| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2016/00061/э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-27 |
| Зүйл хэсэг | 230.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 01
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нарийн бичгийн дарга Г.Баттулга,
Улсын яллагч Б.Ганзориг,
Хохирогч О.Дагвадорж
Шүүгдэгч Э.Хишигдорж нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт чонос овогт Эрдэнэбаярын Хишигдоржид холбогдох 201613010072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автотехникийн цахилгаанчин мэргэжилтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “МТ” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 2-24-2 тоот хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ФА92121331 регистрийн дугаартай Цогт чонос овогт Эрдэнэбаярын Хишигдорж.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Э.Хишигдорж нь согтуурсан үедээ, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын гадаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Дагвадоржийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар О.Дагвадоржийн эзэмшлийн SAMSUNG S-6 маркын гар утсыг санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Хишигдорж нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны 21 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын гадаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Дагвадоржийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б.Мөнгөнтуулыг шалгаж, саатуулах үед “Аргалах боломж байна уу?” гэсэн гуйлтыг хүлээн аваагүй шалтгаанаар “Цагдаа нар мөнгөгүй болохоороо машин шалгадаг юм уу? Чи хэдэн төгрөг авах юм?” гэхчлэн хэл амаар доромжилж, цагдаа дүрэмт хувцасны энгэрээс нь заамдан, газарт унагаж, тавьсан шаардлагыг нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, энэ үйл явдлыг баримтжуулах зорилгоор О.Дагвадоржийн бичлэг хийж байсан SAMSUNG S-6 маркийн гар утсыг нь булаан авч, хугалж эвдлэн, дахиж ашиглагдахааргүй болгосон үйл баримт нь хохирогч О.Дагвадоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: .”..2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд замын хөдөлгөөний хяналтад Цагдаагийн хэлтсийн жижүүрийн томилгоогоор томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын чиглэлд согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодон явж байж магадгүй сэжигтэй байдал илэрсэн тул араас нь Мөнхбаатар гэх жолоочийн машиныг дайчлан уг тээврийн хэрэгслийг дагаж “МТ” шатахуун түгээх станцын гадна талд очиж, цагаан өнгийн СҮЗҮКИ СКУДО маркийн 48-83 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Мөнгөнтуул гэх эмэгтэй согтуугаар жолоодож явсан зөрчил илрүүлж, тээврийн хэрэгслийг саатуулах гэхэд тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Хишигдорж гэгч миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэл, амаар доромжилсон. Хишигдорж нь “Цагдаа нар мөнгөгүй болохоороо ингэж машин шалгадаг болсон юм уу? Чи хэдэн төгрөг авах юм бэ? гэсэн зүйл ярихад нь би өөрийн эзэмшлийн SAMSUNG S-6 маркийн гар утсаар үйл явдлыг баримтжуулах зорилгоор бичлэг хийхэд Хишигдорж миний утсыг булааж аваад, хугалаад газарт шидсэн. Би уг утсыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Тосонцэнгэл сумын Номгон дэлгүүрээс 600.000 төгрөгөөр худалдан авсан. Миний утас ашиглах боломжгүй болж 2 хэсэг салж унасан. Тэгээд Хишигдорж намайг өмсөж явсан дүрэмт хувцасны захаар боосон. Тэр үед мөрдөс, малгай газарт унасан. Ингэж барьцалдаж байгаад би хойшоо хөл алдаж унахдаа зүүн гарын эрхий хурууны ар хэсэгтээ шалбалсан. Тэгээд би жижүүрт дуудлага өгсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн ирж Хишигдоржийг саатуулсан. ...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг саатуулах гэхэд арга хэмжээ авалгүй аргалчих гэж гуйсан гуйлтыг хүлээн авахгүй болохоор эсэргүүцлээ илэрхийлсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мөнгөнтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...МТ клонкын үүдэнд очиход араас приүс-20 машин дагаж ирээд, дотроос нь Дагвадорж цагдаа бууж ирээд шалгасан. Бичиг баримтаа үзүүл гэхээр нь бичиг баримтаа авч өгсөн. Тэгтэл Дагвадорж цагдаа утсаа гаргаж ирээд бид нарыг болон машиныг дүрс бичлэгт оруулсан. Тэр үед Хишигдорж буугаад чи бичлэг хийж болж байгаа юм уу? гээд хоорондоо ярилцаж байсан. Би буугаад очсон чинь Дагвадорж чи машиндаа сууж бай гэсэн. Тэгээд би машиндаа суугаад ээжтэй утсаар ярьж байгаад буугаад ирсэн чинь Дагвадоржийн утас газарт эвдэрчихсэн хэвтэж байсан. Дагвадорж тухайн үед өөр утсаар ярьж дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө “би зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед Дагвадоржийн хуруун дээр жаахан шалбарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Гүенбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дагвадорж цагдаа нэг машинтай хүнтэй хамт ирээд жолооч талын хаалгыг татаж онгойлгоод та нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, бичиг баримтаа шалгуул гэсэн. Тэгээд машины түлхүүрийг авчихсан. Тэгэхэд жолоочоор нь Мөнгөнтуул явсан юм. Тэгсэн Мөнгөнтуул буугаад машины түлхүүрээ авчихъя гэсэн чинь Дагвадорж өөрийнхөө ажлыг би мэдэж байна гэсэн. Тэгэхээр нь би буцаж Мөнгөнтуултай хамт машинд нь суусан. Бид хоёрыг машинд сууж байхад Хишигдорж нь Дагвадоржийг унагаачихсан утсыг нь базсан байсан. Тэгээд л цагдаа нар дуудлагаар ирээд авч явсан... “ гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагдаа Дагвадорж тухайн тээврийн хэрэгслийг шалгаж байхад би машинаасаа буугаагүй, машин дотроо хараад сууж байсан. Жолоочийг шалгаж байхад уг машины жолоочийн хажуугийн суудлаас 1 залуу гарч ирээд Дагвадоржтой юм яриад байсан. Тэр үед арын хаалгаар 1 залуу бууж ирээд бас цагдаа дээр очоод юм яриад байсан. Машин дотор байсан болохоор надад яриа сонсогдохгүй байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Машинаасаа буучхаад буцаж машиндаа сууж харагдсан. ...