Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/385

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405010750295 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 12 дугаар сарын 12-нд Булган аймгийн Хангал суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ФЖ*******/, ******* овогт *******гийн *******. 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Solo roller skit” төв дотор насанд хүрээгүй хохирогч *******ийн биед “шинэ жилийн үеэр маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар халдаж, улмаар нүүр хэсэгт нь хутга барьсан гараараа цохиж, хамрын уг хэсгээс зүүн нүдний дотор булан хүрсэн шарх, зүүн бугалгад гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ “Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ажил хийдэггүй, сургуульд сурахгүй байгаа. Хохирлын мөнгийг ааваасаа авч хохирогч талд өгсөн.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405010750295 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч *******ийн өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И март худалдааны төвд ганцаараа орж 5 давхарт нь гарч хүүхдийн тоглоом тоглож байсан. Зүс таних ******* нь хоёр найзынхаа хамт тус газар тоглож байсан. ******* нь над руу хүч ирээд надад хандаж “чи бид хоёрт яриа байгаа билүү” гэж хэлээд эвхдэг жижиг хутга гаргаж ирэх үед нь би айж түүнийг цааш түлхээд тоглохоор явсан бөгөөд дотор тоглож байгаад найз *******, хоёртой таараад бид гурав юм ярьж байгаад тоглоом тоглуулдаг газрын ах дээр би очиж хүүхэд хутгаар намайг айлгасан талаар хэлэх үед дуудаад ир гэж хэлсэн. *******, бид гурав ******* дээр очих үед тэр хоёр найзынхаа хамт байсан. *******ыг тоглоом тоглуулдаг газрын ах дуудаж байгаа талаар түүнд хэлэх үед тэр хутга гаргаж ирээд найз *******, нарыг айлгах үед найз нар холдсон. Энэ үед тэр над дээр хүрч ирээд хутга барьсан гараараа миний дух хэсэг рүү цохисон бөгөөд миний толгой эргэж газар суух үед миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ******* нь найз нарын хамт гарах гээд явж байхаар нь гаргалгүй саатуулж цагдаа дуудсан. ******* нь ганцаараа намайг зодсон өөр хүн миний эрүүл мэндэд халдсан зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт уншиж танилцсан дүгнэлтээр гарсан гэмтлийг ******* нь миний биед учруулсан. Хамт явсан хүмүүс нь намайг зодож цохисон зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “Би 2021 оны өвөл Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг хүүхдийн тоглоомын “Солло роллор скит” гэх газар тоглож байгаад танилцсан юм. Ингээд би тухайн үеэс Содбилэг гэх хүүхдийг таних болсон ба Содбилэг нь гэр нь Дэнжийн мянгад байдаг эмээтэйгээ хамт амьдардаг гээд аав ээж нь Өвөрхангай аймаг Бат-Өлзий суманд байдаг гээд хэлсэн бөгөөд тухайн үед эмээ нь бие муутай гэх зүйл хэлдэг байсан. Содбилэг манайд хонож өнжөөд орж гараад явсаар байгаад бид нар хуурай ах дүү нар болсон юм. Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 14-нд манай хадам ээж эмнэлэгт хэвтсэн байгаа тул намайг эргэх гээд нэгдүгээр эмнэлэг дээр байхад Содбилэг өөрийнхөө чатаар над руу залгаад тоглоод байж байхад нэг хүүхэдтэй маргаан болоод миний хамар хэсэгт хутгаар хатгачихсан гэх зүйл хэлсэн. Тэгээд би шууд тэндээс гараад дахин ярихад цагдаагийн машинд суусан наашаа хэлтэс явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярьж холбоо бариад явж байгаад Хархорин худалдааны төвийн орчим цагдаа нартай таарч наашаа хамт ирсэн. Миний харснаар хамар нь зүүн талдаа 2 см орчим зүсэгдсэн шарх харагдаж байсан. Цаашаа хэр гүн орсон гэдгийг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)           

