Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/377

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч *******,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /эх/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******-*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 240300091 дугаартай эрүүгийн хэргийг 24 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 02-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “” ББСБ-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* ******* бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн******* од оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ГВ/, ******* овогт ******* *******-*******.

                                                  Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.*******-******* нь 24 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн*******, Хаан банкны зүүн урд замд “Hyundai Sonata” маркийн - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Б.ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 800.000 төгрөг нөхөн төлсөн. Тухайн үед хохирогчийг замаар гарч байхыг хараагүй. Би сард 2-3 сая төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг. Хохирлоо нөхөн төлнө.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “Би хүүхдээ зам тээврийн осолд орсноос хойш Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлж 2 өвдөгний томографи зураг авхуулахад 700.000 төгрөг болсон. Хоёр нялх хүүхэдтэй болохоор охиноо эмнэлэг рүү дагуулж явахын тулд такси унаагаар зөөдөг. Одоо охины маань хөл явахаар нь өвддөг. Сэтгэл санаа нь тогтмол бус болсон. Сар гаруй хугацаанд хичээлдээ яваагүй. Эмнэлгийн байгууллагаас надад зөвлөхдөө охины яс бэхжээгүй байгаа учраас 2-3 жилийн дараа хагалгаа хийх эсэхийг шийднэ гэж тайлбарласан. Охины эмчилгээний зардалд 1.300.000 орчим төгрөг гарсан. 323.500 төгрөгөөр охиноо эмнэлэг рүү такси хөлсөлж явдаг, энэ хугацаанд  бага насны хүүхдүүдээ хүнээр хэд хэдэн удаа харуулахдаа нийтдээ 1.000 төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Шүүгдэгч нь над руу утсаар ярьдаггүй, уучлалт гуйгаагүй. Маш их гомдолтой байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 240300091 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд(хавтаст хэргийн 7-8 дахь тал)

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэлд “...Дүрс бичлэгийг тоглуулахад замын 16 минут 46 секундэд зүүнээс баруун чиглэлтэй явган хүний замаар хаан банкны урдуур бор өнгийн куртик, цагаан канттай хар өнгийн өмд, хар бараан гуталтай эмэгтэй хүн. хар өнгийн куртик, цайвар өнгийн өмд, хар өнгийн гуталтай 2 хүн алхаж байна. Баруун гар талд нь явж байгаа эмэгтэй хүн баруун хөлөө доголсон байдалтай, зүүн гар талд нь явж байгаа эмэгтэй хүн сугадсан байдалтай байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд 17 минут 03 секундэд тухайн хоёр эмэгтэй хүүхэд Хаан банкны урд хэсэгт зогсоод бор куртиктэй эмэгтэй хүүхэд нь баруун хөлөө хэд хэдэн удаа өргөөд буулгаж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд 18 минут 02 секундэд тухайн хоёр эмэгтэй хүүхэд баруун зүг рүү явган хүний замаар алхаад автобусны буудлын хойд хэсэгт зогсож байхад автобусны буудлын баруун гар талаас урдаасаа хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гарч ирээд тухайн хоёр эмэгтэй хүүхэдтэй 21 минут 52 секунд хүртэл хамт зогсож байгаад хоёр эмэгтэй хүүхэд баруун тал руугаа яваад хар бараан хувцастай эрэгтэй хүн үлдэж байгаа дүрс бичлэг байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал)