Тэгээд түр дуу сонсож байгаад машины толинд харахад цагдаа Дагвадоржийг нөгөө машины хойд хаалгаар буусан өндөр залуу доороо хийгээд дарчихсан байсан. Би машинаас буухад цагдаа тэр хоёр босч ирсэн. Тэгтэл Дагвадоржийн утас эвдэрчихсэн газарт хэвтэж байсан..." гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Хишигдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дагвадорж цагдаа машинтай ирээд машины хаалгыг онгойлгож түлхүүрийг аваад, бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь Гүенбаатар бид 2 мэндийг нь мэдээд Гүенбаатар эхлээд гарч уулзсан. Дараа нь би машинаас бууж уулзсан. Тэгсэн Гүенбаатар хувцсанд нь хүрсэн чинь Дагвадорж цагдаа миний хувцсанд бүү хүр, хуулиар хамгаалагдсан байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би гарынх нь шуунд хүрсэн чинь Дагвадорж уурлаад утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Би миний хөгшин мөнгөгүй болчихсон юм уу? хэдэн төгрөг авах юм бэ? гэж хэлсэн. Тэгээд л бид хоёр барьцалдаж аваад би Дагвааг мушигаад унагаачихсан. Тэгсэн утсаа аваад унасан байсан. Тэгэхээр нь утсыг нь аваад базаад шидчихсэн юм...” гэсэн мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр О.Дагвадоржийн бичсэн илтгэх хуудас, түүний биед үзлэг хийсэн эмчийн бичсэн тодорхойлолт, Э.Хишигдоржийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, SAMSUNG S-6 маркийн гар утасны эвдэрч салсан 3 хэсгийг хураан авсан тэмдэглэл, хэрэг учралын газрыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Хишигдорж нь хохирогч О.Дагвадоржийн SAMSUNG S-6 маркийн гар утсыг булаан авч, базсаны улмаас утас 3 хэсэг болон хугарч, дахин ашиглагдахааргүй устсан нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогч О.Дагвадоржоос хураан авсан SAMSUNG S-6 маркийн гар утасны салж эвдэрсэн 3 хэсгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоол, хохирогч, шүүгдэгч нарын “...Уг утсыг дахин ашиглах боломжгүй болсон...” гэсэн мэдүүлгээр, хохирогч О.Дагвадоржид 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч О.Дагвадоржийн: “...Би уг утсыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Тосонцэнгэл сумын Номгон дэлгүүрээс 600.000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай: “SAMSUNG S-6 маркийн, цагаан өнгийн, шинэ гар утас 600.000 төгрөгийн үнэтэй” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч О.Дагвадорж нь төрийн алба хаагч болох нь, мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үүрэг гүйцэтгэх эрхтэй болох нь Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/101 дугаартай: “ ...Цагдаагийн дэд ахлагч О.Дагвадоржийг мөн өдрөөс Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар томилсугай...” гэсэн тушаалын хуулбараар, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинзоригтын баталсан, Цагдаагийн хэлтсийн жижүүр, сум дундын шүүх, эргүүл, саатуулах, баривчлах байранд ажиллах алба хаагчдын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн: “...Дэд ахлагч Алтангэрэл сонгуулийн хамгаалалтад ажиллах болсон учир дэд ахлагч О.Дагвадоржийг өөрчлөн томилсон” гэсэн томилгооны хуулбараар тус тус тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.Хишигдоржийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, төрийн алба хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Хишигдорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын “лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч О.Дагвадоржийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хишигдоржоор шинэ гар утас авахуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.
Мөн шүүгдэгч Э.Хишигдорж нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх өр төлбөргүй болохыг дурдаж, хохирол төлбөрөө бүрэн төлсөн учир түүний өмчлөлийн хар өнгийн 32 инчийн дэлгэцтэй, Грүндиг маркийн телевизор - 1 ширхэг, Престеч маркийн саарал өнгөтэй, 2 хаалгатай хөргөгч – 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Хишигдоржийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар торгох ял, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг баривчлах ялд багтааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогт чонос овогт Эрдэнэбаярын Хишигдоржийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Хишигбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 /нэг зуу/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хишигдоржид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.Хишигдоржид оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.Хишигдорж нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх өр төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Хишигдоржид өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SAMSUNG S-6 маркийн гар утасны эвдэрхий 3 хэсгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хишигдоржийн хувьд ногдох эд хөрөнгө болох хар өнгийн 32 инчийн дэлгэцтэй, Грүндиг маркийн телевизор - 1 ширхэг, Престеч маркийн саарал өнгөтэй, 2 хаалгатай хөргөгч – 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Хэргийн хамт шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Э.Хишигдоржийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосныг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН