Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0046

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие төрд тасралтгүй 28 жил ажилласан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг 2000 онд өргөсөн.

2013 оны 9 дүгээр сараас Ховд аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэст худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2014 оны 1 сараас тус хэлтэс ахлах мэргэжилтэн, 2016 оны 8 дугаар сараас Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Тухайн албан тушаалд ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, шалтгаангүйгээр ажил тасалж, ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар Аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг аймгийн удирдлагуудад болон хэлтсийн дарга нарт танилцуулалгүйгээр шууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хүртэл 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулжээ. Дээрх шийтгэлүүд нь үндэслэлгүй бөгөөд тушаалд дурдсан үндэслэлүүдээ хариуцагч нотолж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл ямар үүрэг даалгавар өгсөн, ажлын цагийг ямар хугацаагаар тасалсан, сахилгын ямар зөрчил гаргасан эсэхийг А/03 дугаар тушаалд тодорхой дурдаагүй байдаг.

Мөн А/54 дүгээр тушаалын үндэслэл болсон “аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг аймгийн удирдлагуудад болон хэлтсийн дарга нарт танилцуулалгүйгээр шууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн ажлын хариуцлага алдсан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулжээ. Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг миний бие аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Засаг даргын зөвлөлийн хурлаас гэрчилгээ, логоны загварыг гаргаж, ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу гэрчилгээний загвар гаргаж хэлтсийн дарга Б.Баярсүх, Засаг даргын орлогч Ш.Батсүх нарт танилцуулсан. Мөн уг загварыг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/1361 дүгээр албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн. Ажил олгогч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсээр байтал биелүүлээгүй мэтээр сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчим буюу зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг бүрдүүлээгүй зэрэг хуулийн зөрчлийг ажил олгогчийн зүгээс гаргасан.

Мөн маргаан бүхий актуудыг гаргахдаа Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг баримталсан ба уг 8 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилга хариуцлагын талаар дурдаагүй ба 8 дугаар зүйлд албан хаагчийн нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх, ажиллах орчныг сайжруулах талаар дурдсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Г  нь 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан нь албан хаагчдын ажлын цагийн бүртгэлээр нотлогдоно. Нэхэмжлэгч Б.Г нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дотоод ажлын хариуцдаг атлаа 7 хоног бүрийн ажлын төлөвлөгөө, хэлтсийн хуралдааны тэмдэглэлийг албажуулдаггүй.

Хэлтсийн ажлын төлөвлөгөө гаргах, хуралдааны тэмдэглэл албажуулах чиглэлээр өгсөн хэлтсийн даргын удаа дараагийн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй зэрэг нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон.

Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмын төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар дэмжиж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Уг журмын төсөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэх явцад урьд нь Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулагдаагүй, дэмжлэг аваагүй бренд бүтээгдэхүүний логоны загвар гэнэт гарч ирсэн. Гэтэл мэргэжилтэн Б.Г нь уг логоны загварыг аймгийн удирдлагуудад танилцуулахгүйгээр материалд хавсарган шууд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн нь уг сахилгын арга хэмжээ авах үндэслэл болсон гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаалууд нь хууль бус болохыг дараах байдлаар тайлбарлая. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар тушаалын тухайд гэвэл удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, шалтгаангүйгээр ажил тасалж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр мэргэжилтэн Б.Г , Б.Хатанболд нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Гэтэл уг тушаалаар Б.Г-ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан уу эсвэл шалтгаангүйгээр ажил тасалж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас харахад Б.Г-ыг шалтгаангүйгээр ажил тасалж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан мэт харагдаж байна. Гэтэл Б.Г  нь 2017 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд өвтэй байсан нь хавтаст хэрэгт авагдсан Б.Г-ын эмнэлгийн магадлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын жижүүрийн цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа юм. Мөн уг тушаал гаргахдаа баримталсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд 8.2 дахь заалт гэж байхгүй байгаа юм. Иймд уг маргаан бүхий акт нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаалын тухайд гэвэл нэхэмжлэгч Б.Г  нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагч юм. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаалаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дүрмийг баталсан байдаг. Уг дүрмийн 3.5.2-л “..сахилгын арга хэмжээ авах... асуудлын талаар удирдлагад санал оруулж шийдвэрлүүлэх” гэж заасан ба мэргэжилтэн Б.Г-д сахилгын шийтгэл оногдуулахдаа санал оруулсан талаар ямар ч баримт байхгүй, энэ талаар хариуцагч нотолж чаддаггүй юм. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг аймгийн удирдлагуудад танилцуулаагүй гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан ба энэ нь дараах баримтуудаар үгүйсгэгддэг. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болсон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс харахад Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмын төслийг хэлэлцсэн ба уг журмыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг тус хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгосон байдаг. Ингээд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/1361 дүгээр албан бичгээр Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмын төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжсэн тул Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг журмын төслийг хэлэлцэн баталсан нь хавтаст хэрэгт авагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

