Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

 

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр                                         Дугаар 2024/ШЦТ/56                                                                            Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч *******,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч  *******,

            Гэрч *******,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428000000063 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Дэлгэрмаа нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг ******* 14 дүгээр гудамжинд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******ийг нохой нь хазаж зуун шууны цацраг ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 30-нд хохирогчийн нөхөр нь ирээд өнөөдөр манай эхнэр танай нохойд хазуулан гэхээр нь орой очиж уулзъя гээд очоод уулзсан. Тухайн үедээ хазуулсан гэхээр нь одоо эхнэр тань хаана байгаа юм бэ? гэхэд эмнэлэг дээр гараа гипсдүүлж байгаа гэж хэлсэн. Тэгээд орой нь уулзахад эхнэр нь 27-нд нохойд  хазуулсан гэж хэлсэн. Нөхөр нь бол 30-нд нохойд хазуулсан гэж хэлсэн. Энэ байдал дээр нь эргэлзсэн. Гэхдээ их маргалдаж яах вэ?, үнэхээр манай нохой хазаад хохирол учруулсан бол учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна гээд хэлсэн. Эргээд би гэртээ очоод гэрийнхэнтэйгээ ярилцаж байхад 27-ны өдөр манай нохой уяатай байсан байж таараад энэ хүмүүстэй эргэж холбоо бариагүй. Өдөр хоногоо буруу бодсон байх гээд орхисон. Би хазуулсан цаг, тухай үед нь яагаад хэлээгүй юм бэ? гэж хэлсэн. Хазуулсан гэх нохойны чинь зураг, авсан бичлэг байна уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Дараа нь бичлэг хийгээд танай нохой баруун хашааны цоорхойгоор орж гарсан гэж хэлсэн. 27-нд биш 30-нд манай хүнийг хазсан гэж орж ирсэн. Ямар их хоног алдсан юм бэ?, лавлая гээд явсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 40 минутад өглөө ажилдаа явах гэхэд манай машин асахгүй байсан учраас явган хүний засмалаар  алхаад явж байхад араас нохой дайраад би унасан. Унахдаа гараа хугалсан. Газраас арай гэж чулуу аваад шидэлж байгаад босоод гэртээ эргээд очсон. Нөхөртөө хэлэхэд такси аваад ирье гээд гараад такси аваад ирсэн. Тэгээд дээгүүр тойроод хазуулсан газрынхаа зургийг аваад байж байхдаа харахад 9 тоотод хүн байдаггүй юм байна лээ. Тэр өдрөө эмнэлгээр явж байгаад орой нь очоод харахад эдний нохой уяатай байхаар нь явсан. Хагас сайн өдөр манай хүүхэд өглөө англи хэлний бэлтгэлтэй байдаг учраас дугуйгаар гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд нөгөө нохой чинь сул байна гээд манай нөхөр охиноо хүргэж өгөөд машинтай гараад өдөр нь тухайн айлын хашаанд нь орж очоод хазуулсан талаар хэлсэн. Тэгэхэд нөгөө нохой нь 9 тоот айлын хашаанаас ороод ирсэн гэсэн. Тэгээд энэ танай нохой юу?, манай эхнэрийг хазаад гар нь хугарсан гэхэд орой очиж уулзъя гээд очиж уулзсан. Энэ хүн нохойгоо тавьчхаад ажилдаа явахдаа уядаг гэж хэлж байсан. Хуучин хэвэндээ  ортол удах юм шиг байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Мөн Хятад улсаас тан авхуулж уусан. Зургийг нь дансны хуулгатайгаа гаргаж өгсөн. Нийт 1.135.000 төгрөг нэхэмжилж байгаа.

 

Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө эмнэлэг рүү ажилтай гээд манай эхнэр явсан. Машин асаагүй учраас явган явсан. Засмалаар явж байхад танай нохой баруун хашаагаар дамжиж гарч ирсэн байсан. Манай эхнэр эргэж ирээд таксидаад унасан газрынх нь зургийг нь авсан. Тэгэхэд нохой нь машин тойруулаад намайг элдсэн. Бичлэг хийж чадаагүй. 30-ны өглөө би хүүхдээ хүргэж өгсөн. Дархан аймаг руу тэмцээнд орох гээд машинаа гаргаад машинтай очсон. 03 дугаар сарын 02-ны өдөр хагас сайн өдөр очиж шүүгдэгчтэй уулзсан.

