Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/291

 

 

 

2024          4            15                                      2024/ШЦТ/291

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Ж.М

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 30-нд Архангай аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** аймгийн *** сум, *** дугаар баг, **** гол гэсэн хаягийн бүртгэлтэй боловч одоогоор хамтран амьдрагч найз залуу, эгчийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоотод түрээсээр амьдарч байгаа, урьд ял эдэлж байгаагүй, **** дугаарын регистртэй,

Х овогт Ж-ийн М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.М нь 2024 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хороо, **** дугаар байрны ** тоотоос хохирогч Б.Б-ийн эзэмшлийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 360.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ ахын /прокурорын/ уншсантай адилхан байна. Би дахиад хэзээ ч ийм зүйл хийхгүй. Би эгчээсээ байнга мөнгө авдаг юм. Тэгээд тухайн үед эгчээсээ мөнгө гуйхаас санаа зовоод, мөнгө олоход ингэж болох юм болов уу гэж бодоод тэр хүний гутлыг нь авчихсан. Зарах гэж байгаад баригдаад гутлыг нь буцааж өгсөн. Одоо би Архангай руугаа буцна. Энд онлайн сургалтад суух гэж ирсэн юм гэв.

  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Б “... би Баянгол дүүргийн ***дүгээр хороонд байрлах *** тоот *** өрөө байрны 1 өрөөг 2023 оны 10 дугаар сараас хойш түрээсэлж оршин сууж байгаа юм. Тухайн байранд 4 айлын 8 хүн оршин суудаг. Өчигдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 00:00 цагийн орчимд гэртээ орж ирээд өөрийн годон гутлаа үүдний хаалганы орчимд тайлаад өрөөндөө ороод унтсан. Өглөө 07:00 цагийн орчимд ажилдаа явах гэхэд гутал маань алга байхаар нь 3 өрөөний айлуудын хаалгыг тогшиж асуухад мэдэхгүй гэсэн бөгөөд хамгийн сүүлд гал тогоонд байдаг охин шөнө гараад буцаж орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн охиноос асуухад би гутлыг чинь аваагүй, шөнө хэдэн цагт гарсан гэдгээ мэдэхгүй байна, шөнө 1 цагт гарсан байх гээд уйлаад байсан. Тухайн охин нь гал тогооны өрөөг нөхрийн хамт түрээсэлдэг бөгөөд намайг 2023 оны 10 дугаар сард ирэхэд байж байсан. Өмнө нь ямар нэгэн зүйл алга болж байгаагүй. Би алдсан гутлаа 2017 онд Гранд плаза төвийн 5 давхраас 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цайвар өнгийн булганы оруулгатай гутал байсан.

2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өглөө 10 цагийн үед миний годон гутлыг өмнө нь янзалж өгсөн засварчин ах залгаад чи надаар гутал засуулсан эмэгтэй мөн үү, нэг танил гутал зарна гэсэн зар яваад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь та над руу зургийг нь явуулчих, би хармаар байна гэхэд тухайн засварчин ах миний фэйсбүүк хаяг руу зургийг нь явуулсан. Ингээд явуулсан зургийг нь харахад “Хүслэн Хүслэн” гэх фэйсбүүк хаягтай хүн миний гутлыг зарна гэсэн зар байхаар нь гуталчин ах руу залгаад миний гутал мөн байна, хаана тавьсан байна гэхэд хаалттай групп дээр тавьсан байна гэж хэлсэн. Гуталчин ах нөгөө зар тавьсан хүнтэй харилцаад орой 18 цагт Өргөө дээр уулзахаар болсон ба утасны дугаарыг нь асуухад ** дугаарыг өгсөн. Би утсан дээрээ уг дугаарыг тэмдэглэхэд хажуу айл “гал тогоо” гэж хадгалсан дугаар гарч ирсэн. Ингээд М миний гутлыг авсан нь тодорхой болсон” /хх-н 6-7, 9/ гэж,

