Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/292

 

   2024            4            15                                        2024/ШЦТ/292

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Энэрэл

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д малчин ажилтай, ам бүл 3; эх, дүүгийн хамт *** дүүргийн 5 дугаар хороо, **** гудамж, 43 тоотод оршин суух,

ял шийтгэл:

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

**** дугаарын регистртэй У овогт Б-ны Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Авто люкс” угаалгын газарт хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нуруун тус газарт нь нэг удаа хутгаар хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд нурууны хөндлөн булчинг зүссэн бүсэлхий нурууны хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугийн талаар маргахгүй, миний буруу. Хохирогчид 1.9 сая төгрөг өгсөн. Эд мөрийн баримтаар хураагдсан энэ хутгаар би хохирогчийг хутгалсан нь үнэн. Энэ хутга манай ажлын газарт байсан юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н-ийн Б “... бид гурав 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кензо нэртэй бааранд ороод нийт 3 шил пиво хувааж уусан. Бааранд байх үедээ Б нь зөөгчтэй маргаж би түүн дээр очих үед Бын хөмсөг нь сэтэрсэн байсан. Тэгээд салгаад тус баарнаас гарсан. Шөнийн 04:00 цагийн үед бид гурав баарнаас гараад алхаж байтал Б үл таних хүмүүстэй зодоон хийж, би очоод түүнийг салгаж авч явсан. Х, Б бид гурав байрны дунд алхаж явсан чинь Б юм ярихгүй яваад байхаар нь би түүнд хандаж “чи яасан бэ” саяын зодоонд намайг ороогүй гээд надад гомдоод байгаа юм уу гэж хэлээд толгой хэсэг рүү нь гараараа зөөлөн хүрэх үед тэр уурлаад “чи яагаад миний толгой руу цохиод байгаа юм бэ, хоёулаа цусаа гартал үзэх үү” гэж асуухаар нь тоглоомоор чиний толгойд хүрчлээ уурлаад байгаа юм уу, чи яагаад байгаа юм бэ найз гэж явчихаад чамтай зодоон хийхгүй, зодолдохгүй гэж хэлсэн чинь тэр намайг заамдаж авахаар нь түүнийг зөрүүлж заамдсан чинь намайг хавсрах үед би газар унахдаа түүнийг татаж цуг газар унаад түүнтэй зууралдсан. Энэ үед Х хүрч ирж салгаад бид хоёр эвлэрсэн. Бид нар Баянгол дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Avto lux нэртэй угаалга дээр ирэх үед Б хаалгаар түрүүлж орсон. Би түүний араас орох үед Б үүд хэсэгт байх ажилчдын өрөөнд ороод надтай зөрөөд гарах үедээ миний нурууны зүүн хэсэг рүү хутгалаад гараад явсан. Миний нурууны зүүн хэсэг халуу оргиж цус гараад байсан учир би ажилчдын өрөөнд ороод орон дээр гараад хэвтэж байсан чинь Х орж ирээд гэрэл асаасан. Түүний араас Б орж ирсэн. Би Бд хандаж “чи намайг яалаа гэж хутгалж байгаа юм бэ” гэж асуусан чинь би шартай хүн шүү, би хутгалдаг хүн шүү гэж хэлэхээр нь дутуу хутгалаад өрөөл татанхай болгочихов гэсэн чинь мань нь чамайг гүйцээнэ ээ гэж хэлсэн. Тэгээд би цус алдаад, миний толгой эргээд нэг мэдсэн чинь эмнэлэг дээр байж байсан” /хх-н 29-31/ гэж,

