Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/280

 

 

2024        4             09                                        2024/ШЦТ/280       

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч А.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 30-нд *** аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” ХХК-ны махны цехийн ажилладаг, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ****** регистрийн дугаартай,

Т овогт А-ийн С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.С нь *** дүүргийн *** дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “*****” нүдний эмнэлгийн эмч О.М-т “... манай нөхөр юм харахаа болсьсон, танай эмнэлэгт танд үзүүлснээс болоод, өөр эмнэлэгт хагалгаанд оруулах гэж байна, та хагалгааны зардлын мөнгө өг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 280.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 220.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг ХААН банкны ***** дугаартай дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Худлаа хэлж эмч М-ээс 2.0 сая төгрөг авсан нь миний буруу. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Бас хохирогчид нөхрийгөө нас барчихлаа гэж худлаа хэлсэн нь миний буруу. Хохирогчоос авсан 2.0 сая төгрөгөөр би хөргөгчний лизингээ төлчихсөн.

Би хохирогчид нийт 1.800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 200.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анх 400.000 төгрөгийг аваачиж өгөхдөө бүх үнэн учраа хэлж хохирогчоос уучлалт гуйсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О-ийн М “... би **** нүдний эмнэлэгт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай эмнэлэгт гагнуур хийж байгаад нүдэндээ төмөр үртэс оруулсан гэх оноштой 55-60 орчим насны эрэгтэй нүдэндээ орсон гадны биетийг авхуулж цэвэрлүүлсэн юм. Тухайн эрэгтэй нь 1-2 өдрийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс тухайн өвчтний эхнэр болох С гэх эмэгтэй ***** дугаараас залгаж “манай нөхөр юм харахаа байсан, танай эмнэлэгт танд үзүүлснээс болоод, өөр эмнэлэгт хагалгаанд оруулах гэж байна, та мөнгө өг гээд надаас нэхсээр байгаад 1.500.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны ***** тоот дансны А С гэх дансаар авсан. Мөн дараа нь 2023 оны 10 дугаар capын 28-ны өдөр 280.000 төгрөг, мөн 220.000 төгрөг гээд надаас нийтдээ 2.000.000 төгрөгийг дарамталж байгаад авсан. Мөн дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр С залгаад “манай нөхөр нас барсан тул та оршуулгын зардал өг” гэж нэхсэн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандахаар болсон” /хх-н 21-22/ гэж,

гэрч Р-ын Б “... 2023 оны 8 дугаар сард байхаа, он сарыг нь нарийн сайн санахгүй байна, би байгууллагынхаа хашаанд ажил хийж байгаад нүдэндээ төмрийн үртэс оруулсан юм. Тэгээд нүд өвдөөд байхаар нь эхнэр С-г дагуулаад нүдний эмнэлэг хайж явж байгаад *** дүүргийн *** дугаар хорооллын тэр хавьд одоо нэрийг нь сайн санахгүй байна, хувийн эмнэлэгт очиж нүдээ үзүүлж эмчилгээ хийлгүүлсэн. Тухайн үед манай эхнэр хамт явж байсан бөгөөд зүгээр үзүүлээд эмчлүүлээд гараад ирсэн. Би тухайн эмнэлэгт 2 удаа эмчлүүлсэн. Намайг эмчилсэн эмч ахимаг насны буюу 50 гаран насны эмэгтэй байсан бөгөөд манай эхнэр л уулзаад байсан. Надад уг эмч нь эмчилгээ хийгээд миний нүднээс 5 ширхэг төмрийн үртэс авч цэвэрлэж өгсөн. Маргааш нь очиж мөн тусаалга тусаалгуулсан. Өөр ямар нэгэн эмнэлэгт огт үзүүлж эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй, надад одоогоор ямар нэгэн өвчин зовуурь байхгүй. Би эхнэрээ ийм бусармаг үйлдэл хийсэнд маш их харамсаж байна” /хх-н 25-26/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч А-ийн С “... надад тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан бөгөөд би сандарсандаа тухайн хүн рүү залгаж мөнгө авах сэдэл төрсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” /хх-н 40-41/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн О.М-ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 3-4/, гар утсаар бичсэн захидал болон мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-н 5-16/, ХААН банкны дансны хуулга /хх-н 53-61/зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийт 2.000.000 төгрөгийн хохирлоос 1.800.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгааг харгалзав.

 

Улсын яллагч Г.Ган-Эрдэнэ шүүгдэгч А.С-г 2100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь; гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Иймд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа шүүгдэгч А.С-г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, харин тэнссэн хугацаанд түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.С-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-н 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 48/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 49/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 50/, “****” ХХК-ны тодорхойлолт /хх-н 52/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгчийн туслах хохирогч О.М-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... А.С-гаас 1.800.000 төгрөгийг цувуулж авсан байгаа. Үлдэх 200.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүйгэжээ.

 

Шүүгдэгч А.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                             

                                                                                    

                            ТОГТООХ нь:

 

1. Т овогт А-ийн С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч А.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-гаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.М-т олгосугай.

 

6. Шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.С-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