 

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэгт: Би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 30 минутад гэрээсээ гараад ажилдаа явж байсан. Тухайн үед засмал замын дагууд явган хүний замаар такси барих гээд гараа өргөөд явж байтал гэнэт миний араас бүдэг улаан өнгийн хүзүүвчтэй хар халтар өнгийн нохой дайраад миний баруун хөлний гуя хэсэгт хазсан. Тэгээд би газарт унах үедээ гараараа газар тулж унасан. Тэгээд би босоод ирсэн чинь миний зүүн гар хугарсан байсан. Тэгээд босож ирээд эргээд шууд гэр рүүгээ явсан. Намайг гэр рүүгээ явах үед тухайн нохой миний араас хуцаад архираад байсан. Би тухайн нохойны эзэн гэх хүнээс эмчилгээний зардалд гарсан нийт 1,135,000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна. Би Цомбоговь ХХК-ийн эмийн сангаас 475,000 төгрөгт эм тариа гар гипсдэж боох материал зэрэг зүйлс авсан. Хугарсан гараа хурдан эмчилж хэвийн болгох зорилгоор Хятад улсаас тан захиалж авсан. Хоёр хайрцагтай хоёр сар уух тан нийлээд 600.000 төгрөг болсон. Мөн нохойд хазуулаад эмнэлэг рүү таксидах болон эмийн сан орох эмнэлгээр эргээд гэртээ ирэхээр таксинд хөлс төлсөн бөгөөд таксинд 60.000 төгрөг өгсөн. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

 