гэрч Д-ын Д “... 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө үүрээр Баянгол дүүргийн 06 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Авто люкс” угаалгын газрын амралтын өрөөнд эхнэр Шинэбилэгийн хамт унтаж байтал миний хөлөн дээр юм унах шиг болсон. Тэгээд би өндийж байтал гаднаас Х орж ирээд өрөөний гэрэл асаасан. Тэгсэн миний хөл хэсэгт Батбаяр унасан байсан. Харсан чинь нуруу, жинсэн өмд нь нэлэнхийдээ цус болчихсон сууж байсан. Урд талын хананы дагуу Б зогсож байсан бөгөөд Бын нүүрний тал нь битүү цус болсон байсан. Тэгсэн Батбаяр нь Быг чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлээд Батбаяр над руу андаа миний нуруу яасан байна, мань чинь цус алдаад үхлээ, хараад өгөөч гэхээр нь би нурууг нь харсан чинь зүүн бөөрнийх нь доод хэсэгт өөх нь гарчихсан, 3 см орчим ангайж зүсэгдсэн байсан” /хх-н 33-34/ гэж,

гэрч Н-ийн Х “... гурвуулаа угаалгын газар руу явж байсан. Тэгээд Цамбын арын байран дунд алхаад явж байсан чинь Б Бт үг хаяад тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Гэтэл Батбаяр Бын хамар руу цохисон Б нүүрээ дарж хэсэг сууж байгаад Б эвлэрсэн. Тэгээд би хэд тэндээсээ такси бариад ажил болох Модны хоёрын голын замд байрлах “Авто люкс” угаалган дээрээ очсон. Тэгээд угаалга руу ороод байж байсан чинь машинаа хонуулсан ах, эгч хоёр машинаа авахаар ирсэн. Машиныг нь хүлээлгэж өгөх гээд тухайн ах, эгч хоёртой уулзаж байсан чинь Б, Батбаяр хоёр ахиад зодолдож эхэлсэн. Би машиныг нь хүлээлгэж өгөөд угаалгаас гарсан. Дараа нь би ажилчдын амардаг өрөө рүү ороод гэрэл асаасан чинь Батбаяр орилоод яаж байгаа юм бэ, манийгаа хутгалчихлаа ш дээ гээд орилсон. Тэгээд би эмнэлэг дуудсан. Тэгсэн чинь Б би багын шартай байсан, би чамайг шаана гэсэн бол шаана, цагдаагаа дууд гээд байсан” /хх-н 38-39/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Н.Бын биед нурууны хөндлөн булчинг зүссэн бүсэлхий нурууны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна гэсэн 16629 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан  байна. /хх-н 41-42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 954 дугаартай дүгнэлтээр “... шинжээч эмч Н.Э-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16629 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Бын биед нурууны хөндлөн булчинг зүссэн бүсэлхий нурууны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Эмчилгээ, эдгэрэлтээс хамаарч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” гэжээ. /хх-н 65-68/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч У овогт Б-ны Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч Б.Б урьд өмнө нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Улсын яллагч Г.Энэрэл шүүгдэгч Б.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид оногдуулах торгох ялын хэмжээг багасгаж 450.000 төгрөгөөр тогтоох, уг торгох ялыг мөн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг яаж тогтоох нь шүүхийн эрх хэмжээ мөнөөс гадна урьд шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан шүүгдэгчид дахин торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, нөгөөтэйгүүр шүүхээс “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах нь хөдөө орон нутагт мал малладаг гэх шүүгдэгч Б.Бын хувьд уг ял бодитой биелэгдэх боломж муутай гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б хөдөө орон нутагт мал малладаг гэх боловч тэрээр Улаанбаатар хотод автомашин угаалгын газарт ажиллаж байсан нь түүнийг байнга мал малладаг гэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Быг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 138/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 193/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 197-203/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 139/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Н.Бын өмгөөлөгч С.Бямбацэрэн “... 2024 оны 01 дүгээр сарын 16-нд Б.Баас хохиролд бэлнээр 1.500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 400.000 төгрөг нийт 1.900.000 төгрөг  хүлээн авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 209/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 2 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж,

шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. У овогт Б-ны Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 2 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж,

шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               О.ЖАНЧИВНЯМБУУ