Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/321       

 

 

     2024                 4           24                                     2024/ШЦТ/321       

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Цэнгэлбаяр

шүүгдэгч Э.З

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, “*** байр, 1** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

**** дугаарын регистртэй, Б овогт Э-ын З

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.З 2024 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 03:00 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дугаар хороо, “***” худалдааны төвийн машины зогсоол дээр байршуулсан байсан хохирогч О.М-ийн эзэмшлийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс цүнх, түрийвч, О.М-ийн жолооны үнэмлэх, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 4000 ам.доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 13.545.880 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр буюу 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд би согтуу явж байгаад даараад зогсоол дээр байсан нэг машины хаалгыг таттал онгорхой байсан. Тэгэхээр нь дулаацахаар дотор нь орж хэсэг суусан. Гэтэл машин дотор эмэгтэй хүний гар цүнх, мөнгө зэрэг эд зүйлс байхаар нь аваад явсан.

Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь хохирогчид буцааж өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О-ын М “... 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16:00 цагийн орчимд Баянгол дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** худалдааны төвийн төв оффисын урд талын харалдаа гудамжинд *** улсын дугаартай “Приус 20” маркийн автомашинаа зогсоолд байрлуулаад 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 19:00 цагийн үед машинаа очиж авч унаад явж байтал арын багажид байсан эмэгтэй хүний хар жижиг цүнхтэй 4000 орчим доллараа /100$ дэвсгэртүүд/ хулгайд алдсан” /хх-н 45-47/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Э-ын З “... тэр мөнгөө *** дүүрэг *** дугаар хороо, *** тоотод буюу гэртээ үүдний хувцасны шүүгээндээ хийж нуусан. Удалгүй эхнэр залгаад гараад ир гээд би гараад очтол цагдаа байсан” /хх-н 63-65/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 08-09, 33-35/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-н 13-19/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Э.Зд холбогдох хэргийн үйл баримттай цаг хугацааны хувьд тохирч байгаа, түүний гэм буруутайг нотолсон баримтуудад хамаарна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Э-ын З-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Згийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 77/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

хохирогч О.М “... алдсан эд хөрөнгөө бүрэн олж авсан тул өөр гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна” /хх-н 90/ гэсэн хүсэлтийг,

шүүгдэгч Э.З “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-н 89/ гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Зд оногдуулах ялын төрөл, хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Э.З цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Э.З шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ын З-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.З шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар тооцогдож шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Зд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