Энэ нь Б.Г-ын 2017 оны үр дүнгийн гэрээнд заасан ажил үүргээ хугацаанд нь багтааж батлуулсан нь хууль зөрчөөгүй юм.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаалуудаар нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй ба 2017 оны 7 дугаар сарын цалин дутуу орж ирэхэд энэ талаар мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.  Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаал гаргахдаа баримталсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт  цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд шууд хандаж нэхэмжлэл гаргахаар, мөн хуулийн  15 дугаар зүйлийн 15.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж зааснаар Ховд аймаг дахь   захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн харьяаллын маргаан гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Г нь тус шүүхэд хандаж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”,  2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай сайн биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, шалтгаангүйгээр ажил тасалж ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй, аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг аймгийн удирдлагууд болон хэлтсийн дарга нарт танилцуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд ажлын хариуцлага алдаагүй гэж,

Харин хариуцагч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй, шалтгаангүйгээр хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргасан, аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг аймгийн удирдлагууд болон хэлтсийн дарга нарт танилцуулахгүйгээр шууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэн ажлын хариуцлага алдсан гэж тус тус мэтгэлцэж байна.

1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар “Сахилгын шийтгэлийг ногдуулах тухай” тушаалын тухайд

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  А/03 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Г-ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй, шалтгаангүйгээр хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргасан гэж үзээд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “сануулах” гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь гэсэн заалт нь уг дотоод журамд байхгүй заалтыг үндэслэл болгосон нь буруу болжээ.

Хариуцагч тайлбартаа “Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан нь алба хаагчдын ажлын цагийн бүртгэлээр нотлогдоно” гэжээ. 

Гэтэл хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбатаас албан бичгээр ирүүсэн “Цагийн бүртгэл”-д бүртгэлийн № 23-т Б.Г байх ба 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд “өвч” гэж тэмдэглэсэн, мөн эмнэлгийн магадалгааг хавсарган ирүүлжээ.

ЗДТГ-ын 2017 оны 1 сарын “Цагийн бүртгэл” болон эмнэлгийн магадалгаагаар нэхэмжлэгч Б.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 02, 03 –ны өдрүүдэд өвчтэй буюу түр ажлаас чөлөөлөгдсөн байхад ажлын цаг тасалсан гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

            2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн А/54 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын тухайд:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/54 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Б.Г-ыг аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг аймгийн удирдлагууд болон хэлтсийн дарга нарт танилцуулалгүйгээр шууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцэн ажлын хариуцлага алдсан зөрчил гаргасан гэж үзээд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт тус тус зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д “албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах ” гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлгүй ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь гэсэн заалт нь уг дотоод журамд байхгүй заалтыг үндэслэл болгосон нь буруу болжээ.

Хариуцагч тайлбартаа “...Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмын төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар дэмжиж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Уг журмын төсөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэх явцад урьд Засаг даргын хуралд танилцуулагдаагүй, дэмжлэг аваагүй бренд бүтээгдэхүүний логоны загвар гэнэт гарч ирсэн. Гэтэл мэргэжилтэн Б.Г нь бренд бүтээгдэхүүний логог Засаг дарга, орлогч, Тамгын газрын дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга болон Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахгүйгээр төслийн материалд хавсарган Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн сахилгын зөрчил гаргасан...” гэжээ маргажээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 10 дугаар Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс “Хэлэлцсэн нь Ховд бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмын төслийн тухай”  ...

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Г оролцов ...

“....Шийдвэрлэсэн нь “Ховд бренд бүтээгдэхүүн” шалгаруулах журмын төслийг дэмжин хэлэлцэх явцад гарсан саналыг тусгаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон”,

Гэрч М.Отгонхишиг мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар Ховд бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмын төслийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан тус хэлтсийн мэргэжилтэн Б.Г  байлцсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Батсүх мэдүүлэхдээ “...2017 оны 5 дугаар сард аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг хэлэлцсэн ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Баярсүх мэдүүлэхдээ “...Аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг манай хэлтсийн мэргэжилтэн Б.Г  бэлтгэсэн. Уг журмыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн журмыг төслийг дэмжиж...” гэх мэдүүлэг,

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/1361 дүгээр Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмын төслийг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжсэн тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай албан бичиг, 

2017 оны 06 сарын 30-ны өдрийн 05 дугаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээс “....шийдвэрлэсэн нь Хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар “Ховд бренд шалгаруулах журам батлах тухай асуудлыг дэмжсэн” зэрэг нотлох баримтуудаар аймгийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах журмыг аймгийн   удирдлагууд болон хэлтсийн дарга нарт танилцуулахгүйгээр шууд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн ажлын хариуцлага алдсан сахилгын зөрчил гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох    баримтуудаар нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд хариуцагч маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй гэдгээ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4/2593 дугаар албан бичгээр нотолсон болно.  

  Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар “Сахилгын арга хэмжээ ногдуулах тухай”, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг тус тус хууль бус болох нь тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

  1. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн А/54 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухайтушаалыг тус тус хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.СОНИНБОЛОР