Гэрч *******ийн мэдүүлэгт: Тухайн өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад манай эхнэр Эрдэнэчимэг эмнэлэг орно гээд гэрээсээ гарсан. Тэгээд 10 орчим минутын дараа манай эхнэр эргээд гэртээ ороод ирсэн. Тэгээд гэртээ орж ирэхдээ гараа бариад орж ирсэн бөгөөд гудамжинд алхаад явж байтал айлын нохой дайрч хазаад унахдаа гараа хугалчихлаа гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад замаас такси аваад эргэж гэртээ ирээд эхнэр Эрдэнэчимэгийг аваад эмнэлэг орохоор явсан. Тухайн үед замдаа Эрдэнэчимэгийн ойчоод нохойд хазуулсан гэх газрын зургийг очиж авсан. Тэгээд зураг авч байтал Эрдэнэчимэгийг хазсан нохой над руу дайрсан. Тэр үед нь би машин тойрч зугтаж байгаад машины кабин орж суусан. Тэр үед Эрдэнэчимэг над руу дайрсан нохойг хараад энэ намайг хазсан нохой мөн байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэчимэгийг аваад эмнэлэг орсон. Мөн тухайн өдрийн 09 цаг өнгөрч байхад манай охин ******* унадаг дугуйтай давтлагандаа явлаа гэж гараад удалгүй гэртээ ороод ирсэн. Тэгээд би охиноо давтлаганд нь хүргэж өгөхөөр мотоциклтой явсан. Тухайн үед охин *******ыг хаагуур явсан талаар асуухад Баруун сайхан 13 дугаар гудамжинд байх засмал замаар явсан талаар хэлсэн. Тэгээд би мөн охиныг сундлаад ******* 13 дугаар гудамжинд байх засмал замаар явж байтал манай охин нөгөө над руу дайрсан нохой тэр байна гэж заасан. Би тухайн нохойг харахад Эрдэнэчимэгийг хазсан нохой мөн байсан. Тэгсэн чинь тэр нохой хуцаад миний араас туулгасан. Хазах гээд байхаар нь би хурдан давхиад зугтаад явчихсан. Тэгээд охиноо хүргэж өгчихөөд Эрдэнэчимэг хазуулсан газар болон манай охин руу нохой дайрсан газрын ойролцоох хашаанд байх нохойг хараад явж байтал Баруун сайхан 12-9 тоот хашаанд нөгөө нохой байж байсан. Тэгээд над руу дайрахаар нь чи чулуугаар шидэж хөөж байгаад зургийг нь авсан. Тухайн 12-9 тоот хашаанд ямар нэгэн хүн байхгүй хүн амьдрахгүй удаж байгаа байдалтай байхаар нь тухайн нохойг яг аль хашааны нохой болохыг нь мэдэх гээд ажиглаад байж байтал тухайн нохой 12-8 тоот хашаа руу орсон. Тухайн үед 09 тоот хашаа болон 08 тоот айлын хашааны банз нь байхгүй, онгорхой уг онгорхой нүхээр тухайн нохой гарч ирээд байгаа харагдсан. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 28-ны өглөө 12-8 тоот хашаанд машинтайгаа ороход Эрдэнэчимэгийг хазсан нохой сул хашаандаа явж байсан. Тэгээд танай нохой манай эхнэрийг хазсан байна гэж хэлсэн. Тухайн хашаанд байсан хүмүүс Эрдэнэчимэгийг хазсан нохойг барьж уясан. Тэгээд нохойны эзнийг уулзуулъя гэж хэлсэн. 02 дугаар сарын 29-ний өдрийн орой Эрдэнэчимэгийг хазсан нохойны эзэн гэх Дэлгэрмаа гэх эмэгтэй ирж уулзсан. Тухайн үед Дэлгэрмаа манай нохой мөн биш талаар баталгаа хэрэгтэй зураг бичлэг хийсэн юм байна уу гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад цагдаад хандахаар шийдсэн юм. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Баруун буланд уяатай байх хар халтар нохой манай нохой. Манай нохой өмнө нь хүн хазаж байгаагүй. Анх 2023 онд хөдөөнөөс бид нар Даланзадгад суманд нүүж ирээд суурьшихдаа уг нохойг авчирч уясан. Манай нохой улаан хүзүүвчтэй, гинжээр уясан байгаа. Ерөөсөө уяанаасаа алдуураад байдаггүй. Манай нөхөр хөдөөнөөс ирэхдээ хааяа сул тавьдаг. Бусад үед уяатай байдаг. Манай нохой хүн рүү гэнэт дайрч байгаагүй. Харин их хуцаж чимээтэй байдаг. Нохойгоо басар гэж дууддаг. 2020 онд 2 сартай гөлөг байхад нь Улаанбаатар хотоос 100 орчим мянган төгрөгөөр авч байсан. Гарал үүслийн бичиг баримт байхгүй. /хавтаст хэргийн 40 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******ийн биед зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. M 2. Дээрх гэмтэл тус бүр нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Зүүн шууны цацраг ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гуяны хазагдсан шарх, цус хуралт нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.гэжээ. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өргөдөл, хохирол төлбөрийн баримт /хавтаст хэргийн 49-54 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-13 дахь тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Б.Сайнбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг ******* 14 дүгээр гудамжинд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******ийг нохой нь хазаж зуун шууны цацраг ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн: *******ийн биед зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл тус бүр нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Зүүн шууны цацраг ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гуяны хазагдсан шарх, цус хуралт нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт гэрийн тэжээвэр нохойг хамааруулан ойлгох бөгөөд амьтанд зохих хамгаалалт хэрэглэх гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлийг хэрэглэхийг ойлгох ба тус гэмт хэргийн халдлагын зүйл нь хүний эрүүл мэнд, амь нас байдаг. Өөрөөр хэлбэл орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас амьтан бусдын амь бие, эрүүл мэндэд хор хүргэсэн бодит хохирол учрахыг ойлгоно.

