Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/295

 

 

     2024         4             16                                         2024/ШЦТ/295       

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ

шүүгдэгч А.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1; *** дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байр, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** дугаарын регистртэй, Г овогт А-ын Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Г 2024 оны 2 дугаар сарын 25-ны шөнийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хороо, “***” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Б.А-г мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А-д 700.000 төгрөг бэлнээр өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдолыг ойлгож байгаа. Би өмнө нь бас хүн зодож ял авч байсан нь үнэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын А “... 2024 оны 2 дугаар сарын 25-ны шөнө 03:00 цагийн орчим би Баянгол дүүргийн ** дугаар хороонд байрлах “***” бааранд танилуудын хамт үйлчлүүлж байсан. Тэгээд баараны бүжгийн талбайн хажуухан талд хойшоо ухраад алхаж байтал хойно байсан үл таних эрэгтэй хүнийг мөргөчихсөн. Тэгэхээр нь би тухайн үл таних эрэгтэй хүнээс уучлалт гуйгаад 00-ийн өрөөнд орсон. Тэгсэн чинь миний мөргөсөн үл таних эрэгтэй хүн найзын хамт араас 00-ийн өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн үл таних хүнээс уучлалт гуйсан ш дээ гэсэн чинь тухайн үл таних эрэгтэй хүн гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхэд би манараад газар ухаан алдаж унасан. Тухайн үед би юу болж байгаагаа мэдээгүй. Тухайн үл таних эрэгтэйгээс зөндөө уучлалт гуйсан. Тэгсэн чинь баарны хамгаалагч нар 00-ийн өрөөнд орж ирж салгасан. Би нэг ухаан орсон чинь миний нүүр нэл цус нөж болчихсон байсан. Тэгсэн чинь намайг цохисон тухайн үл таних эрэгтэй “за тохиролцъё” гээд байсан. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Хамрын яс хавдсан. Зүүн хавирга хөндүүрлэж өвдөж байна. Би маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна” /хх-н 6-7/ гэж,

гэрч Г-ны Д “... би Г-ыг таньдаг хүнтэйгээ юм яриад сууж байгаа юм байна гэж бодоод тухайн үед тоогоогүй. Хэсэг хугацааны дараа би 00-ын өрөө орсон. Г нэг үл таних залуутай маргасан бололтой хамгаалагч нар салгаад зогсож байсан. Гантулга тухайн үл таних залуу намайг танилцъя гээд байхаар нь нэг удаа цохисон гэж хэлсэн” /хх-н 10-11/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч А-ын Г “... миний санахаар харилцан зодолдсон эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үл таних залууг нэг удаа цохиж байснаа, хамраас нь цус гарч байсныг санаж байна” /хх-н 24-25/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.А-ийн биед хамар ясны зөрүүтэй хугаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 3171 дугаартай дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 14-15/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч А.Г-ын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г овогт А-ын Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Г-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 36/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 68-72/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

хохирогч Б.А “... миний бие гомдол санал, сэтгэцийн хохирол байхгүй тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” /хх-н 39/ гэсэн,

шүүгдэгч А.Г “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-н 40/ гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч А.Гд оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч А.Г цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Түүнчлэн яллагдагч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд уг хэрэгт хяналт тавьж буй прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тухайн яллагдагчийн хувийн байдал, өөрөөр хэлбэл өмнө нь шүүхээс ял шийтгэл хүлээж байсан эсэхийг тус тус харгалзан зөвхөн торгох ял санал болгох биш өөр төрлийн ялыг сонгож байхыг шүүх анхааруулъя.

 

Шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Г овогт А-ын Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Г 850.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Амартүвшин гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Гд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