиллаж байгаа нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж тайлбарласан боловч дээрх тайлбар болон эхийн хувьд асрамжийн талаар дутагдалтай асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул бага насны хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага, хариуцагч хүүхдүүдээ өөрийн асрамжид авах шаардлагыг тус тус гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх журамтай.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд шүүх хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрх, хүүхдийн эрх ашгийн үүднээс тэтгэлэг тогтоож, охин*******ийг эцэг*******аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн хүүхдүүдээ нэг, нэгээр нь асрамждаа авсан нь нөгөө хүүхдээ тэжээн тэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

Харин охин******* эцгийн асрамжид үлдсэн ба хариуцагч тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй тул шүүх тэтгэлэг тогтоогоогүй болно. Гэсэн хэдий ч тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хэзээ ч хандах эрхтэй тул энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Эцгийн асрамжид үлдсэн хүүхдэд эцгээс тэтгэлэг гаргуулах үндэслэлгүй.

Охин*******д тогтоосон тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн насны байдлыг харгалзан тогтоосон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад 68.832 төгрөг, нийт 139,032 төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагадаа 70,200 төгрөг тус тус төлсөн. Шүүх хоёр хүүхдийг эцэг, эхийн асрамжид нэг, нэгээр нь үлдээсэн буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдсан, нэг хүүхдэд тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн тул зохигчоос төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 104,616 төгрөг /70,200+нэг жилд төлөгдөх тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 34,416/ гаргуулж, нэхэмжлэгчид,

нэхэмжлэгч *******аас 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч*******т тус тус олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин*******ийг эцэг*******ын, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин*******ийг эх *******ын асрамжид тус тус үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Л.Отгонбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Охин*******д тэтгэлэг тогтоогоогүй боловч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,032 төгрөг, хариуцагч*******аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 104,616 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д, *******аас 70,200 төгрөг гаргуулж,*******т тус тус олгосугай.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.НАРАНЧИМЭГ