 

Шүүгдэгч ******* орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн эрүүл мэндэд зүүн шууны цацраг ясны далд хугарал, баруун гуяны хазагдсан шарх, цус хуралт гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч *******гийн зүгээс ...гэмт хэрэг үйлдэгдсэн он сарын хувьд зөрүүтэй байна, 27-ны өдөр нохойд хазуулчихаад яагаад тухайн үед нь ирж хэлээгүй юм бэ? Манай нохой мөн биш, хашааны завсраар зураг авчихсан байсан, үүнд би эргэлзэж байна гэх тайлбар, мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн ...манай нохой мөн эсэхэд эргэлзэж байна, он сарын хувьд зөрүүтэй байна гэх тайлбар мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх ба хохирогч, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ... улаан өнгийн хүзүүвчтэй хар халтар өнгийн нохой дайраад миний баруун хөлний гуя хэсэгт хазсан, унах үедээ гараараа газар тулж унасан, босоод ирсэн чинь миний зүүн гар хугарсан байсан гэх тайлбар, мэдүүлэг,

Гэрч ******* ... Тэгээд гэртээ орж ирэхдээ гараа бариад орж ирсэн бөгөөд гудамжинд алхаад явж байтал айлын нохой дайрч хазаад унахдаа гараа хугалчихлаа гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад замаас такси аваад эргэж гэртээ ирээд эхнэр Эрдэнэчимэгийг аваад эмнэлэг орохоор явсан. Тухайн үед замдаа Эрдэнэчимэгийн ойчоод нохойд хазуулсан гэх газрын зургийг очиж авсан. Тэгээд зураг авч байтал Эрдэнэчимэгийг хазсан нохой над руу дайрсан. Тэр үед нь би машин тойрч зугтаж байгаад машины кабин орж суусан. Тэр үед Эрдэнэчимэг над руу дайрсан нохойг хараад энэ намайг хазсан нохой мөн байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэчимэгийг аваад эмнэлэг орсон. ...Тухайн үед охин *******ыг хаагуур явсан талаар асуухад Баруун сайхан 13 дугаар гудамжинд байх засмал замаар явсан талаар хэлсэн. Тэгээд би мөн охиныг сундлаад ******* 13 дугаар гудамжинд байх засмал замаар явж байтал манай охин нөгөө над руу дайрсан нохой тэр байна гэж заасан. Би тухайн нохойг харахад Эрдэнэчимэгийг хазсан нохой мөн байсан. Тэгсэн чинь тэр нохой хуцаад миний араас туулгасан. Хазах гээд байхаар нь би хурдан давхиад зугтаад явчихсан. Тэгээд охиноо хүргэж өгчихөөд Эрдэнэчимэг хазуулсан газар болон манай охин руу нохой дайрсан газрын ойролцоох хашаанд байх нохойг хараад явж байтал Баруун сайхан 12-9 тоот хашаанд нөгөө нохой байж байсан. Тэгээд над руу дайрахаар нь чи чулуугаар шидэж хөөж байгаад зургийг нь авсан. ...Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 28-ны өглөө 12-8 тоот хашаанд машинтайгаа ороход Эрдэнэчимэгийг хазсан нохой сул хашаандаа явж байсан. Тэгээд танай нохой манай эхнэрийг хазсан байна гэж хэлсэн /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ гэх тайлбар, мэдүүлгийг тус тус тогтвортой гаргадаг ба хохирогчийн мэдүүлгийг гэрч *******ийн мэдүүлэг давхар нотолж байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нохойн өнгө, зүс, шинж байдал зэргийг тогтвортой зааж нэрлэсэн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

 

Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор Эрүүгийн хуульд хуульчилсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нь тус гэмт хэргийн улмаас 1.135.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх тайлбар, мэдүүлгийг гаргасан ба Цомбоговь ХХК-аас эм авсан 475,499 төгрөгийн баримт, Хятад улс руу эм захиж авахуулсан 600,000 төгрөг, такси үйлчилгээний төлбөрт 60,000 төгрөг төлсөн талаарх харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 50-54 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан 1.135.499 төгрөгийн баримтаас 475,499 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 500.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар “хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь ...такси үйлчилгээнд төлсөн 60.000 төгрөг, Хятад улс руу эм захиж авсан 600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж, мөнгө шилжүүлсэн гэх харилцах дансны хуулгыг ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хохирогч ******* нь нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтаа бүрдүүлэн иргэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 41 дэх тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид хохирол төлбөр төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******д торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Дэлгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 500,000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

           8. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

           9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