 5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн: “Би тухайн осол болох өдөр гэртээ байсан. Манай охин нь 24 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн орчим ТБД андууд орж волейболын тэмцээн үзчихээд ирье гэж хэлээд ангийнхаа гурван хүүхэдтэй явсан. Орой 17 цаг өнгөрөөж гэртээ ирэхдээ ээжээ би ТБД андуудын автобусны буудлын зүүн талын явган хүний гарц дээр явж байгаад машинд мөргүүлчихлээ, миний баруун хөлийн булчин, өвдөг өвдөөд байна гэхээр нь мөргөсөн машиныхаа номерыг мэдэж авсан уу гэхэд аваагүй, жолоочийн утсаар тань руу залгасан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь  миний дугаар руу залгасан дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Маргааш нь буюу 24 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр залгахад бас утсаа авахгүй байсан. 24 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөр дугаараас нөгөө дугаарын утас уруу залгахад нэг эрэгтэй хүн авахаар нь эгчийн дүү чи машинтайгаа манай охиныг мөргөчихсөн байна шүү дээ гэсэн чинь эгчээ та дугаар андуураад байгаа юм бишүү унтаж амармаар байна гээд утсаа салгачихсан. Би дахин тухайн утас уруу залгаад уурлаад чи миний охиныг мөргөчхөөд юу яриад байгаа юм бэ, би цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ хүрээд ир гэсэн чинь нөгөө залуу за би яваад очъё гэж хэлээд шөнө 02 цагийн орчим жолооч залуу манай гэрт эхнэрийн хамт ирээд сууж байгаад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Манай охин Б.ын хоёр хөлийн савхан яс цуурсан гэж гэмтлийн эмч хэлж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр хөл, толгойн имрай зураг авхуулсан, мөнгөн гүүр эмнэлэг дээр имрай зураг авахуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.ын өгсөн: “Би 24 оны 01 дүгээр сарын 27-ны 11 цагийн орчим найз Оюун-Эрдэнэ, Энхжаргал нартай уулзаад гэрээсээ волейболын тэмцээн үзэхээр ТБД андууд уруу явцгаасан. Тэмцээн нь ЛҮД нэртэй сургуулийн зааланд болсон бөгөөд тэндээ бид гурав тэмцээн үзэж байгаад Оюун-Эрдэнэ бид хоёр харихаар 16 цагийн орчимд гарсан. Зүүнээс баруун чиглэлтэй төв замын хойд хэсгээр Оюун-Эрдэнэ бид хоёр автобусны буудал руу алхаж байтал М-1 дугаартай Ханын материал уруу явдаг автобус бид хоёрын хажуугаар өнгөрөөд буудал руу явахаар нь автобусандаа амжиж суухаар гүйцгээсэн. Хаан банкны зүүн урд уулзварын гарцаар гарах гээд гүйж байтал туслах замын хойд хэсгээс урагшаа чиглэлтэй нэг машин ирээд миний баруун өвдөг хэсгээс мөргөөд зогссон. Миний зүүн талд явсан манай найз Оюун-Эрдэнэ намайг түшиж аваад унагаагаагүй. Тухайн үед миний баруун талын хөлийн өвдөгний доод тал булчин хэсгээр хатгаад ул хэсэг рүү өвдөж байсан.  Жолооч эрэгтэй бууж ирээд зүгээр үү ахын дүү гэхээр нь зүгээр зүгээр гээд найзаараа түшүүлээд автобусны буудал руу алхчихсан. Намайг мөргөсөн машины жолооч машинаа нөгөө газраасаа чөлөөлж зогсоод жолооч нь бууж ирээд над дээр ирээд чи зүгээр юм уу гэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлтэл утасны дугаараа өгчих гэхээр нь би өөрийн 942416 гэсэн дугаараа өгчхөөд найзтайгаа хамт автобусанд суугаад явчихсан. Гэртээ хариад ээждээ машинд мөргүүлсэн талаараа хэлсэн, нөгөө машины жолооч ах миний дугаар руу хоёр удаа залгасан байсан болохоор манай ээж тэр ахын дугаар руу залгасан. Миний баруун талын хөлийн өвдгөөр хатгаж өвдөж байна, биеийн тамирын хичээлдээ орж чадахгүй байгаа. Өвчин намдаагч эм ууж байгаа, бас эмчийн бичиж өгсөн эмийг авч эмчилгээндээ хэрэглэж байгаа. Одоо бол алхаад явж байгаа боловч баруун талын ул руу гэнэт гэнэт хатгаад өвдөөд байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 24 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2351 дугаартай “Б.