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март дэлгүүр дотор байдаг скейт гулгадаг газар *******, Содбилэг бид 3 орж үйлчлүүлсэн. Тэгээд гулгаад байж байсан чинь өмнө нь Содбилэгтэй маргалдаж байсан ******* ирээд уулзаатай байгаа билүү гээд хүрээд ирсэн. Тэгээд над руу эхлээд дайрахаар нь бид хоёр холдсон чинь Содбилэг буланд ганцаараа зогсож байсан. Тэгээд ******* Содбилэгийн нүүрэн тус газар цохиод зодоод эхлэхээр нь би хүн дуудах гээд явчихаад буцаад ирсэн чинь Содбилэгийн нүд хамрын дундаас цус гарсан байсан. ******* нь Содбилэг рүү хутга бариад дайрсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.*******ын өгсөн: “...гулгаад байж байсан чинь зүс таних ******* гэх хүүхэд ирээд Содбилэгт хандаж уулзаа байгаа билүү гэж хэлээд дайраад байхаар нь бид хоёр холдсон чинь ******* Содбилэгийг зодоод эхэлсэн. Тэгээд болиулах гэсэн чинь ******* жижигхэн хутга шиг юм гаргаж ирээд дайраад байсан болохоор болиулж чадаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2058 дугаартай “*******ийн биед хамрын уг хэсгээс зүүн нүдний дотор булан хүрсэн шарх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн М.*******ын өгсөн: “Би 2024 оны 02 дугаар сарын 14-нд би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sollo mall” төвийн 5 давхарт байдаг тоглоомын газар өөрийн найз нар болох Гантулга, түүний найз охин болох Заяа нарын хамт очиж тоглосон юм. Тэнд тоглож байгаад өмнө нь шинэ жилийн үед маргаан хийж байсан хүүхэд хэдэн найз нартайгаа явж байхаар нь таарч тэр хүүхдээс одоо ямар нэг асуудал байгаа юм уу гэж асуусан чинь нөгөө хүүхэд надад хандаад яах гээд байгаа юм гээд цаашаа яваад өгсөн юм. Ингээд нөгөө хүүхэд хэсэг байж байгаад нөгөө хүүхэд надад хандаад чи өөрийнхөө үеийн хүүхэдтэй учраа олчих гээд хэлэхээр нь би түүнд хандаад тэгвэл дуудаад ир гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хүүхдээс холдож явж байгаад гэнэт уур хүрээд бүснээс зүүсэн байсан улаан өнгийн иш бариултай жижиг тонгорго байсныг гаргаж ирээд баруун гартаа бариад очиход миний өөдөөс нэг зүйл хэлэхээр нь нөгөө хутгаа гартаа барьсан чигээрээ тухайн хүүхдийн хамар хэсэгт цохисон чинь нөгөө хүүхэд хойш саваад газар унасан бөгөөд энэ үед би очоод түүнийг хоёр удаа хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд нөгөө хүүхдийг харсан чинь миний гарт байсан хутга хүрсэн бололтой нүүрний дээд хэсгээс цус гараад байж байхаар нь айгаад орхиод явсан юм. Ингээд намайг цааш явж байхад нөгөө хүүхэдтэй хамт явсан найз нь гэх хүүхэд нь үүдний тэнд байхаар нь явж очоод учраа олъё гэсэн чинь надад ямар нэг хариу хэлэхгүй байхаар нь би цаана очоод сууж байгаад гараад явах гэтэл тэр газрын ажиллуулдаг хүн нь намайг гаргахгүй байхаар нь хүлээж байгаад цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тэгээд манай аав ээжид мэдэгдсэн. Би тэр газар байхдаа өөрийн гарт байсан хутгаа Гантулга гэх найздаа өгөөд явуулсан. Цагдаа нар ирэх үед манай найз Гантулга найз охинтойгоо гараад явсан байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.*******ын өгсөн: “...Хохирогчийн биед бүлэглэж халдсан зүйл байхгүй. Би ганцаараа түүний биед халдсан. Хохирогчид эмчилгээний зардал 1.000.000 төгрөг өгсөн. Хохирогч гомдолгүй гэж надад хэлсэн...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч М.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Solo roller skit” төв дотор насанд хүрээгүй хохирогч *******ийн биед “шинэ жилийн үеэр маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар халдаж, улмаар хутга барьсан гараараа цохиж хамрын уг хэсгээс зүүн нүдний дотор булан хүрсэн шарх, зүүн бугалгад гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), насанд хүрээгүй хохирогч *******ийн өгсөн: “...*******ыг тоглоом тоглуулдаг газрын ах дуудаж байгаа талаар түүнд хэлэх үед тэр хутга гаргаж ирээд найз *******, нарыг айлгах үед найз нар холдсон. Энэ үед тэр над руу хүрч ирээд хутга барьсан гараараа миний дух хэсэг рүү цохисон бөгөөд миний толгой эргэж газар суух үед миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч ын өгсөн: “...Содбилэг өөрийнхөө чатаар над руу залгаад тоглоод байж байхад нэг хүүхэдтэй маргаан болоод миний хамар хэсэгт хутгаар хатгачихсан гэх зүйл хэлсэн...Миний харснаар хамар нь зүүн талдаа 2 см орчим зүсэгдсэн шарх харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “...******* Содбилэгийн нүүрэн тус газар цохиод зодоод эхлэхээр нь би хүн дуудах гээд явчхаад буцаад ирсэн чинь Содбилэгийн нүд хамрын дундаас цус гарсан байсан. ******* нь Содбилэг рүү хутга бариад дайрсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), насанд хүрээгүй гэрч Б.*******ын өгсөн: “...******* жижигхэн хутга шиг юм гаргаж ирээд дайраад байсан болохоор болиулж чадаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2058 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), сэжигтэн М.*******ын өгсөн: “...Тэгээд би нөгөө хүүхдээс холдож явж байгаад гэнэт уур хүрээд бүснээс зүүсэн байсан улаан өнгийн иш бариултай жижиг тонгорго байсныг гаргаж ирээд баруун гартаа бариад очиход миний өөдөөс нэг зүйл хэлэхээр нь нөгөө хутгаа гартаа барьсан чигээрээ тухайн хүүхдийн хамар хэсэгт цохисон чинь нөгөө хүүхэд хойш саваад газар унасан бөгөөд энэ үед би очоод түүнийг хоёр удаа хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд нөгөө хүүхдийг харсан чинь миний гарт байсан хутга хүрсэн бололтой нүүрний дээд хэсгээс цус гараад байж байхаар нь айгаад орхиод явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), яллагдагч М.*******ын өгсөн: “...Хохирогчийн биед бүлэглэж халдсан зүйл байхгүй. Би ганцаараа түүний биед халдсан. Хохирогчид эмчилгээний зардал 1.000.000 төгрөг өгсөн. Хохирогч гомдолгүй гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Насанд хүрээгүй хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хутга барьсан гараараа цохисон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамрын уг хэсгээс зүүн нүдний дотор булан хүрсэн шарх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.******* нь насанд хүрээгүй хохирогч *******тэй маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос М.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Насанд хүрээгүй хохирогч *******ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтантуяа нь Баянгол дүүргийн прокурорын газарт “...хохиролд 800.000 төгрөг авсан. Тэр хүүхдэд гомдолгүй болно.” гэсэн хүсэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 57 дахь тал)

Мөн шүүхээс шүүх хуралдааны товыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтантуяад мэдэгдэх шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгджээ. Иймд шүүгдэгч М.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.                        

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт шүүгдэгч М.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