гэрч Б-ийн У “... би гэртээ 20 цагийн орчим орж ирсэн бөгөөд миний толгой өвдөөд байсан учир эм уугаад унтчихсан байсан. Унтаж байгаад 23 цагийн орчимд цэвэрлэгээ хийж байтал өөдөөс харсан айлын хүн нөхөртэйгөө орж ирсэн. Тухайн айлын хүний нөхөр удалгүй буцаад гараад явсан байсан. Би цэвэрлэгээ хийж дуусаад гэртээ юм идээд байж байтал үүдний айлын хаалга дуугарч тухайн айлаас хүн гараад явах чимээ гарсан. Тухайн үед 00 цагаас 01 цагийн орчим болж байсан. Тэгээд өглөө унтаж байхад өөдөөс харсан айлын эмэгтэй орж ирээд гутал алдагдсан талаар надад хэлсэн” /хх-н 18-20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Ж-ийн М “... 2024 оны 2 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчимд талбайн баруун талд байрлах “***” гэдэг ресторанд цагийн ажил хийж дуусаад гэртээ ирэхэд үүдний хэсэг харанхуй манай хажуугийн өрөө түрээсэлдэг хүн гэртээ ирсэн байсан. Би гэртээ байж байгаад Энхжин нэртэй дэлгүүр орж хоол хүнсний зүйлс аваад гэртээ ирсэн. Шөнийн 00 цагийн орчимд үүдний хаалга дуугарч гаднаас хүмүүс орж гарахаар нь хажуу өрөө түрээсэлдэг хүмүүсийг орж ирж байна гэж бодсон. Тэгээд бие засах гээд өрөөнөөсөө гартал нойлын өрөөнд хүн байхаар нь гар нүүрээ угаагаад өрөө рүүгээ орох гэхэд манай өрөөний үүдэнд өрөө түрээсэлдэг хүмүүс гутлаа тайлж тавьсан байсан. Олон гуталнуудын дунд бор шаргал өнгийн богино түрүүтэй годон гутал байхыг хараад өрөө рүүгээ орсон. Тухайн үед манай өрөөнд манай найз залуу болох Баттөр унтаж байсан. Би өрөөндөө гар утсаараа тоглож байгаад тухайн годон гутлыг авах сэдэл төрсөн. Тэгээд өрөөнөөс гараад өрөөний үүдэнд байсан годон гутлыг гэрээсээ авч гараад хар өнгийн хогийн уутанд хийгээд 6 давхрын хогийн савны хажууд тавьсан. Гутлыг тэр хэсэгтээ үлдээгээд 20-30 минут гэрийн гадаа зогсож байгаад гэр рүүгээ буцаж ороход шөнийн 02 цаг өнгөрч байсан. Өглөө нь 07 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад хогийн савны хажууд нуусан годон гутлаа аваад 8 давхрын лифтний ар руу гутлаа хийж нуусан. 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тухайн гутлыг зарах санаа надад төрж уг годон гутлыг зарж мөнгө олж койн худалдаж авах гэж байсан. Тэгээд 2023 онд ажлын зар оруулахаар нээж байсан хуурамч “Hvslen Hvslen” гэх фейсбүүк хаягаасаа “годон гутлын зарын групп”-ын фейсбүүк пэйж хуудсанд уг гутлын зургийн дарж оруулаад зарна гэж зар оруулсан” /хх-н 53-54/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн “Дамно” ХХК-иас хийгдсэн хөрөнгийн үнэлэгээ /хх-н 32-35/, фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 40-45/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Ж-ийн М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ж.Мгийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /хх-н 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал, гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн засрал хүмүүжилдээ анхаарна гэдгээ хэлж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзав.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүх эдгээрт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

Иймд шүүгдэгч Ж.Мг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, харин тэнссэн хугацаанд түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Б: “... би годон гутлаа олж авсан тул гомдол санал байхгүй” /хх-н 8-9/ гэжээ.

 

Шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ж-ийн М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Ж.М тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Баярмаа гомдол саналгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