ын биед хоёр өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ’’ гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баянгол дүүргийн******* “Хаан” банкны зүүн урд замд 24 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим марк улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслийн жолооч нь Б. /13 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б. нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 237,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дэх тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ын өгсөн: “Би 24 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим өөрийн амьдардаг хадам ээж Отгон-Эрдэнийн Баянгол дүүргийн******* 7/3 дугаар байрны гаднаас Дашдондовын эзэмшлийн итгэмжлэл хийлгэж 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан мөнгөлөг саарал өнгийн “Hyundai Sonata”-6 маркийн - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа вокзал орохоор гарсан. Байрнаас гараад төв зам руу нийлдэг уулзвар хэсгээр нэвтрэх гэж байхад зүүнээс баруун чиглэлтэй явган хүний замаар хоёр хүүхэд гүйгээд машины урдуур гараад ирсэн. Тэр үед нь би шууд тоормос гишгээд зогссон. Хоёр эмэгтэй хүүхдийн ард нь гүйж явсан охин нь миний машины урд хэсэгт мөргүүлээд унаагүй зогссон. Тэр хүүхэд хөлөө бариад зогсоод байсан, би уулзвараас гол замд нийлэх гэж байсан болохоор их зөөлөн явж байсан, 10- км цагийн хурдтай явсан байх. Би машинаасаа бууж ирээд нөгөө охинд зүгээр үү ахын дүү эмнэлэг авч явах уу гэтэл нөгөө охин зүгээрээ би ээждээ худлаа хэлээд гараад ирсэн болохоор санаа зоволтгүй та яв яв гэж хэлсэн. Тэр охиноос ээжийнхээ дугаарыг өгчих ярьчихъя гэхэд зүгээрээ ахаа та яв яв гэж хэлээд баруун тийшээ алхаад явчихсан. Би тээврийн хэрэгслээ хөдөлгөж замаа чөлөөлөөд нөгөө охины араас явж очоод эмнэлэг авч явахгүй бол болохгүй байхаа, үзүүлсэн нь дээр байр гэтэл нөгөө охин доголоод зүгээр зүгээр ахаа яв яв гээд байхаар нь ээжийнхээ дугаарыг өгчих ярьчихъя гэтэл ээжийнхээ дугаарыг өгсөн. Ээжийнх нь дугаар руу 2 удаа залгасан боловч аваагүй, нөгөө охин найзтайгаа цааш явсан, харин би машинаа аваад явсан. Маргааш нь над руу ээж нь гэх хүн залгаад гэртээ дуудсан, би эхнэр Монголжингоогийн хамт гэрт нь очиход мөргүүлсэн охины ээж гэх хүнтэй уулзаад явсан. 24 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөргүүлсэн охины ээж над руу залгаад хүүхдээ үзүүлэхэд 1.500.000 төгрөг болох юм байна мөнгийг нь өгчих гэхээр нь боломжгүй байгаагаа хэлээд эмнэлэг авч явъя гэтэл ээж нь гэмтэл гарахгүй байх, тохирвол тохиръё, болохгүй бол цагдаад гомдол гаргана гээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутайгаа маргах зүйл байхгүй. Би Б.ын эмчилгээний зардалтай холбоотой 2 удаагийн гүйлгээгээр өөрийн М банкны гэсэн дугаарын данснаас нийт 800,000 төгрөгийг ын ээж болох Наранзулын данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал)

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* нь Баянгол дүүргийн*******, Хаан банкны зүүн урд замд 24 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн худалдан авсан гэх “Hyundai Sonata” маркийн - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн; мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн; 19.4-т заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 13 нас 5 сар 29 хоногтой Б.ыг мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогджээ.

Энэхүү ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.ын бие махбодид хоёр өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 5-6 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд(хавтаст хэргийн 7-8 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн: “...Орой 17 цаг өнгөрөөж гэртээ ирэхдээ ээжээ би ТБД андуудын автобусны буудлын зүүн талын явган хүний гарц дээр явж байгаад машинд мөргүүлчихлээ, миний баруун хөлийн булчин, өвдөг өвдөөд байна гэхээр нь мөргөсөн машиныхаа номерыг мэдэж авсан уу гэхэд аваагүй, жолоочийн утсаар тан руу залгасан байгаа гэж хэлсэн...Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Манай охин Б.ын хоёр хөлийн савхан яс цуурсан гэж гэмтлийн эмч хэлж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр хөл, толгойн имрай зураг авхуулсан, мөнгөн гүүр эмнэлэг дээр имрай зураг авхуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), насанд хүрээгүй хохирогч Б.ын өгсөн: “...Ханын материал руу явдаг автобус бид хоёрын хажуугаар өнгөрөөд буудал руу явахаар нь автобусандаа амжиж суухаар гүйцгээсэн. Хаан банкны зүүн урд уулзварын гарцаар гарах гээд гүйж байтал туслах замын хойд хэсгээс урагшаа чиглэлтэй нэг машин ирээд миний баруун өвдөг хэсгээс мөргөөд зогссон. Миний зүүн талд явсан манай найз Оюун-Эрдэнэ намайг түшиж аваад унагаагаагүй. Тухайн үед миний баруун талын хөлийн өвдөгний доод тал булчин хэсгээр хатгаад улруугаа өвдөж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 24 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2351 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал), яллагдагч *******ын өгсөн: “ Hyundai Sonata” 6 маркийн - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа вокзал орохоор гарсан. Байрнаас гараад төв зам руу нийлдэг уулзвар хэсгээр нэвтрэх гэж байхад зүүнээс баруун чиглэлтэй явган хүний замаар хоёр хүүхэд гүйгээд машины урдуур гараад ирсэн. Тэр үед нь би шууд тоормос гишгээд зогссон. Хоёр эмэгтэй хүүхдийн ард нь гүйж явсан охин нь миний машины урд хэсэгт мөргүүлээд унаагүй зогссон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар тогтоожээ.

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд ******* тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн; мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн; 19.4-т заасан “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Насанд хүрээгүй хохирогч Б.ын биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “...эмчилгээний 1.300.000 орчим төгрөгийн зардал гарсан. 323.500 төгрөгөөр охиноо эмнэлэг рүү таксигаар зөөсөн. Охиноо эмнэлэг рүү авч явсан хойгуур хүүхдүүдээ харуулах зорилгоор 1.000 төгрөгөөр хүүхдүүдээ харуулсан. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.ыг эмнэлэгт тусламж үйлчилгээ авахад такси үйлчилгээний төлбөрт зарцуулсан нийт 323.500 төгрөг,  бага насны хүүхдүүдийг бусдаар харуулахад төлсөн 1.000 төгрөг нийт 443.500 төгрөгийн нэхэмжлэл энэ гэмт хэргийн улмаас холбогдон гарсан зардалд хамаарч байх тул шүүх хангаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...охины яс бэхжээгүй байгаа учраас 2-3 жилийн дараагаар хагалгаа хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ гэж эмч хэлсэн” гэж мэдүүлж байх боловч ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхив. Харин энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 23 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид нь тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 23 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 24 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******оос гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгохоор шийдвэрлэв.

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******оос 443.500+8.580.000=9.023.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгохоор шийдвэрлэлээ.

Мөн насанд хүрээгүй хохирогч Б. нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 237.000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь (хавтаст хэргийн 108 дахь тал)-д авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч *******оос 237.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан банк дахь 1009000080 дугаартай дансан)-д олгох нь зүйтэй.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******-*******ыгавто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч Б.д  учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос нийт 9.023.500 төгрөг гаруулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгосугай.

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******оос 237.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.  

9. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